Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 183/2019/03168/И |
Дугаар | 001/ХТ2021/01110 |
Огноо | 2021-09-23 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2021/01110
ХААН банк ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01143 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1539 дүгээр магадлалтай,
ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
Г.Байгалмаа, Д.Бат-Өлзий нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 135,375.68 ам.доллар буюу 362,675,508 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагч Г.Байгалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Байгалмаа, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Тэмүүжин нар ХААН банк ХХК-тай 2013.02.05-ны өдөр ЗГ/04 дугаар зээлийн гэрээ байгуулан, 200,900 ам.долларыг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан. Д.Бат-Өлзий нь 2013.02.05-ны өдөр БД/04 дугаар Батлан даалтын гэрээ-г байгуулан, зээлийн гэрээний үүргийг зээлдэгчийн өмнөөс төлөх үүрэг хүлээсэн. Мөн 2018.02.05-ны өдрийн БГҮ/04 дугаар барьцааны гэрээгээр Г.Байгалмаагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамжны 33/4 дугаар байр, 7 тоот, 181.4 м.кв талбай бүхий, 5 өрөө орон сууц, авто зогсоолыг барьцаалуулсан. Зээлдэгч нь үндсэн зээлд 124,717.60 ам.доллар, зээлийн хүүд 69,824.18 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 1,302.73 ам доллар төлсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусаж, 2019.09.20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 76,182.51 ам.доллар, зээлийн хүүгийн үлдэгдэлд 52,483.23 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 6,710.05 ам.доллар төлөөгүй байгаа тул нийт 135,375.68 ам.доллар буюу Монголбанкны 2019.10.20-ны өдрийн ам.долларын ханшаар 362,675,508 төгрөгийг болон үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж Г.Байгалмаа, Д.Бат-Өлзий нараас гаргуулж өгнө үү. Хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Тэмүүжин хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаяг нь тодорхойгүй гэсэн тул хариуцагчаар оролцуулахаас татгалзсан гэжээ.
Хариуцагч Г.Байгалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ХААН банк ХХК-иас олгосон зээл нь зориулалтын дагуу зарцуулагдаагүй бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Тэмүүжин нь АНУ-д байгаа тул ХААН банк ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэжээ.
Хариуцагч Д.Бат-Өлзийгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дашдулам шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, зээлдэгч Г.Байгалмаа нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болох нь мөн барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй байх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул уг зээлийн төлбөрийг Д.Бат-Өлзий хариуцахгүй гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01143 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Байгалмаагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 135,375.68 ам.доллар буюу 362,675,508 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Байгалмаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн БГҮ/04 дүгээр Барьцааны гэрээ-ний зүйл болох Г.Байгалмаагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж, 33/4 дүгээр байрны 7 тоот, 181.4 м.кв талбайтай таван өрөө орон сууц, зоорийн давхрын 1 тоот, 19.3 м.кв талбайтай автозогсоолыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Бат-Өлзийд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 362,675,508 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 2,041,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Байгалмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 2,041,527 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1539 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01143 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 135,375.68 гэснийг 130,897.87 гэж, 362,675,508 гэснийг 350,679,320 гэж, 4 дэх заалтын 2,041,527 гэснийг 1,911,347 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Байгалмаагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,041,527 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох хяналтын гаргасан гомдолдоо: ХААН банкны нэхэмжлэлтэй Г.Байгалмаа, Д.Бат-Өлзий нарт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгэлд 135,375.68 ам.доллар буюу 362,675,508 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэмэгдүүлсэн хүүг хасаж шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хариуцагч Г.Байгалмаа нь гүйцэтгээгүй үндсэн зээлийн үлдэгдлийн хэмжээнд маргаагүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлээд хариуцагч Г.Байгалмаагаас үндсэн зээлд 76,182.51 ам.доллар, хүүнд 52,483.23 ам.доллар гаргуулсан нь зөв. Харин нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгээс тооцоогүй байхад шүүх нэхэмжилсэн дүнгээр хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан тооцвол нэмэгдүүлсэн хүүнд 2,232.13 ам.доллар /11,160.69 ам.доллар х20%/ төлөхөөр байх тул энэ хэмжээгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний болон бусад хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.5 нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаанд төлөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэсэн нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-д Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасантай нийцсэн байхад давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй талууд гэрээнд нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаанд төлөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэснийг үндэслээгүй байгаа нь давж заалдах шатны шүүх нэмэгдүүлсэн хүүг буруу тооцож бууруулсан нь үндэслэлгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг хэлнэ гэж тус тус тайлбарласан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлээд хариуцагч Г.Байгалмаагаас үндсэн зээлд 76,182.51 ам.доллар, хүүнд 52,483.23 ам.доллар гаргуулсан нь зөв гэж дүгнэсэн атлаа нэмэгдүүлсэн хүүг 2,232.13 ам.доллар /11,160.69 ам.доллар х20%/ гэж тооцсон нь үндэслэлгүй байна. Нэмэгдүүлсэн хүүг банк зээлийн хүү болох 52,483.23 ам.доллар буюу бодсон бөгөөд давж заалдах шатны шүүх ямар үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүг багасгасан нь тодорхойгүй байна. Талуудын хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээнд заасан зээлийн хүү нь жилийн 15,6 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан болно. Иймд магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Байгалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ХААН банкны нэхэмжлэлтэй Г.Байгалмаа, Д.Бат-Өлзий нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд тухайн гэрээг цуцлах журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой заасан. Гэрээний 8.2.1-д энэ тухай заахдаа: гэрээний 7.1.1-7.1.16-д заасан зөрчлийн аль нэгийг гаргасан бол, мөн гэрээний 8.2-т энэхүү гэрээний 8.2.1-т гарсан зөрчлийг арилгахыг Банк зээлдэгчээс бичгээр шаардсан өдрөөс хойш заасан хугацаанд арилгаагүй... гэдэг нөхцөлийг тохиролцсон тохиролцоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцэх ба энэ талаар гэрээний оролцогчид хүсэл зоригийн илэрхийллээ ухамсарласан байна. Банк зээлийн гэрээг цуцалж, зээлийг эргүүлэн дуудсан тухай мэдэгдэл өгснөөрөө түүнийг гэрээгээ цуцлах талаарх эрхээ хэрэгжүүлж гэрээний харилцааг цаашид дуусгавар болгосон ба ийнхүү гэрээ цуцалсны үр дагаврыг хэрхэн арилгах нь түүний хүсэл зоригоос хамааралтай. Харин Байгалмаагийн хувьд авсан зээлээ төлж байсан нь гэрээг хэвийн үргэлжлэн цаашид их хэмжээний хуулийн хуримтлал үүсгэн нэхэмжлэх үндэслэл болохгүй. Нэгэнт хуулийн хүрээнд үүссэн харилцаа цуцлах замаар дуусгавар болох нь гэрээ болоод, хуулийн зохицуулалтаар тодорхойлогдох ёстой. 2 удаа гэрээ цуцлах тухай мэдэгдэл гаргасан нь ямар ч үр дагавар үүсгэхгүй, зүгээр цаас юм бол хүү болоод нэмэгдүүлсэн хүүг дураараа тооцон нэхэмжлэх нь зүйн хэрэг болно. Хэрэгт авагдсан ХААН банкны гэрээ цуцлах тухай мэдэгдлийг нотлох баримтаар үнэлэн энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд аль аль нь дүгнэлт хийгээгүй нь ойлгомжгүй бөгөөд энэ нь мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл болно. Мөн батлан даагчаар үүрэг хүлээсэн Д.Бат-Өлзийгийн хувьд тодорхой хэмжээний төлөлтүүд хийж байсан энэ талаарх баримтыг ХААН банкнаас гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ХААН банк ХХК нь хариуцагч Г.Байгалмаа, Д.Бат-Өлзий нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 135,375.68 ам.доллар буюу 362,675,508 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагч Г.Байгалмаагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 362,675,508 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Г.Байгалмаагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 хороо, ...181.4 м.кв талбайтай таван өрөө орон сууц, ...19.3 м.кв талбайтай автозогсоолыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Д.Бат-Өлзийд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж хариуцагч Г.Байгалмаагаас 350,679,320 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.
Зохигч шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч 2021.05.31-ний өдөр талууд эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрлийг батлуулахаар 2021.07.07-ны өдөр шүүхэд хүсэлт гаргажээ.
Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 85,288,233 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 277,387,275 төгрөг, анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,971,330 төгрөг, нийт 279,358,605 төгрөг төлөхийг зөвшөөрч 2021.12.31-ний өдрийн дотор 150,000,000 төгрөг, 2022.07.01-ний өдрийн дотор 129,358,605 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож, төлбөрийг бүрэн гүйцэт төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар харилцан тохиролцов гэжээ.
Эвлэрлийн гэрээнд зохигчийг төлөөлж нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Тусгай активын газрын захирал М.Энхтүвшин, хуулийн зөвлөх С.Гантогтох, хариуцагч Д.Бат-Өлзий, Г.Байгалмаа нар гарын үсэг зурсан байх бөгөөд эвлэрлийн гэрээг эрх бүхий этгээдүүд байгуулсан гэж үзнэ.
Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заажээ.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01143 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1539 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 277,387,275 төгрөг, анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,971,330 төгрөг, нийт 279,358,605 төгрөг гаргуулахаар, хариуцагч нар нэхэмжлэгчид 2021.12.31-ний өдрийн дотор 150,000,000 төгрөг, 2022.07.01-ний өдрийн дотор 129,358,605 төгрөг тус тус төлөхөөр, төлбөрийг бүрэн гүйцэт төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтохын 2020.08.07-ны өдөр төлсөн 206,890 төгрөгийг, хариуцагч Г.Байгалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайханы 2020.08.13-ны өдөр төлсөн 1,911,347 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Х.СОНИНБАЯР
Г.ЦАГААНЦООЖ