Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2021/01253

 

  

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03130 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 397 дугаар магадлалтай, 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК, *******, *******, *******нарт холбогдох  

Баталгааны гэрээний үүрэгт 483,294,534.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагч *******, М.Сэвжидмаа, Э.Номундарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* ХХК ******* ХХК-тай 2012.04.13-ны өдөр 200,000 ам.долларын үнийн дүнтэй 1 жилийн хугацаатай ББ0399120008 тоот эх үүсвэргүй банкны баталгааг тус компанийн нэрийн өмнөөс Олон улсын агаарын тээврийн нийгэмлэг /IATA цаашид ОУАТН/-т гаргаж өгсөн. Уг баталгааг дахин 1 жилээр сунгах хүсэлтийг ******* ХХК-иас 2013.04.17-ны өдрийн 04/06, 2013.04.22-ны өдрийн 04/17 тоот албан бичгээр *******инд ирүүлсэн. *******наас зохих судалгааг хийж 2013.05.03-ны өдрийн зээлийн хорооны шийдвэрээр ББ0399120008 тоот эх үүсвэргүй баталгааг 2013.05.03-ны өдрөөс дахин 1 жилийн хугацаагаар сунгасан тухай ВВ0399120008-1 тоот нэмэлт өөрчлөлтийг ОУАТН болон ******* ХХК-д гаргаж өгсөн. ОУАТН-ээс *******инд ******* ХХК-ийн тус нийгэмлэгт төлбөл зохих 292,460,000 төгрөгийг тус компанийн нэрийн өмнөөс төлөх үүргээ биелүүлэхийг шаардсан төлбөрийн нэхэмжлэх ирүүлсний дагуу *******ны зүгээс 2014.06.27-ны өдөр ОУАТН-ын *******ны 200500560 тоот дансанд 292,460,000 төгрөг шилжүүлсэн. ******* ХХК-ийн данснаас 5,851,834.58 төгрөг авч, үлдэх 286,608,156.42 төгрөгийг Голомж банкны зүгээс төлсөн. Төлбөр төлөгдсөн талаар ******* ХХК-д мэдэгдэж байсан боловч тус компани нь төлбөрийг банкинд төлөөгүй. *******ны зүгээс 2014.12.04-ний өдөр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байгаагүй тул эрэн сурвалжлуулсан. Баталгааны болон нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 3.1-д банк нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс хүлээсэн үүргээ биелүүлж баталгааны төлбөрийг төлсөн тохиолдолд баталгаа гаргуулагч нь ийнхүү төлсөн тухай мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногийн дотор уг төлбөрийг банкинд төлөх үүрэгтэй гэж, мөн гэрээний 4.1-д баталгаа гаргуулагч нь энэхүү үүргээ заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэгтэй гэж заасан. *******, ******* ХХК-ийн нэрийн өмнөөс гаргасан баталгааны хүрээнд тус компанийн холбогдох этгээдүүд болох *******, *******, *******нартай БГ/0399120008, БГ/0399120008-Б, БГ/0399120008-В тоот ипотекийн гэрээнүүдийг байгуулж, эд хөрөгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. ******* эдгээр барьцаалуулагч нарт холбогдуулан 2016.04.26-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Э.Номундарийн хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2017.12.13-ны өдөр сэргээсэн боловч түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэрээний дагуу ******* ХХК нь 2018.07.30-ны өдрийн байдлаар *******инд баталгааны төлбөр 286,608,165.42 төгрөг, баталгааны гэрээний 1.4-т заасны дагуу улирал бүр төлөх ёстой шимтгэлийн төлбөр, хүү 53,382,286.71 төгрөг, 2014.06.27-ны өдрөөс хойш 4 жил 50 хоногийн алдангид 1,285,437,621.91 төгрөг, алдангийг Иргэний хуульд нийцүүлэн багасгаж 143,304,082.71 төгрөг, нийт 438,294,534.84 төгрөгийн төлбөр үүсээд байна. Иймд ипотекийн гэрээний 4.1, 4.1.2-т заасны дагуу шимтгэл, хүү, алдангид нийт 483,294,534.84 төгрөгийг *******, М.Сэвжидмаа, ******* нарын барьцаалсан эд хөрөнгөнөөс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах гэсэн боловч олдохгүй байсан, шүүх хуралдааны явцад ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар өнөөдрийг хүртэл ******* бүртгэлтэй байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс тус компанийг хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2019/13332 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн зүгээс зохигчдын хооронд байгуулсан 2012.04.13-ны өдөр ББ0399120008 тоот эх үүсвэргүй банкны баталгааны гэрээний үүрэгт баталгааны төлбөр 286,608,165.42 төгрөг, баталгааны гэрээний 1.4-т заасны дагуу улирал бүр төлөх ёстой шимтгэлийн төлбөр, хүү 53,382,286.71 төгрөг, 2014.06.27-ны өдрөөс хойшхи алдангид 143,304,082.71 төгрөг, нийт 438,294,534.84 төгрөг ******* ХХК-иас гаргуулах, хариуцагч шийдвэрийг сайн дураараа гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Чулуунбат би тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2014.03.27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор чөлөөлөгдөж, н.Эрдэнэхишигийг гүйцэтгэх захирлаар томилсон. Иймд Д.Чулуунбат нь тус компанийн өмнөөс тайлбар өгөх боломжгүй гэжээ. 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа *******инд хандаж барьцааг чөлөөлүүлэх хүсэлтээ өгсөн. ******* ХХК үйл ажиллагаа явуулахгүй байгаа болохоос татан буугдаагүй. Хэргийн жинхэнэ хариуцагчийг ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх албан тушаалтнууд гэж үзэж байна. Төлбөрийг ******* ХХК хариуцах ёстой гэжээ.  

Хариуцагч М.Сэвжидмаа шүүхэд гаргасан тайлбартаа: ... ******* ХХК нь *******, *******нарын Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119А 46 тоот орон сууцыг барьцаанд тавиулсан. Тухайн үед түр хугацаагаар барьцаанд тавина гэж хэлсэн. *******ны үйл ажиллагаанд 7 хоногийн 1 дэх өдөр болгон Олон улсын агаарын тээвэрлэгчдийн нийгэмлэгээс таталт хийдэг, таталт нь дутсан тохиолдолд ******* ХХК-ийн үйл ажиллагааг бүрэн зогсоодог. *******ыг ажлаа өгөхөд ******* ХХК ямар ч өргүй байсан. *******ыг 2014 оны 03 дугаар сард ажлаас чөлөөлөгдөхөд *******ны н.Бадрах захиралтай нь өөрийн биеэр уулзахад н.Бат-Эрдэнийн байрыг суллаж авахын тулд манай байрыг барьцаанд тавьсан гэдгийг мэдсэн. Бид өөрсдийн байрыг барьцаанаас суллуулах талаар ******* ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. Шүүх хуралдаанд н.Эрдэнэхишиг гэдэг хүнийг оролцуулах зайлшгүй шаардлагатай байсан. Барьцаа хөрөнгийг суллаж өгөх талаар *******инд 2014.03.23-ны өдрөөс хойш удаа дараа хүсэлт гаргаж байсан. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх албан тушаалтан хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. ******* ХХК МИАТ ХК-ийн дансыг хаасан бол 200,000 ам.доллар байх байсан, 04 дүгээр сар хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй. ******* ХХК нь *******инд үүссэн өр төлбөрийг гэрээнд зааснаар төлөх үүрэгтэй. ******* ХХК нь бид нартай барьцааны гэрээ байгуулаагүй. Хавтаст хэрэгт ******* ХХК-иас өгсөн таныг өр авлагагүй, үүнтэй холбоотой эрсдэл үүсгэхгүй гэсэн бичиг байгаа. ******* ХХК нь *******ад *******тай IATA-ын нэрийн өмнөөс гэрээ хийх үүргийг өгсөн. Анхны гэрээ хүчин төгөлдөр бус. Учир нь 2012.04.13-ны өдөр 200,000.00 ам.долларын үнийн дүн бүхий нэг жилийн хугацаатай ББ0399120008 тоот гэрээг н.Бат-Эрдэнэ гэдэг хүний үл хөдлөх хөрөнгийн барьцааг ямар ч итгэмжлэлгүйгээр ******* гарын үсэг зурж байгуулсан байдаг. Дараагийн гэрээнд бидний хөрөнгийг барьцаалсан. Эхний гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах ёсгүй. *******инд өр их хэмжээгээр үүсэх боломжгүй. 7 хоног бүрийн Даваа гаригт Олон улсын агаарын тээвэрлэгчдийн нийгэмлэг нь төлбөрөө татагддаг. Тухайн өдөр төлбөрийг төлөхгүй бол шууд билет бичих эрхийг нь хаадаг. ******* ХХК *******ыг гүйцэтгэх захирал хийж байх хугацаандаа компанид их хэмжээгээр хохирол учруулсан гэж 2-3 жил эрүүгийн журмаар шалгагдсан. Гэм буруугүй байсан учраас хэрэг хэрэгсэхгүй болсон. IATA өөрөө *******ийг сонгож гэрээ хийсэн. ******* ХХК нь 2012-2014 онд 2 удаа эрхээ хасуулсан. Өр төлбөрийг ******* ХХК хариуцах болохоос бид хариуцах ёсгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Э.Номундарь шүүхэд гаргасан тайлбартаа: Уг маргаан нь ******* ХХК, ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу үүрэг шаардсан маргаан. Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийг хариуцагчаас татахаас татгалзаж, барьцааны гэрээнд оролцсон гурван этгээдийг хариуцагчаар татсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох ёстой. Шаардлагыг тодорхойлохдоо гурван хариуцагчийн хэнээс нь хэдэн төгрөг, ямар байдлаар шаардаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 заасан үндэслэл байна. Мөн *******, *******нар нь анхнаасаа л хариуцагчаар ******* ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж оруулья гэж ярьдаг. Гэтэл ******* ХХК-ийг хариуцагчаар татахаас татгалзаж байгаа бол банкны баталгаат гэрээнээс татгалзаж байна. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж байна. Олон улсын агаарын тээвэрлэгчдийн нийгэмлэг буюу IATA нь нэхэмжлэхээ ******* ХХК-нд ирүүлж, нэхэмжлэх ирсэн талаар ******* ХХК-д мэдэгдэх ёстой. Иргэн ******* нь хуулийн этгээдээр эд хөрөнгөө барьцаанд тавиагүй. Бид нарын хооронд баталгааны гэрээ үүсээгүй. Баталгааны үүргийг хангуулахын тулд барьцааны гэрээ байгуулсан. Шүүгч захирамжаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар шийдсэн тохиолдол байхгүй, харин 117 дугаар зүйлээр шийдсэн захирамжтай байна. Ипотекийн гэрээнд байгаагаар хариуцагч нарын эд хөрөнгө тодорхой хэмжээгээр үнэлэгдсэн. Хэрвээ 483,294,534 төгрөгт хүрэхгүй асуудал гарвал шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. ******* ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ******* ХХК-ийн *******тай байгуулсан 2012.04.09-ний өдрийн баталгааны гэрээ, 2013.05.06-ны өдрийн баталгааны гэрээтэй холбоотой үр дагавар, гэрээний үүргийг шаардаж байгаа. Э.Номундарийн хувьд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан баталгааны гэрээтэй холбоотой гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс 2 ипотекийн гэрээг байгуулсан. *******ын хувьд ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш гэж үзэж байна. ******* нь гэрээтэй холбоотой тайлбар гаргаагүй. Банкны баталгааны хугацаагаар тоологдох уу, гэрээний хугацаагаар тоологдох уу гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний хугацаагаар тоологдоно гэсэн. Гэрээний хугацаагаар тоологдоно гэж үзэхэд 2013.05.06-ны өдрийн баталгааны хугацаа 2014.04.09-ний өдөр дуусч байгаа. Гэтэл IATA-аас 2014.06.27-ны өдөр нэхэмжлэх ирсэн байдаг. Нэхэмжлэлтэй холбоотойгоор үүрэг гүйцэтгэгчид тавих шаардлагыг нэхэмжлэгч тал мэдэгдэл өгөөгүй байна. Мэдэгдэлгүйгээр үүрэг гүйцэтгэгч IATA-д төлбөрийг шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.9-т зааснаар эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй. Тиймээс Э.Номундарийн эрх ашгийг хөндөж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03130 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан ******* ХХК-иас баталгааны үндсэн төлбөрт 286,608,165.42 төгрөг, хүү, шимтгэлд 53,382,286.71 төгрөг, алдангид 143,304,082.71 төгрөг, нийт 438,294,534.84 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, талуудын хооронд байгуулсан 2012.04.09-ний өдөр БГ/0399120008 тоот ипотекийн гэрээний зүйл болох Э.Номундарийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байрны 46 тоот 54.04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн 2013.05.06-ны өдөр БГ/0399120008-В тоот Ипотекийн гэрээний зүйл болох Э.Номундарийн өмчлөлийн Сүхбаатар дүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 12В дүгээр байрны 8 тоот, 119.32 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн 8 тоот 18 м.кв талбай бүхий авто зогсоол, 2013.05.06-ны өдрийн БГ/0399120008-Б тоот гэрээний зүйл болох *******, *******нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 49 дүгээр байрны 116 тоот 26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 2,574,422.67 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 2,574,422.67 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 397 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар *******, *******нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...магадлалын хянавал хэсэгт Гэрээ байгуулах үед хариуцагч компанийг ******* итгэмжлэлгүйгээр төлөөлдөг байсан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогддог боловч төлөөлөл нь дуусгавар болсон эсэхэд хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байна. Шүүх хариуцагч *******" ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд хэн болох нь тодорхойгүй. ******* тус компанийг төлөөлөх эрх нь дуусгавар болсон эсэх нь эргэлзээтэй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. ******* компанийг төлөөлөх бүрэн эрх хувьцаа эзэмшигчдийн 2014.03.27-ны өдрийн шийдвэрээр дуусгавар болж н.Эрдэнэхишиг гүйцэтгэх захирлаар томилогдсон гэж тайлбарлан компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг ирүүлсэн байна. Шүүх уг баримтыг эх хувиар нь эсхүл нотариатаар батлуулж ирүүлээгүй гэж нотлох баримтаас хасч шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Нотлох баримт нь хуулиар тавигдах шаардлага хангаагүй нөхцөлд уг шаардлагыг хангуулахаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах ...боломжуудыг шүүх анхаарч үзээгүй байна. Уг баримт нь хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой гэж үзэхээр байна. ...дан ганц улсын бүртгэлийн лавлагааг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтад тал бүрээс нь дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх журамтай нийцсэнгүй. Зүй нь шүүх нотлох баримтыг хуулийн шаардлага хангуулан авч, тухайн баримтад тусгагдсан агуулгыг тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ. гэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-6.4 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ. Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ. Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ. Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно. гэж заасан. Ингэснээр шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд тэгш эрхтэйгээр оролцож, нотлох баримт, тайлбар гаргах замаар мэтгэлцэх зарчмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах үндсэн зарчмыг хууль тогтоогчоос тогтоосон байна. Улмаар энэхүү мэтгэлцэх зарчим нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй., 38.4-т "Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно. зэрэг зохицуулалтаар мөн илэрч байна. Үүгээрээ эрүү, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүх нотлох зарчим буюу шалган тогтоох, мөрдөн шалгах зарчмаас иргэний хэрэг нь ялгаатай байдаг.

Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо баримтаар тогтоогддог боловч дүгнэлт хийх боломжгүй, төлөөлөл дуусгавар болсон эсэх нь эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй ч хассан нь буруу, дан ганц улсын бүртгэлийн лавлагааг үндэслэж шийдвэрлэсэн нь буруу, шүүх хурлыг хойшлуулах замаар нотлох баримтыг хуулийн шаардлага хангуулан авч болох байсан... гэх мэтээр хэргийн оролцогчдын хэт нэг талыг баримтлан анхан шатны шүүхэд чиглэл өгөх, шаардлага хангахгүй нотлох баримтыг заавал гаргуулан авах нөхцөл байдал үүсгэх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Энэхүү нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг хариуцагч өөрөө гарган өгсөн боловч он, сар тодорхойгүй, хуулбар хувь байсан тул анхан шатны шүүхээс нотлох баримтаас хассан. Хариуцагчийн зүгээс уг баримт үнэхээр байдаг бөгөөд өөрөө эх хувь, нотариатаар батлуулсан хувийг өгөх боломжгүй бол шүүхэд хандан бусад этгээдээс нотлох баримтаар гаргуулах, шалгуулах, шаардлагатай бол албадан гаргуулах зэрэг хүсэлт гаргах бүрэн боломжтой байсан. Гэтэл хариуцагчийн эдлээгүй эрхийг давж заалдах шатны шүүх хүчээр эдлүүлэхээр иргэний хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлйн 44.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ, 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно. гэсэн байна. Хариуцагчаас өгсөн ажлаас чөлөөлөгдсөн гэх хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр нь нотлох баримтын шаардлага хангаагүйн зэрэгцээ анхан шатны шүүх нэгэнт улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авсан тул эргэлзээ үүсгэхгүй байх үүднээс шаардлага хангахгүй нотлох баримтыг хасч зөрчилтэй байдлыг арилгасан нь үндэслэлтэй юм. Хариуцагчийн зүгээс ч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж энэхүү төлөөлөх эрхтэй холбоотой гэх нотлох баримтыг шаардлага хангуулан хэрэгт авхуулах эрхээ хэрэгжүүлээгүй. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад шүүх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас хариуцагчийн төлөөлөх эрхтэй эсэх буюу маргаж байгаа асуудлаар лавлагаа, мэдээлэл авсан. Энэхүү лавлагааны дагуу хариуцагч ******* ХХК-ийг гүйцэтгэх захирал ******* өнөөдрийг хүртэл төлөөлж байгаа гэсэн нотлох баримт ирсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д улсын бүртгэлийн үйл ажиллагаанд үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг баримтлахаар заасан. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн бүртгэлийг улсын бүртгэлийн төрөлд хамааруулсан. Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулж тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т хуулийн этгээдийн улсын бүртгэл гэж хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг;, 3.1.7-д эх нотлох баримт бичиг гэж улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах хууль тогтоомжид заасан нотлох баримт болон улсын бүртгэл хөтөлсөн цаасан маягтыг; хэлнэ гэсэн байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна: гээд 10.1.10-т хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар, гадаадын иргэн бол паспортын хуулбар, 10.2-т Хуулийн этгээдийн хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд баримт бичгийн эх хувь болон өмнө нь орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг хэвээр хадгална., 10.3-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 10.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэр, бусад баримт бичгийг тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ. гэсэн байна. Ингэснээр тухай хуулийн этгээдийн хувьд эрх бүхий төлөөлөх этгээд нь хэн байх нь үнэн зөв мэдээлэл бүхий, нотлох баримтад үндэслэсэн албан ёсны улсын бүртгэлээр тогтоогдох хуулийн үндэслэлтэй байна.

Гэтэл хариуцагчийн ямар учиртай нь үл мэдэгдэх хуулбар баримтад давж заалдах шатны шүүх ач холбогдол өгч хэргийг анхан шатанд буцаасан байна. Энэхүү баримт нь магадгүй эх хувиар байлаа гэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй бөгөөд гүйцэтгэх удирдлагыг сольсон шийдвэр нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт албан ёсоор бүртгэгдэж, хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгээ хийгдсэнээр сая нотлох баримтын ач холбогдолтой болно. Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* өөрийгөө гүйцэтгэх захирал биш гэж байгаа тайлбар нь хариуцагчийн хувьд банкны баталгааны төлбөрөө төлөхгүй гэсэн шалтаг бөгөөд харин байгууллагаа шүүхэд төлөөлж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй орхисон нь гүйцэтгэх захирлын хувиар ажилдаа хариуцлагагүй, хайнга хандсан үр дагавраас өөр зүйл үүсгэхгүй. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага угаас тодорхой байхад хэн төлөөлөхийг тогтоолгох маргаан үүсгээгүй, түүнчлэн хувьцаа эзэмшигчдийг хуулийн этгээдийг төлөөлүүлэн маргаанд оролцуулах боломжгүй тул тэдгээрт холбогдуулан нэхэмжлэл гаргах хуулийн үндэслэлгүй юм. ******* ХХК-ийн *******аар гаргуулсан Банкны баталгааны төлбөр Олон улсын агаарын тээврийн нийгэмлэг рүү 2014.06.27-ны өдөр төлөгдсөнөөс хойш даруй 5 жил 8 сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд хариуцагч нар нь хоорондоо маргаан үүсгэх, эрэн сурвалжлагдах, гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргах, эрүүгийн гомдол гаргаж иргэний хэргийг түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгуулах зэргээр хугацаа хожсоор ирсэн. Банкны баталгааны шимтгэлийн жилийн хүү хамгийн бага буюу 4 хувь, алдангийн хэмжээ 50 хувьдаа хүрсэн тул хариуцагч нар хугацаа алдуулах оролдлого байнга гаргаж шүүхийн ажиллагааг удаашруулсан. Банк нь санхүүгийн зуучлалын байгууллага болохын хувьд нөгөө талдаа эх үүсвэр татан төвлөрүүлэх зардал буюу хадгаламжийн хүүгийн зардалд жилийн 15 хувиас багагүй зардал гаргаж олон жил хохирол хүлээж байгааг харгалзан үзэхийг хүсье. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ: 

******* ХХК нь ******* ХХК, *******, *******, *******нарт холбогдуулан баталгааны гэрээний үүрэгт 483,294,534.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. ******* ХХК, ******* ХХК-иудын хооронд 2012.04.09-ний өдөр банкны баталгааны гэрээ, мөн өдөр ******* ХХК нь *******, 2013.05.06-ны өдөр *******, *******нартай банкны баталгааны ипотекийн гэрээг үндэслэж гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэл гаргасан ба давж заалдах шатны шүүхийн ...******* ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд хэн болох нь тодорхойгүй, ******* тус компанийг төлөөлөх эрх нь дуусгавар болсон эсэх нь эргэлзээтэй... гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.  

Учир нь хариуцагч нар ...2014.03.27-ны өдрөөс хойш компанийг ******* төлөөлөх эрхгүй... гэсэн тайлбар, гүйцэтгэх захирлаар н.Эрдэнэхишигийг томилсон ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2014.03.27-ны өдрийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаснаас үзвэл тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд тодорхой бус, энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.  

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос өөрийн шаардлага, татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар нь үнэлж хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал суурь болдог.  

Анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШЗ32019/14520 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Чулуунбатаас гаргасан ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2014.03.27-ны өдрийн шийдвэр гэх 1 хуудас баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж нотлох баримтаас хасчээ. 

Д.Чулуунбатаас ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2014.03.27-ны өдрийн шийдвэрийн хамт тус компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрийн хаяг, утасны дугаарыг гаргаж өгсөн байхад зөвхөн улсын бүртгэлийн лавлагааг үндэслэж, анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

Харин давж заалдах шатны шүүх *******ын нэрийг магадлалын тодорхойлох хэсэгт зарим үед Д.Чулуунбаатар гэж бичин техникийн шинжтэй алдаа гаргасныг анхаарвал зохино.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 397 дугаар магадлалыг хэвээр үлдээж, ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,574,423 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

  

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН             Г.АЛТАНЧИМЭГ 

                                                    ШҮҮГЧИД              Б.МӨНХТУЯА 

                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

       Д.ЦОЛМОН 

       Х.ЭРДЭНЭСУВД