Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэнжаргалын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 124/2021/0004/з |
Дугаар | 18 |
Огноо | 2021-06-10 |
Маргааны төрөл | Газар, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өлгий сумын 1-р багт оршин суугч, иргэн Б.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,
Гуравдагч этгээд: Увс аймгийн Наранбулаг сумын ........... багт оршин суугч, иргэн ........ овгийн Б.Ө
“Увс аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/18 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У, гуравдагч этгээд Б.Ө, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, гэрч Ж.О, С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: "Манайх энэхүү эзэмшил газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших эрхээ Увс аймгийн Өлгий сумын Засаг даргын 2018.12.17-ны өдрийн А/143 тоот захирамжийг үндэслэн 15 жилийн хугацаатайгаар сунгуулж, 800 м.кв газрыг эзэмших эрх баталгаажсаны дагуу 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Өлгий сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Дашцэрэн овогтой Буяндаваатай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, газар эзэмших эрхийн 000023761 дугаартай гэрчилгээний дагуу уг газарт малаа маллан амьдарч байгаа. Гэтэл манай өвөлжөөний газрыг хууль зүйн үндэслэлгүйгээр аймгийн Засаг дарга Ч.Чимэд 2021 оны 1 дүгээр 13-ны өдрийн А/18 дугаартай захирамжаар миний эзэмшиж байсан газрыг хүчингүй болгосон захирамж гаргасан тул дээрх Засаг даргын гаргасан захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хоньчин цахир өвөлжөөний газрын маргаан нь 2013 оноос эхлэлтэй бөгөөд тус газрыг анх Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 58 дугаартай шийдвэрийн дагуу иргэн Б.Ө-т өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн байдаг. Гэвч тус газар нь Увс аймгийн Улаангом, Тариалан, Давст, Наранбулаг сумдын нутаг дэвсгэрийн хилийн цэс тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын 1999 оны 19 дүгээр тогтоолын 4 дэх заалтын дагуу Наранбулаг сумын нутаг дэвсгэрт хамаарахгүй байх бөгөөд УИХ-ын 1999 оны 19 дүгээр тогтоол, Увс аймгийн Өлгий, Наранбулаг сумдын хилийн цэсийн зургийн дагуу Увс аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаардаг.
2013 онд Наранбулаг, Өлгий сумдын Засаг дарга, Байгаль орчны байцаагч, Газрын даамал болон аймгийн ГХБХБГазрын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй хүмүүс тус газарт ажиллаж, Хоньчин цахир гэх газар нь Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарч байх тул иргэн Б.Ө-ийг Өлгий сум уруу шилжих, эсхүл хүүхдээ шилжүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэсний дагуу Ө.Д нь 2016 онд Наранбулаг сумаас Өлгий сум уруу иргэний харьяаллаа шилжүүлсэн боловч Өлгий сумын Засаг дарга иргэн Ө.Д-д өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байна. Улмаар тухайн нутаг дэвсгэр нь Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа гэсэн шалтгаанаар иргэн Б.Ө-ийн үе дамжин өвөлжиж ирсэн, өөрийгөө тухайн газрын хууль ёсны эзэмшигч гэж үзсээр ирсэн хууль ёсны итгэлийг үл хамааран, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж 2018 онд Өлгий сумын Чаргат багт оршин суух Б.Б танд Хоньчин цахир гэх газарт өвөлжөөний зориулалтаар 800 м кв газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
Иргэн Б.Ө тухайн газарт үе дамжин нутаглаж ирсэн болохыг Увс аймгийн Наранбулаг сумын газрын даамал М.Сосорбарамын 2020 оны 12 сарын 24-ны өдрийн албан бичиг, Өлгий сумын Чаргат багийн Засаг даргатай утсаар ярьж тогтоосон болно. Тухайн үед Өлгий сумын Чаргат багийн Засаг дарга хөдөө явж байсан тул бичгээр тайлбар ирүүлэх боломжгүй байгааг дурдсан болно.
Захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.8 дахь заалтад захиргааны байгууллага үйл ажиллагаандаа "хууль ёсны итгэлийг хамгаалах" тусгай зарчмыг баримтална гэж заасны дагуу иргэн Б.Ө болон түүний хүү Ө.Д нарын хууль ёсны итгэлийг хамгаалах зорилгоор Газрын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тусгагдсан нутаг дэвсгэрийн харьяаллыг баримтлан Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт "61.1.Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заасныг үндэслэн Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багт оршин суух иргэн Б.Ө-т газар эзэмшүүлсэн Наранбулаг сумын Засаг даргын 2004 оны 08 сарын 13-ны өдрийн 58 дугаартай захирамж, Увс аймгийн Өлгий сумын Чаргат багт оршин суух иргэн Б.Б-д Хоньчин цахирыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн Увс аймгийн Өлгий сумын Засаг даргын 2018 оны А/143 дугаартай захирамжийн иргэн Б.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.
Иймд шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангаж, иргэн Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Б.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.Ө миний бие нь нэхэмжлэгч Өлгий сумын 1-р багийн иргэн Б.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй дараах тайлбарыг гаргаж байна. Би 2003 оны 6 сард анх Хоньчин цахир гэгч газарт анх хашаа барьсан юм. Тухайн үед тэр газарт ямар ч айл байхгүй хааяа Наранбулаг сумын айлууд ойролцоо нутагладаг байсан ба тухайн газар нь чулуу дарагдсан шууд ашиглах боломжгүй газар байсныг би чулууг нь зөөж янзлаад буйр бууц гаргаад өвөлжөөний зориулалтаар тохижуулан 2003 оноос эхлэн өвөлжиж эхэлсэн билээ. Тэгээд манайх тухайн газраа өвөлжөөний зориулалтаар тохижуулан өөрийн эзэмшилд болгосон учир Наранбулаг сумын Засаг дарга хандсаны улмаас Наранбулаг сумын Засаг дарга 2004 оны 08 сарын 13- ны өдрийн №58 дугаартай шийдвэр гаргаж эзэмших эрхийн гэрчилгээ олгосон билээ. Тухайн өвөлжөөний газар маань эзэмших эрхийн гэрчилгээтэй тул түүнээс хойш 20 шахам жил эзэмшиж байгаа өвөлжөөний газрыг маань Өлгий сумын иргэн Б.Б гэгч нь 2018 оноос хойш Хоньчин цахир гэгч энэ газар нь Өлгий сумын газар учир би авах ёстой гээд хүч түрэмгийлээд манай малын хашааг хаагаад дахин малын хашаа барьж аваад бид нартай маргалдаад ердөө буулгахгүй 2 жил шахам өнгөрч байна. Хоньчин цахир гэгч газар нь манай хаваржаанаас 2 км орчим газарт байдаг бөгөөд манай өвөлжөө 2 км хол байдаг. Манайх Хоньчин цахирын ойролцоо хаваржаатай айл юмаа. Ө миний бие нь хүү Д-ыг 2016 онд Өлгий сум руу шилжүүлэн Хоньчин цахир гэгч өвөлжөөний газраа өвлүүлэн өгсөн бөгөөд Өлгий сумын Засаг дарга өнөөг хүртэл Хоньчин цахир гэгч газрын эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгөхгүй хохироосоор байгаа. Манай хүү Д нь 2016 онд Өлгий сум руу албан ёсоор шипжсэн, сонгууль хүртэл Өлгий суманд очиж өгдөг юм. Б.Б гэгч ямар ч үндэслэлгүйгээр өөрийн эзэмшилд оруулан Өлгий сумын Засаг дарга 2018 оны 12,17-ны өдрийн А/143 тоот захирамжийг үндэслэн 15 жилийн хугацаатайгаар сунгуулж, 800 м/кв-т газрыг эзэмших эрх баталгаажсаны дагуу 2019-03-22-ны өдөр Өлгий сумын газрын асуудал эрхэлсэн Д.Буяндаваатай газар эзэмших гэрээг байгуулсан эрхийн гэрчилгээний дагуу малаа маллаж байгаа гэжээ. Хоньчин цахир гэгч газрын гэрчилгээг анх миний бие нь 2004 онд Наранбулаг сумын засаг даргын захирамжаар эзэмшсэн байгаа. Тэгтэл Наранбулаг сумын Засаг даргын 2004 онд гаргасан захирамжийг хүчингүй болгосны дараа Өлгий сумын засаг дарга Б.Б-д эзэмших эрхийн гэрчилгээ олгох захирамжийг гаргах ёстой болохоос өмнөх захирамж хүчинтэй байхад шууд Өлгий сумын Засаг дарга өөрийнхөө эрх мэдлээ ашиглан өөрийнхөө сумын хүнд миний өөрийн олон жил эзэмшсэн өвөлжөөг эзэмшүүлэх гэрчилгээ олгосныг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй болно. Өлгий сумын Засаг даргын 2018-12-17-ны өдрийн А/143 тоот захирамж хууль зүйн үндэслэлгүй гарсан байна. Би Аймгийн засаг дарга, Аймгийн Газрын албан удаа дараа гомдлоо гаргаж байсан болно. Иймд Б.Б-ын шүүхэд гаргаж буй нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие дээрх маргаан бүхий өвөлжөөг 2006 онд өөрийн нэр дээр болгож авсан. Тэгээд Б.Ө-ийг “Энэ газар өвөлжиж бай, би хүүхэд том болохоор эргүүлж авна шүү” гэж хэлээд өөрөө сумын төвд өвөлжсөн. 2018 оны намар би энэ хүнээс өвөлжөөгөө буцааж аваад 2018 оны 12 дугаар сард хашаалж авсан юм. Тухайн үед Увс аймгийн Өлгий сумын Засаг дарга Шагдар гэж хүн байсан. Тэр хүн надад тухайн өвөлжөөний эзэмшлийн гэрчилгээг гаргаж өгсөн юм. Би хуулийн дагуу өвөлжөөндөө хашаагаа бариулж аваад эзэмшиж байгаа. Иймд Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/18 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав: Увс аймгийн Өлгий сумын Засаг даргын захирамжаар Б.Б нь тус сумын нутагт байрлах Хоньчин цахир өвөлжөөг эзэмшдэг байсан. Гэтэл Увс аймгийн Засаг дарга 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр А/18 дугаартай захирамж гарган Б.Б-д газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон байдаг. Увс аймгийн Засаг даргын 2021 оны дүгээр сарын 13-ны өдрийн А/18 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй захирамж гэж үзэж байгаа. Учир нь Увс аймгийн Засаг дарга тухайн захирамжийг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа Б.Б-д ямар нэгэн байдлаар мэдэгдсэн зүйл байхгүй. Иргэн Б.Б-д нь Хоньчин цахир өвөлжөөг анх 2006 онд эзэмшиж эхэлсэн бөгөөд 2018 онд дахин хүсэлт гаргаж гэрчилгээгээ шинэчилсэн байгаа. Уг маргаан бүхий Хоньчин цахир өвөлжөө нь Увс аймгийн Наранбулаг сумын нутагт байрладаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Увс аймгийн Засаг дарга нь гуравдагч этгээд Ө-т газар эзэмшүүлсэн захирамжийг мөн хүчингүй болгосон боловч уг захирамж нь хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрөх тухай захирамж байсан. Өөрөөр хэлбэл анхнаасаа иргэн Б.Ө-т газар эзэмшүүлэх тухай захирамж гараагүй. Иймд Увс аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/18 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Наранбулаг сумын Улаан үзүүр багт оршин суудаг иргэн Б.Ө 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр маргаан бүхий газрын талаар Увс аймгийн Засаг даргад хандан өргөдөл гаргасан. Уг өргөдлийн дагуу Увс аймгийн Засаг дарга гомдол шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байгаа. Гомдол шалган шийдвэрлэх ажиллагаагаар цуглуулсан нотлох баримтын хүрээнд Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2004 оны 58 дугаартай захирамжаар Хоньчин цахир гэх газрын өвөлжөөний зориулалтаар Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Б.Ө-т эзэмшүүлсэн байдаг. Мөн тус газар дээр Увс аймгийн Өлгий сумын Засаг даргын 2018 оны 143 тоот захирамжаар өвөлжөөний газрыг иргэн Балжиннямд давхардуулж эзэмшүүлсэн байсан. Ингээд гомдол шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн маргаан бүхий Хоньчин цахир нэртэй өвөлжөөний газар нь Увс аймгийн Наранбулаг сумын нутагт бус Увс аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаардаг болох нь тогтоогдсон байгаа юм. Улмаар Увс аймгийн Засаг дарга нь Увс аймгийн Наранбулаг сумын Засаг дарга өөрийн нутаг дэвсгэрт үл хамаарах нутагт буюу Увс аймгийн Өлгий сумын нутагт Наранбулаг сумын иргэнд газар эзэмшүүлсэн нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчсөн байна гэж үзэж иргэн Б.Ө-т газар эзэмшүүлсэн захиргааны актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосон. Иргэн Б.Ө-ийн гаргасан өргөдөл болон Увс аймгийн Наранбулаг сумын Чаргат багийн Засаг дарга Бат-Эрдэнэ нарын тайлбараас харахад тухайн маргаан бүхий газарт 2004 оноос иргэн Б.Ө нутаглаж байсан нь тогтоогдож байгаа. Гэвч тухайн газар нутаг нь Увс аймгийн Наранбулаг сумын нутаг дэвсгэр бус Увс аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа учир тухайн газарт зөвхөн Өлгий сумын иргэн газар эзэмших эрхтэй гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй илт хууль бус шийдвэрийн улмаас тухайн газар нутаг дээр иргэн Б.Б-д давхардуулж газар эзэмшүүлсэн байдаг. Үүнийг захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан шийдвэр гэж үзэж байгаа тул Увс аймгийн Засаг дарга иргэн Б.Б-д газар эзэмшүүлсэн Увс аймгийн Өлгий сумын Засаг даргын 2018 оны 143 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосон. Учир нь тухайн Хоньчин цахир өвөлжөөнд иргэн Б.Ө 2004 оноос эхлэн нутаглаж ирсэн. Монголын нүүдэлчдийн соёл иргэншилд малчин хүн хэзээ ч сум аймгийн хил хязгаарт захирагдаж, малаа малладаггүй. Эртнээс Монгол хүн нүүдэллэх газраа үржил шимийг нь харгалзан чөлөөтэй сонгосоор ирсэн. Гэтэл малчид нүүдэллэх газраа өөрийн оршин суудаг сумын нутаг дэвсгэрт өвөлжих ёстой гэж үзэж байгаа нь Монгол улсын үндсэн хууль болон Газрын тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Мөн Увс аймгийн Өлгий сумын Засаг дарга Шагдаржав болон нэхэмжлэгч Б.Б нар нь тухайн газарт 2004 оноос хойш иргэн Б.Ө нутаглаж байсныг мэдэж байсан боловч тухайн газар нутаг нь Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа учир Өлгий сумын иргэн л нутаглах ёстой гэж үзэж иргэн Б.Б-д тухайн өвөлжөөг давхардуулан эзэмшүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа” гэжээ.
Гуравдагч этгээд Б.Ө шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би анх 2003 оны 6 дугаар сарын 14-ний өдөр уг өвөлжөөг хашаалж авсан юм. Тэр өвөлжөө угаас манай удмын өвөлжөө байгаа юм. Гэтэл Б.Б 2017 онд манай өвөлжөө дээр хашаа барьж хүч түрж ирснээс болж би хаваржаандаа өвөлжиж, 800 гаруй малаа зудаар алдсан. Би Балжиннямаас болж их хохирсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Талуудын хувьд аль аль нь малчин хүмүүс байгаа юм. Миний хувьд аль аль тал нь буруугүй гэж үзэж байна. Маргаан бүхий газрын хувьд иргэн Б.Ө-ийн гэр бүл 3 үеэрээ өвөлжиж ирсэн газар байгаа юм. Энэ талаар нэхэмжлэгч ч өөрөө мэдэж байгаа юм байна. Б.Ө нь газар эзэмших эрхээ эдлээд төрд хүсэлтээ гаргасан байдаг. Тэр газар нь хүн өвөлжиж байгаагүй тул Б.Ө чулууг нь түүгээд хашаа хороо бариад өвөлжсөн байдаг юм. Гуравдагч этгээдийн хувьд хуулийн хүрээнд сумын удирдлагад хүсэлтээ гаргасан боловч уг хүсэлтийг сумын удирдлагаас хангаж тухайн газрыг эзэмшүүлэхдээ алдаатай гаргасан асуудал байгаа. Энэ бол эрх бүхий албан тушаалтны ажлын алдаа. Энэ алдааг иргэн Б.Ө хариуцах ёсгүй. Ингээд 2013 онд Өлгий сумын иргэн Б.Б нь энэ миний өвөлжөө гэдэг байдлаар маргаан гараад эхлэхэд нь Б.Ө газрын даамал болон сумын удирдлагадаа мэдэгдсэн байдаг. Тухайн үед Сумын удирдлага, байгаль орчны байцаагч, газрын даамал гэсэн бүрэлдэхүүнтэй баг гарч ажилласан байдаг. Тэгээд хилийн цэсээр энэ нутаг нь Увс аймгийн Өлгий сумын бус Наранбулаг сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг юм байна гэж тогтоогоод иргэн Б.Ө “Та харьяаллаа Өлгий сум руу шилжүүл эсхүл хүүхдийнхээ харьяаллыг Өлгий сум руу шилжүүл” гэсэн шаардлага тавьсан байдаг. Үүнийг Б.Ө хүлээн аваад өөрийн хүүгээ Өлгий сумын харьяалалтай болгож шилжүүлсэн. Ингээд хүүхдийнхээ харьяаллыг шилжүүлсэн байхад мөн л Б.Ө-ийн хүсэлтийг хүлээж аваагүй. Энэ байдлаар иргэн хүний эрхийг төр өөрөө зөрчсөн байгаа. Энэ хоёр хүний маргаанаас болж эрүүгийн хэргээр хүртэл шалгагдаж байсан. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын алдаатай үйл ажиллагаанаас болж иргэд хохирч байна. Иргэн Б.Ө-т газар эзэмшүүлсэн захирамж болон түүний газрын гэрчилгээ бол Б.Ө өөрөө гаргаад авсан зүйл биш. Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргаас л гаргаж өгсөн захирамж, шийдвэр. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гэрч Ж.О шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Би Өлгий сумын Засаг даргын ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүлээж авсан. Эдгээр малчдын хооронд өвөлжөөний зориулалтын газрын маргаантай асуудал үүссэн байсан. Энэ талаар малчдаас л тодорхой мэдээлэл авч байснаас биш газар дээр нь очиж үзээгүй. Иргэн Б.Б нь 2006 онд анх тухайн маргаан бүхий газрын эзэмших хүсэлт гаргаад 2006 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Намсрай гуай захирамж гарган “Хоньчин цахир” өвөлжөөг Б.Б-д эзэмшүүлсэн байдаг. Дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Б.Б нь тухайн үеийн Өлгий сумын засаг даргад хүсэлт гаргаад гэрчилгээгээ шинэчилсэн байсан. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/18 дугаартай захирамж шуудангаар ирсэн яг хэзээ ирсэнийг санахгүй байна. Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт уг маргаан бүхий өвөлжөө нь аль сумын нутагт хамаарч байгаа талаар мэдээлэл өгөхийг хүсэж 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 162 дугаар албан бичгийг иргэн Б.Б-ын өргөдлийн хамт хүргүүлсэн. Манай суманд Ө.Д гэж иргэн харьяалалтай байгаа” гэжээ.
Гэрч С.Д шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Увс аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/19 тоот захирамжаар Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 58 дугаартай Б.Ө-т эзэмшүүлэх тухай захирамжийг илт хууль бус болохыг тогтоосон захирамжтай танилцсан. Тухайн захирамжийг иргэн Б.Ө-т танилцуулсан. Тухайн өвөлжөөний талаар Өлгий сумын удирдлагад хандаж байсан. Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 58 дугаартай захирамжийн талаар сайн мэдэхгүй байна. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/1877 дугаартай албан бичигтэй танилцсан” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Б.Б нь “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/18 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Миний бие 2006 оноос тус өвөлжөөг хуулийн дагуу эзэмшиж байгаа. Гэтэл хууль зүйн үндэслэлгүйгээр миний эзэмшиж байгаа өвөлжөөний газрыг хүчингүй болгосонд гомдолтой байна" гэж тодорхойлжээ.
Хариуцагч “Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2004 оны 58 дугаартай захирамжаар “Хоньчин цахир” гэх газрыг өвөлжөөний зориулалтаар Б.Ө-т эзэмшүүлсэн байдаг. Гэтэл маргаан бүхий өвөлжөөний газрыг Увс аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа учир зөвхөн Өлгий сумын иргэн газар эзэмших эрхтэй гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй илт хууль бус шийдвэрийн улмаас иргэн Б.Б-д давхардуулж газар эзэмшүүлсэн байдаг. Үүнийг нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан шийдвэр гэж үзэж байгаа тул иргэн Б.Б-д газар эзэмшүүлсэн Увс аймгийн Өлгий сумын Засаг даргын 2018 оны 143 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосон” гэх үндэслэлээр татгалзлаа илэрхийлсэн байна.
Гуравдагч этгээд "Тухайн өвөлжөө нь миний удмын өвөлжөө бөгөөд Наранбулаг сумын Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 58 дугаар захирамжаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Энэхүү захирамж маань хүчинтэй байхад Өлгий сумын Засаг дарга тус сумын иргэн Б.Б-д миний олон жил эзэмшсэн өвөлжөөг эзэмшүүлэх гэрчилгээ олгосон" гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, нэхэмжлэгч,нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Иргэн Б.Ө-ийн “Хоньчин цахир” хэмээх өвөлжөөний маргаантай асуудлыг шийдвэрлүүлэх тухай гомдлыг Увс аймгийн Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан үзээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Зэхиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.2.5 дах хэсгийг тус тус үндэслэн Өлгий сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/143 дугаартай захирамжийн иргэн Б.Б-д холбогдох хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн А/18 дугаартай захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэжээ.
Энэхүү шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 1/54 тоот албан бичгээр Өлгий сумын Засаг дарга болон иргэн Б.Б, Б.Ө нарт мэдэгдэж, Б.Ө-ийн хүү Ө.Д-нд тус газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дотор хариу мэдэгдэхийг Өлгий сумын Засаг даргад үүрэг болгосон байна.
Нэхэмжлэгч Б.Б-д Увс аймгийн Өлгий сумын Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаар захирамжаар “Хоньчин цахир” хэмээх газрыг өвөлжөөний зориулалтаар олгохоор шийдвэрлэж, үүний дагуу 60 жилийн хугацаатай эзэмших эрхийн 0249917 дугаартай гэрчилгээг олгосон байна.
Өлгий сумын газрын даамал Э.Солонго уг газрын нэгж талбарын 19090086 дугаартай хувийн хэргийг Өлгий сумын Засаг даргын 36 дугаар захирамжийг үндэслэн 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нээж, газар эзэмших өргөдөл, хүсэлтийг нөхөн гаргуулан авч 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.Б-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.
Улмаар иргэн Б.Б-ын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн газрын гэрчилгээг шинэчлэн гаргуулах тухай өргөдлийг үндэслэн Өлгий сумын Засаг дарга 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/143 дугаар захирамжаар “Хоньчин цахир“ хэмээх 800 м.кв газрын гэрчилгээг шинэчлэн олгохоор шийдвэрлэж, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших эрхийн 000023761 дугаартай гэрчилгээг шинэчлэн олгожээ. Мөн тус хувийн хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн бэлэн мөнгөөр газрын төлбөр төлсөн баримт авагдсан байна.
Харин 2004 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 58 дугаартай захирамжийг үндэслэн Наранбулаг сумын Засаг дарга гуравдагч этгээд Б.Ө-т 900м2 газрыг 20 жилийн хугацаатай, өвөлжөөний зориулалтаар эзэмших 0129462 дугаартай гэрчилгээг олгожээ. Энэхүү гэрчилгээн дээр тухайн газрын нэгж талбарын дугаар бичигдээгүй байна.
Уг газрын хувийн хэрэг нээгдээгүй тул Наранбулаг сумын газрын даамал Б.Ө-ийн нэгж талбарын 8525000912 дугаартай өөр газрын хувийн хэргийн материалыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнээс үзэхэд Наранбулаг сумын Засаг даргын 02 дугаар сарын 09-ний өдрийн А/13 дугаар захирамжаар Б.Ө-т 2-р багийн нутагт “Хөх хад” хэмээх 800 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар шинээр эзэмшүүлжээ.
Шүүхээс Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 58 дугаартай захирамжийг Наранбулаг сумын ЗДТГ-аас гаргуулахаар 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаартай албан бичгээр шаардсан боловч хариу ирүүлээгүй.
Дараа нь Увс аймгийн ЗДТГ-ын Төрийн архивын тасагт 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаартай албан бичгээр шаардахад Наранбулаг сумын Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийны 58 дугаар захирамж нь “Хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрөх тухай” захирамж байгаа талаар албан бичгийг ирүүлсэн.
Иймд шүүхээс Увс аймгийн ЗДТГ-ын Төрийн архивын сан хөмрөгт байгаа 2004 оны Наранбулаг сумын Засаг даргын бүх захирамжид үзлэг хийхэд Б.Ө-т өвөлжөөний зориулалттай газар эзэмшүүлэх тухай шийдвэр тухайн онд гараагүй байсан.
1999 оны Улсын Их Хурлын 19 дүгээр тогтоолоор Увс аймгийн Наранбулаг, Өлгий сумын хилийн цэсийг тогтоосон ба уг тогтоолын дагуу маргаан бүхий “Хоньчин цахир” хэмээх газар нь Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа бөгөөд хилийн цэсээс дотогшоо 2.4 км зайд оршдог болох нь маргаан бүхий газарт хэмжилт хийсэн тухай тэмдэглэл, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, аймгийн ГХБХБГазрын С.Нямжавын үйлдсэн тус өвөлжөөний байршлыг харуулсан зургаар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Ө-ийн гомдлыг хянан шийдвэрлэхдээ “Хоньчин цахир” хэмээх өвөлжөөний газарт “иргэн Б.Ө, түүний эцэг Батаа нар үе дамжин өвөлжиж ирсэн” гэж үзжээ. Энэ нь хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Б.Б “ Би Батаа гэх хүнийг сайн мэднэ. Сумын аварга малчин хүн байсан. Тэднийх “Бүрхээлтэй хар үзүүр” гэх газар байнга өвөлждөг байсан. Одоо тэнд Батаа гуайн бага хүү нь өвөлждөг” гэж, гуравдагч этгээд Б.Ө “Манай эцгийн өвөлжөө Хоньчин цахираас холгүй 4,5 км орчим газарт байдаг” гэж тус тус тайлбар өгчээ.
Мөн Наранбулаг сумын газрын даамал М.Сосорбарам “Б.Ө-ийн аав Батаа уг маргаан бүхий газар өвөлжиж байсан гэх нотлох баримт байхгүй. Өлзийпүрэвийн өргөдөл дээр тэр тухай бичсэн байсан учраас аавынх нь буурь бууц юм байна гэж ойлгоод тодорхойлолт, тайлбар өгсөн” гэж мэдүүлжээ.
Үүнээс үзэхэд Увс аймгийн Өлгий сумын нутагт орших “Хоньчин цахир” хэмээх газар Б.Ө нь 2003 онд хашаа барьж өвөлжиж, шинээр өтөг бууц бий болгосон байна.
Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд уг газар дээр Б.Б, Б.Ө нарын 10 метрийн зайтай зэрэгцүүлж барьсан малын модон хашаа, саравч байсан ба гуравдагч этгээд Б.Ө нь 2003 оноос 2018 оныг хүртэл уг газарт өвөлжсөн, нэхэмжлэгч Б.Б нь 2018 оноос өвөлжиж байгаа гэсэн тайлбар өгсөн болно.
1992 оны 08 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан 2004 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Аймаг , нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь тухайн нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн” гэж заасан байна.
Газрын тухай хуулийн 32.1-д “Иргэн,аж ахуйн нэгж байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “газар эзэмшүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн газрын даамал газрын гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж тус тус заажээ.
Эрх бүхий албан тушаалтан хууулинд заасан шаардлага хангасан “газар эзэмших” тухай хүсэлтийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас хүлээн авч нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр хуульчилсан байна.
Наранбулаг сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Б.Ө-т олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.9-д заасан захиргааны акт илт хууль бус болох шинжийг агуулсан, гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байх тул хуулийн хүчин төгөлдөр нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.
Уг газрын гэрчилгээ анхнаасаа нутаг дэвсгэрийн харьяалал зөрчигдөж олгогдсон байх ба өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Б.Ө-ийн өвөлжөөний зориулалттай газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүсээгүй байх тул түүний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн тэрээр Увс аймгийн татварын хэлтсийн тодорхойлсноор 2004-2021 онуудад газрын төлбөр төлөөгүй байна.
Нэхэмжлэгч Б.Б-ын хувьд эзэмших эрх нь 2006 онд үүссэн ба улмаар 2018 онд “Хоньчин цахир” хэмээх газрыг хууль ёсоор мэдэлдээ авч эзэмшжээ.
Түүний “бэлчээр булаацалдсан талаарх маргааныг шийдвэрлүүлэх” тухай гомдлыг Өлгий сумын Засаг дарга 2020 оны 11-р сард хүлээн аваад Увс аймгийн ГХБХБГазар луу хүргүүлсэн байх бөгөөд хариуг нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 162 тоот албан бичгээр өгсөн байна.
2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б.Ө-ийн гомдлыг хянан шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын шийдвэр, мэдэгдлийг үндэслэн хүү Ө.Д нь Өлгий сумын Засаг даргад хандан асуудлыг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өргөдөл гаргасан байна. Урьд нь Б.Ө, Ө.Д нар Өлгий сумын Засаг даргад хандан газар эзэмших асуудлаар бичгээр өргөдөл, хүсэлт, гомдол гаргаж байсан нь тогтоогдоогүй болно.
Дээрхи нөхцөл байдлуудаас үзэхэд 2018 оны Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэгч Б.Б-д “Хоньчин цахир” өвөлжөөний газрын гэрчилгээг шинэчлэн олгох тухай шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.5-д заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан захиргааны акт болох нь тогтоогдохгүй байна.
Өлгий сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/143 дугаар захирамжийн “Б.Б”-д холбогдох хэсэг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29 дугаар зүйлийн 29.1, 29.1.3-ийн “г” , Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасантай нийцсэн байх тул уг шийдвэрийг хэвээр үлдээж, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн А/18 дугаартай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулаад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Гуравдагч этгээд Б.Ө нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлоо арилгуулах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.2, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3 “г” дэх хэсэг, Газрын тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлийн 32.1, 33.1.1, 34.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/18 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ОЮУНГЭРЭЛ