Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 379

 

 

А.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/03167 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Мгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ҮХХК-д холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 758 066 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэн, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

     Нэхэмжлэгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ҮХХК-д 2015 оны 07 сард гидромеханикчаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Гэтэл 2017 оны 4 сарын эхээр хүний нөөцийн ажилтан Гтэй уулзахад манай байгууллага орон тооны цомхотгол хийж байгаа, таны ажлын байрны орон тоо байхгүй болсон гэсэн. Ажлаас халсан тушаалаа авья гэхэд одоохондоо гараагүй байна гэсэн. Ингээд хэд хоногийн дараа буюу 2017 оны 4 сарын 17-ны өдөр очиж Гээс ажлаас халсан тушаалаа авсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан орон тоо хасагдсан, эсхүл цөөрүүлсэн тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэж, гарын үсэг зуруулах хуулийн шаардлагыг хангаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд мөн хуулийн 42 дугаар зүйлд зааснаар тэтгэмж олгох үүрэгтэй. Тушаалд тэтгэмж олгох талаар заагаагүй, нэхэмжлэгчид тэтгэмж олгоогүй. Гэрч Б орон тоо байхгүй болсон гэдэг боловч 3 харуул тухайн ажилтны ажил үүргийг гүйцэтгэж байгаа гэж мэдүүлдэг учир тухайн орон тоог бүхэлдээ байхгүй болсон гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 758 066 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү. Сарын дундаж цалин 550 000 төгрөг, нэг өдрийн цалин 25 581 төгрөг, нийт ажилгүй байсан хугацаа ажлын 186 хоног болж байна гэжээ.

 

     Хариуцагч “Ү” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.М нь “Ү” ХХК-д 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээ байгуулан гидротехникчийн албан тушаалд томилогдсон. А.Мгийн орон тоо хасагдсан тул түүнийг хуульд заасны дагуу ажлаас нь чөлөөлсөн. Түүний ажил нь жил бүрийн 5 дугаар сараас 10 дугаар сарыг хүртэл хугацаанд улирлын чанартай ажилладаг тул хариуцдаг нуурын усыг 3 сантехникчид хариуцуулахаар зохицуулалт хийсэн. Орон тоо хасагдсан талаар Б захирал түүнд утсаар мэдэгдсэн. Өөрөө ажил дээр ирж ажлаас халсан тушаалаа авч, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ирж тойрох хуудсаа авсан. Тойрох хуудас авах үедээ Солонгос Улсад зуучлуулж ажиллахаар болсон виз, гадаад паспорт байна гээд Б захиралд үзүүлээд ах нь явах гэж байгаа, эрүүл мэндийн дэвтэр, бусад бичиг баримтаа аваад явмаар байна, тэтгэмж авахгүй гэж харилцан тохиролцсон учир тэтгэмжийн хэмжээг тушаалд тусгаагүй. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслээд гидротехникч гэх албан тушаалыг хассан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй боловч нэхэмжлэгч тал мэдсэн, манайх мэдэгдсэн гэдгээ зөвшөөрдөг. Нэхэмжлэгч мэдсэн ч гэсэн бичгээр мэдэгдэл өгөөгүй гэж маргадаг. Бичгээр мэдэгдсэн, мэдэгдээгүй гэдгийг гэрчээр нотлуулна гэж хүсэлт гаргахад бичгээр мэдэгдсэн дээр маргана, харин мэдсэн гэдэгт маргахгүй гэж хэлсэн. Гэрч утсаар мэдэгдсэн гэж мэдүүлдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан тэтгэмж олгоогүй гэдэг боловч тэтгэмжийн талаар нэхэмжлэгч шаардлага гаргаагүй учир энэ асуудал хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэжээ.

           

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн
69.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Мг Ү ХХК-ийн Үйл ажиллагааны газрын тохижилт үйлчилгээний албанд гидротехникчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 179 625 төгрөгийг гаргуулан А.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 1 578 441 төгрөг
гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж,
баталгаажилт хийлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж /70200+66112/ нийт 136312 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

  Хариуцагч “Ү” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Ү" ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дугаар зүйлийг үндэслэн гидротехникчийн ажлаас чөлөөлсөн. "Ү" ХХК-д гидротехникчийн ажлын байр Үйл ажиллагааны газрын тохижилт үйлчилгээний албанд 1 ширхэг байсан боловч тус компанийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ТУЗ-ийн хурлын тогтоолын хавсралтыг үндэслэн захирлын тушаалаар гидротехникчийн ажлын байрыг хассан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэсэн боловч нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцалсан ажил олгогчийн тушаал үндэслэлтэй, хүчин төгөлдөр. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан мэдэгдэх заалт нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалын үндэслэл бөгөөд тушаал гаргахтай холбогдсон процесс журам гэж ойлгож байна. Ажлаас халах тухайгаа сарын өмнө бичгээр мэдэгдээгүй гэж үзэн “Ү” ХХК-д байхгүй ажлын байранд эргүүлэн тогтоох үндэслэлгүй. Үндэслэх болон тогтоох хэсэгт үнийн дүн зөрүүтэй бөгөөд үндэслэх хэсэгт дурдсан мөнгөн дүнгээс өөр дүн бичигдсэн. Тус үнийн дүн бүхий төгрөгийг хэнээс гаргуулж А.Мд олгох нь тодорхой бус байгаа нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх шаардлагыг хангаагүй. Үүнээс гадна тогтоох хэсгийн 2-т тэмдэгтийн хураамжийг тогтоохдоо 3 197 625 төгрөгөөс тооцсон байгааг анхаарч үзнэ үү. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондох маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч А.М нь хариуцагч ҮХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 758 066 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэн, баталгаажилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх  зүйн харилцаа 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс үүссэн байх бөгөөд хариуцагч ҮХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батнягт 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 47 тоот тушаал гарган, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, хөдөлмөрийн гэрээний 3.3 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч А.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Үйл ажиллагааны газрын тохижилт үйлчилгээний албаны гидротехникчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх-4 дэх тал/ Нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй байна.

Хариуцагч байгууллагын орон тоо, бүтцийн талаар шийдвэр гаргасан этгээдийн бүрэн эрхийн талаар зохигчид маргаангүй, харин А.Мгийн ажиллаж байсан гидротехникчийн орон тоо хасагдсан эсэх, мөн нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай мэдэгдсэн хэлбэрийн талаар маргадаг.

Ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад орон тоо хасагдсан, цөөрсөн үйл баримт бодитой байхаас гадна мөн зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх 2 нөхцөл бүрдсэн байх учиртай.

  Хариуцагч ҮХХК-ийн гүйцэтгэх захирал нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан 2017-Бизнес төлөвлөгөөний дагуу 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 47 тоот тушаал гарган компанийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан бөгөөд уг өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан гидротехникчийн орон тоо хасагдсан болох нь хэргийн 51-54, 92-93 дугаар хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна. Харин хариуцагч энэ талаар нэхэмжлэгчид 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэх үйл баримт баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ. Учир нь ажил олгогч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар орон тоо хасагдсан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 1 сарын өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зурж баталгаажуулах нь түүнд хуулиар ногдуулсан үүргээ хэрэгжүүлсэн эсэхийг тогтооход ач холбогдолтой. Иймд гэрч А.Бат-Амгалангийн “нэхэмжлэгчтэй утсаар ярьсан” гэх мэдүүлэг хариуцагчийн татгалзлыг нотлохгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 128 дугаар зүйлийн 128.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээг алдаатай бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/03167 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...3 179 625 төгрөг” гэснийг “...3 197 625 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ү” ХХК заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 65 824 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

           

                                          ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Ч.ЦЭНД