Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 228

 

Н.Халиун, Ц.Саранцэцэг нарын

нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхбаатар нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0212 дугаар магадлалтай, Н.Халиун, Ц.Саранцэцэг нарын нэхэмжлэлтэй, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр: 1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүлийн 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.4, 47 дугаар зүйлийн 47.1.7, 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Халиуны нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгах шаардлагыг хангаж, “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 дугаар тушаалын 2 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Саранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагаас “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг олгон нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийхийг хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгах шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг ажлын байрны чиг үүрэг нь хадгалагдсан үлдсэн адилтгах албан тушаалд томилох гэж өөрчлөн хангаж,

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газраас 70200 төгрөг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0212 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.4, 47 дугаар зүйлийн 47.1.7, 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Халиуны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг олгон нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийхийг хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 дугаар тушаалын 2 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоож, үлдэх “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1” гэсний дараа “11 дүгээр зүйлийн 11.6” гэж нэмж, “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны  09 дүгээр сарын сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг” гэснийг “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны  09 дүгээр сарын сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг” гэж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.18” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Н.Халиун, Ц.Саранцэцэг нарын нэхэмжлэлтэй, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 212 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тогтоогоогүй орхисон нь талууд дахин маргаан гаргах нөхцлийг үүсгэсэн байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу сүүлийн гурван сарын дундаж цалин хөлснөөс дундаж цалин хөлсийг тогтоодог журамтай.

Энэ асуудлыг нээлттэй үлдээснээр хариуцагч бага хэмжээгээр цалин хөлс тогтоох, нэхэмжлэгч өөрийн байр сууриа илэрхийлэх энэ асуудалд маргаан гаргах үндэслэлтэй байхад шүүх нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч Ц.Саранцэцэгийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн үндэслэлийн хувьд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...иймд нэхэмжлэгч Ц.Саранцэцэгийг түүнийг ажлаас чөлөөлсөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарыи 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд ажлын байрны нэр, чиг үүрэгт өөрчлөлт орсон байх тул чиг үүрэг нь хадгалагдсан үлдсэн адилтгах албан тушаал томилох, ажилгүй байсан 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ”... ажилтныг албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ...олгоно” гэж заасны дагуу тооцон олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны Б/13 тушаалаар Ц.Саранцэцэгийг ажлаас чөлөөлсөн нотлох баримт хавтаст хэрэгт байсан боловч шүүх түүний тушаалыг Б/07 хэмээн буруу бичиж дүгнэжээ.

Нэхэмжлэгч Ц.Саранцэцэг нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын газрын Хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь өөрчлөгдөн зохион байгуулагдан нэхэмжлэгч Ц.Саранцэцэгийн ажлын байр, албан тушаалын нэрийг   өөрчлөн Хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн зэргээр хэлбэрийн төдий өөрчилсөн байна. Энэхүү өөрчилсөн үйлдэл нь тухайн албан тушаал, ажлын байр, ажлын байрны чиг үүрэг хасагдсан гэх ойлголт биш бөгөөд зөвхөн гадаад илэрхийллийг бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан хууль зүйн үндэслэл нь “орон тоо хасагдсан” гэх үндсэн хууль зүйн нөхцлийг заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гүйцэтгэж байсан ажил албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж буй тул өөрчилсөн нэрээр албан тушаал, ажлын байранд эгүүлэн тогтоолгох шаардлагыг шүүх адилтгах албан тушаалд томилуулахаар хариуцагчид даалгаж байгаа нь ойлгомжгүй байна.

Ц.Саранцэцэгийн Хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн нь урьд эрхэлж байсан Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, тусламжийн утас хариуцсан мэргэжилтэн албан тушаалтай ажил, чиг үүргийн хувьд хамгийн ойролцоо, зөвхөн тусламжийн утас хариуцсан чиг үүрэг нь өөр газарт шилжсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүхийн адилтгах албан тушаал нь Хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаал юм. Нэхэмжлэгч нарт холбогдуулан захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй талаар шүүх дүгнэлт хийгээгүй болно.

Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 212 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын гомдолд дурдсан хангаж шийдвэрлэж шаардлагыг хангаж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг үүгээр гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, нэхэмжлэлийн шаардлагад холбогдох асуудлуудаар бүрэн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагуудыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэснээс маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болжээ.

            УИХ-ын 2016 оны 12, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр  тогтоолоор Хүүхдийн төлөө үндэсний газрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчлөн байгуулсан, үүний улмаас  Хүүхдийн төлөө үндэсний газрын Захиргаа, хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан Н.Халиун,  Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, тусламжийн утас хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Саранцэцэг нарыг оролцуулан тус газрын нийт албан хаагчдыг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/57 дугаар “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр зохион байгуулагдсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт шилжүүлсэн, талууд эдгээр үйл баримттай маргаагүй байна.

            Шинээр байгуулагдсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт “шилжин очсон” Н.Халиун, Ц.Саранцэцэг нарыг тус газрын даргын маргаан бүхий 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07, Б/13 дугаар тушаалаар дахин чөлөөлсөн, нэхэмжлэгч нараас “... /эдгээр/ тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Шүүхүүд  нэхэмжлэгч Н.Халиуны хувьд “.../урьд эрхэлж байсан/ Захиргаа, хүний нөөцийн албаны даргын орон тоо бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан, ... хариуцагч маргаан бүхий тушаалаа өөрөө хүчингүй болгосон” гэх үндэслэлээр “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, хариуцагчаас Н.Халиуныг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий Б/07 дугаар тушаалаа хүчингүй болгож, үндэслэлээ “... Н.Халиуныг ахлах мэргэжилтний албан тушаалд томилох боломжтой” гэх боловч нэхэмжлэгч Н.Халиун уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэлээ “...урьд эрхэлж байсан албаны даргаар эгүүлэн томилогдох ёстой” гэж маргасан байхад шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “хүлээн зөвшөөрөхгүй” гэх ахлах мэргэжилтний албан тушаалын цалин хөлстэй тэнцэхүйц хэмжээний нөхөн олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч Ц.Саранцэцэгийн хувьд “... чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн” гэх үндэслэлээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын маргаан бүхий 2016 оны Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгохдоо “чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн” ямар албан тушаалд эгүүлэн тогтоож байгаагаа заалгүй, “...урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг ажлын байрны чиг үүрэг хадгалагдан үлдсэн адилтгах албан тушаалд томилох гэж өөрчлөн хангах”-аар шийдвэрлэсэн нь мөн шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэх нь тодорхойгүй, ойлгомжгүй болсон гэж үзэхээр байна.

Зүй нь, ямар ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүсч байгаа, хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол, нөхөн олговорын хэмжээ зэргийг нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаараа тодорхойлох ёстой бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх учиртай.

  Шүүхүүд нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээс нэхэмжлэгч тус бүрийн маргаж байгаа ажил, албан тушаал нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэж, Ц.Саранцэцэг, Н.Халиун нарын “...ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулан нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, маргаж буй ажил, албан тушаалын цалин хөлстэй холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн уг шийдвэрийн дагуу хэнд ямар хэмжээний нөхөн олговор хариуцагч олгох нь тодорхойгүй үлдсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... шүүх нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тогтоогоогүй орхисон нь талууд дахин маргаан гаргах нөхцлийг үүсгэсэн” гэх гомдол үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0212 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Л.АТАРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА