Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 57

 

Б.Дт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Яллагдагч Б.Д түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЗ/650 тоот захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Э.Гантулгын эсэргүүцлээр яллагдагч Б.Дт холбогдох эрүүгийн 1914002130254 дугаар хэргийг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Б.Д, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Яллагдагч Б.Д нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Д.А, О.Д нар хүч хэрэглэн хүчиндсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ...Шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад яллагдагч Б.Дт холбогдох хэрэгт дараах мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Дээс түүний согтуурлын зэргийг тогтоолгох талаар биеэс нь цус авсан гэх бөгөөд уг цусыг шинжилгээнд явуулсан эсэх, согтолтын зэргийг тогтоолгож дүгнэлт гаргуулсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд уг ажиллагааг хийж хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн 2019 оны 02 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Б.Д нь согтуу байсан талаараа мэдүүлж байсан бөгөөд түүнийг согтолттой байсан болохыг Ц.Цэенбат, О.Д, Д.А нар мэдэх талаар яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө дурдсан тул дээрх хүмүүсээс энэ талаар мэдүүлэг авах, ялангуяа 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 11 цаг, 16-17 цагт мэдүүлэг авсан байх тул энэ үед согтолттой байсан эсэхийг тогтоох шаардлагатай байна.

Түүнийг согтолтгүй байсан талаар мөрдөгчийн илтгэх хуудсаар тогтоохгүй бөгөөд өөр хөндлөнгийн нотлох баримтаар тогтоох нь зүйтэй байна.

Хэргийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөгчөөс шүүхэд шилжүүлэх санал гаргасан бөгөөд прокурор 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Гэтэл яллагдагчийн өмгөөлөгч хүсэлтдээ “хэргийг прокурорт хянагдах үед хүсэлт өгөх байсан боловч прокуророос нэг хоногийн дотор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хүсэлт өгөх боломжгүй байдалд хүргэсэн” гэж дурдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1-д “мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр 14 хоногоор нэмж сунгаж болно” гэж заасан, нөгөө талаар мөрдөгчөөс 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өмгөөлөгч П.Өлзийбаярын хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоол гаргасан цаашид дээд шатны прокурорт гомдол гаргах оролцогчийн эрхийг хязгаарлаж хэргийг шилжүүлсэн нь буруу байна гэж шүүх үзлээ.

Иймд өмгөөлөгчийн шүүхэд хандаж гаргасан хүсэлтийг бүхэлд нь хүлээн авч уг ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй тул яллагдагч Б.Дт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв гэжээ.

Прокурор Э.Гантулга давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамж үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлд прокурор хэргийн материалыг 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд дээд шатны прокурор энэ хугацааг 14 хоногоор сунгахаар заасан байхад өмгөөлөгч П.Өлзийбаяраас гаргасан хүсэлтийг мөрдөгчөөс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд цаашид дээд шатны прокурорт гомдол гаргах оролцогчийн эрхийг хязгаарлаж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу байна гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байна.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа явуулах /код/ дүрэм зааварт нь согтуурсан, мансуурсан хүнээс мэдүүлэг авахыг хориглосон байдаг. Иймд Б.Дийг согтуу байх үед нь мэдүүлэг авах боломжгүй. 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Б.Дээс мэдүүлэг авах үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байгаагүй, үнэртээгүй зүгээр байсан талаар мөрдөгч тэмдэглэл үйлдсэн байдаг. Хэрэг гарахын урд орой, шөнө Б.Дийг архи уусан согтуу байсан талаар гэрч Ц.Цэенбат, О.Д, Д.А нар мэдүүлдэг, мөн Д.А, О.Д нар нь маргааш нь буюу 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн газарт Б.Дтэй таарсан талаар мэдүүлсэн. Энэ мэдүүлэгт Б.Дийг архи уусан согтуу байсан гэж мэдүүлээгүй, харин яагаад зүгээр явчихаад хүчиндүүлсэн талаар мэдүүлсэн юм бэ гэж асуухад юм хэлэхгүй дуугарахгүй суугаад байсан гэж мэдүүлдэг. Дээрх хүмүүсээс асууж тодруулах шаардлагатай зүйл байгаа бол шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авах боломжтой болно. Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл ирсэний дагуу 2019 оны 02 сарын 14-ний өдөр Д.А, О.Д, Б.Д нарыг дуудаж мэдүүлэг авч, цусны бүлэгийг тогтоох зорилгоор дээрх хүмүүсээс цус авч шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Уг цусаар Б.Дийн согтуурлыг шалгуулахаар шинжээч томилоогүй тул дүгнэлт гараагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлд прокурор. хэргийн материалыг 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд дээд шатны прокурор энэ хугацааг 14 хоногоор сунгахаар заасан нь хэргийг дээрх хугацаанд хянах тухай ойлголт биш бөгөөд прокуророос хэргийг 1 хоногийн дотор хянаад шүүхэд шилжүүлсэн нь хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн зүйлгүй тул хэргийг анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Нөгөөтэйгүүр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн бүх хүний согтуурлыг шалгаж тогтоож дүгнэлт гаргуулах боломжгүй буюу шүүхээс хэрэгт хийлгэхээр зааж байгаа ажиллагаа нь цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэх нөхцөл байдал үүсэхээр байна.

Иймд Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 650 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Э.Гантулга давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Эсэргүүцлээ дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү гэв.

Өмгөөлөгч П.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Дийн согтуу байсан эсэхийг тогтоох нь чухал ач холбогдолтой, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Анхан шатны шүүх хэргийг Прокурорын газарт буцаахдаа мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Дийн согтуурлын зэргийг тогтоолгохоор биеэс нь цус авсан гэх цусыг шинжилгээнд явуулж согтолтын зэргийг тогтоолгон дүгнэлт гаргуулсан эсэх нь тодорхойгүй, Б.Д нь 2019 оны 02 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө согтуу байсан талаар Ц.Цэенбат, О.Д, Д.А нараас мэдүүлэг авах, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг, 16-17 цагуудад мэдүүлэг авах үед согтолттой байсан эсэхийг тогтоох, согтуурлыг мөрдөгчийн илтгэх хуудсаар тогтоохгүй, өөр хөндлөнгийн нотлох баримтаар тогтоох,

Хэргийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөгчөөс шүүхэд шилжүүлэх санал гаргаж прокурор 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь өмгөөлөгчийг хүсэлт өгөх боломжгүй байдалд хүргэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр 14 хоногоор нэмж сунгаж болно” гэж заасан мөрдөгчөөс 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өмгөөлөгч П.Өлзийбаярын хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоол гаргасан нь цаашид дээд шатны прокурорт гомдол гаргах оролцогчийн эрхийг хязгаарлаж хэргийг шилжүүлсэн нь буруу, өмгөөлөгчийн шүүхэд хандаж гаргасан хүсэлтийг бүхэлд нь хүлээн авч уг ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр хэргийг Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлахад хавтаст хэргийн 27-30 дугаар талд Б.Д, Д.А, О.Д нарын биеэс 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цус авсан тэмдэглэл авагдсан, цусыг зохих шинжилгээний байгууллагад хүргүүлж согтуурсан эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байхад анхааралгүй орхигдуулсан хэргийн 1, 27-30, 168-171 дүгээр талд Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 191400213 тоот эрүүгийн хэрэг нээж Б.Д нь бусдад зодуулж хүчиндүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 256 тоот тогтоолоор Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг бүхэлд нь зөрчсөн буюу хэрэг бүртгэлтийн хэргийг хаах шийдвэр гаргасан бол хохирогч, түүний өмгөөлөгчид мэдэгдэх, дээд шатны прокурорт гомдол гаргах улмаар хэрэг бүртгэлтийн хэрэгтэй танилцах зэрэг хохирогч Б.Дийн хуулиар эдлэх эрхийг ноцтой зөрчсөн байх тул Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3-д зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг Прокурорын газарт буцаасан Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгийн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЗ/650 тоот захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгийн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЗ/650 тоот захирамжийг хэвээр үлдээн, Прокурор Э.Гантулгын бичсэн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 29 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Б.Дт холбогдох эрүүгийн 1914002130254 дугаар хэргийг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон энэ магадлалд заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА

                          ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

                                                             Б. БОЛОР-ЭРДЭНЭ