Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 181/2020/00313/И |
Дугаар | 001/ХТ2021/01009 |
Огноо | 2021-09-14 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2021/01009
МОНГМ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж,шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01114 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1742 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: МОНГМ ХХК
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
нэхэмжлэл: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэгийн хяналтын журмаар 2020.09.07-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан тэмдэглэл хөтлөв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрын 2010.04.09-ний өдрийн 22 тоот шийдвэрээр 1,764,052 ам. долларыг гаргуулж Кипр улсын хуулийн этгээд Смайнекс Инвестментс Лимитед ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй 827,69 м.кв талбайтай 3 давхар оффисын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013925 дугаарт бүртгэлтэй 144 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020.01.06-ны өдөр 4,166,224,000 төгрөгөөр үнэлсэнтэй 2020.01.09-ний өдөр мэдэгдсэний дагуу танилцсан. Үнэлгээтэй танилцахад дээрх үнэлгээ нь ШШГТХ-н 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэсэн заалтыг зөрчсөн байна. Учир нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй 827,69 мкв талбайтай 3 давхар офисын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013925 дугаарт бүртгэлтэй 144 мкв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ хамааралгүй обьектыг оролцуулан илт үндэслэлгүй үнэлгээг гаргасан нь үнэлгээтэй танилцах явцад илэрлээ. Тодруулбал, Үнэлгээний обьектыг тодорхойлохдоо Зоорийн давхарт-Офисийн талбай, 1 давхарт ариун цэврийн өрөө, болон 2 давхрын Ажет ХХК-ийн өмчлөлийн талбай зэрэг манай өмчлөлийн бус хамааралгүй хэсгийг оролцуулж, үнэлгээний үнэн зөв байдалд эргэлзээ төрүүлсэн. Мөн 20 тэрбумын зах зээлийн дундаж үнэлгээтэй хөрөнгийг хэт багаар буюу 4,166,224,000 төгрөгөөр үнэлж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохирол учруулсан үнэлгээ гаргасан байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсноор 2020.01.06-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй 827,69 м.кв талбайтай 3 давхар оффисын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013925 дугаарт бүртгэлтэй 144 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Үндэсний Арбитрын 2010.04.09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр МОНГМ ХХК-иас 1,764,052 ам.долларыг гаргуулж Смайнекс Инвестментс Лимитед ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч МОНГМ ХХК-д 2010 оны 150/109, 2011 оны 150/01, 150/01, 2015 оны 150/25, 2019 оны 157/02, 157/01 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул МОНГМ ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг 2019.05.15-ны өдрийн 157/01 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019.12.24-ний өдрийн 157/02 дугаар хураах тогтоолоор хураасан. ИХ-н 177-д заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул ШШГТХ-н 55.2.2-н дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 4,166,224,000 төгрөгөөр тогтоож, 55.1-д заасны дагуу 2020.01.09-ний өдрийн 4/1183 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн. МОНГМ XXК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг удаа дараа гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өнөөдрийн байдлаар 5 удаа түдгэлзүүлээд байна. ШШГТХ-н 63.4-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 181/ШШ2020/01114 дүгээр шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч МОНГМ ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1742 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01114 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 гэж нэмж, 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 гэснийг 55 дугаар зүйлийн 55.7 гэж өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн ИХШХШТХ-н 25-д заасан нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаж хэргийг шийдвэрлэсэн талаар үндэслэлгүй тайлбарлаж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд зөв шийдвэрлэсэн байна гэж хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байдлыг анхаарч үзээгүй. Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ тал бүрээс нь үнэн бодитойгоор шийдвэрлээгүй бөгөөд ШШГТХ-н 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэсэн заалтыг зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй юм. Өөрөөр хэлбэл хуульд заасан хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан гэснийг зөрчиж үнэлгээ хийсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
МОНГМ ХХК нь 2020.01.13-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, НҮБ-ийн гудамж 8-рт орших 827,69 м.кв талбайтай 3 давхар барилга, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Олимпийн гудамж 8/2-рт байршилтай гаражийн зориулалттай 144 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг нийт 4,166,224,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг шаардсаныг хариуцагч зөвшөөрөөгүй маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
1. Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Хэрэгт буй баримтаас үзвэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн 1-р хороо, НҮБ-ийн гудамж 8 гэсэн хаягаар тэмдэглэгдсэн 827,69 м.кв талбайтай 3 давхар барилга /хх17/, мөн хороо, Олимпийн гудамж 8/2 гэсэн хаягаар тэмдэглэгдсэн гаражийн зориулалттай 144 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө /хх18/-г үнэлүүлэхээр 2019.12.25-ны өдрийн тогтоол /хх95/ -р, шинжээч томилогдон, 2020.01.06-ны өдөр дүгнэлтээ гаргасан, эд хөрөнгүүдийг нийт 4,166,224,000 төгрөгөөр үнэлсэн /хх101/ ба энэ ажиллагааг явуулахдаа хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй байна.
Төлбөр төлөгч нь үнэлгээнд ... бусдын өмчлөлийн эд хөрөнгийг оруулсан.. гэх боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн талаархи шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч заасан үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, гэх боловч үндэслэлээ нотолж чадаагүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага, татгалзлыг нотлох баримт гаргаж өгөх үүргийг зохигч хүлээнэ. Шүүх талуудын гаргасан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэнэ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг харьцуулан үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгох тухай хяналтын гомдлыг хангах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн зохицуулалтыг зөрчинө.
2. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох МОНГМ ХХК-ийн шаардлагыг тодорхой заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг оновчтой хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1742 дугаар магадлалын нэг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01114 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.7., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг баримтлан Сүхбаатар дүүргийн 1-р хороо, НҮБ-ийн гудамж 8-рт орших барилга / 827,69 м.кв талбайтай 3 давхар/, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Олимпийн гудамж 8/2-рт байршилтай гаражийн зориулалттай 144 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2020.01.06-ны өдөр 4,166,224,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох МОНГМ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.. гэж тус тус өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД