Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2021/01278

 

  

Б.Ганзоригийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 29ий өдрийн 101/ШШ2019/03365 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 224 дүгээр магадлалтай, 

Б.Ганзоригийн нэхэмжлэлтэй,

Нарны хүү сарны охин ХХК-д холбогдох  

17,478,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэгийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ганзориг, өмгөөлөгч Б.Галхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нарны хүү сарны охин ХХК-ийн барьж ашиглалтад оруулж буй Амар амгалан 3 орон сууцны хотхоны 1 дүгээр байрны 2 дугаар орцны, 710 тоот орон сууцны зориулалттай 40.18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц захиалгын гэрээг 2018.08.28-ны өдөр байгуулж урьдчилгаа 17,478,300 төгрөг төлсөн боловч одоог хүртэл байшин ашиглалтад ороогүй, баригдахгүй нь тодорхой болсон тул урьдчилгаанд төлсөн 17,478,300 төгрөгийг Нарны хүү сарны охин ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нарны хүү сарны охин ХХК нь барьж буй Амар амгалан 1,2,3 гэсэн хотхонуудыг 2017 оноос барьж төслүүдээ эхэлсэн. Гэтэл Чингис хаан банкнаас 1.9 тэрбум төгрөгийг манай зөвшөөрөлгүй татсан. Энэ асуудлыг Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаж, одоогоор шийдвэр гараагүй байна. Мөн Амар амгалан 3 төслийг нүүдэлчин группээс худалдан авч, 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд суурийн ажлаа хийж байтал ... маргаан үүсч, тухайн барилга байгуулах боломжгүй болоод өгсөн авсан зүйлээ буцаан өгөхөөр тохирсон боловч буцааж чадахгүй байдалд хүрээд байгаа юм. Уг төсөл хэрэгжихгүй болсонтой холбоотойгоор одоо баригдаад явж байгаа барилгууд руу шилжүүлж байгаа. Шууд мөнгийг буцаах боломжгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29ий өдрийн 101/ШШ2019/03365 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нарны хүү сарны охин ХХК-иас 17,478,300 төгрөг гаргуулж Б.Ганзоригт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,341 төгрөгийг улсын орлогод үлдээж, Нарны хүү сарны охин ХХК-иас 245,341 төгрөг гаргуулж Б.Ганзоригт олгохоор шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 224 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/03365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,340 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүхэд ...шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зүйлийг хянан шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авсан... талаар гомдол гаргасан боловч шүүх гомдлыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль хэрэглээний хувьд зөрүүтэй шийдвэрлэснийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 17,478,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 65-р зүйлд заасан шаардлага хангахгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэгийн Шүүх хуулийг буруу тайлбарлан хэргэлэсэн. ...шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зүйлийг хянан шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авсан, ...хууль хэрэглээний хувьд зөрүүтэй шийдвэрлэсэн... гэх гомдолд дурдсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхино. 

Б.Ганзориг нь Нарны хүү сарны охин ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 17,478,300 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой, зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ 

Орон сууц захиалгын 2018.08.28-ны өдрийн №83 дугаартай гэрээгээр Нарны хүү сарны охин ХХК нь Амар амгалан 3 орон сууцны хотхоны 1 дүгээр байрны 2 дугаар орцны, 710 тоот 40.18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2019.08.25-ны өдөр ашиглалтад оруулах, Б.Ганзориг нийт 58,261,000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.  

Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв тодорхойлсон байна 

2. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус хуульчилжээ. 

а/ Нэхэмжлэгч гэрээний 2.2-т заасан хугацаа, үүргийнхээ дагуу урьдчилгаа 17,478,300 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан банкны дэлгэрэнгүй хуулга, төлбөрийн баримтаар нотлогдож байна. Энэ талаар талууд маргаагүй болно.  

б/ Нарны хүү сарны охин ХХК Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 болон гэрээний 3.6-д заасан хугацаа буюу талуудын тохиролцсон, 2019.08.25-ны өдөр захиалагчид байрны түлхүүрийг гардуулан өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Б.Ганзориг гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр 17,478,300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж дүгнэх боломжгүй.  

3. Гэрээний 12.1-д Гэрээ болон түүний хавсралтад өөрчлөлт оруулахаар бол аль нэг талын хүсэлтийг талууд зөвшөөрснөөр, нөгөө тал нь хүлээн авсан бол талууд харилцан тохиролцож гэрээний өөрчлөлтийг бичгээр хийж гарын үсэг зурж баталгаажуулна гэж заажээ. 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж, 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ. гэж тус тус заасан ба ажлын үр дүнг бий болгоогүй, үр дүн гарахгүй гэдэг нь тодорхой болсон тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй. 

Хариуцагч гэрээний 3.6-д зааснаар орон сууцыг 2019.08.25-ны өдөр ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй нь Нарны хүү сарны охин ХХК-ийг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ зөрчсөн гэж үзнэ. 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулна гэсэн шаардлага нь гэрээнээс татгалзсан агуулгатай, талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй гэж хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн атлаа Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгийг баримталсан анхан шатны шүүхийн алдааг залруулаагүй байна.

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбараас үзвэл гэрээнээс хэн аль нь татгалзсан, тухайн барилга баригдаагүй, ажлын үр дүн огт бий болоогүй, цаашид Орон сууц захиалгын 2018.08.28-ны өдрийн №83 дугаартай гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцсэн гэж үзнэ.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэгийн ...Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зүйлийг хянан шийдвэрлэсэн... гэх гомдол хангагдахгүй.

4. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо ...Шүүх хуулийг буруу тайлбарлан хэргэлэсэн... гэх гомдол үндэслэлгүй байна. 

Иймд шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 224 дүгээр магадлалын 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29ий өдрийн 101/ШШ2019/03365 дугаар шийдвэр тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...355 дугаар зүйлийн 355.1... гэснийг ...205 дугаар зүйлийн 205.1... гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэгийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Г.АЛТАНЧИМЭГ 

                                                ШҮҮГЧИД                    Л.АТАРЦЭЦЭГ 

                                                                                     П.ЗОЛЗАЯА 

                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД