Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Хангал |
Хэргийн индекс | 102/2019/00056/И |
Дугаар | 102/ШШ2019/01213 |
Огноо | 2019-04-30 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2019/01213
2019 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2019/01213 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ш” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.М /РД:/-д холбогдох,
3 690 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
370 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ш” СӨХ-ны төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Мажиглхамтай манай СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 5 дугаар орцны 00 тоотыг түрээслэх гэрээг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр, 3 дугаар орцны 00 тоотыг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тус тус байгуулсан. Энэхүү гэрээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/02127 дугаар шийдвэрээр хариуцагчаас түрээсийн зүйлийг чөлөөлөхийг даалгаж, 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 7 дугаар сар хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл уг 00 тоотыг суллаж өгөөгүй. Иймд 2018 оны 8, 9, 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөр сарын 150 000 төгрөг, 2 ширхэг 00 тоотын нийт 1 500 000 төгрөг, гэрээнд заасан торгууль 150 000 төгрөг, нийт 1 650 000 төгрөг болж байна.
Мөн СӨХ-ны УЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор дээрх 2 орцны 00 тоотын түрээсийн төлбөрийг сарын 200 000 төгрөг болгож, 50 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Хариуцагч одоог болтол дээрх 00 тоотыг чөлөөлж өгөөгүйгээс олох байсан ашигаар хохирч байна. Иймд 2018 оны 11, 12 сарын зөрүү буюу сарын 50 000 төгрөг, 2 сарын зөрүү буюу 2 ширхэг 00 тоотыг суллаж өгөөгүй хохирол 200 000 төгрөг, мөн 2019 оны 01, 02, 3, 4 дүгээр сарын түрээсийн төлбөрт сарын 200 000 төгрөг буюу нийт 2 ширхэг 00 тоот 400 000 төгрөг, нийт 600 000 төгрөг олох байсан орлогоор хохирч байна. Үүнээс гэрээд заасан торгууль 60 000 төгрөг болж байна. Мөн нэхэмжлэгч нь дээрх 2 ширхэг 00 тоотын 2018 оны 11, 12, 2019 оны 01 дүгээр сарын дулааны төлбөрт 90 000 төгрөг төлсөн.
Мөн дээрх 2 ширхэг 00 тоотын 2019 оны 02, 3, 4 дүгээр сарын түрээсийн төлбөр тус бүр сарын 200 000 төгрөг, нийт 1 200 000 төгрөг болж байх бөгөөд мөн хугацааны дулааны төлбөрт 90 000 төгрөг төлсөн. Иймд хариуцагчаас түрээсийн зүйлийг суллаж өгөөгүй ашигласан хугацааны төлбөрт 3 300 000 төгрөг, гэрээнд заасан торгуульд 210 000 төгрөг, дулааны төлбөрт төлсөн 180 000 төгрөг, нийт 3 690 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Мшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх 2 ширхэг 00 тоотыг сууллах талаар шүүхийн шийдвэр гарсан. Миний бие 5 дугаар орцны 00 тоотыг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр суллаж өгсөн. Харин 3 дугаар орцны 00 тоотыг суллаж өгөхөд бэлэн байгаа. Нэхэмжлэгч нар анхнаасаа хүн амьдрах ёсгүй зүйлийг надад түрээсэлсэн тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус. Иймд би уг хугацааны төлбөрийг төлөх ёсгүй. Мөн гэрээ байгуулаагүй, гэрээний хугацаа дууссан тул торгууль шаардах эрхгүй. Дулааны төлбөрийн тухайд үндэслэлгүй ихээр нэхэж байхаас гадна дулаан өгөхгүй, хаадаг байсан тул дулааны төлбөрийг төлөх үндэслэлгүй, уг 00 тоотод би амьдраагүй. Мөн нэхэмжлэгч тал нь намайг үйлчлэгчээр ажилд авч ажиллуулсан боловч цалингаа өгөөгүй байгаа тул түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй. Түүнчлэн, шүүхийн шийдвэрээр албадан чөлөөлөх шийдвэр гарсан байхад дахин түрээсийн төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Мшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш СӨХдарга Б.Нямдаваатай 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 3-00 тоотод, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 5-00 тоотод тус бүр дээр гэрээ хийж түрээсэлж суусан. Тус 2 өрөө нь хүн амьдрах аргагүй байсан тул Б.Нямдаваатай харилцан амаар тохиролцож иж бүрэн засвар өөрсдийн хөрөнгөөр хийж гарсан зардлаа явцын дунд түрээсийн төлбөрөөс хасуулахаар тохиролцсон. Гэтэл Д.Алтантогос нь СӨХ-г булааж авснаар бид гаргасан зардал болон цалингаа авч чадахгүйд хүрсэн. Хоёр өрөөний засварын ажилд нийт 220 000 төгрөгийг зарцуулсан. 2018 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуустал орцны цэвэрлэгээний материал СӨХ огт өгөөгүй бөгөөд бид өөрсдөө нийт 150 000 төгрөг зарцуулсан байдаг. Иймд нэхэмжлэгчээс засварын зардалд 220 000 төгрөг, өөрийн зардлаар цэвэрлэгээний материал худалдан авсан төлбөрт 150 000 төгрөг, нийт 370 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ш СӨХитгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуул сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл нь хөдөлмөрийн маргаантай холбоотой бөгөөд энэ хэрэгт буюу түрээсийн гэрээтэй холбоогүй. Түүнчлэн, тэрээр 220 000 төгрөгийн засвар хийсэн болон өөрийн зардлаар 150 000 төгрөгийн угаалгын хэрэгсэл авсан нь тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш СӨХнь хариуцагч С.Мажиглхамд холбогдуулан 3 690 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 370 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, зарим хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр 3 300 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ “...шүүхийн шийдвэрээс хойш өнөөдрийг хүртэл түрээсийн зүйлийг суллаж өгөөгүй ашиглаж байгаа тул ашигласан хугацааны буюу 2018 оны 8 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөр, СӨХ-ны УЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор түрээсийн төлбөрийн хэмжээг сарын 200 000 төгрөг болгосонтой холбоотой зөрүү 50 000 төгрөгийн хохирол учирсан” гэж тодорхойлсон бол хариуцагч уг шаардлагыг “...нэхэмжлэгч тал цалин хөлсөө төлөөгүй, анхнаасаа хүн амьдрах зориулалтгүй зүйлийг түрээсэлсэн тул түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус ...түрээсийн төлбөрийг төлөхгүй” гэж үгүйсгэн маргажээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/03077 дугаар шийдвэрээр Ш СӨХболон С.Мнарын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг цуцлагдсанд тооцож, хариуцагч С.Мажиглхамаас гэрээний үүрэгт 5 дугаар орцны 00 тоот, 3 дугаар орцны 00 тоотын 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт нийт 1 265 000 төгрөг гаргуулан “Шарга-12” СӨХ-д олгож, С.Мажиглхамд түрээсийн зүйлийг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон шүүхийн гүйцэтгэх хуудасаар нотлогдож байна.
Хариуцагч С.Мшүүхийн дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгч Ш СӨХхүсэлтийн дагуу шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2018/16198 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 01237 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байх бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/7381 дугаартай лавлагаагаар нотлогдож байна.
Хэдийгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй байх боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хариуцагч нь шүүхийн шийдвэрийн түрээсийн зүйлийг чөлөөлж өгөхийг даалгасан хэсгээс 5 дугаар орцны 00 тоотыг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр чөлөөлж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, харин 3 дугаар орцны 00 тоотыг чөлөөлж өгөөгүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас шийдвэрт заасан Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 12 дугаар байрны 5 дугаар орцны 00 тоотыг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасан, 3 дугаар орцны 00 тоотыг хэргийг хянан шийдвэрлэсэн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж байгаа гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-т зааснаар гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй.
Талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсон боловч хариуцагч нь дээрх байдлаар эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан байх тул нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш гэрээнд заасан сарын 150 000 төгрөгөөр тооцон шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид уг 00 тоотыг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч 00 тоотыг чөлөөлж өгөөгүй хугацааны төлбөрийг хохиролд тооцон түүнээс шаардах эрхтэй.
Шүүхийн шийдвэрээр 2018 оны 7 дугаар сарын түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нь 5 дугаар орцны 00 тоотын хувьд 2018 оны 8 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 8 сар 26 хоногийн төлбөрийг гэрээнд заасан сарын 150 000 төгрөгөөр тооцож 1 330 000 төгрөгийг, 3 дугаар орцны 00 тоотын хувьд 2018 оны 8 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг гэрээнд заасан сарын 150 000 төгрөгөөр тооцож 1 350 000 төгрөгийг буюу нийт 2 680 000 төгрөгийг Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-т зааснаар хохиролд тооцон хариуцагчаас шаардах эрхтэй.
Харин түрээсийн төлбөрийг сарын 200 000 төгрөг болгосонтой холбоотой зөрүү төлбөрийг шаардах эрхгүй. Учир нь, хэдийгээр Ш СӨХУдирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар тогтоолоор түрээсийн төлбөрийн хэмжээг сарын 200 000 төгрөг болгосон байх боловч талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсон тул уг тогтоолоор баталсан төлбөрийн хэмжээ хариуцагчид хамааралгүй байна. Иймд нэхэмжлэгч нь дээрх хугацааны түрээсийн төлбөрт 620 000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй байна.
2. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас торгууль нийт 210 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлээ гэрээнд заасны дагуу торгууль гаргуулна гэж тодорхойлсон бол хариуцагч уг шаардлагыг гэрээ байгуулаагүй тул шаардах эрхгүй гэж үгүйсгэн маргажээ.
Талуулын хооронд 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 12 дугаар байрны 3 дугаар орцны 00 тоотыг, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 5 дугаар орцны 00 тоотыг хөлслөх гэрээ байгуулагдсан, уг гэрээний 3.75 болон 3.68 дугаар зүйлд хариуцагч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохилдолд хугацааг хожимдуулсан хоног төлбөрийн дүнгийн 10 хувиар бодож нэхэмжлэгчид торгууль төлөхөөр заажээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/03077 дугаар шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээ нэхэмжлэгч тал 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөр гэрээг цуцлах санал гаргаснаар Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т заасан 3 сарын хугацаа өнгөрснөөр буюу 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр дээрх гэрээ цуцлагдсан гэж үзсэн байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээ 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр цуцлагдаж, дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нь уг хугацаанаас хойш гэрээнд заасан торгууль 210 000 төгрөг буюу гэрээний хариуцлагыг хариуцагчаас шаардах боломжгүй юм.
3. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас дулааны төлбөрт төлсөн 180 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлээ хариуцагчийн өмнөөс 2 ширхэг 00 тоотын дулааны төлбөрт 180 000 төгрөг төлсөн гэж тодорхойлсон бол хариуцагч уг шаардлагыг дулааныг хаасан байсан гэж үгүйсгэн маргажээ.
Нэхэмжлэгч 5 дугаар орцны 00 тоотын, 3 дугаар орцны 00 тоотын 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны дулааны төлбөрт нийт 180 000 төгрөг төлсөн нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар нотлогдож байхаас гадна хариуцагч үүнийг үгүйсгээгүй байна.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно.
Талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсон боловч хариуцагч уг эд зүйлийг буцаан хүлээлгэн өгөөгүй хугацаанд түүнийг ашиглахтай холбоотой гарсан дулааны төлбөр нийт 180 000 төгрөгийг нэхэмжлэгч нь зохих этгээдэд төлсөнөөр хариуцагч нь дулааны төлбөрөөс чөлөөлөгдсөн байна. Иймд хариуцагчийг бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар дээрх зардал болох 180 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь нэхэмжлэгчийг дулааныг хаасан байсан гэх татгалзалаа баримтаар нотлоогүй байна.
4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас засварын зардалд 220 000 төгрөг гаргуулах тухайд:
Хариуцагч нь дээрх шаардлагын үндэслэлээ түрээсийн зүйл болох 5 дугаар орцны 00 тоот, 3 дугаар орцны 00 тоотод 220 000 төгрөгийн засвар хийсэн гэж тодорхойлжээ.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар хөлслөгч нь талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч хөлсөлсөн эд хөрөнгө буюу 5 дугаар орцны 00 тоот, 3 дугаар орцны 00 тоотод 220 000 төгрөгийн засан сайжруулалтыг өөрийн зардлаар хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар хариуцагчаас 220 000 төгрөг шаардах эрхгүй байна.
5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас цэвэрлэгээний зардалд 150 000 төгрөг гаргуулах тухайд:
Хариуцагч нь дээрх шаардлагын үндэслэлээ өөрийн зардлаар 150 000 төгрөгийн цэвэрлэгээний материал авсан гэж тодорхойлжээ.
Баянгол дүүргийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00200 дугаар шийдвэрээр үйлчлэгч жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, ажилласан цалин гаргуулах, бараа материал, засварын зардалд 3 250 000 төгрөг гаргуулах тухай С.Мажиглхам, Д.Батхүү нарын нэхэмжлэлтэй, “Шарга-12” СӨХ-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагаас С.Мажиглхамын нэхэмжилсэн цэвэрлэгээний материал худалдан авсан зардал 150 000 төгрөгийг нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 580 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас цэвэрлэгээний материал худалдан авсан зардал 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээж шийдэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бөгөөд уг нөхцөл байдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох цэвэрлэгээний материал худалдан авсан зардал 150 000 төгрөг гаргуулах шаардлага буюу маргааны зүйлийн талаарх дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад шүүх уг шаардлагыг энэхүү шийдвэрээр давхардуулан шийдвэрлэх боломжгүй.
Иймд нэхэмжлэгчид холбогдох цэвэрлэгээний материал худалдан авсан зардал 150 000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөөгүй хугацааны нэхэмжлэгчид учирсан хохиролд 2 680 000 төгрөг, өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн буюу дулааны төлбөрт 180 000 төгрөг, нийт 2 860 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, торгууль 210 000 төгрөг болон эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөөгүй хугацааны нэхэмжлэгчид учирсан хохиролоос 620 000 төгрөгийг, засварын зардалд 220 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, цэвэрлэгээний материал худалдан авсан зардал 150 000 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4, 232 дугаар зүйлийн 232.5, 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч С.Мажиглхамаас 2 860 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Шарга-12” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 830 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “Шарга-12” СӨХ-д холбогдох 220 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Мажиглхамын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасныг баримтлан хариуцагч С.Мажиглхамын сөрөг нэхэмжлэлтэй, 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Шарга-12” СӨХ-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 850 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 60 710 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, улсын орлогоос 5 150 төгрөг гаргуулан хариуцагчид буцаан олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН