Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 489

 

 

 

 

 

 

 

 

 

Х.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02595 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Ө-, Ө.Б- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 13 300 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай маргаантай хэргийг

           

Хариуцагч Ц.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч: Д.Гомбо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Ө-, Ө.Б- нартай харилцан тохиролцож, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 7 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, Иргэний хуулийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги авахаар зээлийн гэрээ байгуулсан. Ц.Ө-, Ө.Б- нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандсан. Хариуцагч Ц.Ө-, Ө.Б- нараас зээлийн гэрээгээр зээлдүүлсэн 7 000 000 төгрөг, гэрээний 2.4-т зааснаар 2 800 000 төгрөгийн зээлийн хүү, гэрээний 2.7-д заасны дагуу алданги 3 500 000 төгрөг, нийт 13 300 000 төгрөгийг нэхэмжилсэн. Алдангийг тооцохдоо Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг баримталсан болно. Хариуцагч Ц.Ө-, Ө.Б- нар нь зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Ц.Ө-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 32а байрны В1 давхрын 40 тоотын 25 м.кв талбайтай авто зогсоолыг барьцаалсан барьцааны гэрээг байгуулсан. Иймд зээлийн гэрээний үүргийг хангуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ө.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Х.О-аас 2017 оны 3 дугаар сарын 15-нд нийт 10 000 000 төгрөгийг зээлж авсан. Тухайн үед барьцаанд ямар нэгэн зүйл барьцаа болго гэхээр нь найзынхаа авто зогсоолын бичгийг өгсөн. Гэвч уг гараашийн бичгийн эзэмшигч Ц.Ө- нь тухайн өдөр зээлж авсан миний 10 000 000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Бүх мөнгийг хариуцагч Ө.Б- миний бие авсан нь үнэн тул Ц.Ө-ад энэ нэхэмжлэл хамааралгүй. 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Иймд уг барьцаагүйгээр хийсэн гэрээг хариу тайлбар гаргаж өгөхдөө хамт хавсаргаж шүүхэд гаргаж өгсөн. Иймээс Ц.Ө-ад уг нэхэмжилсэн мөнгө огт хамаагүй гэдгийг харгалзан үзэж, иргэн миний тайлбарыг шийдвэрлэж өгөөч гэдгийг хүсч байна. Иргэн Ө.Б- миний бие нэхэмжилсэн бүх мөнгийг өөрөө маргаангүйгээр төлж барагдуулна. Иймд надад 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацааг олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Ө- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Ц.Ө- миний эхнэр болох Ц.Өнөржаргалын найз Ө.Б- нь “зээл авахад барьцаанд тавих зүйл байдаггүй, найзад нь яаралтай мөнгө хэрэгтэй байна, 3 хоногийн дараа буцаагаад зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө” гэж тусламж гуйж ирэхэд нь эхнэртэйгээ ярилцаж байгаад зөвшөөрч, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 32А байрны В1 давхрын 40 тоот 15 м.кв талбайтай автомашины дулаан зогсоолыг барьцаалсан зээлийн гэрээ байгуулсан. Харин Х.О-, Ө.Б- нараас бэлнээр болон харилцах дансаар нэг ч төгрөг аваагүй. Мөн Ө.Б-, Х.О- нарын хаана, хэзээ, хэдэн төгрөг өгч авалцаж байгааг хараагүй, мэдээгүй болно. Ө.Б- нь автомашины дулаан зогсоолыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө гэсээр өнөөг хүрч байна. Х.О- надад нэг ч төгрөг өгөөгүй гэдгээ мэдэж байгаа. Ө.Б- зээлж авсан мөнгөө 100 хувь өөрөө авч хэрэглэсэн гэдгээ шүүхэд өгсөн бичигтээ хүлээн зөвшөөрч байгаа болно. Иймд нэхэмжлэгч Х.О-ын надад гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ө-, Ө.Б- нараас 11 130 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 170 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ө-, Ө.Б- нараас 193 030 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.О-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 32а байрын В1 давхрын 40 тоотын 15 м.кв талбай бүхий авто зогсоолыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт далгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан аваад дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Х.О- нь хариуцагч Ц.Ө-, Ө.Б- нартай 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 7 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алдангитайгаар гэрээ хийсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ц.Ө-ын өмчлөлийн авто зогсоолыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Гэвч Ө.Б- нь нэхэмжлэгч Х.О-тай дээрх гэрээг шинэчлэн барьцаагүйгээр 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хийснээр 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хийсэн зээлийн гэрээ хүчингүй болсон гэх үндэслэл байна. Гэвч анхан шатны шүүх нь хэргийг хянан хэлэлцэхдээ 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг нотлох баримтаар авч хэлэлцээгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

                                     

            Нэхэмжлэгч Х.О- нь хариуцагч Ц.Ө-, Ө.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 13 300 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ц.Ө- эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Х.О- нь хариуцагч Ц.Ө-, Ө.Б- нартай 2017 оны 2 сарын 22-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 7 000 000 төгрөгийг, 18 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 32а байр, В1 давхрын 40 тоотын 15 м.кв талбай бүхий Ц.Ө-ын өмчлөлийн авто зогсоолыг бариулсан болох нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4-6-р тал/

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болно.

 

            Зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч Ц.Ө-, Ө.Б- нараас 11 130 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.2, 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай тус тус нийцсэн байна.

 

            Хариуцагч Ц.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Ө.Б- нь Х.О-тай 2017 оны 3 сарын 15-ны өдөр барьцаагүйгээр дахин зээлийн гэрээ байгуулсан” гэх боловч тэрхүү үйл баримт нь нэхэмжлэгч Х.О-, хариуцагч Ц.Ө-, Ө.Б- нарын байгуулсан 2017 оны 2 сарын 22-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний үүргийг үгүйсгэх, тэрхүү гэрээний үүргийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.

 

            Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02595 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

 

                                                ШҮҮГЧИД                                                    С.ЭНХТӨР

 

                                                                                                         Г.ДАВААДОРЖ