Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2019/00968

 

 

2019 оны 04 сарын 23 өдөр           Дугаар 183/ШШ2019/00968         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч.........................оршин суух, …...... овогт Ц.Ц /…...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч............... оршин суух, ….............. Ц.Б    ,

 

Хариуцагч .............оршин суух, “ Н” ХХК,

 

Хариуцагч ….............  байранд байрлах, “  Б холдинг” ХХК нарт холбогдох,

 

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 155.711 ам.доллар буюу 399.210.305 төгрөг гаргуулах, Н.. Холдинг” ХХК-ийн нийт хувьцааны 11,12 хувь буюу 61.173 ширхэг энгийн хувьцаа эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, түүний өмгөөлөгч Э.Б, гэрч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Ц-нь иргэн Ц.Б 2 удаа зээлийн гэрээ байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Ц.Б болон түүний хувьцааг нь эзэмшиж, захирлаар нь ажилладаг Б ХХК-иас зээлийн гэрээний шаардлагаас хэсэгчлэн шаардаж байгаа юм. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ц.Б харилцан тохиролцсоны үндсэн дээр 12 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй 2.000.000 ам.доллар зээлдүүлж зээлийн гэрээ байгуулсан. Энэ үед хамтран үүрэг гүйцэтгэхээр иргэн Ц.Л зөвшөөрч гарын үсэг зурсан. Тус гэрээг хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хугацааг 6 сараар сунгасан боловч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл төлөгдөхгүй байсан тул зээлдэгч болон хамтран зээлдэгч нарын хүсэлтээр зээлийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гэрээ дүгнэж акт үйлдсэн. Энэ бол хамгийн чухал нотолгооны хэрэгсэл. Гэрээний ерөнхий зүйл нь 7 зүйлтэй. Энэ зүйлд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2015 оны 03 дугаар сарын 06-ны гэрээнүүдийг нэг бүрчлэн дурдаж, хүлээн зөвшөөрч байгааг тэмдэглэн гэрээг талууд байгуулсан. Энэ гэрээнд талууд маргадаггүй. Хариуцагчийн тайлбарт ч хүлээн зөвшөөрсөн байгаа. 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэн Ц.Б нь тусдаа 200.000 ам.долларыг 2,5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээ, барьцааны гэрээ давхар байгуулж, 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан хугацааг 2 сараар сунгасан. 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт дээр тодорхой заасан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн зээлдэгч Ц.Бийн үүргийг тодорхой хуваарилсан байдаг. Ц.Б болон Б холдинг ХХК, Б ХХК-ийн хариуцах 660.967 ам.долларыг энэхүү гэрээний хавсралтаар баталгаажуулсан. Үүргийн гүйцэтгэлийг Б холдинг ХХК-ийн хувьцаагаар гаргуулья гэсэн хүсэлт гаргасан. 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гэрээ дүгнэсэн актын шууд үргэлжлэлийг байгуулсан. 2015 оны 9 сард Ц.Б нь энэхүү гэрээний барьцаанд тавигдсан байсан Баянчандманьд байрлах 2 объектыг хүсэлтийн дагуу барьцаанаас суллаж хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нийт 550.000 ширхэг Б холдинг ХХК-ийн 50 хувийг 700.000 доллараар үнэлэж компанийн шийдвэр гаргах этгээдүүд болох ТУЗ-ийн хурлын шийдвэрээр баталгаажуулж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ц.Б өөрөө хариу тайлбарын 6 дугаар догол мөрөнд энэ талаар дурдсан байгаа. Энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж талууд маргаагүй. Компанийн хувьцааг барьцаалах тал дээр бүртгэлийн байгууллагын тогтолцоо байдаггүй, компанийн нэгж ширхэг хувьцааны үнийн дүнг гэрээгээр тогтоосон. Ингэж тогтоох асуудлыг шүүхийн шийдвэрийг баталгаажуулахар гаргасан шүүгчийн захирамжийг хариуцагч талаас гомдол гаргаж 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хурлаар энэ гэрээг хүчин төгөлдөр мөн, Б холдинг ХХК-ийн хувьцааг битүүмжилсэн нь хууль ёсных гэж үзсэн. Өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ц.Б-ээс 296.483.828 төгрөгийг гаргуулж, энэхүү үүргийн гүйцэтгэлийг Б холдинг ХХК-ийн хувьцаагаар хангуулах хүсэлтийг гаргаж байгаа юм.

 

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэрээгээ дүгнэж Ц.Л, Ц.Б хоёрын зээлийг хуваасан байдаг. Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн дотор 485.000 ам.доллар болон 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл төлөгдөөгүй хүү болох 175.967 ам.долларын хамт төлөх гэж байгаа. Зээлийн хүү хугацаатай байх ёстой. Зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь үндсэн зээлд тус бүрийн сарын 2,5 хувийн хүү тооцох ба хүүг сар бүрийн 5-ны өдөр дотор төлнө гэж байгаа. Миний гаргасан тооцоогоор 73.962 долларын хүүг үндсэн зээлдээ төлөхөөр байна гэж гарсан. Ц.Б нь 10 дугаар сарын 5-ны өдрөөс хойш 500.000 доллар төлсөн нь эрх зүйн хувьд ач холбогдолгүй. Үүнийг давхар нотлох нотолгоо нь хариуцагчийн тайлбар байгаа. 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүү тооцох ёстой, 5 дугаар сарын 5-ны өдрөөс 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хүү нь 60.221 доллар болж байгаа. 175.967 долларыг бодоход 236.188 доллар болж байгаа юм. 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 485.000 ам.доллар үндсэн зээл, 237.125 долларын зээлийн үлдэгдэл болсон. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үндсэн зээлээ төлж дууссан үүнээс хойш тооцох эрхгүй гэж ярьж байна. Нийт 7 удаа төлбөрийн тооцоо хийхэд талууд нэг удаа ам.доллароор бусдыг нь төгрөгөөр хийсэн. Тооцооллын зөрүү нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 50.000.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 10.000.000 төгрөгийг долларын ханшийн зөрүү гэсэн асуудлууд байгаа.  2400 буюу хүчлээд тооцсон байгаа. Монгол банкны ханшаар бодсон. Монгол банкны ханшийг тухайн өдрийн Хаан банк ханшаар тооцох юм бол бага байх нь тодорхой. Гэрээ дүгнэсэн акт бол зээлийн гэрээний шууд үргэлжлэл юм. Талууд нөхцөлөө тохиролцдог. Гаргаж өгсөн тайлбарт барьцаална гэсэн байгаа. Компанийн хувьцааг барьцаална гэсэн ойлголт байхгүй. Худалдах, худалдан авах гэрээний 700.000 ам доллароо төлөөгүй учир энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэж ярьж байна. Хамгийн гол нь нэгж хувьцааны үнийг тогтоож гаргасан байгаа. Үнийг тогтоосон хувьцаагаар хангуулж авах нь зээлдэгчийн хууль ёсны ашиг сонирхолд нийцнэ гэж үзэж байна. Иймд багасгасан шаардлага болох 296.483.828 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие 2014-10-23-ны өдөр иргэн Ц.Л хамтран иргэн Ц.Ц 2.000.000 ам.долларыг 2,5 хувийн хүүтэй зээлсэн. Мөн 2015-03-06-ны өдөр 200.000 ам.долларыг 2,5 хувийн хүүтэй хамтран зээлж тус тус гэрээ байгуулсан. Дээрх гэрээний үүрэгт 2014 оноос 2015 оны 12 сар хүртэлх хугацаанд хамтран зээлдэгч Ц.Л болон миний бие үндсэн зээлээс 400.000 ам.доллар, зээлийн хүүд 748.392 ам.доллар төлсөн. Эдгээр нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоо нийлж, гэрээг дүгнэсэн актаар баталгаажиж байна. Миний бие 2017-04-05-ны өдөр хамтран зээлдэгч Ц.Л, зээлдүүлэгч Ц.Ц нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлдэгч тус бүрийн авсан зээлийн хэмжээнд оногдох үндсэн зээл болон хүү төлөх үүрэг хуваарилсан. Энэхүү хуваарилалтын дагуу Ц.Б надад 2016-01-01-ний өдрийн байдлаар үндсэнзээл 485.000 ам.доллар бөгөөд хүүгийн төлбөрийн үлдэгдэл 937 ам.доллар гэж тооцоо нийлсэн. Энэ хүртэлх хугацааны хүүг төлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн. 2017-09-01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 485.000 ам.доллар, хүү 237.125 ам.доллар болсныг нийт 700.000 ам.доллар гэж тооцон төлөхөөр тохиролцож, 2017-10-04-ний өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн. Хэрэв дээрх хугацаанд миний бие уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд өөрийн хувьцаа эзэмшдэг “Б  холдинг” ХХК-ийн 50 хувийн хувьцааг барьцаалсан. Уг тохиролцоогоор компанийн хувьаа барьцаалсан гэрээнээс өөр ямар нэгэн гэрээ байгуулаагүй юм.

 

Ц.Ц тооцоо нийлсэн 700.000 ам.доллар бол үндсэн зээл 485.000 ам.доллар, хүү 215.000 ам.доллар хоёрын нийлбэр юм. Нэхэмжлэлийн шаарлага дээр байгаа болно. Үүнээс тохиролцсон хугацаанд буюу 2017-10-04-ний өдөр үндсэн зээл 485.000 ам.долларыг бүрэн төлж дуусгасан. Мөн хүүнээс 15.000 ам.доллар буюу нийт 500.000 ам.доллар төлсөн. Улмаар Ц.Ц тухай бүр тооцоо нийлж хүүгийн үлдэгдэл төлбөрийг дараах байдлаар төлсөн.

 

Үүнд 2017-11-07-нд 50.000.000 төгрөг буюу 20.371,83 ам.доллар,

 

2017-12-07-нд 50.000.000 төгрөг буюу 20.485,34 ам.доллар,

 

2018-02-06-нд 50.000.000 төгрөг буюу 20.705,31 ам.доллар,

 

2018-02-15-нд 50.000.000 төгрөг буюу 20.865,85 ам.доллар,

 

2018-05-11-нд 30.000.000 төгрөг буюу 12.500 ам.доллар,

 

2018-07-10-нд 50.000.000 төгрөг буюу 20.833,33 ам.доллар

 

2018-07-31-нд 10.000.000 төгрөг буюу 4.166,67 ам.долларыг тус тус төлсөн. 2018-10-04-ний өдрийн байдлаар төлөх хүүгийн үлдэгдэл 80.000 ам.доллар байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасны дагуу хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Гэтэл Ц.Ц уг 700.000 ам.долларын үнийн дүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй атлаа хүүгийн дүнгээс хүү тооцож 115.711 ам.доллар буюу 399.210.305 төгрөг гэж тооцон “Б холдинг” ХХК-ийн 11,12 хувийн хувьцааг эзэмших нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Ц.Ц гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан. Тухайн зээлийн гэрээг дүгнэсэн үйл баримттай талууд маргахгүй. Зээлийн гэрээгээ  2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дүгнэж Ц.Б-т ногдох үүрэг нь 700.000 ам доллар гэж дүгнэсэн. Үүнээс нийт 9 удаагийн гүйлгээгээр 619.928,32 ам доллар төлсөн байгаа. Энэ үйл баримттай талууд маргадаггүй бөгөөд одоо 80.071,68 долларын үүрэг үлдсэн байгаа. Үүнийг төлөхөд бэлэн байна. Үлдэх хэсэг нь үндэслэлгүй байх тул шаардах эрхгүй гэж үзэж байна. Талуудын хооронд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан. Энэ гэрээний дагуу  худалдан авагч гэрээний үнэ болох 700.000  ам.долларыг 10 дугаар сарын 14-ний өдөр худалдагч талд төлнө гэсэн байгаа. Худалдах, худалдан авах гэрээ барьцаа гэх боломжгүй. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч 3 хариуцагчид оногдуулж нэхэмжлэл гаргасан байгаа. Гэхдээ төлбөрийг Ц.Б-ээс шаардаад байгаа. Ц.Б-ийн хувьд 80.000 ам долларыг зөвшөөрч байгаа. Б холдинг ХХК болон Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Цнь хариуцагч Ц.Б, “Б холдинг” ХХК-д нарыг хариуцагчаар татан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 155.711 ам.доллар буюу 399.210.305 төгрөгийг гаргуулах, “Б холдинг” ХХК-ний нийт хувьцааны 11,12 хувь буюу 61.173 ширхэг энгийн хувьцаа эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-3/ бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар “Б” ХХК-ийг татан оролцуулж /хх-51/, нэхэмжлэлийн шаардлагаа 2019-04-16-ны өдрийн шүүх хуралдаанд бууруулж 102.726.476,20 төгрөгний хэсгээс татгалзаж, 296.483.828,8 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, “Б холдинг” ХХК-ний нийт хувьцааны 11,12 хувь буюу 61.173 ширхэг энгийн хувьцаа эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Ц.Цнь “Б холдинг” ХХК-ний хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох гэж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан.

 

Нэхэмжлэгч иргэн Ц.Ц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг 2018-10-11-ний өдрийн итгэмжлэлээр Н.Т-т хоёр жилийн хугацаатай /хх-6/, хариуцагч Ц.Б, “Б” ХХК, “Б холдинг” ХХК-нийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх бүрэн эрхийг П.Э 2019 оны 02-р сарын 27-ны өдрийн итгэмжлэлээр хоёр жилийн хугацаатай /хх-96, 97, 98/ тус тус олгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй, нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргийг шаардсан шаардлагад ногдох 2.154.001,53 төгрөг + 70.200 төгрөг нийт 2.224.201,53 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн байна /хх-4, 5/.

 

Зээлийн гэрээний үүрэгт 296.483.828,8 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар 2014-10-23-ны өдрийн ЗГ-14/2/6 тоот зээлийн шугамын гэрээг нэг талаас Ц.Ц, нөгөө талаас Ц.Б нарын хооронд байгуулж, гэрээний зүйл нь 2.000.000 ам.долларыг 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглуулахаар зээлдүүлсэн байх бөгөөд гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлж Ц.Ц, зээлдэгчийг төлөөлөгч Ц.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч “Б” ХХК-ийг төлөөлж Ц.Б,  ХХК-г төлөөлж Ц.Л гэж гарын үсэг зурсан /хх-7-8/ байна.

 

Мөн 2015-11-21-ний өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг нэг талаас Ц.Ц, нөгөө талаас Ц.Б, Ц.Л нар байгуулж мөн л зээлдүүлэгчийг төлөөлж Ц.Ц, зээлдэгчийг төлөөлөгч Ц.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч “Б” ХХК-ийг төлөөлж Ц.Б, Р ХХК-г төлөөлж Ц.Л гэж гарын үсэг зурсан /хх-9-10/ байна.

 

2015-03-06-ны өдрийн ЗГ-15/3/1 тоот зээлийн гэрээг нэг талаас Ц.Ц, нөгөө талаас Ц.Б нарын хооронд байгуулж, гэрээний зүйл нь 200.000 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар ашиглуулахаар зээлдүүлсэн байх бөгөөд уг гэрээнд 2015-10-05-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж гэрээнд зээлдүүлэгч Ц.Ц, зээлдэгч Ц.Б гэж гарын үсэг зурж /хх-11-12, 16/, энэ өдрөө БГҮ-15/3/1 дугаартай барьцааны гэрээг байгуулж тухайн өдөртөө Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн байна /14-15/.

 

Хариуцагч Ц.Б нь эргэлтийн хөрөнгийн зориулалтаар нэхэмжлэгчээс 2.000.000 ам.долларын зээлийг хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Л хамт, 200.000 ам.долларын зээлийг тус тус авсан, эдгээр зээлийн гэрээнд талууд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд дээрх зээлийн гэрээний үүргийг талууд 2017-04-05-ны өдөр дүгнэж акт үйлдсэн талаар маргаагүй болно /хх-17-20/.

 

Гэрээ дүгнэсэн 2017-04-05-ны өдрийн актаар 2014-10-23-ны өдрийн ЗГ-14/2/6 тоот зээлийн шугамын гэрээний, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан ЗГ-14/2/6А тоот гэрээний, 2015-03-06-ны өдрийн ЗГ-15/3/1 тоот зээлийн гэрээний, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан ЗГ-15/3/1А тоот гэрээнүүдийг дүгнэж зээлдэгч, хамтран зээлдэгч нар иргэн Ц.Ц-оос мөнгө зээлсэн болохоо хүлээн зөвшөөрч, зээлдэгч, хамтран зээлдэгч нарын үүргийг тус бүр хуваариласан байх бөгөөд гэрээний 1.7.1-д Ц.Б нь 2017-10-05-ны өдрийн дотор 485.000 ам.долларыг, 2016-01-01-ний өдрөөс 2017-04-05-ны өдрийг хүртэлх хугацааны төлөгдөөгүй хүүд 175.967 ам.долларын хамт төлөх үүрэг хүлээсэн /хх-17-18/ байх бөгөөд уг актыг үндэслэн нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүрэг шаардсан тул уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

 

Нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч Ц.Б, гуравдагч этгээд Ц.Л нарын хооронд 2014-10-23-ны, 2015-03-06-ны өдрүүдэд зээлийн гэрээ, тэдгээр гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд эдгээр зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-т заасан шаардлагыг тус тус хангасан ба зээлдүүлэгч болон зээлдэгч нар дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу 2.000.000+200.000 ам.долларыг тус тус зээлдэгч, гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн, мөнгөн хөрөнгийг хариуцагч Ц.Б хүлээн авсан талаар маргаагүй, талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн байна.

 

Гэрээ дүгнэсэн 2017-04-05-ны өдрийн актын 1.7.3-т зээлдэгч 1.7.1-д заасан үндсэн зээлд сар бүр 2,5 хувийн хүү төлөхөөр тохирсон байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийн 30-р хуудсанд авагдсан үндсэн зээл болон хүүний тооцоолол гэх хүснэгтэд хариуцагч Ц.Б 2017-08-31-ны өдрөөс 2017-10-05-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 285.000 ам.доллар, зээлийн хүүд 215.000 ам.доллар төлсөн болох нь хариуцагч Ц.Б-ийн бичгээр гаргасан тайлбартай тохирч байна /хх-30, 69/.

 

Өөрөөр хэлбэл талуудын хороонд байгуулагдсан зээлийн гэрээний үүргүүдийг дүгнэсэн 2017-04-05-ны өдрийн актаар хариуцагч Ц.Б үндсэн зээл 485.000 ам.доллар, өмнөх төлөгдөөгүй зээлийн хүү 175.967 ам.долларыг 2017 оны 10 дугаар сарын 05-ны дотор төлөхөөр үүрэг хүлээж, үүрэг гүйцэтгэх хугацаа дуусах өдөр буюу 2017-10-05-ны өдөр 500.000 ам.долларыг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул уг төлбөрөөс эхлээд зээлийн хүү 175.967 ам.долларыг хасаж үлдсэнийг нь үндсэн зээл 485.000 ам.доллараас хасахад үндсэн зээлийн үлдэгдэл 160.967 ам.доллар байна.

 

Талуудын гэрээ дүгнэсэн актын 1.7.3-т зааснаар сарын хүү 2,5 хувь байхаар тохирсон бөгөөд үүнээс тооцоход 485.000$х2,5%=12.125$ /нэг сарын хүү/ : 30,5/хоногт/ =397,5$ /нэг өдрийн хүү/ байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээ дүгнэсэн актаар тохирсон үндсэн зээлд 485.000 ам.доллар, гэрээ дүгнэсэн акт үйлдсэн 2017-04-05-ны өдрөөс хариуцагч Ц.Б-ийн үүрэг гүйцэтгэж дуусах хугацааг 2017-10-05-ны өдөр гэж тохирсон тул энэ хүртэлх хугацааны хүүд сар бүр 2,5 хувиар тооцож шаардаж байгаа гэж тайлбарласан тул 2017-04-05-ны өдрөөс 2017-10-05-ны өдрийг хүртэлх хуанлийн 183 хоногийг нэг өдрийн хүү 397,5 ам.доллараар тооцоход 72.742,5 ам.доллар нь гэрээ дүгнэсэн актаар тохирсон хугацааны хүү байх тул хариуцагч Ц.Б нь үндсэн зээлд 160.967 ам.доллар, нэмэх нь актаар тохирсон хугацааны хүүд 72.742,5 ам.доллар нийт 233.709.5 ам.долларыг нэхэмжлэгчид төлөхөөр байна.

 

Үүнээс хариуцагч Ц.Б 2017-11-07-нд 20.371,83, 2017-12-07-нд 20.485,34, 2018-02-06-нд 20.705,31, 2018-02-15-нд 20.865,85, 2018-05-11-нд 12.500, 2018-07-10-нд 20.833,33, 2018-07-31-нд 4.166,67 ам.доллар нийт 119.928,33 ам.долларыг төлсөн гэж гаргасан тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэж маргаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийн 30-р хуудсанд байгаа зээл болон хүүний тооцоололд дээрх төлөлтүүдийн талаар дурдсан байх боловч нийлбэр нь 119.286 ам.доллар байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй тул хариуцагч Ц.Б нь 2017-11-07-ны өдрөөс 2018-07-31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 7 удаагийн гүйлгээгээр 119.286 ам.долларыг нэхэмжлэгч Ц.Ц-т төлсөн байх тул түүний төлөх 233.709.5 ам.долларын үүргээс төлсөн 119.286 ам.долларыг хасаж тооцоход 114.423,5 ам.долларыг нэхэмжлэгчид хариуцагч Ц.Б төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар гадаад валютын ханшийг Монголбанкны зарласан ханшаар тооцохдоо нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох бөгөөд нэхэмжлэгч шүүхэд 2018-10-23-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа 2018-10-22-ны өдрийн ханшийн лавлагааг хавсаргаж /хх-33/ өгсөн тул тухайн өдрийн ханш 2563,79 төгрөгөөр тооцоход 114.423,5 ам.доллар нь 293.357.825 төгрөг болж байх тул хариуцагч Ц.Б-ээс 293.357.825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.126.003,7 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Учир нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан 2017-04-05-ны өдрийн гэрээ дүгнэсэн актын 1.7.1-д зааснаар 2017-10-05-ны өдрийн дотор хариуцагч Ц.Б төлбөр төлөхөөр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зээлийн гэрээ байгуулагдсан тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулж гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд дээрх гэрээний үүрэгт нийт 700.000 ам.доллар төлөх үүрэгтэй энэ нь нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан хэргийн 31-р хуудсанд байгаа тооцооллын дүнгээр тогтоогдож байгаа тул үлдэгдэл 80.761 ам.доллар төлөх үүрэгтэй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээл, хүүгийн талаар тооцоолол гаргаж байсан, 31-р хуудсанд байгаа тооцоолол нь 2017-08-31-ний өдрийн байдлаар гаргасан тооцоо бөгөөд талуудын гэрээ дүгнэсэн актаар хариуцагч Ц.Б-ийн төлөхөөр хүлээсэн үүрэг нь үндсэн зээлд 485.000 ам.доллар, төлөгдөөгүй зээлийн хүү нь 175.967 ам.доллар байгаа үүнээс 7 удаагийн гүйлгээр төлсөн дүнг хасаж үлдэгдлийг шаардаж байгаа гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

“Б холдинг” ХХК-ний нийт хувьцааны 11,12 хувь буюу 61.173 ширхэг энгийн хувьцаа эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд

 

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хувьцаа нь барьцааны зүйл байж болох бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар барьцааны эрх нь барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд барьцааны гэрээг бичгээр байгуулснаар үүсэх бөгөөд барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол энэ хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажна гэж уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т тус тус заасан бөгөөд энэ хуулийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдсөн байна.

 

 

 

Гэтэл талуудын хооронд 2017-09-04-ний өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний худалдагч нь Ц.Б, зөвшөөрсөн Б холдинг ХХК-ний үүсгэн байгуулагч Б.Ц, худалдан авагч Ц.Ц гэж гарын үсэг зурсан /хх-23/ гэрээний талаар талууд маргаагүй бөгөөд уг гэрээ нь хариуцагч Ц.Б-ийн авсан зээлийн гэрээний үүргийг халхавчлах зорилгоор байгуулсан талаар зохигчид тайлбарлаж энэ талаар маргаагүй.

 

Түүнчлэн 2017-09-04-ний өдөр Б холдинг ХХК-ний үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигчдийн хурлын 07/09/04 дугаартай шийдвэрээр Мон-Эгг ХХК-ийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөх нөхцөлийг тохирсон /хх-24/ ба хариуцагч Ц.Б-ийг 2015-03-06-ны өдрийн зээлийн гэрээгээр авсан 200.000 ам.долларын барьцаанд Төв аймаг, Б…............ байршилтай 1458,4 м.кв талбайтай, тахианы аж ахуйн зориулалттай Ү-1, Ү-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж байгуулсан барьцааны гэрээг Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2015-03-06-ны өдөр бүртгүүлсэн байна /хх-11-12, 14-15/.

 

Ингэж хариуцагч Ц.Б-ээс барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх зорилгоор “Б холдинг” ХХК-ний үүсгэн байгуулагч Б.Ц, хувьцаа эзэмшигч Ц.Б нь 2017-09-04-ний өдрийн хурлын шийдвэрээр 700.000 ам.долларыг нэхэмжлэгчид 2017-10-04-ний дотор төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд “Б холдинг” ХХК-ний эзэмшлийн хувьцааны 50 хувийг иргэн Ц.Ц нэр дээр шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг үйлдэж нотариатаар баталгаажуулахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэрт тусгагдсан 700.000 ам.доллар нь нэхэмжлэгчид шилжүүлэх 50 хувийн хувьцааны ханш гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хариуцагч тал мөн үгүйсгэж маргаагүй болно.

 

“Б холдинг” ХХК-ний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Б.Ц, Ц.Б болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан компанийн дүрэм, 6181384 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул /хх-63-68/ Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хэн аль нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах талаар санал гаргаагүй байх тул мөн хуулийн 5.10-т зааснаар хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч гуравдагч этгээдэд худалдах эрхтэй байна.

 

Харин Компанийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “хувьцаат компанийн энгийн хувьцааны гуравны нэгээс дээш хувийг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авсан буюу эзэмшиж байгаа этгээд нь энэ хэмжээний хувьцааг худалдан авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор өөрийн болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, тус бүрийн эзэмшлийн хувьцааны тоо зэргийн талаарх мэдэгдлийг тухайн компани болон Санхүүгийн зохицуулах хороонд тус тус бичгээр хүргүүлнэ” гэж заасан байхад нэхэмжлэгч энэ талаар мэдэгдсэн болохоо баримтаар нотлоогүй.

 

Зохигчид 2017-09-04-ний өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч хариуцагч Ц.Б-ийн зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэгтэй холбогдуулан барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн тул “Б холдинг” ХХК-ний хувьцааг барьцаалсан байх боловч Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулагдаагүй, компанийн хувьцааны эрхийн талаар улсын бүртгэлд бүртгэл хийгдээгүй байхад нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг “Б холдинг” ХХК-ний хувьцаагаар хангуулахаар шаардах эрхгүй байна.

 

Иймд үүргийг тогтоосон газар, зохих ёсоор шударгаар гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгэх талуудын үндсэн зарчим тул хариуцагч Ц.Б-ээс 293.357.825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.126.003,7 төгрөгийг, “Б холдинг” ХХК-ний нийт хувьцааны 11,12 хувь буюу 61.173 ширхэг энгийн хувьцаа эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Харин “Б” ХХК-д холбогдуулан шаардлага гаргаагүй болохыг, нэхэмжлэлийн шаардлагын 102.726.476,20 төгрөгний шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсан, багасгасан шаардлага нэмэгдүүлж нийт шаардлагаас багасгаж 298.886.638,20 төгрөг гаргуулахаар гаргасан хүсэлтээсээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус тус татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

2014-10-23-ны өдрийн зээлийн шугамын гэрээ, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гэрээнүүдэд зээлдүүлэгч Ц.Ц-гээд ГИ-ББСБ ХХК гэх тамга дарсан үйл баримтын талаар буюу нэхэмжлэгч Ц.Ц-нь тухайн банк бус санхүүгийн байгууллагын үүсгэн байгуулагч мөн бөгөөд иргэн Ц.Цоос зээл авсан тул нэхэмжлэгч нь иргэн Ц.Ц гэх үйл баримтын талаар хариуцагч тал маргахгүй гэснийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч Б. нь ГИ ББСБ ХХК-ний гүйцэтгэх захиралаар ажилладаг, тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч нь Ц.Ц мөн болохыг Ц, Б, Л нар зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой уулзалт болон тооцоолол тухайн байгууллагад ирж хийгддэг, зээл, хүүгийн тооцооллыг гэрчээр оролцож байгаа гүйцэтгэх захирал бодож өгдөг байсан талаар мэдүүлсэн болно /2019-04-23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс 2018-10-23-ны өдөр хоёр баримтаар төлсөн 2.224.201,53 төгрөгний 1.710.569,14 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бээс 1.624.739 төгрөгийг, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 513.632 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-т олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 156 дугаар зүйлийн 156.1, 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Сартуул овогт Цгийн Б /УВ75110217/-ээс 293.357.825 /хоёр зуун ерөн гурван сая гурван зуун тавин долоон мянга найман зуун хорин таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О овогт Ц Ц/…......../-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.126.003,7 төгрөгийг, “Б холдинг” ХХК-ний нийт хувьцааны 11,12 хувь буюу 61.173 ширхэг энгийн хувьцаа эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, “Б” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2018-10-23-ны өдөр хоёр баримтаар төлсөн 2.224.201,53 төгрөгний 1.710.569,14 /нэг сая долоон зуун арван мянга таван зуун жаран есөн 14/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс 1.624.739 /нэг сая зургаан зуун хорин дөрвөн мянга долоон зуун гучин есөн/ төгрөгийг, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 513.632 /таван зуун арван гурван мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зохигчид давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2019/02256 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                            Д.ЯНЖИНДУЛАМ