Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 380

 

Б.Ж-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03829 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Ж-ийн,

Хариуцагч А.Ч-, Л.Н-, М.М- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдоос гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Б.Ж- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 3 500 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл А.Ч-д зээлүүлсэн. Зээлийн гэрээг ноториатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч А.Ч-, Л.Н- нар нь зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлөөгүй. Зээлийн гэрээнд зааснаар алданги тооцож, үндсэн зээл 3 500 000 төгрөг, алданги 1 750 000 төгрөг, хүү 4 800 000 төгрөг, нийт 10 500 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч А.Ч-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Уг зээлийг авахаас өмнө Л.Н-, А.Ч-, М.М- нар нь 5 500 000 төгрөгийг хувааж авахаар тохиролцсон. Ингээд нотариат ороод А.Ч-д 1 000 000 төгрөг, Л.Н-д 3 500 000 төгрөг, М.М-д 2 000 000 төгрөг зээлэхээр харилцан тохиролцсон боловч Л.Н- жирэмсэн байсан тул 4 гэрээ байгуулсан. Гэрээг байгуулсны дараа дээрх хувиарлалтын дагуу Б.Ж- нь өөрийн гараар тоолж хувиарлаж өгсөн. Иймд хариуцагч А.Ч- нь 1 000 000 төгрөг авсан ба мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн А.Ч- нь 3 удаа 80 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш нийт 903 000 төгрөгийг дансаар төлсөн. Үүнийг би он сараар шүүж баримтаар өгсөн. Бэлнээр 1 360 000 төгрөг төлсөн боловч бэлэн төлсөн мөнгийг нэхэмжлэгч Б.Ж- хүлээн зөвшөөрөхгүй. А.Ч-гийн хувьд зээлийг бүхэлд нь төлсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Хариуцагч М.М- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.Ж- мөнгө зээлнэ гэхэд А.Ч-, Л.Н- бид мөнгө зээлсэн. Нотариатаар орсны дараа Л.Н-гийн иргэний үнэмлэхийг канондаж гарын үсэг зуруулсан. Би эхний 6 cap зээлсэн мөнгөний хүүг бэлнээр төлж байгаад түүнээс хойш дансаар шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дансаар 2 000 000 төгрөгийг хийж байсан. Түүнээс хойш би зээлсэн мөнгөний асуудал дууссан гэж өнөөдрийг хүртэл бодож явсан. Б.Ж-,н.Мэндбаяраас мөнгө зээлсэн гэдэг байсан тул мөнгийг Б.Ж-, н.Мэндбаяр нарын дансанд ээлжилж хийдэг байсан гэжээ.

           

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Ч-гээс 505 500 төгрөг, хариуцагч М.М-аас 240 000 төгрөг тус тус гаргуулан, нэхэмжлэгч Б.Ж-д олгож, нэхэмжлэлээс 9 754 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ж-, хариуцагч Л.Н-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Ч-гээс 15 815 төгрөг, хариуцагч М.М-аас 7 850 төгрөгийг тус тус нөхөн гаргуулан нэхэмжлэгч Б.Ж-д олгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан ба гэрээний 1 дэх заалтаар зээлдэгч нарт 5 500 000 төгрөг хүлээлгэн өгсөн үйл баримтад хариуцагч нар маргадаггүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний зээлдэгчээр А.Ч-, М.М- нар оролцсон ба зээлийн гэрээний оролцогч буюу зээлдэгчээс зээл, хүү алданги шаардсан. Хариуцагч А.Ч-, М.М- нар нь 5 500 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас зээлсний дараа уг мөнгөнөөс Л.Н-д мөнгө зээлсэн нь тэднийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Хариуцагч А.Ч- нь нэхэмжлэгчээс 1 000 000 төгрөг зээлсэн, хариуцагч М.М- нэхэмжлэгчээс 2 000 000 төгрөг зээлсэн тухай тайлбарласан боловч баримтаар нотлоогүй. Харин нэхэмжлэгч Б.Ж- нь бичгээр байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч нар 5 500 000 төгрөгийн зээлийг олгосноор зээлийн гэрээг мөн зохигчдын тайлбараар нотолсон байхад шүүхээс хэт нэг талын тайлбараар хариуцагч нарыг 3 000 000 төгрөг хүлээн авсан гэж таамаглан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нар нэхэмжлэгчээс 3 000 000 төгрөг хүлээн авсан болохоо нотолсон баримт хэрэгт байхгүй. Гэтэл шүүх дээрх шийдвэрийг гаргасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг бүхэлд нь буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагаас 4 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч А.Ч-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч А.Ч-д 1 000 000 төгрөг, М.М-д 2 000 000 төгрөг өгч, үлдсэн 3 500 000 төгрөгийг Л.Н-д зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд мөн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алданги тооцох тухай заасан. хариуцагч А.Ч- нь нэхэмжлэгчээс авсан 1 000 000 төгрөгийн 3 сарын хүү болох үндсэн төлбөрт нийт 1 360 000 төгрөгийг бэлнээр төлж, 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 80 000 төгрөг, 8 дугаар сарын 23-ны өдөр 80 000 төгрөгийг дансаар төлж, улмаар нийт 903 000 төгрөгийг нэхэмжлэгчид дансаар шилжүүлсэн. Бэлнээр өгсөн 1 360 000 төгрөгийг хариуцагч баримтаар нотлох боломжгүй тул шүүх хариуцагчийн бэлэн төлсөн 1 360 000 төгрөгийг баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх хариуцагч А.Ч-гийн дансаар шилжүүлсэн 903 000 төгрөгийг А.Ч-д холбогдох төлбөрөөс хасаж тооцохдоо Иргэний хуулийн  хэрэглэх ёстой зүйл, заалтыг хэрэглээгүйгээс тооцооллын алдаа гарч, хариуцагч А.Ч-д 505 500 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаас үзвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дуусч байх тул энэ өдрөөс хойш төлсөн хариуцагчийн төлбөрийг эхлээд үндсэн үүргээс, дараа нь хүүг тооцох замаар хасах нь зүйтэй. Иймд хариуцагчийн 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 80 000 төгрөгийг зээлийн гэрээний хүүд төлж, үлдсэн 823 000 төгрөгийг үндсэн үүргээс хасаж тооцох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ. Хуульд нийцүүлэн тооцож үзвэл хариуцагч А.Ч- нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 177 000 төгрөг, хүүнд 160 000 төгрөг, алдангид 88 500 төгрөг, нийт 425 500 төгрөг төлөх үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч А.Ч-д холбогдох төлбөрийг 425 500 төгрөг болгож багасгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч М.М- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би Б.Ж-ээс 2 000 000 төгрөг зээлж аваад cap тутам бэлнээр мөнгө төлж байсан боловч үүнийгээ шүүхэд баримтаар нотолж чадаагүй. Энэ тухайд дүгнэсэн шүүгчийн дүгнэлт үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн дансаар 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 100 000 төгрөг, 24-ний өдөр төлсөн 60 000 төгрөг, 5 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 160 000 төгрөгийг мөн 11 дүгээр сард төлсөн 2 000 000 төгрөгийг надад холбогдох төлбөрийн хариуцлагаас хасч тооцохдоо Иргэний хуулийн хэрэглэх ёстой зүйл, заалтыг хэрэглээгүйгээс тооцооллын алдаа гаргаж намайг 240 000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар бидний хооронд байгуулсан гэрээний хугацаа 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дууссан тул энэ өдрөөс хойш төлсөн төлбөрийг эхлээд үндсэн үүргээс, дараа нь хүүг тооцох замаар хасах нь зүйтэй. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 2 320 000 төгрөгийг эхлээд үндсэн үүргээс хасч тооцвол би зээлийн гэрээний үндсэн төлбөрийг бүрэн төлж дуусгасан тул зээлийн гэрээний хүүнд 160 000 төгрөг төлөх үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч Б.Ж- нь хариуцагч А.Ч-, Л.Н-, М.М- нараас зээлийн гэрээний үлдэгдэлд 10 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч А.Ч-, М.М- нараас 6 474 000 төгрөг нэхэмжилж, хариуцагч Л.Н-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна. Хариуцагч А.Ч-, М.М- нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Б.Ж-, А.Ч-, М.М- нартай 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь зээлдэгч нарт 5 500 000 төгрөгийг 3 сарын хугацаагаар сарын 8 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцон, гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан байна. /хх 5-6/

            Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй, харин гэрээгээр тохирсон мөнгийг шилжүүлэн өгсөн эсэх талаар маргаж, хариуцагч А.Ч- нь 1 000 000  төгрөг, М.М- 2 000 000 төгрөг тус тус зээлсэн, үүргээ биелүүлсэн, Л.Н-гийн зээлсэн 2 500 000 төгрөгийг хариуцахгүй гэж тайлбарлан мэтгэлцжээ.

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлтэй.

            Нэхэмжлэгч Б.Ж- нь бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу “5 500 000 төгрөгийг хариуцагч А.Ч-, М.М- нар авсан, үүний дараа Л.Н-д цааш нь мөнгө зээлсэн талаар ярьж байсан” гэх үндэслэлээр хариуцагч Л.Н-гаас татгалзаж, А.Ч-, М.М- нараас гэрээний үүрэг шаардсан боловч нэхэмжлэгч нь хариуцагч нарт 5 500 000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн өгсөн гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна. Иймээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Б.Ж- нь хариуцагч А.Ч-д 1 000 000 төгрөг, М.М-д 2 000 000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн өгсөн гэж үзнэ. Ингэснээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэх тул талуудын хэн аль нь гэрээний үүрэг шаардах эрхтэй. Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

            Талууд гэрээгээр зээлийн хугацаа, хүү, алдангийн хэмжээг тохиролцсон байх ба энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад нийцжээ.

            Хариуцагч А.Ч- нь зээлийн гэрээний хугацаанд буюу 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 80 000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш 723 000 төгрөг, нийт 803 000 төгрөг, хариуцагч М.М- мөн гэрээний хугацаа дууссанаас хойш дансаар 320 000 төгрөг, нэхэмжлэгчид бэлнээр 2 сая төгрөг, нийт 2 320 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Ж-ийн ХААН банкны дансны хуулга, нэхэмжлэгч талын тайлбараар нотлогддог. /хх 49-58, 60-61/

Иймд хариуцагч А.Ч-гийн гэрээний хугацаанд төлсөн 80 000 төгрөгийг 3 сарын хугацааны хүүд төлөх 240 000 төгрөгөөс хасч, гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 723 000 төгрөгийг үндсэн зээл 1 000 000 төгрөгөөс хасч тооцон түүнийг үндсэн зээлд 177 000 төгрөг, зээлийн хүүд 160 000 төгрөг нийт 337 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Хариуцагч М.М- нь үндсэн зээл 2 000 000 төгрөг, зээлийн хүүд 480 000 төгрөг, нийт 2 480 000 төгрөг төлөх үүргээс 2 320 000 төгрөг төлж, 160 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Шүүх талуудын гүйцэтгээгүй үүрэгт алданги ногдуулан хариуцагч А.Ч-гээс 505 500 /177 000+160 000+168 500/ төгрөг, М.М-аас 240 000 /160 000+80 000/ төгрөг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 216 дугаар зүйлийн 216.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцэх тул зохигчдын давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03829 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлөөлөгчийн төлсөн 88 550 төгрөг, хариуцагч А.Ч-гээс төлсөн 4550 төгрөг, хариуцагч М.М-аас төлсөн 4550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

           

                                          ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Ч.ЦЭНД