Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 50

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ч-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны дотоод аудитор,санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч П.Б-д холбогдох,

       “Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны дотоод аудитор,санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 34/05/01 дугаар актын Б.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ч, хариуцагч улсын байцаагч Д.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Чимэддорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“ ...Миний бие нь аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажлаа болон хөдөлмөрийн гэрээнд тусгасан зорилго,зорилт,чиг үүргээ хангалттай биелүүлэн ажиллаж ирсэн.Ингээд аймгийн Засаг даргын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн А/762 тоот захирамжаар надад мөнгөн урамшуулал олгосон.Мөнгөн урамшууллыг би ганцаараа аваагүй тамгын газрын бүх дарга,мэргэжилтэн,нийтлэг үйлчилгээний албаны ажилчдад олгосон байдаг.

2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Увс аймагт Ардчилсан нам ялалт байгуулж, Увс аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нар солигдсон байгаа. Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Г.Б томилогдсон. Г.Б ажил албан тушаалаа хүлээн авсан өдрөөс эхлэн намайг өрөөндөө дуудаж ажлаа өгөхийг шахаж шаардаж эхэлсэн. 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр намайг өрөөндөө дуудаж “чамайг удахгүй зайлуулна, чамтай холбоотой материалууд олдсон тул чамд акт тавигдаж байгаа. Актыг хүлээн зөвшөөрөөд ажлаа өгөөд явж болно” гэж хэлсэн.2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр би ажиллаа хийж байтал Увс аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын байцаагч П.Б над руу залгаад танд 2.000.000 төгрөгийн акт тавигдсан талаар утсаар мэдэгдсэн. Улс төрийн зорилготой акт тавьж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа хэлсэн.

Улс төрийн захиалгаар ажлаас халах үндэслэл олохын тулд аймгийн Засаг даргын мөнгөн урамшуулал олгох захирамжийг шалгаж надад буруу олгосон гэж үзээд 2 сая төгрөгийн акт тавьсан.Энэ мөнгөн урамшууллыг олгосон улсын байцаагчийн актыг үндэслэн намайг ажлаас халсан бөгөөд 2 шатны шүүх үндэслэлгүй ажлаас халагдсан гэдгийг тогтоосон.2 шатны шүүхийн шийдвэр гарсны дараа намайг тухайн актыг төл гэдэг шаардлагыг тавьсан.  Тэгээд би 2021.05.19-ний өдөр улсын байцаагч Баярмаатай очиж уулзан ямар учиртай акт тавьсан юм бэ гэхэд би танд утсаар танилцуулсан гэж хэлсэн би албан ёсоор акттай танилцья гээд актын хувийг хуулбарлан авч гарын үсгээ зурсан.Тухайн актыг хүлээн аваад хуулийн дагуу Увс аймгийн санхүүгийн хяналт,аудитын албаны дарга аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.Батбаярт тухайн актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн өргөдлийг гаргасан.Өргөдлийн хариуг 2021.06.02-ны өдрийн 98 дугаартай албан бичгээр актыг хүчингүй болгох боломжгүй байна гэсэн.Би хариугаа аваад Захиргааны хэргийн шүүхэд хандсан.Би Нийтлэг үйлчилгээний албаны даргаар  5 жил 4 сар ажиллаад явж байна.Би 26 ажилтныг удирдан тамгын газрын даргын чиг үүргийн хүрээнд,тамгын газрын даргын өгсөн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг,ямар нэг санхүүгийн асуудлыг гарын үсэг зурж шийдвэрлэдэггүй, Жолооч,үйлчлэгч,бичээч,харуул,манаач зэрэг ажилтнуудыг хамаарч ажилладаг. Би өөртөө урамшуулал олгоогүй.Аймгийн Засаг даргын шийдвэрээр намайг шагнаж олгосон мөнгө тул надаас төлбөр гаргуулахаар актаар хариуцуулсан нь үндэслэлгүй.Иймд Санхүүгийн хяналт,дотоод аудитын хяналт шалгалтын улсын байцаагчийн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 34/05/01 дугаар актын Б.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Хариуцагч Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны дотоод аудитор,санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч П.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” ... 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар төлбөрийн хүсэлтээр Голомт банкнаас бэлэн мөнгө олгосон мөнгөний жагсаалтаар Б.Ч мөнгөн урамшуулал авсан нь нотлогдон тогтоогдож байгаа. Улсын төрийн зорилготой акт тогтоосон зүйл байхгүй. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2/1921 дугаар албан бичгийн дагуу болон Увс аймгийн Дотоод аудитын хорооны даргын баталсан удирдамжийн дагуу миний бие шалгалт хийсэн. Тус албан бичиг дээр С.Амраа дарга, Баяртайханцэцэг даргын томилгоотой холбоотой асуудлыг шалгах мөн онцгой байдал зарласан энэ үед аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нарт мөнгөн урамшуулал олгосон санхүүгийн баримтыг шалгуулах албан тоот ирсний дагуу Увс аймгийн Дотоод аудитын хорооны даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж акт тогтоосон.Увс аймгийн Засаг даргын 2016 оны 07 сарын 26-ны өдрийн А/440 тоот захирамжаар Засаг даргын зөвлөлийг баталсан хавсралтад Нийтлэг үйлчилгээний албаны дарга бүрэлдэхүүнд байхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Увс аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/762 дугаар захирамжаар Увс аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүдэд мөнгөн урамшуулал олгосон байдаг. Ингэхдээ Увс аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүнд байхгүй хүн болох Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний дарга Б.Ч-ийн нэрийг Увс аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/762 дугаар захирамжид дурдаж үндэслэлгүйгээр мөнгөн урамшуулал олгосон байдаг. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2/1921 дугаар албан бичгийн дагуу хяналт шалгалтыг удирдамжийн дагуу явуулсан. Увс аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 440 дугаар захирамжаар баталсан аймгийн Засаг даргын зөвлөлийн ажиллах  журамд урамшуулал олгох болон муу ажилласан бол хариуцлага тооцох ямар нэгэн зохицуулалт байдаггүй. Засаг даргын зөвлөлийн гишүүдийн ажлын үр дүнг зөвлөлийн гишүүд өөрөө өөрсдөө дүгнэдэг.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “албан үүргээ гүйцэтгэхдээ гүйцэтгэсний төлөө өөрийн болон өөртөө хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргахыг хориглож зохицуулсан” байдаг. Сангийн сайдын 2012 онд баталсан Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт зарцуулалтын нийтлэг журамд нийцүүлэн Засаг дарга шийдвэр гаргах ёстой байдаг. Цаг үеийн шинжтэй нөхцөл байдлаас хамаарч урамшуулал, дэмжлэг гаргана гэдэг заалт байдаг хэдий ч ямар мөнгийг юунд зарцуулах гэж байгааг урьдчилан Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хуралдсан тэмдэглэлээр баталгаажуулж урамшуулал гаргах ёстой. Сангийн сайдын 2012 оны 239 дугаар тушаалын 3.1 дэх хэсэгт “Засаг даргын шийдвэрийг гаргахдаа зөвлөлийн шийдвэрийг үндэслэн захирамж гаргахаар заасан” байдаг. Энэ процесс алдагдсан бол аймгийн Засаг даргын зөвлөлийн урамшууллын мөнгө гаргах боломжгүй байдаг. 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын байцаагч П.Б хяналт шалгалт хийж Б.Ч-д акт тогтоогоод актыг гардаж авах талаар 70452414 дугаарын утсаар танилцуулсан байдаг. Гэтэл Б.Ч-ийн зүгээс актыг гардаж авахгүй гэж хэлсэн байдаг. Утасны жагсаалтыг нотлох баримтаар гаргуулж авсан байдаг. Акт гарсан талаар Б.Ч-д утсаар мэдэгдсэн тул мэдэгдэж гардуулснаар тооцож байгаа. Нэхэмжлэгч Б.Ч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 5 сарын хугацаанд яагаад актыг гардаж аваагүй талаар тайлбараа гаргасангүй. Маргаан бүхий акт гарсан талаар Б.Ч-д утсаар хэлсэн тул акт гарсан талаар сонссоноосоо хойш дээд шатны байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлсний дараа шүүхэд хандах боломжтой байсан.Шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна...”гэв.

 

 Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Ч нь Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны улсын байцаагч Т.Баярмаад холбогдуулан “2021 оны 01 сарын 18-ны өдрийн 34/05/01 дугаар актын Б.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчээс улсын байцаагчийн актын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны даргад гомдол гаргаж 2021 оны 06 сарын 02-ны өдрийн 98 дугаартай албан бичгээр “актыг хүчингүй болгох хүсэлтийг хүлээн авах боломжгүй” тухай хариуг аван 2021 оны 06 сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий улсын байцаагчийн 34/05/01 дугаар актад “актыг эс зөвшөөрвөл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу гомдлоо дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргах эрхтэйг” дурдсан байна.

Нэхэмжлэгчээс Увс аймгийн Санхүү хяналт,аудитын албаны улсын байцаагчийн шийдвэртэй холбогдуулан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар дээд шатны албан тушаалтанд хандсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “ албаны даргад гомдол гаргасны дараа Засгийн газрын 2017 оны 483 дугаар тогтоолоор баталсан журамд зааснаар дахин Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах ёстой” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д дээд шатны захиргааны байгууллага,эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байхаар заажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах,шаардлагатай тохиолдолд утас....бусад хэлбэрээр мэдэгдэж болох “ талаар заасан ба Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 03 сарын 22-ны өдрийн 107 дугаартай ташаалаар батлагдсан Санхүүгийн хяналт шалгалтын стандартын 3.2.8-д “...санхүүгийн хяналт шалгалт хийсэн улсын байцаагч шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт,бусад шаардлагатай баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж гарын үсгээ зурсны дараа шалгуулсан этгээдэд танилцуулж гарын үсэг зуруулна.Хэрэв шалгуулсан хүмүүс шалгалтын талаар актанд дурдагдсан зүйл,улсын байцаагчийн дүгнэлтийг зөвшөөрөөгүй тохиолдолд энэ тухай тайлбарыг өөрөөр нь бичүүлж,гарын үсэг зуруулна “ гэжээ.Үүнээс үзэхэд улсын байцаагчийн зүгээс төлбөр тогтоогдсон этгээдэд актыг бүрэн хэмжээгээр,ямар үндэслэлээр тавигдсаныг биечлэн танилцуулж, зөвшөөрөөгүй тохиолдолд тайлбарыг нь өөрөөр нь бичүүлж авахаар байна.Гэтэл улсын байцаагчийн зүгээс актын талаар утсаар мэдэгдсэн тухайгаа актын хавсралт хэсэгт тэмдэглэн бичсэнээс өөрөөр танилцуулах талаар арга хэмжээ аваагүй байна.

Санхүүгийн хяналт,аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Батбаяр нь Ч.Чимэддоржийн гаргасан гомдолд 2021 оны 06 сарын 02-ны өдрийн 98 дугаартай албан бичгээр өгсөн хариунд ” Увс аймгийн Засаг даргын 2016 оны 07 сарын 26-ны өдрийн А/440 тоот захирамжаар Засаг даргын зөвлөлийг баталсан хавсралтад Нийтлэг үйлчилгээний албаны дарга бүрэлдэхүүнд байхгүй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй болно” гэж актын үндэслэлд дүгнэлт хийн хариуг өгчээ.

Иймд нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан хугацааны дотор гомдлоо гаргасан байх тул хариуцагч,түүний итгэмжлэгдсэн төлөөөгчийн шүүх хуралдаанд гаргасан “ нэхэмжлэлийг хугацаа хэтрүүлж гаргасан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.

Нэхэмжлэгч “ Мөнгөн урамшууллыг би ганцаараа аваагүй.Би өөртөө урамшуулал олгоогүй.Аймгийн Засаг даргын шийдвэрээр намайг шагнаж олгосон мөнгө тул надаас төлбөр гаргуулахаар актын хавсралтад хариуцуулсан нь үндэслэлгүй” гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хариуцагч талаас “ Б.Ч нь аймгийн Засаг даргын зөвлөлд ажилладаггүй байтал мөнгөн урамшууллыг авсан ” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

            Маргаан бүхий захиргааны акт болох Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны улсын байцаагч Т.Баярмаагийн үйлдсэн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 34/05/01 дугаар “Буруу олгосон мөнгөн урамшууллыг нөхөн төлүүлэх тухай” актаар Аймгийн Засаг даргын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн А/762 дугаар захирамжаар Засаг даргын нөөцөөс Засаг даргын зөвлөлд байхгүй нэр бүхий албан тушаалтнуудад мөнгөн урамшуулал олгосон зөрчил илэрсэн нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”,Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалын 2.1.3-д “ Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэн буруу олгогдсон 7.500.000 төгрөгийг хавсралтад заасны дагуу нөхөн төлүүлэхийг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга,нягтлан бодогч нарт даалгажээ.

            Улсын байцаагчийн актын хавсралтын 4-рт Нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Чоор 2.000.000 төгрөг төлүүлэхээр заасан байна.

Санхүүгийн хяналт,аудитын албаны улсын байцаагчийн хяналтын үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтын хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Засгийн газар, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг даргын хяналт шалгалт, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон мэргэжлийн хяналт, түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д бүх шатны Засаг дарга хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах эрхийг хэрэгжүүлэхээр,

            Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” гэж, мөн хуулийн 69.5-д Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батлахаар зохицуулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар Дотоод аудитын дүрмийг баталжээ.

Уг дүрмийн 5.2.1-д санхүүгийн хяналт,шалгалтын улсын байцаагч нь төсөв,санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж,Засгийн газрын шийдвэр болон тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм,журам,заавар,стандарт,гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэхээр, 7.5-д улсын байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн,зөрчил түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл,санхүү,төсөв,нягтлан бодох бүртгэлтэй холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль,төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт,албан шаардлага бичнэ гэж заасан байна.

Хариуцагчаас Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн баталсан Увс аймгийн Засаг даргын тамгын газарт санхүүгийн хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 2  дугаар зүйлийн 5 2 .1 -д “ Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ “ гэж заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалтыг хийж, акт бичсэн байна.

            Увс аймгийн Засаг даргын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн А/762 дугаар захирамжаар 2016-2020 оны ажлын үр дүнгээр эрхэлсэн асуудлын хүрээнд амжилттай ажилласан Засаг даргын зөвлөлийн нэр бүхий гишүүдэд урамшуулал олгохоор шийдвэрлэж хавсралтаар урамшуулал олгох ажилтны  нэрсийг баталсан байх ба нэрсийн жагсаалтын 11-д Нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Ч-д 2.000.000 төгрөгийн урамшуулал олгохоор багтжээ.

            Увс аймгийн Засаг даргын 2016 оны 07 сарын 26-ны өдрийн А/440 дугаар захирамжийн 1-р хавсралтаар Засаг даргын зөвлөлийг албан тушаалын байдлаар нь 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байх ба үүнд аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга,ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга,ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга,ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга,ЗДТГ-ын Санхүү,төрийн сангийн хэлтсийн дарга, Аймгийн Нэгдсэн эмнлэгийн дарга,Засаг даргын зөвлөх,Улаангом сумын Засаг дарга багтахаар заасан байна.

            Ч.Чимэддорж нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 07 сарын 22-ны өдрийн Б/21 дугаартай тушаалаар Нийтлэг үйлчилгээний албаны даргаар томилогдон ажиллаж байсан байх ба Увс аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй байна.

            Увс аймгийн Засаг даргаас  Засаг даргын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй хүнд урамшуулал олгохоор шийдвэрлэсэн нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-т заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж дүгнэх үндэслэлтэй.

            Хэдийгээр нэхэмжлэгч Б.Ч-ийн хувьд удирдан ажилладаг Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба нь амжилттай ажил үүргээ гүйцэтгэж байсан тул урамшууллыг надад олгосон гэж тайлбар гаргаж Нийтлэг үйлчилгээний алба нь  2018-2019 оны ажлаа улсад дүгнүүлж гутгаар байр эзэлсэн тухай өргөмжлөл хэрэгт авагдсан боловч эрх бүхий албан тушаалтнаас урамшууллын асуудлыг хуульд заасан  журмын дагуу шийдвэрлээгүйгээс Б.Ч-д олгогдсон 2.000.000 төгрөгийг нөхөн төлүүлэх нөхцлийг үүсгэжээ.

            Иймд хариуцагч улсын байцаагчаас Увс аймгийн Засаг даргын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн А/762 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүст урамшуулал олгохоор шийдвэрлэсэн боловч урамшуулал олгох хүмүүсийн нэрсийн жагсаалтад зөвлөлд ажиллаж байгаагүй хүнд урамшуулал олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэн маргаан бүхий актаар Ч.Чимэддоржоор 2.000.000 төгрөг нөхөн төлүүлэхийг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга,нягтлан бодогч нарт хариуцуулсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчээс “ акттай холбогдуулан намайг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргаж байсан ба шүүхээс ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлгүй болохыг тогтоосон” гэж тайлбар гаргасан ба Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэрээр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 01 сарын 21-ний өдрийн Б/05 тоот “Б.Ч-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож,нэхэмжлэгч Б.Ч-ийг Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн,Увс аймгийн Эрүү,иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 сарын 14-ний өдрийн 09 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

            Энэүү шийдвэр нь нэхэмжлэгч Б.Ч-ийг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн иргэний хэргийн шийдвэрт нөлөөлөхгүй болохыг тэмдэглэв.

            Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн урьдчилан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн хяналт,шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 8 дугаар зүйлийн 8.1.1, 5 2 дугаар зүйлийн 5 2 .1, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ч-ийн “Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны дотоод аудитор,санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 34/05/01 дугаар актын Б.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ