Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 176

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч: Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914004170263 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Э.Т

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 3-16 тоотод Э.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Э.Тий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өглөө ээжийг эмнэлгээс тосоод ирэхэд манай эгч Б эхнэртэй маргаж байх шиг харагдсан. Тэгээд эгч ээжийнх рүү орсон. Би гэртээ орж ээж гэртээ орсон. Гэрт ороход эхнэр уйлчихсан байсан би түүнийг аргадаж байхад эгч араас гэрт шагайгаад “танай наад хөгшин эхнэр чинь худлаа ярьж байгаа юм” гээд буцаад явахаар нь би араас нь ээжийнд хэрүүл хийж орсон. Тэгтэл эгч намайг хэрэлдэж байгаад түлхэхээр нь би гараараа толгой руу нь 2 удаа цохиод шилбэ рүү нь өшиглөсөн. Мөн тогооны саван дээрээс хүүхдийн халбага авч шидсэн. Эгч Б намайг хөнгөн цагаан шанагаар цохисон. Би түүний гар руу өшиглөсөн. Тэгэхэд эгч хуурай барьж байсан юм. Тэгээд би гэр рүүгээ ороод эгч цагдаа дуудсан. Одоо эгчтэйгээ би эвлэрсэн. Өмнө нь түүнийг би зодож байгаагүй. Гэмшиж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 71-73/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ: 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ээжийгээ эмнэлгээс гаргаад гэртээ иртэл эгч манай эхнэртэй маргалдсан байсан эхнэр гэртээ уйлаад байж байхаар нь эхнэрээ аргадаад юу болсон талаар асуугаад байж байтал эгч араас орж ирээд танай эхнэр чинь худлаа ярьж байгаа юм гээд эхнэрийг янз бүрээр хэлээд байхаар нь би уурлаад эгчтэйгээ маргалдаад, эгч намайг цохих гээд байхаар нь уурандаа толгойн дагз хэсэгт 2 удаа цохиод, шилбэ рүү нь өшиглөсөн, эргэнэг дээрээс хүүхдийн амны халбага авч эгчрүүгээ шидсэн. Эгч хуурай барьсан байхаар нь хуурайг нь тавиулах гээд хуурай барьсан байсан гар руу нь өшиглөсөн барьсан байсан хуурайндаа гараас зүссэн байх. Манай эгч цагдаа дуудлага өгсөн. Одоо эгчтэйгээ эвлэрсэн хэвийн харилцаатай байгаа гэв.

3.Хохирогч Э.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай ээж эмнэлгээс гарах гээд би 26-ны өдөр нь Тгийн эхнэрт нь “миний дүү ээжийн гэрийг цэвэрлээдхээрэй" гэсэн. Тэгээд 27-ны өдөр ээжийг эмнэлгээс гаргах гэхэд гэрийг нь цэвэрлээгүй болохоор нь Тгийн эхнэр Цг загнасан. Тэгсэн чинь Т ээжийг эмнэлгээс авч ирээд гэртээ ороход нь Ц Тд миний загнасан тухай хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд Т ээжийнд орж ирсэн. Ээж тэгэхэд нь гэртээ ороод ирчихсэн байсан ба би ээжийн гэрт байсан. Т орж ирээд “чи миний амьдрал орох эрхгүй миний эхнэрийг загнах эрхгүй” гээд эхнэрээ өмөөрөөд над руу нүүр рүү шүлсээ үсчүүлээд хэл амаар дайраад байхаар нь би Тгийн мөр рүү өөрөөсөө холдуулж түлхсэн чинь Т миний толгой руу гараараа 2-3 удаа цохиод орон дээр түлхээд унагаагаад хөл рүү өшиглөсөн. Тэгээд ээж Тгийн нэг гарыг бариад авсан чинь тогооны савнаас хутга аваад шидэх шиг болсон тэр нь миний хажуугаар гараад явсан. тэгэхээр нь би хутга юм уу гээд очиж бариад авсан чинь гурвалжин хуурай байсан. тэгтэл Т хуурай барьсан гар руу өшиглөсөн. Эхлээд би гар зүсэгдсэн гэж бодоогүй толгой хагарсан юм байна гэтэл гар зүсэгдсэн байсан... Тэгээд шидсэн чигт нь очиход гурвалжин хуурай байхаар нь тэр хуурайг шидсэн байна гэж бодсон. Гэтэл сүүлд нь дүүгээсээ асуухад халбага шидсэн гэсэн. Гэхдээ намайг оноогүй холуур шидэгдсэн юм. Би үсчин хийдэг тул миний гарын арьс нимгэн байгаа тиймээс амархан зүсэгдэж гэмтдэг. гэх мэдүүлэг / хх-ийн 10-16 /

4. Гэрч Б.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Хадам ээж эмнэлгээс гарсан юм. Тэгээд хадам эгч Э.Б намайг ээжийн гэрийг цэвэрлэсэнгүй гэж загнасан. Тэрэнд нь би гомдоод уйлаад сууж байсан чинь нөхөр хадам ээжийг аваад эмнэлгээс ирээд намайг яасан юм гэхээр нь би хадам эгчид загнуулснаа хэлсэн. Тэгсэн чинь хадам эгч манай гэрийн үүдэнд шагайгаад “наад хөгшин авгай чинь худлаа шааж байгаа юм” гэсэн. тэгээд манай нөхөр Т уурлаад эгчтэйгээ хэрэлдээд гарсан. Би гэрээс гараагүй цаашид юу болсныг нь мэдээгүй. Т ээжийнд ороод 10 минут болоод буцаж орж ирсэн. Нөхөр маань эгчийнхээ хөл рүү нь өшиглөсөн гэж байсан өр юм хэлээгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

5. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 341 дугаартай шинжээчийн:

1. Э.Бийн биед баруун сарвууны 4-р хуруунд шарх, баруун сарвуу, гуя, өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13/ болон хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Э.Тгийн урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 55-60 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Э.Тгийн эзэмшлийн гар утас битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Т нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 3-16 тоотод төрсөн эгч Э.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Э.Б мэдүүлэг, гэрч Б.Ц нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 341 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Тг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Э.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Э.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Тд оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Тгийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Э.Тд хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Тий нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Тд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Харин уг хэрэгт шанага нэг ширхэг, хуурай нэг ширхэг, халбага нэг ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож шанагыг хэрэгцээний дагуу А.Батдуламд буцаан олгохоор, халбага болон хуурай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Тг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Э.Тд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Э.Тд нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.         

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт хуурай, халбага, шанага зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож шанагыг хэрэгцээний дагуу А.Батдуламд буцаан олгохоор, хуурай, халбага зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Э.Тгийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Э.Тд хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны                                              

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ