Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/01344

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00942 дугаар шийдвэртэй “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Х” ХХК-д холбогдох орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2012.6.25-ны өдөр манай компанитай зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Уг зээлийн барьцаанд нийт 4 орон сууц барьцаалсан бөгөөд зээлийн гэрээний хугацаанд үүргээ зөрчиж эргэн төлөлт хийхгүй байсан тул 2015 онд уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлсэн. Гэтэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж хариуцагч нь шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийн оронд зээлийнхээ барьцаанд барьцаалж байсан дээрх 4 үл хөдлөх хөрөнгөө манай компанид шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан. Үүний дагуу Нийслэлийн Улсын Бүртгэлийн газар нь 2018.3.28-ны өдөр дээрх 4 үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг манай компанид шилжүүлсэн боловч 2018.3.28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 8 capын хугацаа өнгөрөхөд хариуцагч нь байрыг чөлөөлж өгөөгүй. Иймд дээрх 4 орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бидний зүгээс маргаан бүхий дөрвөн байрыг чөлөөлж өгөхөд асуудалгүй. Тухайн байруудыг чөлөөлөх гэтэл оршин сууж байгаа айлууд нь шалтаг тоочоод чөлөөлж өгөхгүй байгаа. Тэдгээр айлуудтай учраа олох боломжтой. Тухайн оршин суугчдыг албадан гаргуулах шаардлагатай эсэхийг шүүх өөрөө шийдэх байх. Манай талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар “М” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 51 дүгээр байр, мансардны 99В-1 тоотод байршилтай 37,50 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, уг байрны мансардны 99В-4 тоотод байршилтай 40,70 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, мансардны 99В-5 тоотод байршилтай 40,90 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, мансардны 99В-6 тоотод байршилтай, 42,80 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус чөлөөлүүлэхийг хүссэн шаардлагыг хангаж, дээрх 4 орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээгээр дээрх 4 үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь “М” ХХК болсон байна гэж дүгнэжээ. Хэдийгээр тухайн үед төлбөртөө энэ 4 орон сууцыг өгөхөөр тохирсон боловч уг сууцанд оршин сууж буй компанийн ажилчид тодорхой хэмжээний төлбөр төлж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа гээд тухайн орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа билээ. Иймд уг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хариуцагчийг зөв сонгоогүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийг гаргахдаа хариуцагчийн оршин сууж байгаа газрын шүүхэд нэхэмжлэлийг гаргах ёстой. “Х” ХХК нь тус маргаан бүхий хаягт байрладаггүй тул манай компани хариуцагч биш юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 51 дүгээр байр, мансардны 99В-1 тоотод байршилтай 37,50 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, уг байрны мансардны 99В-4 тоотод байршилтай 40,70 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, мансардны 99В-5 тоотод байршилтай 40,90 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, мансардны 99В-6 тоотод байршилтай, 42,80 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “ уг сууцнуудад амьдарч байгаа айлууд маргаад чөлөөлж өгөхгүй байгаа, оршин суугчидтай тохиролцох боломжтой, нэг байрыг  худалдсан” гэж маргажээ. /хх-1-2, 39/

 

Шүүх хуралдааны явцад маргаан бүхий орон сууцнуудад хариуцагч биш, харин хариуцагч байгууллагын ажилчид амьдардаг талаар болон 4 орон сууцны 1 орон сууцыг гуравдагч этгээдэд худалдсан талаар талууд тайлбарласан байна. /хх-39 /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр эсхүл түүний зөвшөөрснөөр хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар сольж болохоор, ийнхүү сольсон тохиолдолд шүүх хуралдааны ажиллагааг шинээр явуулахаар заажээ. Анхан шатны шүүхээс хариуцагчийг солих эсэхийг магадлаагүй, талуудын маргаан бүхий орон сууцад “хариуцагч биш хариуцагчийн ажилчид амьдардаг” гэх тайлбарыг тодруулах ажиллагааг хийгээгүй байна. Нэхэмжлэгчийн эзэмшлийг зөрчиж байгаа, хариуцвал зохих этгээдийг шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. /хх-39, 41-42/

 

Зүй нь тухайн орон сууцад амьдарч байгаа гэх иргэдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулснаар сууцыг гэрээний үндсэн дээр эсхүл хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр эзэмшиж байгаагийн аль болох нь тодрох, хариуцагчийн зүгээс өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжихээс өмнө дээрх иргэдтэй байгуулсан гэрээ байгаа эсэхийг магадалж байж сая нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэх нь тодорхой болох юм. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна. Тухайн сууцнуудад амьдарч буй иргэд хэний зөвшөөрлөөр сууж байгааг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой юм.

 

Мөн талууд маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээдэд худалдсан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид эрх үүрэг, шаардлага шилжсэн эсэхийг тодруулах нь талуудын хооронд үүссэн маргаанд хууль зүйн дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдал гэж үзнэ.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх боломжгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/00942 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ТУЯА

 

                                    ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД