Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 58

 

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2019/00058

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 20-5 тоотод оршин суух, Молхы овогт Ж-ийн Э /.../ -ын нэхэмжлэлтэй,

Б.Жанарбекийн ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийг  2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр  153/2019/00043/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Ж.Э, гэрч О.Кибат нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний эцэг Б.Жанарбек 1960 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн. 8-р анги төгссөн. Цэргээс халагдаж ирээд малын эмчээр суралцаж төгссөн. 1991-1994 оныг дуустал Ховд аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн конторт машинистаар буюу гачгераар ажиллаж байсан. Миний эцэг Б.Жанарбек нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нас барсан. Би эцгийнхээ ажиллаж байсан байдлыг тогтоолгож оршуулгын зардал авах гэж байгаа юм. Миний эцэг Б.Жанарбекийг Ховд аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн конторт 1993 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны машинистаар буюу качгераар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э  нь Б.Жанарбекийн ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Э нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Б.Жанарбекийг Ховд аймгийн Орон сууц, нийтийн аж ахуйн конторт 1993 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны машинистаар буюу качгераар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох гэж тодрууллаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Б.Жанарбек нь Ховд аймгийн Орон сууц, нийтийн аж ахуйн конторт 1993 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны машинист /качгер/-аар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн конторын даргын 1993 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 49 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн конторын даргын 1994 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, гэрч О.Кибатын шүүх хуралдаанд гаргасан ....Би 1985 онд Нийтийн аж ахуйн удирдах газарт ажилчнаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Б.Жанарбек 1991 оноос 1994 он хүртэлх хугацаанд Ховд аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн конторт машинист буюу качгераар ажиллаж байсан. Тухайн үед 30 хүний халуун усны газарт машинистаар ажиллаж байсан гэв.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-8 дугаар тал/

Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан иргэн О.Кибат, Х.Хавалхан нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Молхы овогт Басайн Жанарбекийн Ховд аймгийн Орон сууц, нийтийн аж ахуйн конторт 1993 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны машинист /качгер/-аар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    С.ОЮУНЖАРГАЛ