Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1320

 

“Д Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00987 дугаар шийдвэртэй,”Д Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б Б Т” ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт               45 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цагаан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Талууд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Автогрейдер РҮ-160С загварын, 000210 арлын, 51-51 УН улсын бүртгэлийн дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн механизмыг              45 000 000 төгрөгийн үнээр худалдах, уг гэрээний 2.4-д зааснаар акт үйлдэж механизмыг хүлээж авснаар худалдагч талын нэхэмжлэхийг үндэслэн нийт үнийн дүнгийн 50 хувийг төлөх, үлдэгдэл төлбөрийг эхний төлбөр төлсөн өдрөөс хойш нэг сарын дотор төлж барагдуулах талаар тохиролцсон. Талууд 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр механизмыг албан ёсоор хүлээлцэж, энэ талаар акт үйлдсэн. Худалдах, худалдан авах гэрээнд төлбөрийг 45 хоногийн дотор бүрэн төлнө гэсэн итгэл төрүүлсэн учраас хүү, алданги тооцох талаар гэрээнд тусгаагүй.

Манай компани гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд автогрейдер механизмын үнийг төлөх талаар удаа дараа шаардахад гүйцэтгэх захирал нь хүлээн зөвшөөрч төлбөрийг төлнө гэдэг байсан боловч сүүлдээ утасаа ч авахгүй болсон. Хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 22 тоот албан бичгээр гэрээний үнийг шаардсан ч үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандсан. Манай өмгөөлөгч гэрээний 8.1-д зааснаар албан мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч талын хуульч хүлээн авахаас татгалзсан. Иймд 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн гэрээний үнэ 45 000 000 төгрөгийг шаардана. Дээрх механизмыг хариуцагч хүлээн авч явсан цагаас хойш доголдолтой байсан, доголдол бий болсон талаар манайд мэдэгдсэн зүйлгүй. Хүлээлгэн өгсөн акт, гэрээний эх хувийг хариуцагчаас авчирсан ба үүнд миний бие гарын гарын үсэг зурсан байгаа. Гэрээний зүйлийг уурхайд хүлээн авна гэсэн заалт нь механизмыг хүлээж авсны дараа хийгдсэн. Гүйцэтгэх захирал Ж.Соронзонболд биш гэх тайлбар нь үндэслэлгүй, өмнөх шүүх хуралдааны үед “Б Б Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Баттулга хэлэхдээ “М.Чингүүн төлөөлөх эрхгүй учир дэд захирал Ж.Соронзонболд түүнийг орлож тамга, тэмдэг бүх зүйлийг бие даан хэрэгжүүлж байсан” гэсэн.

Бизнесийн аливаа хэлцэл итгэлцэл дээр хийгддэг, гэтэл хариуцагч компанийн гэрчилгээнд хэн бичигдсэн асуудлаас болж энэ маргаан нэг жил болж байна. Тухайн үед хариуцагч компанийн захирал гээд гэрээ авч ирээд гарын үсэг зураад худалдан авсан хөрөнгөө аваад явж байхад бидний зүгээс тухайн иргэнийг компаний захирал мөн бишийг шалгах боломжгүй. Ж.Соронзонболд өөрийгөө “Б Б Т” ХХК-ийн захирал гэж танилцуулаад гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Бидний зүгээс төлөөлөх эрхтэй эсэхийг захирал нь мөн эсэхийг шалгаж тогтоох ямар ч боломжгүй. Тэгээд ч Ж.Соронзонболд нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад н.Баттулга гэдэг итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлж байсан гэжээ.

                                                                                                              

Хариуцагч тал тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-д механизмыг уул уурхай дээр хүлээн авч техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй тогтмол ажиллагааг хангаж байгааг тодруулсны дараа зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэж үзвэл гэрээнд гарын үсэг зурж төлбөрийн нөхцөлийг баталгаажуулна гэж тохиролцсон байгаа. Хавтаст хэргийн 9 дэх талд он цагийн хувьд гэрээнээс өмнө байгуулсан акт байдаг. Гэрээнд заасан уурхай дээр хүлээж аваад тогтмол ажиллагаа хэр хангаж байгаа эсэхийг тодруулсан зүйл байхгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч тал энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа.

Гэрээнээс татгалзаж байсан тухай баримтыг хэрэгт хавсаргасан. Гэрээ байгуулагдсан огноо нь 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр. Хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан “Б Б Т” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний ард 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс хойш тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал нь Мөнхсаруул овогтой Чингүүн гэж байгаа. Дээрх гэрээг байгуулсан этгээд нь төлөөлөх эрхгүй этгээд байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б Б Т” ХХК-иас 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч”Д Г” ХХК-д олгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б Б Т” ХХК-иас 382 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч”Д Г” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр тоног төхөөрөмжийг зохих журмын дагуу акт үйлдэн хүлээн авсны дараагаар төлбөрийг тодорхой графикийн дагуу төлөх, улмаар төлж дууссаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэх талаар зохицуулсан. Тиймээс гэрээний зүйл болох хөрөнгийн өмчлөх эрх нь худалдагчид байгаа болно. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж тодорхойлсон нь буруу бөгөөд харин гэрээ болон бодит үйл баримтыг авч үзвэл Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн юм.

Гэтэл худалдагч нь гэрээнд зааснаар тоног төхөөрөмжийг зохих журмаар буюу талуудын тохиролцсоноор тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдал зэргийг гэрээний хоёр талыг байлцуулж, шалган хүлээлцэж өгөөгүйгээс гадна Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.3 дах хэсэгт заасан худалдагч гэрээ болон дагалдах баримт бичгийн хувийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй гэж заасан үүргээ ч биелүүлээгүй. Тодруулбал, шилжүүлэн өгсөн тоног төхөөрөмж ямар хүчин чадал, үзүүлэлтэй, түүнд хэрэглэгдэх тос тосол нь ямар төрлийнх байдаг зэрэг холбогдох ямар ч мэдээлэл, дагалдах баримт бичгийг өгөхгүйгээр хашаанаасаа ачуулсан төдий үйлдлээ акт үйлдсэн гэж зүтгэж байгаа нь шударга бус байна.

Гэрээний зүйл болох Автогрейдэр нь доголдолтой эд хөрөнгө байсан бөгөөд тус техникийг нэг ч удаа ашиглаж ажил гүйцэтгэж байгаагүй. Учир нь дээрх техник чанарын хувьд доголдолтой, ажил гүйцэтгэх ямар ч боломжгүй байсан тул уг шалтгаанаар гэрээ цуцлах саналыг нэхэмжлэгчид цаг тухайд нь өгч байсан. Энэ тухай баримтыг мөн хэрэгт хавсаргасан, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 17/152 тоот албан бичгийг хүргүүлсэн бөгөөд үүний хариуд”Д Г” ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 22 тоот албан бичгийг ирүүлсэн байдаг. Уг албан бичигт зөвшилцөх тухай дурдсан ч худалдагчаас энэ талаар ямар ч арга хэмжээ аваагүй.

Иймээс 2017 оны 12 дугаар сард шүүхэд хандсан боловч одоо нэхэмжлэлдээ шүүхэд мэдүүлсэн хаяг болох Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад шүүхээс холбогдох ажиллагааг хийгээд хариуцагч”Д Г” ХХК нь хаягтаа оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй байна гээд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 184/Ш32017/00387 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Бодит нөхцөл ийм байхад шүүх хэт нэг талыг барьж, хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт болон тайлбарыг огт үнэлэлгүй, нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, бодит үйл баримтыг тогтоох ажиллагааг хангалттай хийж чадаагүй юм.

Мөн шүүх хуралдааны үед шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагыг няцаах, хариуцагчийн татгалзлыг нотлох зорилгоор талуудын хоорондын бодит үйл баримтыг тогтоолгохоор худалдагчийн хашаанаас ачсан үйлдэл нь гэрээний зүйлийг шалгаж авсан эсэх, ажиллагааг хэвийн эсэхийг шалгасан акт үйлдсэн зэрэг үйл явдлыг гэрчлэх гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан ч шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Энэ нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хөндөөд зогсохгүй шүүх хэргийн бодит үнэнийг тогтооход шууд нөлөөлсөн төдийгүй шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нөлөөлсөн болно.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дах хэсэгт энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч болон шүүх хуралдааны бусад оролцогчдыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болох ба шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй гэж заасны дагуу шүүгчээс татгалзах хүсэлтээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч илэрхийлсэн. Гэвч шүүгч уг татгалзлыг хүлээн авах эсэх асуудлыг өөрөө бие даан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5 дах хэсэгт заасан шүүгчийг татгалзан гаргах тухай асуудлыг үндэслэлтэй эсэхийг түүнийг байлцуулахгүйгээр шүүх бүрэлдэхүүний бусад шүүгчид шийдвэрлэнэ. Санал тэнцвэл шүүгчийг татгалзан гаргасанд тооцно гэснийг ноцтой зөрчсөн. Хариуцагчийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан хүсэлт огт гаргаагүй байхад шүүгч шийдвэртээ хэргийн аль оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэж байгаагаа үл анзаарсан нь хүсэлтийг шийдвэрлэхдээ хэрхэн хандсаныг харуулж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч”Д Г” ХХК нь хариуцагч “Б Б Т” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагчаас 45 000 000 төгрөгийг гаргуулах гэж тайлбарлаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ худалдагч тал нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг уурхай руу ачиж тээвэрлэсэн зардлыг хохиролд тооцож 3 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ шүүхэд гаргаж байсан, гэрээг компанийн төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэж тайлбарлан талууд харилцан мэтгэлцжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “эд хөрөнгийг хүлээлцсэн акт үйлдэх үед тухайн техник хэрэгсэл ашиглалтын шаардлага хангаж байсан эсэхийг гэрчлэх, хэрэг хянан шийдвэрлэхэд онц ач холбогдол бүхий үйл баримтыг мэдэж буй Ч.Намуунбайгаль, Б.Ган-Уянга нарыг гэрчээр асуулгах тухай” хүсэлт, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу”Д Г” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хохирол болох 3 500 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан байна. /хх107-115/

 

Анхан шатны шүүх хариуцагчийн гаргаж буй сөрөг нэхэмжлэл нь хоёр шаардлага байх тул гэрээнээс татгалзах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлөөгүй гэх үндэслэл зааж, уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасантай нийцэхгүй гэх агуулгыг тайлбарлажээ. Гэтэл хариуцагч гэрээнээс татгалзаж байгаа нь хохирол нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаарлагын үндэслэл тул хохирол шаардсан хэмжээгээр тооцож улсын тэмдэгтийн хураамжид 70 950 төгрөг төлсөн гэж тайлбарлажээ.

 

Шүүх дээрх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, үүнтэй холбогдуулан гэрч асуулгах хүсэлтийг нь хангаагүйг давж заалдах шатны шүүхээс буруу гэж үзлээ. Нэхэмжлэгч”Д Г” ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч уг шаардлагад тооцогдох буюу худалдагч тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хохирол болох 3 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ тухайн гэрээнээс татгалзсантай холбоотой гэж тайлбарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар гаргасныг нь шүүх хүлээн авахаас татгалзсан байна. Улмаар гэрч нарыг асуулгах хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан талуудын мэтгэлцэх зарчим болон хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг зохицуулсан мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэхтэй холбоотой 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ. Зүй нь гэрч асуулгах нь зөвхөн сөрөг нэхэмжлэлд хамаарах бус харин тухайн маргаанд холбоотой зүйлийн талаар болон хэргийн үйл баримт, бодит байдлыг тодруулан хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохыг шүүх анхаараагүй.    

 

Түүнчлэн, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгч сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй, гэрч асуулгах хүсэлтийг хангаагүй нь хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна гээд шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргажээ. Шүүгчийн хувьд тухайн татгалзлын талаар дүгнэж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх дарааллын дагуу гаргаагүй, уг татгалзал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасанд хамаарах боловч энэ нь шүүгч хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой гэж хуралдааны явцад тайлбарлан, шүүхийн шийдвэрт ч мөн адил агуулгаар дурджээ. Хэргийн оролцогч шүүгчийг татгалзах эрхтэй бөгөөд хуульд заасан татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлэх журмыг хуулиар тусгайлан зохицуулсан байдаг. Дээрх тохиолдолд шүүгч тухайн татгалзлын талаар өөрөө тайлбарлан дүгнэлт хийж байгааг хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэх нь учир дутагдалтай байна.    

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00987 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Б Б Т” ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

     ШҮҮГЧИД                            Д.ЦОГТСАЙХАН

 

   Т.ТУЯА