Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 15

 

Ө.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолтой, Ө.Бд холбогдох эрүүгийн 1835000690136 дугаартай хэргийг шүүгдэгч Ө.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цагдаагийн ажилтан, эрх зүйч мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, 2 дүүгийн хамт .... тоотод оршин суух хаягийн бүртгэлттэй, одоо ... тоотод оршин суух, , Х овогт Ө-ын Б.

Шүүгдэгч Ө.Б 2017 оны 12 дугаар сарын сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө тус аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багт оршин суух иргэн Ж.Г-ны өвөлжөөний хашаанд байсан бог малаас хохирогч Г.Г-ийн 2, хохирогч Ж.Г-ны 4, хохирогч Ж.Г-гын 1, хохирогч Б-ийн 2 ямааг тус тус хулгайд алдагдсан гэх эрүүгийн 17350002270034 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэрэг учрал болсон газарт хэргийн газрын үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчээр Г.Б, Г.Г нарыг оролцуулаагүй атлаа оролцуулсан мэтээр тэмдэглэл хөтөлж, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн,

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ж.Г-г хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан боловч уг хохирогчоор өгсөн мэдүүлгийг устгаж, дахин хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн,

2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г.Г-ийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авахдаа хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн,

2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Г.Б-ийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан боловч уг хохирогчоор өгсөн мэдүүлгийг устгаж, дахин хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн,

2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Г.Г-гыг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан боловч уг хохирогчоор өгсөн мэдүүлгийг устгаж, дахин хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн,

Шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг хохирогч нарт танилцуулаагүй атлаа 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Ж.Г-д, 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Г.Гэд, 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Г.Б-д, 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Г.Г нарт танилцуулсан мэтээр тэмдэглэл хуурамчаар үйлдсэн,

Хавтаст хэргийн материалыг хохирогч Г.Г, Г.Б, Г.Г, Ж.Г нарт танилцуулаагүй атлаа 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр танилцуулсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Хөөт овогт Өсөхжаргалын Баярхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, устгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Хөөт овогт Өсөхжаргалын Баярхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Бд шүүхээс оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж тус тус шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ө.Б нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоол гарсныг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Миний бие Эрүүгийн 17350002270034 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Хохирогч Г.Г, Г.Б, Г.Г нарын хохирогчийн мэдүүлэг дэх гарын үсгийг зурсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа ба гэхдээ гэмт хэрэг биш гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй" гэж заасан байх ба Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байх ба Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Б-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн түүнд холбогдох  эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

  Ө.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Ө.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа эрүүгийн 17350002270034 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэрэг учрал болсон газарт хэргийн газрын үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчээр Г.Б, Г.Г-г нарыг оролцуулаагүй атлаа оролцуулсан мэтээр тэмдэглэл хөтөлж, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн,

- 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ж.Г-г хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан боловч уг хохирогчоор өгсөн мэдүүлгийг устгаж, дахин хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн,

- 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г.Г-ийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авахдаа хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн,

- 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Г.Б-ийг хохирогчоор тогтоож,мэдүүлэг авсан боловч уг хохирогчоор өгсөн мэдүүлгийг устгаж, дахин хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн,

- 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Г.Г-ыг хохирогчоор тогтоож,мэдүүлэг авсан боловч уг хохирогчоор өгсөн мэдүүлгийг устгаж, дахин хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн,

- Шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг хохирогч нарт танилцуулаагүй атлаа 2018 оны 1 сарын 12-ны өдөр хохирогч Ж.Г-д, 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Г.Г-д, 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Г.Б-д, 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Г.Гантулга нарт танилцуулсан мэтээр тэмдэглэл хуурамчаар үйлдсэн,

- Хавтаст хэргийн материалыг хохирогч Г.Г, Г.Б, Н.Га, Ж. нарт танилцуулаагүй атлаа 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр танилцуулсан тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдэх зэргээр хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, устгах гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Г.Гантулга, Г.Батсуурь, Г.Г нарын мэдүүлэг, мөрдөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай” тэмдэглэл, эрүүгийн 1735002270034 дугаартай хэргээс хуулбарлан авсан нотлох баримтууд, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3522, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 4188 дугаартай дүгнэлтүүд, Цагдаагийн Ерөнхий газрын 217 оны 11 дүгээр сарын 03-ны Б/516 тоо тушаал зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ө.Бгийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэж шүүгдэгчийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг зөв тайлбарлан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

            Шүүгдэгч Ө.Б-гийн “...миний бие эрүүгийн 17350002270034 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хохирогч Г.Г, Г.Батсуурь, Г.Гантулга нарын хохирогчийн мэдүүлэг дэх гарын үсгийг зурсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа боловч энэ нь гэмт хэрэг биш гэж үзэж байна.Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй “ гэж заасан. Иймд хэргийг хянаж өгнө үү “ гэх гомдлын тухайд:

            Эрх бүхий этгээдээс томилогдсон, хуулиар тусгайлан эрх олгосон мөрдөгч  нь хуульд заасан эрх үүргийнхээ дагуу хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх нь түүний албаны хууль ёсны үүрэг бөгөөд нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглодог.

            Гэтэл Ө.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа эрүүгийн 17350002270034 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэгт ач холбогдол бүхий  нотлох баримтуудыг устгаж, мөн  хуурамчаар үйлдсэн байх бөгөөд энэхүү үйлдэл нь “...хууль сахиулагч нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгасан, хуурамчаар үйлдсэн бол” гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн  хангасан байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тодорхой үйлдэл хийснээр төгсөх буюу материаллаг хор уршиг буюу бодит хохирол шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.

            Иймд шүүгдэгч Ө.Бгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Б-гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.ЖАМБАЛСҮРЭН

               ШҮҮГЧИД                                      Л.АЛТАН

       Н.МӨНХЖАРГАЛ