Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/00987

 

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/00987

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч..........., “ДГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч............... хаягт байрлах, “ББТ” ХХК-д холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, түүний өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга…........оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанитай 2017-07-05-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж Автогрейдер механизм РҮ-160С загварын, …......... арлын дугаартай, ….... УН бүртгэлийн дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн механизмыг 45.000.000 төгрөгөөр худалдан авсан. Худалдах худалдан авах гэрээний 2.4-д механизмыг талууд акт үйлдэж хүлээж авсаны дараа худалдагч талын нэхэмжлэлийг үндэслэн нийт үнийн дүнгийн 50 хувийг дараагийн төлбөрийг анхны төлбөр төлсөн өдрөөс хойш нэг сарын дотор төлж барагдуулна гэж заасан. Хариуцагч талтай уг техникийг хүлээн авах, хүлээлгэн өгөх актыг 2017-07-03-ны өдөр үйлдэж албан ёсоор хүлээлцсэн. Худалдах худалдан авах гэрээнд төлбөрийг 45 хоногийн дотор бүрэн төлөх юм байна гэсэн итгэл төрүүлсэн учраас хүү, алданги гэрээнд тусгаагүй. Манай компаний гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд автогрейдер механизмын үнийг төлөх талаар удаа дараа шаардахад гүйцэтгэх захирал нь хүлээн зөвшөөрч төлбөрийг хийнэ гэдэг байснаа сүүлдээ утасаа ч авахгүй байх болсон. Хамгийн сүүлд 2017-11-05-ны өдрийн 22 тоот албан бичгээр шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандсан. Манай өмгөөлөгч худалдах худалдан авах гэрээний 8.1-д зааснаар албан мэдэгдэл хүргүүлсэн боловч компанийн хуульч нь хүлээн авахаас татгалзсан. Иймд 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн гэрээний шаардлагыг үндэслэн төлөөгүй төлбөр болох 45.000.000 төгрөгийг шаардаж байна. Энэ механизмыг авч явсан цагаас хойш доголдол болсон талаар манайд мэдэгдсэн зүйл байхгүй. Хүлээлгэн өгсөн акт гэрээний эх хувь нь манай талаас биш хариуцагчийн авчирсан баримт дээр нь би гарын үсэг зурсан байгаа. Механизмыг уурхай дээр хүлээн авна гэсэн заалт нь механизмыг хүлээж авсны дараа сүүлд хийгдсэн. Гүйцэтгэх захирал Соронзонболд биш гэх тайлбар нь үндэслэлгүй, өмнөх шүүх хурал дээр ББТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч…....... хэлэхдээ “…...... төлөөлөх эрхгүй учир дэд захирал орлосон. Дэд захирал тамга тэмдэг бүх зүйлийг бие даан хэрэгжүүлж байсан” гэсэн. Бизнесийн аливаа хэлцэл итгэлцэл дээр хийгддэг, гэтэл хариуцагч компанийн гэрчилгээнд бичигдсэн асуудалаас болж энэ маргаан нэг жил болж байна. Тухайн үед би энэ компаний захирал гээд гэрээ барьж ирээд гарын үсэг зураад худалдан авсан хөрөнгөө аваад явж байхад бидний зүгээс тухайн иргэнийг энэ компаний захирал мөн бишийг шалгах боломжгүй. Өөрийгөө ББТ компаний захирал гэж танилцуулаад гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Бидний зүгээс төлөөлөх эрхтэй эсэхийг захирал нь мөн эсэхийг шалгаж тогтоох ямар ч боломжгүй. Тэгээд ч…...С..... нь өөрөө Б гэдэг итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлж байсан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний 2.1 дэх хэсэгт механизмыг уул уурхай дээр хүлээн авч техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй тогтмол ажиллагааг хир хангаж байгааг тодруулсны дараа зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэж үзвэл гэрээнд гарын үсэг зурж төлбөрийн нөхцөлийг баталгаажуулна гэж байгаа. Хавтаст хэргийн 9-р хуудсанд он цагийн хувьд арай өмнө байгуулсан акт байдаг. Гэрээнд заасан уурхай дээр хүлээж аваад тогтмол ажиллагаа хир хангаж байгаа эсэхийг тодруулсан зүйл байхгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. Гэрээнээс татгалзаж байсан баримтаа гаргаж өгсөн. Гэрээ байгуулагдсан огноо нь 2017 оны 7 дугаар сарын 5-нд байгаа. Хавтаст хэргийн 44 дүгээр хуудсанд авагдсан ББТ ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний ард 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс хойш тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал нь М овогтой Ч гэж байгаа. Энэ гэрээг байгуулсан этгээд нь төлөөлөх эрхгүй этгээд байгаа тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ДГ” ХХК нь “ББТ” ХХК-д холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45.000.000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1-2/.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2017-07-05-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, 2004 онд үйлдвэрлэгдсэн, РҮ-160С загварын, …......арлын дугаартай,…......... УН бүртгэлийн дугаартай, Автогрейдер механизмыг 45.000.000 төгрөгөөр худалдан авч, талууд акт үйлдэж механизмыг 2017-07-03-ны өдөр хүлээн авсан. Талууд механизмыг хүлээн авсны дараа худалдагч талын нэхэмжлэлийг үндэслэн нийт үнийн дүнгийн 50 хувийг, анхны төлбөр төлсөн өдрөөс хойш нэг сарын дотор дараагийн төлбөрийг төлөхөөр тохирсон. Хариуцагч тал уг техникийг 2017-07-03-ны өдөр хүлээн авч акт үйлдэж, гэрээг 7 сарын 05-ны өдөр бичгээр байгуулсан. Энэ механизмыг авч явсан цагаас хойш доголдолын талаар манай компанид мэдэгдсэн зүйл байхгүй. Хүлээлгэн өгсөн акт, гэрээний эх хувийг хариуцагч тал гаргасан бөгөөд би гарын үсэг зурсан. Механизмыг уурхай дээр хүлээн авна гэж гэрээнд заасан боловч гэрээг 7-р сарын 05-ны өдөр хийж, механизмыг 7-р сарын 3-ны өдөр хүлээн авч акт үйлдсэн байгаа. Хариуцагч компаний гүйцэтгэх удирдлагатай холбоотой маргаанаас болж энэ хэрэг маргаан шийдэгдэхгүй нэг жил болж байна... гэж тайлбарласан.

 

Хариуцагч тал татгалзлаа ...гэрээний 2.1-д механизмыг уул уурхай дээр хүлээн авч техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй тогтмол ажиллагааг хир хангаж байгааг тодруулсны дараа зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэж үзвэл гэрээнд гарын үсэг зурж төлбөрийн нөхцөлийг баталгаажуулахаар тохирсон, хэргийн 9-р хуудсанд байгаа баримт он цагийн хувьд арай өмнө байгуулсан акт байдаг. Гэрээнээс татгалзаж байсан баримтаа гаргаж өгсөн. ББТ ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээнд 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс хойш тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал нь М.Ч гэж байгаа. Энэ гэрээг байгуулсан этгээд нь төлөөлөх эрхгүй этгээд байгаа тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргасан.

 

Нэхэмжлэгч “ДГ” ХХК-ийн захирал Б.Г байх /хх-4/ бөгөөд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгчГ.Цтай байгуулсан /хх-26/, хариуцагч “ББТ” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлж оролцох эрхийг П.Э 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн итгэмжлэлээр хоёр жилийн хугацаатай /хх-103/ олгосон байх бөгөөд өмгөөлөгч Б.С-тэй 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан байна /хх-104-105/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” тул нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Тиймээс нэхэмжлэгч 2017-07-05-ны өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний дагуу худалдсан механизмын үнийг шаардсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” болно.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчдийн хооронд 2017-07-05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, 2004 онд үйлдвэрлэгдсэн, РҮ-160С загварын, ….... арлын дугаартай, ….. УН бүртгэлийн дугаартай, Автогрейдер механизмыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч тал худалдагч талд хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхөөр харилцан тохиролцож /хх-5-8/ гэрээний зүйл болох Автогрейдер механизмыг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгч акт үйлдсэн байна /хх-9/.

 

Зохигч талууд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр техникийг худалдан авагчийн талд хүлээлгэн өгч акт үйлдсэн талаараа маргаагүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гэрээний зүйл болох Автогрейдер механизмыг нэхэмжлэгч “ДГ” ХХК нь хариуцагч “ББТ” ХХК-ний өмчлөлд шилжүүлсэн, уг төхөөрөмжийг хариуцагч тал хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн гэрээ болон хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэв.

 

Дээрх худалдах, худалдан авах гэрээний үнийг талууд 45.000.000 төгрөг гэж тохиролцсон байх бөгөөд гэрээний 2.4-т “механизмыг талууд акт үйлдэн хүлээн авсны дараа худалдагч талын нэхэмжлэлийг үндэслэн нийт дүнгийн 50 хувийг, дараагийн төлбөрийг анхны төлбөр төлсөн өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулна. Энэ хоёр сарын хугацаанд механизм нь зориулалтын дагуу сайн ажиллаж, гол эд ангиуд нь чанарын шаардлага хангах үүрэгтэй” гэж, 2.5, 5.2.1-д “төлбөрийг 100 хувь төлж барагдуулсны дараа өмчийн эрхийг шилжүүлж авах”-аар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжихээр байна.

 

Гэрээний зүйл болох РҮ-160С загварын, …......... арлын дугаартай,…...... УН бүртгэлийн дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, Автогрейдер механизм нь нэхэмжлэгч ДГ ХХК-ний өмчлөлд бүртгэлтэй болох нь нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан …......... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна /хх-117/.

 

Худалдах худалдан авах гэрээнд хуулиар хэлбэрийн шаардлага тусгайлан заагаагүй боловч хэлцлийн хэлбэрт тавигдах бүх шаардлагууд ижил үйлчлэх бөгөөд зохигчдын хооронд 45.000.000 төгрөгөөр Автогрейдер механизмыг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахаас өмнө буюу 2017-07-03-ны өдөр тухайн төхөөрөмжийг худалдан авагчийн талд шилжүүлж өгсний дараа худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримтыг хариуцагч тал үгүйсгэж маргаагүй тул хариуцагч талын өмгөөлөгчийн “...механизмыг уул уурхай дээр хүлээн авч техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй тогтмол ажиллагааг хир хангаж байгааг тодруулсны дараа зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэж үзвэл гэрээнд гарын үсэг зурж төлбөрийн нөхцөлийг баталгаажуулахаар гэрээгээр тохирсон боловч ингэж уурхай дээр хүлээж аваагүй, тогтмол ажиллагаа хир хангаж байгаа эсэхийг тодруулаагүй, механизмыг нэг ч удаа ашиглаагүй, доголдол илэрсэн учраас гэрээнээс татгалзах санал гаргаж албан бичиг хүргүүлж байсан...” гэх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

 

Учир нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан тул хариуцагч ББТ ХХК нь худалдах худалдан авах гэрээний зүйл болох Автогрейдер механизмыг хүлээн авч акт үйлдсэн үйлдэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болсон байна.

 

Гэрээний зүйл доголдолтой байсан тохиолдолд худалдагчийн хувьд худалдан авагчийн өмнө гэрээний үндсэн үүрэг бус харин уг доголдолтой холбоотойгоор эд зүйлийг солих, засварлах, эсхүл үүнтэй холбоотой зардал төлөх зэрэг нэмэлт үүрэг үүсэх бөгөөд үүнийг тогтооход гэрээний дагуу хүлээх худалдагчийн үндсэн үүргийг тодорхойлох шаардлагатай болно. Худалдах, худалдан авах 2017-07-05-ны гэрээний 5.2.3-т “механизмын доголдлыг арилгах талаар худалдагч тогтоосон хугацаанд ямар нэг арга хэмжээ аваагүй бол худалдан авагч энэхүү гэрээг цуцлах эрхтэй” гэж, 6.1-д “...нийлүүлж байгаа механизмдаа нийлүүлэгч нь чанарын доголдлын хүрээнд 6 сарын баталгаа өгч байгаа бөгөөд баталгаат хугацаа нь механизмыг актаар хүлээлгэн өгсөн өдрөөс эхэлж тоологдоно” гэж талууд тохирсон байна /хх-7-8/.

 

Гэрээний талууд худалдсан хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах хугацааг гэрээгээр тохиролсон байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар худалдан авагч шаардлага гаргах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл худалдагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Автогрейдер механизмыг хариуцагчийн буюу худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн байх боловч худалдан авагч тал төлбөрийг төлөөгүй, зохигчид 2017-07-05-ны өдөр байгуулсан гэрээгээр баталгаат хугацааг 6 сар гэж, уг хугацааг механизмыг актаар хүлээн авснаас хойш тоолохоор тохирсон байхад худалдан авагч гэрээгээр тохиролцсон хугацааны дотор доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй юм.

 

Хариуцагч талын Сонгинохайрхан дүүргийн шүүхэд худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, хохиролд 3.500.000 төгрөг гаргуулах шаардлага, нэхэмжлэл гаргаж байсан гэх тайлбар нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018-01-03-ны өдрийн 184/ШЗ2017/00 дугаартай хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан /хх-112-114/ захирамжаар тогтоогдож байх боловч компаний 2017-09-06-ны өдрийн 17/152 дугаартай албан бичгээр /хх-116/ “ДГ” ХХК-нд гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Харин худалдагч “ДГ” ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг 2018-04-17-ны өдөр шүүхэд гаргасан байх бөгөөд хариуцагч ББТ ХХК-ний захирал Ч 2018-05-29-ний өдөр шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авсан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг шүүхэд гаргах үүргээ биелүүлээгүй, түүнд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулснаас хойш шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх хүртэлх 11 сар буюу 335 хоногийн хугацаанд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа нотлох баримтыг, үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлүүлэхээр сөрөг шаардлага гаргах зэрэг эрхээ хэрэгжүүлэх хангалттай боломж байсан байна.

 

Зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох үүрэгтэй тул хариуцагч тал худалдан авсан Автогрейдер механизмыг ашиглаагүй, ашиглах боломжгүй, доголдолтой болохыг, доголдлын талаар гэрээнд заасан хугацааны дотор худалдагч талд мэдэгдсэн гэх татгалзлын үндэслэл тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох, нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргах үүрэгтэй болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хариуцагч “ББТ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ч тул компанийг төлөөлөх эрхгүй этгээд буюу С худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагч “ББТ” ХХК-ний 6126286 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд Ч-ийг гүйцэтгэх захиралаар томилсон бүртгэл 2017-03-02-ны өдөр хийгдсэн /хх-17/, уг компаний хувьцаа эзэмшигч нь Ч, “ТМГ” ХХК болох нь компанийн дүрэм /хх-18-20/-ээр, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ч болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-78-82/ зэргээр тогтоогдож байх боловч 2017-04-19-ний өдрийн Т-17/38 тоот ББТ ХХК-ний ерөнхий захирал Ч-ний тушаалаар Ж.С-ыг тус компаний дэд захиралаар томилсон /хх-38/, ББТ ХХК-ний хувьцаа эзэмшигч М.Ч холбогдуулан гаргасан Ц.Б нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж 2019-02-12-ны өдрийн 181/ШШ2019/ дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /хх-42-43, 50, 51, 53-56, 61-63, 66-69, 73-79, 89-91/.

 

Хариуцагч талын татгалзлаа нотлохоор гаргасан 2017-09-06-ны өдрийн 17/152 дугаартай албан бичигт тухайн компаний гүйцэтгэх захирал Ж.С гэж гарын үсэг зурсан /хх-116/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018-07-16-ны өдрийн 18/90 дугаартай албан бичгээр хариуцагч компанийг шүүхэд төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б томилсон итгэмжлэлд дэд захирал Ж.С гэж гарын үсэг зурсан /хх-37/ байх бөгөөд хариуцагч тал маргааны зүйл болох худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шаардлага гаргаагүй бөгөөд тухайн гэрээнд дэд захиралаар томилогдсон Ж.С гарын үсэг зурсан байдлын талаар маргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч тал 2017-07-03-ны өдрийн техник хүлээн авах, хүлээлгэн өгөх актыг үгүйсгэж маргаагүй, бичгийн гэрээ байгуулагдахаас өмнө гэрээний зүйл болох Автогрейдер механизмыг худалдан авагч тал хүлээн авсан болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул гэрээний 2.1-д заасан нөхцөлөөр гэрээний үүрэг биелүүлэхээс хариуцагч тал татгалзах эрхгүй бөгөөд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол шаардлага гаргах эрхээ алдахаар байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлсэн, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”, 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж зааснаар шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч талын өмгөөлөгч хүсэлт шийдвэрлсэнтэй холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргасан бөгөөд татгалзлын үндэслээ хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа нь уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзэж байна гэж тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар шүүх хуралдаан даргалагч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, хуульд заасан татгалзан гаргах эрх, үндэслэлийг тайлбарлан татгалзал байгаа эсэхийг асуухад хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь татзалзах зүйлгүй гэж хариулсан. Хуульд заасан журам, дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагчаас шүүх хуралдаанд оролцогчдын эрх үүргийг тайлбарлан өгч, шинэ нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад асуудлын талаар хүсэлт байгаа эсэхийг тодруулахад нэхэмжлэгч тал хүсэлтгүй гэж, хариуцагч талын төлөөлөгчийн өмгөөлөгч нь сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай гэж Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, гэрээ цуцлах тухай албан бичиг зэргийг гаргаж, гэрч асуулгах, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчээс гаргуулах тухай хүсэлтийг гаргасан /хх-107-109, 115/.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай гэрч оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал ... энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй боловч хуулийн уг зохицуулалтад хамаарах үндэслэл үүсээгүй бөгөөд хэргийн оролцогчдоос татгалзан гарах үндэслэл байгаа эсэх талаар хуульд заасан журам дэгийн дагуу асуухад хариуцагч тал уг үндэслэл байхгүй гэж хариулсан. Ийнхүү шүүгчийг татгалзан гарах үндэслэл байхгүй гэж хариулснаас хойш шүүгчийг татгалзан гарах хүсэлт гаргах хүртлэх хугацаанд хүсэлт шийдвэрлэсэн хоёр шүүгчийн захирамж гарсан тул хариуцагч талын өмгөөлөгчийн “татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол” гэх үндэслэлд хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн ажиллагааг хамааруулжээ.

Иймд уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал гэх үндэслэл тухайн тохиролдолд хамааралтай гэж үзэхээр боловч шүүгчийн хууль ёсны үйл ажиллагааг “үндэслэл бүхий эргэлзээ”-г бий болгосон гэх боломжгүй бөгөөд шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй гэж үзэж, хүсэлтийг хүлээн аваагүй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 382.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 382.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2, 208 дугаар зүйлийн 208.1-д заасныг баримтлан хариуцагч “ББТ” ХХК-иас 2017-07-05-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45.000.000 /дөчин таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДГ” ХХК-нд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2018-04-17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ББТ ХХК-иас 382.950 /гурван зуун наян хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДГ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                       Д.ЯНЖИНДУЛАМ