Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2019/01129

 

  

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 01 өдөр                Дугаар 184/ШШ2019/01129                                Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... хаягт байрлах, “Ж-” УТҮГ /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ... тоот хаягт байрлах, “А-” ХХК /РД: .../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 141,374,956.89 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 дахь заалт, Төсөл сонгон шалгаруулах комиссын 2014 оны 05 сарын 29-ний өдрийн шийдвэр, зээлдэгчийн хүсэлтийг тус тус үндэслэн Ж- нь “А-” ХХК-тай 2014 оны 11 сарын 07-ны өдөр 2014/36 тоот “Зээлийн гэрээ” болон “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулсан. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу “А-” ХХК-д нийт 100,000,000 төгрөгийг, жилийн 3,3 хувийн хүүтэй, мөн гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар 60 сарын хугацаатайгаар, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон. Гэвч зээлдэгч “А-” ХХК нь зээлийн эргэн төлөлтийг тохиролцсон хуваарийн дагуу төлөлгүй, зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан тул тус гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх заалтыг үндэслэн гэрээг цуцалж, 141,374,956.89 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндсэн зээлийн үлдэгдэл 99,949,990 төгрөг, алдангид 37,901,292 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 137,871,282 төгрөг болж байна. Манай талаас анх нэхэмжлэл гаргахдаа 141,374,956.89 төгрөг гэж шаардсан боловч тооцооллоо буруу хийсэн юм шиг байна. Тэгэхээр нэхэмжлэлийн үндэслэл бол өөрчлөгдөөгүй, шаардлага маань 3,503,674.89 төгрөгөөр багасаж 137,871,282 төгрөг болж байгаа. Хэрэв зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Манай байгууллага нэхэмжлэгч талтай 2014 оны 11 сарын 07-ны өдөр 36 тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийг зээлж, Б.А-ын өмчлөлийн хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан. Гэрээг 2014 оны 11 сарын 7-ны өдөр байгуулсан боловч 12 сарын 24-ний өдөр мөнгө нь манай дансаар орж ирсэн байдаг. 100,000,000 төгрөгийн зээлийг авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ тал дээр маргаан байхгүй. Үндсэн зээлээс 50,010 төгрөгийг төлсөн гэдгийг зөвшөөрч байна. Манай талаас үндсэн зээлийн үлдэгдэл 99,949,990 төгрөгийг төлөөгүй болохоо зөвшөөрч байна. Хүүний төлбөр нэхэмжлээгүй юм байна гэж ойлгосон. Харин алданги болох 37,901,292 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь дээр манай талаас гарын үсэг зураагүй, мөн нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалсан. Иймд зээлийн гэрээний үүрэгт алданги шаардах эрхгүй гэж үзэж байгаа юм. Зээлийн гэрээнд 0.1 хувийн алданги тооцно гэж заасан байгаа боловч зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь хүчин төгөлдөр бус учраас алданги тооцох боломжгүй юм. Тиймээс үндсэн зээлийн төлбөр 99,949,990 төгрөг дээр нотариатын зардал баримтаар тогтоогдсон 12.000 төгрөг,  нийт 99,961,990 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                     

     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч “Ж-” УТҮГ нь хариуцагч “А-” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 141,374,956.89 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь тооцооллын хувьд 3,503,674.89 төгрөгөөр шаардлагаа багасгаж, 137,871,282 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлагаа дэмжив.

 

“Ж-” УТҮГ нь “...хариуцагчтай байгуулсан гэрээг үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 99,949,990 төгрөг, 605 хоногийн алдангид 37,901,292 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 137,871,282 төгрөгийг хариуцагчаас гаргуулна...” хэмээн шаардав.

 

Хариуцагч “...нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 99,949,990 төгрөг, нотариатын зардал 12.000 төгрөг, нийт 99,961,990 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бус, мөн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул алдангид шаардсан 37,901,292 төгрөгийг хүлээн зөвшөөхгүй” гэж маргав.

                                                                                              

“Ж-” УТҮГ нь 2014 оны 11 сарын 7-ны өдөр 2014/36 дугаартай Зээлийн болон Зээлийн барьцааны гэрээ байгуулан жилийн 3,3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, 100,000,000 төгрөгийг зээлдэгч “А-” ХХК-д зээлдүүлсэн ба зээлийн барьцааны гэрээгээр Б.А-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, .... тоот хаягт байрлах 126 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-.... дугаартай 620 м.кв талбайтай өмчлөлийн газар зэргийг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

“А-” ХХК нь “Ж-” УТҮГ-аас 100,000,000 төгрөг зээлсэн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн болон зээлийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдож байх ба хариуцагч зээлсэн мөнгөний үнийн дүн болон үндсэн зээлээс 50,010 төгрөгийн төлөлт хийсэн талаар маргаагүй байна. /хх-7-13, 80-85,87,88/

 

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Хариуцагч нь зээлийн 100,000,000 төгрөгийг 60 сарын хугацаанд тохирсон хуваарийн дагуу төлөх үүрэгтэй байсан ба 2014 оны 12 сард зээлийн мөнгийг хүлээн авч, 2015 оны 01 сараас 2016 оны 7 сар, 2018 оны 01 сар, 2019 оны 01,02 саруудад    зээлийн хүүнд нийт 8,375,847 төгрөг, үндсэн зээлээс 50,010 төгрөг тус тус төлсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар нотлогдов. Зээлийн дээрх эргэн төлөлтийн дүнд талууд маргаагүй болно. /хх-87-88/

 

Хавтаст хэрэгт авагдсан дээрх зээлийн эргэн төлөлтийн дэлгэрэнгүй хуулгаас үзвэл хариуцагчийн “...зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бус” гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Мөн талуудын байгуулсан Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “зээлдэгч авсан зээлээ энэ гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлж дуусгавар болгоно”, 7 дугаар зүйлийн 7.1.1-т “зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-т заасан зээл буцаан төлөх хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн бол зээлийн гэрээний үүргийг зөрчсөнд тооцно”, 10 дугаар зүйлийн 10.2.1, 10.2.2-т “...гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.3-т заасан зөрчлийн аль нэг нь гарсан, зээлдэгч зээлийг хуваарийн дагуу төлөөгүй бол гэрээ дуусгавар болох буюу цуцлах” хэмээн тус тус заажээ. Талуудын харилцан тохиролцож байгуулсан гэрээний дээрх заалтуудаас үзвэл зээлдэгч нь 2016 оны 7 сараас зээл, түүний хүүний төлөлтийг төлөөгүй тул зээлдэгч гэрээг цуцлах хангалттай үндэслэл бий болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй байх ба “...зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бус, мөн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул алдангид шаардсан 37,901,292 төгрөгийг хүлээн зөвшөөхгүй” гэх түүний татгалзал баримтаар нотлогдсонгүй.

 

Нэхэмжлэгч зээлийн хүүний төлбөр шаардаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй ба үндсэн зээлийн үлдэгдэл  99,949,990  төгрөгөөс Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар 0,1 хувийн алдангийг нэхэмжлэгчийн тодорхойлсон 605 хоногоор тооцоход 60,469,743.95 төгрөг  /99,949,990х0,1%=99,949.99  99,949.99x605хоног=60,469,743.95/ болохоор байна. Хариуцагч 2016 оны 7 сараас 2017 оны 12 сар, 2018 оны 02 сараас 12 сарыг дуустал огт төлөлт хийгээгүй тул 28 сарыг дунджаар 30 хоногт тооцоход 840 хоногийн хугацаанд алданги тооцохоор байх боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд  37,901,292 төгрөгийн алданги нь 379 хоног байх тул алдангийг бүхэлд нь хангах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч “А-” ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэлд  99,949,990 төгрөг, алдангид 37,901,292 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг шаардсан боловч хавтаст хэрэгт 12,000 төгрөгийн баримт авагдсан, уг мөнгийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн тул 12,000 төгрөгийг тус тус гаргуулж нийт 137,863,282 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, 8,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцаа хөрөнгө болох Б.А-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, .... тоот хаягт байрлах 126 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-.... дугаартай 620 м.кв талбайтай өмчлөлийн газар зэргийг албадан худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

Барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага шүүхэд гаргасан тухай барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Б.А-од 2019 оны 04 сарын 18, 2019 оны 04 сарын 19-ний өдрүүдэд түүний оршин суух хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас болон бичиг хүргэгчээр тус тус мэдэгдсэн бөгөөд хариуцагч мөн Б.А-од мэдэгдсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 847,266.41 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зөв байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “А-” ХХК-иас 137,863,282 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж-” УТҮГ олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.А-ын өмчлөлийн .... тоот хаягт байрлах, хувийн сууцны зориулалттай, 126 м.кв талбайтай, нэг давхар, улсын бүртгэлийн Ү-.... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын .... дугаартай, 620 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-.... дугаартай өмчлөлийн газар зэргийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч “А-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 847,266.41 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ