Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2019/00942

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 22 өдөр                   Дугаар 183/ШШ2019/00942                             Улаанбаатар хот

 

                          

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй ........... тоот хаягт байрлах, “М” ББСБ ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүргийн ......... тоот хаягт байрлах, “Х” ХХК /РД:2087774/-д холбогдох,

орон сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Г нар оролцов. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Х ХХК нь одоогоос 6 жилийн өмнө буюу 2012 оны 6 сард манай байгууллагаас бизнесийн зориулалтаар, эргэлтийн хөрөнгийн зээл олгохыг хүссэн, энэ дагуу 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг  байгуулж зээлийг нь олгосон. Хт ХХК нь зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж,: ..... дүгээр байр, Мансардны 99В-1 тоот байршил бүхий 37.50 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн уг 51 дүгээр байрны Мансардны 99В-4 тоотод байршил бүхий 40.70 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн уг 51 дүгээр байрны 99В-5 тоотод байршил бүхий 40.90 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, 51 дүгээр байрны Мансардны 99В-6 тоотод байршил бүхий 42.80 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц гэсэн нийт 4 орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Үүнээс хойш зээлдэгч байгууллага нь үндсэн зээлээ огт төлөхгүйгээр зөвхөн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд тодорхой хэмжээний мөнгө төлж, 3 жил орчим хугацаа өнгөрсөн тул 2015 онд уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлсэн боловч Дээд шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байсан. Энэ хугацаанд хариуцагч байгууллага нь манай байгууллагад эвлэрэн хэлэлцэх санал тавьж, шүүгчийн захирамж гаргуулсан. Шүүгчийн захирамжийн дагуу гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж,  Х  ХХК нь шүүхийн шийдвэрт заагдсан мөнгөний оронд анх зээлийнхээ барьцаанд барьцаалж байсан, дээрх 4 үл хөдлөх хөрөнгөө манай компанид шилжүүлэхээр болсоноор шийдвэр биелэгдсэнд тооцсон. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 51 дүгээр байр, Мансардны 99В-1 тоот байршил бүхий 37.50 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн уг 51 дүгээр байрны Мансардны 99В-4 тоотод байршил бүхий 40.70 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн уг 51 дүгээр байрны 99В-5 тоотод байршил бүхий 40.90 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, 51 дүгээр байрны Мансардны 99В-6 тоотод байршил бүхий 42.80 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц гэсэн нийт 4 орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийг М ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг Нийслэлийн Улсын Бүртгэлийн газарт даалгасан. Энэ дагуу Нийслэлийн Улсын Бүртгэлийн газар нь 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллагад Улсын бүртгэлийн гэрчилгээ 4 ширхгийг олгосон болно. Ийнхүү 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 8 сар гаруйн хугацаа өнгөрөхөд Х ХХК-ийн захирал Б.Б тай маш олон удаа уулзаж, дээрх 4 ширхэг орон байрыг манай компанийн өмчлөлд албан ёсоор шилжүүлж өгөхийг удаа дараа шаардаж байсан. Мөн байр чөлөөлөх шаардлагыг тухайн дөрвөн байранд хууль бусаар амьдраад байгаа Хт  ХХК-ийн ажилчид гэх хүмүүст удаа дараа өгч байсан бөгөөд компанийн захирал Б.Б нь хамгийн сүүлд буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дээрх 4 орон байрыг суллаж өгнө гэсэн протокол дээр өөрөө гарын үсгээ зурж өгч байсан. Нэгэнт манай байгууллага нь дээрх дөрвөн орон сууцны хууль ёсны өмчлөгч учраас Монгол Улсын Иргэний хуулийн 101-110 дугаар зүйлүүдэд заасанчлан, өмчлөх эрхээ зөрчигдсөн тохиолдолд уг хуулийн 106 дугаар зүйлд зааснаар бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Бид нар тухайн дөрвөн байрыг чөлөөлж өгөхөд асуудалгүй. Учир нь тухайн байруудын гэрчилгээ нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэр дээр шилжсэн. Тухайн байруудыг чөлөөлөх гэтэл оршин сууж байгаа айлууд нь шалтаг тоочоод орон байруудыг чөлөөлж өгөхгүй байгаа. Мөн нэг айл нь хоёр байрыг нэг болгож өөрчилсөн. Манай байгууллага М ББСБ ХХК-иас нийт 67 сая төгрөгний зээл авсан. Үүнээс 27 сая орчим төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 40 сая төгрөг үлдсэн байгаа. Тухайн 40 сая төгрөгний оронд дөрвөн байр М ББСБ ХХК-д шилжүүлж өгсөн. Мөн Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар манай байгууллагад 750 сая төгрөгний авлагатай. Хэрвээ Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар манай байгууллагад авлагаа төлөх тохиолдолд бид тухайн дөрвөн байрны орон сууцыг эргүүлэн худалдаж авахад бэлэн байна. Манай талаас шүүхийн шийдвэрийг эсэргүүцээгүй боловч тухайн оршин суугаа айлууд нь байруудыг суллаж өгөхгүй байгаа. Тэдгээр айлуудтай учраа олох боломжтой. Тухайн оршин суугчдыг албадан гаргуулах шаардлагатай эсэхийг шүүх өөрөө шийдэх байх. Манай талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 4 орон сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг Х ХХК-д холбогдуулан гаргасан, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч тухайн орон сууцанд тус компанийн ажилчид амьдарч байгаа талаар тайлбарласан байна.

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд  2012.06.25-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ байгуулж, уг зээлийн барьцаанд маргаан бүхий 4 орон сууцыг барьцаалсан ба хариуцагч зээлийн төлбөрт 4 үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч компанид шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн, талууд эвлэрэн хэлэлцсэнээр шүүгчийн захирамж гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон нь нэхэмжлэл, талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй болно.

Улмаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 51 дүгээр байр, мансардны 99В-1 тоотод байршилтай 37,50 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, уг байрны мансардны 99В-4 тоотод байршилтай 40,70 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, мансардны 99В-5 тоотод байршилтай 40,90 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, мансардны 99В-6 тоот хаягт байршилтай, 42,80 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнууд нь нэхэмжлэгч М ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд хэрэгт авагдсан байна.

           Иймд талуудын хоорондын зээл, зээлийн барьцааны гэрээний асуудлыг шийдвэрлэсэн болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой баримтуудыг гаргуулах шаардлагагүй гэж талууд үзсэн байна.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж  заасны дагуу 2018.03.28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр дээрх 4 үл хөдлөх эд хөрөнгийн /орон сууцны/ хууль ёсны өмчлөгч нь М ХХК болсон байна.

Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт “схем зураг хувилж авах тухай” 2018.11.05-ны өдрийн А/196, А/197, А/198, А/199 тоот албан бичгүүдийг М ХХК-иас хүргүүлсэн байх бөгөөд тухайн орон сууцны хаалганы дугаарууд тодорхойгүйгээс үл хөдлөх эд хөрөнгийн байршлын схемийг гаргуулахыг хүссэн, мөн 2008.11.06-ны өдрийн А/201 тоот “байр чөлөөлөх шаардлага”-ыг тухайн оршин суугч нарт хүргүүлж байсан  байна.     

            Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцдог болно.

            Иймд  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 51 дүгээр байр, мансардны 99В-1 тоотод байршилтай 37,50 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, уг байрны мансардны 99В-4 тоотод байршилтай 40,70 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, мансардны 99В-5 тоотод байршилтай 40,90 м.кв талбайтай 1 өрөө орон сууц,  мансардны 99В-6 тоот хаягт байршилтай, 42,80 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудыг чөлөөлүүлэхийг хүссэн шаардлагыг гаргах эрхтэй байна.

            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх бөгөөд энэ нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаардаг бөгөөд мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэйг заасан байна.

            Хариуцагч Х ХХК-ийн зөвшөөрлөөр өөрсдийн нь ажилчид тухайн орон сууцанд амьдарч байгаа, уг сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагч дэмжсэн байх бөгөөд Х ХХК-д холбогдуулан шаардлага гаргасан нь үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн өмчлөлийн 4 орон сууцыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1,115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар М ББСБ ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 51 дүгээр байр, мансардны 99В-1 тоотод байршилтай 37,50 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, уг байрны мансардны 99В-4 тоотод байршилтай 40,70 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, мансардны 99В-5 тоотод байршилтай 40,90 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, мансардны 99В-6 тоот хаягт байршилтай, 42,80 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус чөлөөлүүлэхийг хүссэн шаардлагыг хангаж, дээрх 4 орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч Х ХХК-д даалгасугай.          

        

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 70,200 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ