Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
Хэргийн индекс | 121/2020/0012/з |
Дугаар | 121/ШШ2021/0006 |
Огноо | 2021-06-11 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 121/ШШ2021/0006
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Нэргүй даргалж, шүүгч Ө.Болорчимэг, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагчид: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, мөн аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга нарт холбогдох
1. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,
2. “Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталгаажуулж, олгохыг Өвөрхангай аймгийн 3үүнбаян-Улаан сумын Засаг даргад даалгах,
3. Хууль тогтоомжийг илтэд зөрчиж Засгийн газрын бүрэн эрхэд халдаж нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуул хийх ажлыг үндэслэлгүйгээр зогсоосноос үүссэн хохирол 1 026 102 611.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, Д.Х, хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.М/онлайн/, тус сумын Засаг дарга Б.Б /онлайн/, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Батбаяр, Ч.Ганзориг, иргэдийн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Х” ХХК нь Ашигт малтмал газрын тосны газраас 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зарлагдсан “Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Алагтолгой нэртэй СШ-28-1 дугаартай сонгон шалгаруулалт”-д шалгарч “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 4.7.3 дахь хэсэгт заасны дагуу 973,603,495 төгрөгийг АМГТГ-ын 100900018408 тоот дансанд байршуулан ХУ-021190 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших болсон. Улмаар 2020 онд ашигт малтмалын эрэл хайгуулын ажлыг хийхээр “Хайгуулын ажлын төлөвлөгөө”-г АМГТГ-аар батлуулаад байсан юм.
Гэтэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын саналыг үндэслэн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрыг сумын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч нар маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 1.2-ын “к”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтыг тус тус үндэслэл болгосон байдаг.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн дээрх шийдвэр, түүний үндэслэлийг илт хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил бүхий хууль бус шийдвэр гэж үзэж дараах хууль зүйн үндэслэл бүхий гомдлыг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргаж байна. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл:Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 дугаар тогтоол нь: Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан Хууль дээдлэх зарчмыг зөрчсөн, мөн хуулиар баталгаатай хамгаалагдсан иргэн, аж ахуй нэгжийн өмчлөх эрхэд хууль бусаар, дур мэдэн, эрх хэмжээгээ хэтрүүлэн халдсан, Монгол Улсын Захиргааны Ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага, албан тушаалтны зайлшгүй хийх ажиллагааг хангаагүй, Захиргааны байгууллага, албан тушаалтны илтэд буруутай үйлдлийн улмаас төрд их хэмжээний хохирол учрах эрсдэлийг бүрдүүлсэн, Аймгийн болон Сумын Засаг даргын Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засгийн газарт олгогдсон бүрэн эрхэд халдсан зэрэг хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн зэргээрээ илт хууль бус, цаашилбал ашиг сонирхлын илэрхий зөрчилтэй шийдвэр болох нь дараах хууль зүйн болон нотлох баримт бүхий тайлбараар тодорхой ойлгогдох болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн тодорхойлсон. Үүнийг тодруулбал, Үндсэн хуулийг чанд сахих нь төрийн аливаа байгууллага, албан тушаалтны зоргоор авирлахыг хуулиар хязгаарлах агуулгатай юм. Эдгээр зарчим, түүний дотор “ХУУЛЬ ДЭЭДЛЭХ” зарчим нь энгийнээр хэлбэл ЭЛДЭВ БАРИМТ БИЧГИЙГ ҮЛ ОРОЛЦУУЛАН ЗӨВХӨН ХУУЛИЙГ ЭРХЗҮЙН БОЛОН НИЙГМИЙН БУСАД ХЭМ ХЭМЖЭЭНЭЭС ДЭЭГҮҮРТ ТАВЬЖ юуны өмнө Засаг төр өөрөө сахин биелүүлэх, хэрэглэх, хамгаалах ёсыг хэлж, ойлгуулж байгаа хэрэг юм. Үүний тулд төрийн болон нутгийн захиргааны бүх байгууллага холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, хуулийг нэг мөр, шударга ёсны зарчмын үүднээс хэрэглэх үүрэгтэй. Гэтэл Сумын Засаг дарга, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны ерөнхий хууль, тухайн харилцааг шууд зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийг илтэд зөрчиж, буруу тайлбарлаж, аж ахуй нэгжийг ноцтой хохироосон. Тодруулбал: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Энэ хуулийн 11.1.25-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь талбайн солбилцлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана”, 17.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно” гэж заасан байна.
Гэтэл Сумын Засаг дарга 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1/59 дугаар албан бичигтээ “...Х ХХК нь Дэвшил 6 дугаар нутаг Алаг толгой гэх газарт 1421.89 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг авахдаа сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авна гэсэн заалтыг зөрчсөн, Мөн уг зөвшөөрөлтэй холбоотой ямар нэгэн бичиг манай суманд мэдэгдэлгүй санал авалгүйгээр хайгуулын зөвшөөрөл авсан. “Х“ ХХК нь Алаг толгой гэх газарт алтны эрэл хайгуул хийх боломжгүй гэсэн мэдэгдэл өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийг илтэд буруу тайлбарлаж, хэрэглэсэн болох нь илэрхий байна. Учир нь уг тусгай зөвшөөрөл бүхий талбайг нэхэмжлэгчийн зүгээс Төрийн захиргааны байгууллагаас зарлагдсан сонгон шалгаруулалтын дагуу авсан бөгөөд ийнхүү сонгон шалгаруулалт явуулах талбайн талаар хуульд заасан санал өгөх үүргээ биелүүлээгүй эс үйлдэл нь аж ахуй нэгжийн эд хөрөнгийн эрхэд ноцтой халдах, цаашлаад төрд их хэмжээний мөнгөн хариуцлага ногдуулах эрсдэл үүсгэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү нөхцөл байдлыг туйлын анхааралтай авч үзэж, төрд хохирол учруулсан буруутай албан тушаалтанд хариуцлага ногдуулах талаар ажиллах болно.
Түүнчлэн, хариуцагч дээрх хууль тогтоомжийг буруу ойлгон тайлбарлаж, ажил үүрэгтээ хайнга хандсан. Захиргааны акт гаргахдаа Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”. 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа баримтлах ёстойг зөрчсөн. Эдгээр зарчмын илэрхийлэл болох нөхцөл байдлыг тогтоох, оролцогчийн сонсох ажиллагааг зайлшгүй явуулахыг Захиргааны ерөнхий хуульд журамлан тогтоосон байдаг. Гэтэл Сумын Засаг дарга Засгийн газрын тогтоол бүхий Засгийн газрын эрх хэмжээний хүрээнд, харьяа аймгаас хуульд заасны дагуу саналыг авч, сонгон шалгаруулалтаар бусдад олгосон тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хамгаалалтад авах санал гаргахдаа энэ тухай эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдээс тодруулаагүй нь хууль дээдлэх, хуульд үндэслэх үүргээ огтхон ч биелүүлээгүй гэдгийн илрэл юм. Түүнчлэн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Захиргааны байгууллага болохын хувьд Захиргааны акт гаргахдаа дээр заасан сонсох ажиллагаа, сонгох боломжийг олгоогүй нь тус захиргааны акт хууль бус болох нь илэрхий болно.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” гэж заасан бөгөөд “Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Алаг толгой” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх нь Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Үүнийг Засгийн газраас эрх олгосны дагуу зохион байгуулах нь Төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын хуулиар хүлээсэн, хэнтэй ч хуваалцашгүй үүрэг юм. Маргаан бүхий акттай холбоотой асуудлаар Сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т“ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах” гэж заасан бөгөөд хариуцагч нар Засгийн газраас сонгон шалгаруулалтаар олгосон газрыг хураах, хамгаалах нэрээр булаах бус өөрийн эзэмшлийн хөрөнгөө хууль тогтоомжид нийцүүлэн эзэмших, ашиглах, үр шимийг нь хүртэх чиглэлээр дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, тэдгээрийг зохион байгуулах үүрэгтэй юм. Иймд хууль тогтоомжийг илтэд зөрчсөн, эрх хэмжээгээ хэтрүүлсэн Захиргааны хууль бус актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Х” ХХК нь Ашигт малтмал газрын тосны газраас 2018 онд зарласан 28/1 дугаартай сонгон шалгаруулалтанд оролцож шалгараад Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд “Алаг толгой” нэртэй XV021190 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2018 оны 12 дугаар сараас 3 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон. Эзэмшсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу 2019 онд хайгуулын үйл ажиллагаа явуулсан. 2020 онд хайгуулын үйл ажиллагаа явуулахаар байгаль орчин менежментийн төлөвлөгөөгөө Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад батлуулахаар хүргүүлсэн. Тус сумын Засаг даргаас хуульд заасан үүргийн дагуу бид нарт хариу өгөөгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тухайн талбайд тухайн жилийн байгаль орчны хайгуулын менежментийн төлөвлөгөөгөө батлуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг байхад уг төлөвлөгөө батлагдаагүй улмаас хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Манай компанийн зүгээс уг тусгай зөвшөөрлийг авахдаа сонгон шалгаруулалтад оролцоод тусгай зөвшөөрлийн үнэ болох 980 000 000 төгрөгийг Ашигт малтмал газрын тосны газрын төрийн сангийн дансанд тушаасан.
Мөн үйл ажиллагаа явуулахаар урсгал зардлууд гаргаад нийт 1 026 102 611 төгрөгийн зардал гарсан байгаа. Бид нар үйл ажиллагаа явуулж байх хугацаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 дугаартай газар, орон нутгийг тусгай хамгаалалтад авах тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолыг бид нар мэдээгүй үйл ажиллагаа явуулаад 2020 оны 04 дүгээр сарын үед хөндлөнгийн эх сурвалжаас уг тогтоол гарсан талаар мэдсэн. Ийм учраас бид нар хуулийн дагуу авсан тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, Зүүнбаян-Улаан сумын ИТХ-аас хууль бус шийдвэр гаргаж манай компанийн хууль ёсны эрх ашгийн хөндөж байна гэж үзээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар тайлбарлая.
Нэгдүгээрт 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 дугаартай Газар тусгай хамгаалалтад авах тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд ИТХ нь газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах эрх нь хуулиар олгогдсон бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хүрээнд бие даан хуулийн хүрээнд шийдвэрлэж, үйл ажиллагаа явуулах эрхтэй. Энэхүү эрхээ хэрэгжүүлэхэд өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн байна гэж манай зүгээс үзэж байна. Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн лавлагаанд 14/05 дугаартай тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар манай тусгай зөвшөөрөл авсан газартай ямар хэмжээгээр давхцаж байгааг уг тогтоолын батлагдсан солбилцлоор авч үзэхэд энэ тогтоолын хавсралтад заасан солбилцлын 2 дахь хэсэгт 1020 12минут 49980 гэсэн солбилцолтой байгаа. Энэ солбилцлоор авч үзэхэд манай тусгай зөвшөөрөл бүхий газартай 14 га-аар хэсэгчлэн давхцаж байна. Үүгээр тусгай хамгаалалтад авсан газар нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дэвсгэр рүү орчихсон байна. энэ нь юу вэ? гэхээр Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дэвсгэрийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах эрх Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ИТХ-д олгогдоогүй. Үүнийг хуулиар олгогдоогүй бүрэн эрх хэрэгжүүлсэн гэж үзэж байна. 14/05 дугаартай тогтоол нь захиргааны хэм хэмжээний акт. Хэрвээ энэ нь захиргааны акт байсан уг асуудлыг илэрхий алдаа гэж үзээд акт гаргасан захиргааны байгууллага засах боломжтой. Гэтэл энэ нь хэм хэмжээний акт бөгөөд Хууль зүйн яаманд бүртгэгдчихсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа захиргааны хэм хэмжээний акт учраас батлагдсан хэмжээгээр нь бид нар дагаж мөрдөх ёстой. Захиргааны хэм хэмжээний актад нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудал байж болно. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан процессын дагуу өөрчлөлт оруулах хүсэлтээ Хууль зүйн яаманд дахин бүртгүүлж байж өөрчлөх боломжтой. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ИТХ нь тус аймгийн Уянга сумын ИТХ-д олгогдсон эрх хэмжээг хэрэгжүүлсэн байна гэж үзэж байна.
Хоёрдугаарт 14/05 дугаартай тогтоолыг гаргахдаа “Онги таац сав” газрын захиргааны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 75 дугаартай зөвлөмж хүргүүлэх тухай зөвлөмжийг үндэслэсэн байдаг. Уг зөвлөмжөөр “Х” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий газар дээр 2 булаг урсаж байна. Энэ нь усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор орон нутгийг тусгай хамгаалалтад авч хамгаалалтын бүсийг тогтоож ажиллаж, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т зааснаар Засаг даргын саналыг үндэслээд усны эх үүсвэрийг орон нутгийг тусгай хамгаалалтад ав гэсэн зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. Хариуцагчаас хавтаст хэрэгт авагдсан 14/05 тогтоолыг батлуулахын тулд явуулсан бэлтгэл ажиллагааны хүрээнд хийсэн үйл ажиллагааны нотлох баримтууд байгаа. Энэ нь газрыг тусгай хамгаалалтад авах тухай 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн хэлэлцүүлгийн тэмдэглэл дээр хэлэлцэх асуудал нь булаг шандын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ, шийдвэрлэсэн хэсэгт газруудыг тусгай хамгаалалтад авч булаг шандын энгийн болон тусгай хамгаалалтын бүсийг тогтоохоор 100 хувийн саналаар шийдвэрлэсэн. Мөн нөлөөллийн шинжилгээг хийхдээ Усны тухай хууль болон Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан А/230127 дугаартай тушаал буюу усан сан бүхий газар усны эх үүсвэрийн энгийн болон онцгой хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэм мөрдөх журмыг үндэслэсэн байна. Үүний дагуу тус сумын тодорхой хэсгийг тусгай хамгаалалтад авч булаг шандын хамгаалалтын бүсийг тогтоох актын төслийг боловсруулахаар ажлууд хийгдсэн байна. Ингээд тухайн тогтоолыг гаргахдаа үндэслэсэн зөвлөмж, актын төсөл, нөлөөллийн шинжилгээ, хэлэлцүүлэг нь бүгд усны эх үүсвэр учраас энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг тогтоож орон нутгийн хамгаалалтад авах асуудлыг хэлэлцсэн. Гэтэл 14/05 дугаартай тогтоол нь юу гэж гарсан бэ? гэхээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 буюу байгалийн унаган төрх хэв шинжийг хадгалах зорилго бүхий иж бүрдэл нөөцийн газар гэж гарсан байгаа. Тэгэхээр үүнээс дүгнээд үзэхэд бүх бэлтгэл ажилд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7-д гол мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авна гэж заасан. Өөрөөр хэлбэл орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэл нь 20.5-д заасан мөрөн гол бүхий усны эх үүсвэрийг хамгаалах зорилго бүхий усны нөөц гэсэн ангиллаар авах ёстой байсан.
Гэтэл Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилсан бэлтгэл ажиллагаа нь хийгдээгүй үндэслэлээр уг тогтоолыг гаргасан байна гэж үзэж байна. Ингэснээр Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг батлах журмыг зөрчсөн гэж манай зүгээс үзэж байна. Онцгой болон энгийн хамгаалалтын бүс гэж юуг хэлээд байна вэ? гэхээр усан сан бүхий газар, усны эх үүсвэрийг бохирдлоос сэргийлэх, нөөцийг хомсдохоос сэргийлэх зорилгоор тогтоосон тодорхой хамгаалалтын бүс байдаг энэ дэглэмээс хамаараад 50-200 метрийн зай тогтоож ашиглах боломжтой. Уг газар дээр усны эх үүсвэр байна гэдэг нь тухайн газар дээр ашигт малтмал, хайгуулын явуулах, ашиглах үйл ажиллагаа хориглох үндэслэл болохгүй.
Энэ нь дээр дурдсан Байгаль орчны сайд болон Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалын 2.10-т энгийн хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглах харилцааг Усны тухай хуулиар зохицуулна гэж заасан. Усны тухай хуулийн 29.2.9-д гол мөрний бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах харилцааг хуулиар зохицуулна гэж заасан. Үүнтэй холбоотой харилцааг урт нэртэй хуулиар зохицуулж ирсэн. Энэ хуулийн 4.1-т Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац, бүрэлдэх эх, усан сан бүхий газар, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно, 4.3-т 4.1-т заасан газар, хил заагийг Засгийн газар тогтооно гэж заасан байдаг. Үүнээс юуг харж болох вэ? гэхээр манай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар нь Засгийн газраас хориглосон газарт хамаарахгүй. Бид нар тухайн үед хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хуулиар хориглосон тусгай хэрэгцээний газарт манай тусгай зөвшөөрөл бүхий газар хамаарч байгаа эсэхийг тогтоолгохоор 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газраас тодорхойлолт авахад танай байгууллагын тусгай зөвшөөрөл бүхий талбай хуулиар хязгаарласан, хориглосон талбайд хамаарахгүй байна гэсэн хариу өгсөн.
Хэдийгээр тухайн газарт 2 булаг урсаж байгаа нь усны эх үүсвэр боловч энэ нь тухайн талбай дээр танайх төслөө хэрэгжүүлж болно гэж Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулж авсан. Уг дүгнэлтэд танай тусгай зөвшөөрөл бүхий газар дээр 2 булаг урсаж байгаа юм байна, тийм учраас танайх тодорхой нөхцөлтэйгөөр төслөө хэрэгжүүлж болно гэсэн. Энэ нөхцөл нь юу вэ? гэхээр булаг шандын ойролцоо хамгаалалтын бүс тогтоо, ажилчдыг усны эх үүсвэртэй яаж харьцах талаар заавар сургалтанд хамруул, жил болгон уснаас дээж авч шинжилт хийх зэрэг шаардлагуудыг биелүүлээд үйл ажиллагаагаа явуулж болно гэж дүгнэсэн.
Үүний дагуу манай байгууллага Байгаль орчин, аялал жуулчлалын газраас дүгнэлт гаргуулаад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Хариуцагч тал тайлбартаа нэхэмжлэгч компани усны эх үүсвэртэй, хуулиар хориглосон талбайд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа гэж бодит үнэнд нийцэхгүй тайлбар удаа дараа гаргасан байдаг. манай байгууллага хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдэг нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд эдгээр баримтууд нь бүгд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнээс ямар дүгнэлтэд хүрч болох вэ? гэхээр 14/05 дугаартай тогтоолыг гаргахад бүх хэлэлцэгдсэн асуудлууд нь усны эх үүсвэр учир тусгай хамгаалалтад авъя гэсэн хэдий ч үндэслэл нь 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэг байтал шал өөр зүйлээр буюу 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилгоор тусгай хамгаалалтад авсан гэж байгаа нь хууль бус гэж үзэж байна.
Захиргааны хэм хэмжээний актын батлах явцдаа хийсэн баримтуудад дүн шинжилгээ хийгээд харвал хэм хэмжээний актыг батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 61-64 дүгээр зүйл болон Хууль зүй дотоод хэргийн сайдын баталсан захиргааны хэм хэмжээний актыг батлах явцад нөлөөллийн шинжилгээ хийх журам зэргийг баримтлах ёстой байсан.
Дээрх хууль болон журамд заасан нөлөөллийн шинжилгээг хийгээд уг захиргааны актаа гаргах шаардлагатай байна гэж үзвэл захиргааны актын төслөө боловсруулаад тухайн этгээд нь мэдээллийн албан ёсны сайт буюу цахим сайтдаа байршуулж 30-аас доошгүй хоногийн дотор санал авна гэж заасан. Мөн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээд байвал энэ талаар заавал мэдэгдэнэ гэж заасан байгаа.
Энэхүү нөлөөллийн шинжилгээ хийх журмын 1.4.6-д зааснаар нөлөөллийн шинжилгээ хийхдээ хуульд зааснаас гадна тусгай журмыг баримтална гэж заасан байдаг. Энэ нь юу вэ? гэхээр хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд байвал заавал оролцоог нь хангах боломжоор хангана гэсэн зарчимтай. Нөлөөллийн шинжилгээ хийх явцдаа тодруулах асуудлууд нь юу вэ? гэвэл эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байвал түүнийг оролцуулах шаардлагатай нөгөө талаасаа хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсооход хүрэх нөхцөл байдал үүсч байгаа юм. Эдийн засаг, нийгмийн хүрээнд тухайн актыг гаргасны үр дүнд тухайн акт нь ямар нөлөөллийг үзүүлж байгааг тодруулах шаардлагатай. Үүнээс үзэхэд 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн актын төсөл байгаа. Хэм хэмжээний актын төсөл батлагдсан нь 12 дугаар сарын 16-ны өдөр. Тэгэхээр 15, 16 хоногийн хооронд санал авсан байж таарч байгаа бөгөөд хуульд заасан 30-аас доошгүй хоног гэж заасныг хангаагүй. Энэ нь актын төсөл буюу акт гарснаар ямар харилцааг зохицуулж байгаа вэ? гэдэг нь тодорхой болж байгаа юм. Орон нутгийн тусгай хамгаалалтад авч байгаа нь яг ямар хэмжээгээр авч байгаа зэрэг актын төслийг уншиж байгаа хүнд тусгай хамгаалалтад авч байгаа газрын талаар ойлголттой болох хэмжээний байх ёстой буюу түүнийг уншаад миний эрх ашиг хөндөгдөж байгаа юм байна гэж ойлгоод тэр эрх ашиг сонирхлоо хамгаалъя гэсэн ойлголтыг өгөх ёстой.
Гэтэл энэ актын төслийг уншихаар яг ямар газар гэдэг нь ойлгомжгүй учир санал өгөх боломжгүй. Мөн албан ёсны цахим сайтад байршуулаагүй, тэрийг харах ямар ч боломж байхгүй байсан. Манайх энэ актыг гарсан гэдгийг мэдээгүй бүр дараа нь 4 сард ирээд хөндлөнгийн эх сурвалжаас акт гарсан талаар мэдээд хуулбарлаж авсан.
Дараагийн асуудал нь нөлөөллийн шинжилгээний асуудал байгаа. Нөлөөллийн шинжилгээг хийхдээ тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсооход хүргэж байгаа гэдгийг тодруулах шаардлагатай байсан. Уг шинжилгээг байгаль орчны асуудал хариуцсан Цогзолмаа гэх хүн хийсэн байдаг. Энэ талбай дээр манайх тусгай зөвшөөрөлтэй гэдгийг тэр хүн мэдэж байсан буюу энэ компани үйл ажиллагаа явуулахгүй зогсох нөхцөл байдалд хүрнэ гэдгийг энэ хүн мэдэж байсан. Яагаад вэ? гэхээр хэлэлцүүлгийн тэмдэглэлийг Цогзолмаа өөрөө хөтөлсөн бөгөөд хурал дээрээ энэ газар дээр “Х” ХХК-д тусгай зөвшөөрөл олгочихсон байгаа. Энэ компани хайгуулын үйл ажиллагаа явуулах гэж байна гэж гэдгийг мэдэж байсан. Гэтэл нөлөөллийн шинжилгээ хийж актыг гаргахдаа үүний улмаас эрх ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд байхгүй байна гэж дурдсан нь өөрөө уг актыг гаргахад манай байгууллагыг оролцуулах ёстой гэдгийг мэдэж байсан нь нэг асуудал юм.
Нөгөө талаас уг актыг гаргаснаараа эдийн засаг, нийгмийн хувьд ямар нөлөөлөл үзүүлэх вэ? гэдгийг тодорхойлох ёстой. Манай компани тусгай зөвшөөрөл авахдаа ашигт малтмалын сонгон шалгаруулалтад ороод 980 000 000 төгрөгийг төрийн санд тушаасан. Тэгээд 2019 онд хайгуулын үйл ажиллагаа явуулахад үйл ажиллагаатай холбоотой тодорхой зардлуудтай нийлээд 1 026 000 000 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл энэ актыг гаргасан байгууллага нь тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад нөхөн олговрыг өгөх ёстой.
Тэгэхэд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумынх нь төсөвт 1 тэрбум гаруй төгрөгийг дарамт үзүүлэх шийдвэр гарч байхад энэ актыг гаргаснаараа эдийн засгийн хувьд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй юм. Байгаль орчны нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалд заасан нөлөөллийн шинжилгээ хийгээд актаа гаргах шаардлагатай гэж үзвэл хэлэлцүүлэг хийж актын төсөлдөө санал авах ёстой байсан.
Хэлэлцүүлгийн тэмдэглэл нь 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр гэсэн огноотой, хэлэлцүүлэг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дэчид багийн төвд зохион байгуулагдана гэсэн. Тэгэхээр нөлөөллийн шинжилгээ хийгдэхээс өмнө явагдсан хэлэлцүүлгийн тэмдэглэл байгаа учраас уг нөлөөллийн шинжилгээ хийгдсэний дараа буюу 14/05 тогтоолыг гаргах явцад хэлэлцүүлэг хийгдээгүй юм байна гэж дүгнэхэд хүрч байна. Актын төсөлд санал авсан гэж байгаа. Санал авсны дараа актын төсөлд иргэн хуулийн этгээд санал ирүүлсэн бол тухайн саналыг хэрхэн тусгасан тухай тэмдэглэлийг хавсаргах ёстой. Энэ талаар тэмдэглэгдсэн баримт огт байхгүй. Манай байгууллагаас актыг батлах явцад гарсан бүх урьдчилсан ажиллагааны баримтуудыг гаргаж өгөөч ээ гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж үүний дагуу хариуцагч байгууллагаас тухайн баримтуудыг гаргаж өгөөгүй.
Бас нэг асуудал нь энэ газрыг яагаад 14 га гэж тогтоосон юм бэ? энэний үндэслэл огт байхгүй. 14/05 тогтоолыг батлах явцад үйлдсэн хурлын тэмдэглэл байгаа. Түүн дээр газрын албаны ажилтан 1500 га-г орон нутгийн тусгай хамгаалалтад авъя гэсэн саналыг оруулсан байдаг. Хурлын явцад хэлэлцэгдсэн асуудлыг тэмдэглэлд тусгаагүй, акт гарахдаа 2000 га гэж гарсан. Яг ямар үндэслэлээр энэ газрын 1500, 2000 га гэсэн хэмжээ тогтоосон нь тодорхойгүй байна. Уг нь актын нөлөөллийн шинжилгээний урьдчилсан ажиллагааны явцад яг ямар хэмжээний газар тогтоогдож байгаа вэ? гэдэг нь ил тод үндэслэл бүхий байх шаардлагатай. Нөгөө талаас 14/05 тогтоол нь Хууль зүйн яаманд 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр бүртгэгдсэн байдаг. Гэтэл энэ нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах харилцааг нарийвчлан зохицуулсан буюу Ашигт малтмалын тухай хуульд заасан байдаг.
Ашигт малтмалын тухай хуулийн 14.1 дэх хэсэгт эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гаргаснаас хойш ажлын 10 өдөрт багтаан захиргааны байгууллагад бүртгүүлнэ. Өөрөөр хэлбэл энэ тогтоол нь ашигт малтмалын газарт бүртгэгдсэн байх ёстой. Гэтэл 14/05 дугаартай тогтоол нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Ашигт малтмал газрын тосны газраас бүртгэлгүй байна гэдэг. Эндээс ямар дүгнэлтэд хүрч байна вэ? гэхээр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ИТХ нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 тогтоолыг гаргахдаа нэгдүгээрт Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт хамаарах газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч хуулиар олгогдоогүй бүрэн эрх хэрэгжүүлсэн. Хоёрдугаарт бүх захиргааны актыг гаргах бэлтгэл ажиллагааны хүрээнд усны эх үүсвэр учраас орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцээд акт гаргах үндэслэл болох Захиргааны ерөнхий хуулийн 20.5 буюу гол мөрний усны эх үүсвэр гэж байх байтал 20.1-т заасан байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилготой гэж хууль зүйн үндэслэлгүйгээр гаргасан нь захиргааны хэм хэмжээний акт гаргах, нөлөөллийн шинжилгээ хийх, хэлэлцүүлэг хийх, актын төсөлд санал авах зэргийг огт хангаагүйгээр акт гаргасан гэж үзэж байна.
Нөгөө талаар урьдчилсан шатанд хийгдсэн гээд байгаа ажиллагаанууд нь өөрөө гарахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна. 30-аас доошгүй хоногийн дотор санал авна гэж гэснийг 15, 16 хоногийн дотор санал авсан. Хэлэлцүүлэг хийгдээгүй, актын төслөөс өөр ямар хэм хэмжээ тогтоож байгаа гэдгээ ойлгож санал өгөх, түүнээс хууль ёсны эрх ашгаа хамгаалах нөхцөлөөр хангаагүй байна. Гуравдугаарт яагаад 2000 га гэж тогтоосон үндэслэл нь тодорхойгүй байна. Мөн хуульд заасан журмаар бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байна. Тэгэхээр 14/05 тогтоол нь дээрх журмуудыг зөрчсөн учраас хууль бус гэж үзэж хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Манай дараагийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд манай компани нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2026 тоот хүсэлтээ Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад хүргүүлсэн. Энэ хүсэлтэд 2020 онд уг хайгуулын талбай дээр явуулах байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүргүүлж байна баталж өгөөч ээ гэхэд ямар нэгэн хариу өгөөгүй. Ийм учраас манай байгууллагын зүгээс 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч хариу нь 07 дугаар сарын 09-ний өдөр ирсэн. Өвөрхангай аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрийг манай байгууллагын зүгээс асуудлыг шийдвэрлээгүй байна гэж үзээд 07 дугаар сарын 10-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.
Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил болгон тухайн талбай дээрээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын газар, Байгаль орчны яам болон тухайн талбай дээрх сум орон нутгийн эрх бүхий байгууллагуудаар батлуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрх нь үүсдэг. Манай байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлаагүй байгаа учраас манайх талбайдаа үйл ажиллагаагаа явуулбал хууль зөрчсөн асуудал үүсэх учир өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулахгүй эрх ашиг сонирхол хөндөгдөөд байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар тухайн хайгуулын талбай дээрх сум, орон нутгийн Засаг дарга нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүргүүлснээс хойш ажлын 10 хоногийн дотор баталж зохих шийдвэрийг гаргах ёстой байдаг. Мөн Байгаль орчин, менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хянан батлах, тайлагнах журам гэх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А618 тоот тушаал байгаа. Энэ тушаалын 3.6-д зааснаар ашигт малтмал, хайгуул, ашиглал, дэд бүтэц, барилга байгууламж буюу улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа төсөл байвал түүнийхээ төлөвлөгөөг эхний улиралдаа багтаан батлах үүрэг нь хуулиараа орон нутгийн эрх бүхий этгээдэд оногдсон байна. Гэтэл энэ нь өөрөө хуульд заасан бичгийн хэлбэрээр буюу албан ёсоор бичгээр тухайн төлөвлөгөөг батлах эсхүл батлахгүй байгаа бол ямар үндэслэлээр батлахгүй байгаа гэдгээ тодорхойлсон хариуг бид нарт өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй гэж үзэж манай компанийн зүгээс зохих шийдвэрийг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
3 дахь нэхэмжлэлийн шаардлага маань манай компанийн зүгээс 14/05 тогтоол болон Засаг даргын байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хууль бус үйлдлийн улмаас манай компанид учирсан хохирол буюу тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийг авах болон 2019 онд хайгуулын үйл ажиллагаа явуулах үед гарсан зардал болох 1 026 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Үндсэн нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах боломжтой мөн шүүгчид хуулийн хүрээнд уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг зүйлийг буруу ойлгочих шиг боллоо. Бид нар 2019 онд хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа харилцан том оврын эрх, талуудтай ойлголцоод ажиллагаа явуулсан. Мөн бид нар жил болгон үйл ажиллагаа явуулдаг учраас жил болгоныхоо үйл ажиллагааны төлөвлөгөөг батлаад үйл ажиллагаагаа явуулдаг. Иргэдийн эсэргүүцлээс болоод үйл ажиллагаа явуулахаасаа татгалзсан байна гэдэг тайлбарыг хариуцагч талаас өгч байх шиг байна. Бид нар иргэдийн эсэргүүцлээс болоод үйл ажиллагаагаа зогсоочихсон юм биш ээ. Нэгдүгээрт 14/05 тогтоолын үндэслэлээс болоод үйл ажиллагаагаа зогсоосон байгаа. Хоёрдугаарт байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байна гэдэг нь эргээд бид нар мэргэжлийн байгууллагад тайлан төлөвлөгөөгөө өгдөг учраас энэ менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байгаа тохиолдолд үйл ажиллагаа явуулбал хууль бус үйл ажиллагаа хийх болоод байгаа учраас үйл ажиллагаагаа явуулж боломжгүй болсон. Гуравдугаарт Ашигт малтмал газрын тосны газраас Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд зөвлөмж өгсөн байдаг. Тэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.2-т заасны дагуу 45 хоног буюу хуулийн хугацаанд саналаа өгөх ёстой байдаг. Энэ хуулийн хугацаанд санал нь ирээгүй учраас тендерт олгогдсон. Тиймээс тухайн лиценз нь хууль ёсны дагуу олгогдсон гэдгийг хавтаст хэрэгт ч нотлох баримтаар гарч ирсэн байгаа. Тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад ч гэсэн Ашигт малтмал газрын тосны газраас чиг үүрэг өгсөн байдаг. Тэрхүү чиг үүрэгт хуулийн дагуу олгогдсон ураас тухайн аж ахуй нэгжтэй хамтран ажиллана уу гэдэг чиглэл өгсөн байдаг гэв.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай суманд Засаг даргын хэлснээр албан ёсны бичиг ирээгүй. Танай суманд хайгуул ажил эхлэх гэж байгаа гэсэн бичиг огт ирээгүй. Аймгийн төвөөс сумын Засаг дарга руу бичиг хүргүүлсэн байх ёстой байсан. Ер нь тэр газар хайгуулын үйл ажиллагаа хийх гэж байгаа гэдгийг бид нар албан ёсны бус эх сурвалжаас авсан. Өмнө нь Алаг толгой Дэвшил баг орчмыг тусгай хамгаалалтад 10 жилийн өмнө авч байсан газар байсан. Тухайн газрын хугацаа нь дуусчихсан байсан. Мөн дээрээс нь хайгуул хийх гэж байгаа хүмүүс ирэх гэж байгаа гээд сумын сонгогдсон хурлын төлөөлөгч нараас санал орж ирснээр сумын Засаг даргын тамгын газрын газрын даамал, байгаль орчны улсын байцаагч хоёр иргэдийн хурлаар оруулж ирэн тогтоолыг гаргасан байдаг. Энэ тогтоол дээр яалт ч үгүй тухайн газар нь булаг шандтай, шүтлэгтэй тахилга хайрхантай газар байсан. Урд нь “Х” ХХК-иас уг тогтоолыг өгөөч ээ гэж өмнөх шүүх хуралдаан дээр хэлж байсан. Энэ 2 сарын хугацаанд тогтоолоо цуцлаад албан ёсны хэм хэмжээ тогтоосон акт нь хүчин төгөлдөр бус байна гэж хэлсэн. Хэрвээ сумын хурлаар шийдвэрлэхгүй бол 2 сарын дараа тогтоол хүчингүй болно гэсэн. Би сумынхаа иргэд төлөөлөгч нар тогтоолыг танилцуулахад цуцлахгүй, сум орон нутагтаа хайгуул хийлгэхгүй гэсэн. Солбилцлын цэг, байгаль орчны төлөвлөгөө, Хууль зүйн яам руу явуулсан бичгийг би өөрөө нарийвчилж үзээгүй. Тийм болохоор алдаа дутагдал байсан үгүй сайн мэдэхгүй байна гэв.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга Б.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргатай холбоотой байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй гээд байгаа. Уг хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл байна гэж үзэж байгаа. Ашигт малтмал газрын тосны газраас Өвөрхангай аймаг руу албан бичиг явуулсан байдаг. Зүүнбаян-Улаан суманд олгосон тусгай зөвшөөрлийг мэдээгүй ийм учраас сум орон нутгаас тус газар нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын олон жил шүтэж ирсэн Дөлгөөн хайрханы өвөрт байдаг. Тэндээ ундны устай, хүн малыг ундаалдаг газар нь байхад тэр газраа хайгуулын үйл ажиллагаа явагдах гэж байгааг манай нутгийнхан мэдээгүй байсан.
Тэрхүү тусгай зөвшөөрөл олгосон үйлдлийг нутгийн ард иргэд болон миний зүгээс хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд байгаа юм. 2019 онд өмнөх Засаг дарга байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлаад хайгуул хийсэн байдаг. Ингэхдээ “Х” ХХК-ийг хайгуулын үйл ажиллагаа хийсэн гэж ойлгосон. Тус байгаль орчин менежментийн төлөвлөгөөнд 30 цооног буюу 300 гаруй өрөмдлөг хийх гэж байгаа гэж төлөвлөгөөндөө тусгасан ч 70 гаруй цооног гаргаж 270 метр газар гүн өрөмдсөн байдаг. Миний зүгээс хайгуулын ажлаа хийсэн гэж үзээд байгаа. Ер нь бол нутгийн ард иргэдийн зүгээс ч энэ нь нэлээдгүй маргаантай зүйл болж байгаа учир үүнийг зогсоосон байдаг юм.
Ийм учраас тусгай зөвшөөрөл олгосон үйлдэл нь анхнаасаа хууль зөрчиж явагдсан гэж үзэж байна. Тус газар нь “Х” ХХК-ны зүгээс яриад байгаагаар яалт ч үгүй усны эх үүсвэртэй, 2017 онд Монгол Улсын хэмжээгээр усны нэгдсэн тооллого явагдсан байдаг. Энэ газрын ойр орчим дахь булаг шанднууд бүгд тооллогод ороод шат шатны байгууллагууд руу явсан. Одоогоор манай суманд усны тооллогын бүх холбогдох бичиг баримтууд бүгд байдаг. Тиймээс энэ нь тусгай зөвшөөрөл олгох тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж байна гэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд 3 нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гаргаад үүн дээр захиргааны хэрэг үүсээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа миний ойлгосноор 2 дахь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг болон шаардлагаа өөрчлөөд ярьчих шиг боллоо. Шүүх хуралдааны тэмдэглэлээс дараа нь харагдах байх. Энэ юу вэ? гэхээр “Х” ХХК нь ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх ажлыг Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хуульд заасны дагуу батлуулж олгохыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад даалгах гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болохоос биш зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.
Хэрвээ зохих журмын дагуу шийдвэрлэх гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол бид нар тэрэнд хариу тайлбар өгч энэ нь тусдаа асуудал гэж үзэж байна. Тэгэхээр 2 дахь нэхэмжлэлийн шаардлага буюу баталгаажуулж олгохыг даалгах гэдэг нэхэмжлэлийг эсэргүүцэж хариу тайлбараа гаргасан байгаа. Ямар үндэслэлээр байгаль орчин менежментийн төлөвлөгөөг баталгаажуулж олгохыг даалгах гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа вэ? гэхээр нэгдүгээрт баталж олгох нь өөрөө Засаг даргын эрх хэмжээний асуудал.
Хэрвээ баталж олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бол түүнийг тогтоолгож ямар нэгэн шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх хэмжээ нэхэмжлэгчид байгаа. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд бичгээр өгсөн нэхэмжлэлийн шаардлагынхаа хүрээнд тайлбарлахгүй бол шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх үр дагавартай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хүрээнд шүүх шийдвэрлэх боломжтой. Тухайн сумын Засаг даргыг менежментийн төлөвлөгөөг батал, олго гэсэн шийдвэр шүүхээс гарах уу үгүй юу гэдэг нь сонин болохоос биш хууль ёсны дагуу шийдвэрлэ гэдэг шийдвэр шүүхээс гарах боломжгүй. Яагаад гэвэл тэгж нэхэмжлээгүй учраас. Сая хэрэгтэй танилцахад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан зүйл харагдахгүй байсан.
Дараагийн асуудал нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ИТХ-ын 14/05 дугаартай тогтоол байгаа. Үүн дээр бид нар хэд хэдэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эхний үндэслэл нь ямар ч байсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28.3-т заасан олгогдсон эрхийн дагуу шийдвэр гаргаж тогтоол гаргасан байна. Ингэж гаргахдаа өөрсдийн буюу ИТХ-ын даргын, иргэдийн төлөөлөгч нарын эсхүл Засаг даргын хүсэл сонирхлоор биш эрх бүхий буюу мэргэжлийн байгууллагын зөвлөмжид заасны дагуу гаргасан гэж. Өөрөөр хэлбэл тухайн сав газрын захиргаанаас ирсэн энд булаг шанд урсаж байна, усны сав газар байсаар байтал үүн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байгаа нь буруу байна гэсэн зөвлөмж ирсэн. Түүнийхээ дагуу шийдвэр гаргасан байгаа. Мөн дээрээс нь тухайн орон нутгийн иргэдийн шахалт шаардлага байсан гэдэг нь ойлгомжтой байх гэж бодож байна. Хоёрдугаарт бодит байдал дээр тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон газарт мал амьтан ундаалдаг ус, булаг байна уу? үгүй юу? гэдэг нь чухал асуудал. Үүнийг мэргэжлийн байгууллага тогтоочихсон. Монголчууд тоотой хэдэн булаг шандаа бараадаж л амьдардаг хүмүүс шүү дээ. Түүнийг нь яагаад хайгуулын тусгай зөвшөөрөлд яагаад хамруулчихдаг юм, тусгай зөвшөөрөл олгосныг нь яагаад зөв гэж үзээд байгаа, орон нутаг, нутгийн захиргааны байгууллага яагаад тэр газраа хамгаалах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа, тэр эрхийг нь төрийн захиргааны байгууллагаас ч гэсэн огт олгоогүй байгаа вэ? гэдэг нь ойлгомжгүй юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 17.2-т аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-т заасан мэдэгдлээ хүлээн авмагц тухайн талбайд орших сум, дүүргийн ИТХурал болон аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн саналыг авч шийдвэрлэнэ гэж тодорхой заасан. Өнөөдрийн 2 хавтаст хэрэг дотор Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум, ИТХ, баг, сумын Засаг даргад нь ч тэр нэг ч бичиг, санал хуульд заасны дагуу очоогүй.
Танай нутаг дэвсгэрт ийм хайгуулын үйл ажиллагаа явагдах гэж байна, тахилга шүтлэгтэй хайрханы өвөр, булаг, шанд, устай газар хайгуулын зөвшөөрөл олгогдох гэж байна гэж санал ирсэн бол эдгээр хүмүүс одоо яриад байгаа зүйл буюу энэ газар болохгүй, түүхийн дурсгалтай, тахилгатай, булаг, шанд, устай газар, мал амьтан байдаг, намар айлууд нутагладаг юм, хашаа хороо бариад хайгуулын үйл ажиллагаа явуулбал саад болно гэж хэлэх байсан. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлэх боломжоор нь төрийн захиргааны байгууллага, Ашигт малтмалын газар, аймаг, нийслэлийн захиргаа нь ч юм уу хангаж өгөөгүй. Үүнээс болоод тухайн сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, гишүүд ямар ч гэм буруу гэх юм уу буруутгагдах шалтгаан байхгүй. Нэг л өдөр техник хэрэгсэлтэй хүмүүс нутаг орныг нь ухаад ирэхээр цочирдож одоо яах уу? 2010 онд энэ газрыг тусгай хамгаалалтад авчихсан байсан байна, тэрийгээ сэргээе, дараагийнхаа тогтоолыг гаргая гээд яаран тогтоол гаргасан нь өнөөдөр хүчингүй болгуулах гэж байгаа тогтоол юм. Энэ тогтоолыг гаргахдаа Монгол Улсын хуулийг зөрчөөгүй, зохих ёсны дагуу бүртгүүлсэн.
Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 65.1-т заасан хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагуудыг хангагдсан эсэхийг хянаж улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ. Дээрх шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй гэж заасан. 60 дугаар зүйлд захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага, 61 дүгээр зүйлд захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх, 62 дугаар зүйлд захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах гэж байгаа. Энэ шаардлагыг хангасан эсэхийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаад бүртгэсэн байгаа. Бүртгэгдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.
Эсрэгээрээ нэхэмжлэгч талаас ярьж байгаа Ашигт малтмалын газар буюу ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байна гэж нэхэмжлэл гаргаж байгааг нь ойлгохгүй байна. Бүртгүүлээгүй учраас эрх ашгийг нь хөндөөд байна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэж байна. Хэрвээ тухайн газар нутгийг тусгай хамгаалалтад аваад тэрийгээ Ашигт малтмалын газарт бүртгүүлээгүй бол ашигт малтмалын газраас лавлагаа авч тэр хариуг өгөх зорилготой мэдээллийн санд солбилцлыг өгч байгаа гэсэн үг.
Тэрийг өгөөгүй нь эсрэгээрээ өөрсдийнх нь эрх ашигт муугаар нөлөөлж байгаа юм. Тэрийгээ бүртгүүлж чадаагүй учраас өөр компанид тусгай зөвшөөрөл олгогдсон нөхцөл байдал байдаг. Эсрэгээрээ бүртгээгүй байж энэ компани хайгуулын үйл ажиллагаа хийж, далан цооног ухаж эхэлсэн. Бүртгэгдсэн байсан бол ийм хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Тэгэхээр энэ захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй. Нэгт төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэх бүртгэлийн асуудалд энэ нь үндсэн захиргааны хэм хэмжээний акт мөн эсэх, хуулийн шаардлага хангасан эсэхийг Хууль зүйн яаманд бүртгүүлдэг гэдгийг бид нар бүгдээрээ сайн мэдэж байгаа. Ийм учраас тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.
Өвөрхангай аймгийн Уянга сумын газар нутаг руу орсон гэж байна. Би хавтаст хэргийн материалаас энэ талаар юу ч олж хараагүй. Магадгүй орсон байхыг үгүйсгэхгүй. Орсон байвал Уянга сумын эрх ашгийн асуудал яригдана уу гэхээс биш “Х” ХХК Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ, Засаг даргыг төлөөлөөд манай сумын нутаг руу тусгай хамгаалалтын зарим хэсгийг авчихсан байна гэж ярих эрх байхгүй. Энэ бол Уянга сумынхны асуудал. Эцэст нь хэлэхэд энэ нэхэмжлэлийн шаардлагуудыг базаад хоёр асуудал хэлмээр байна. Нэг нь орон нутгийн санал аваагүй гэж байгаа. Тусгай зөвшөөрөл авахдаа орон нутгийн саналыг авсан баримт хэрэгт байхгүй. Хоёрт нь тухайн сум газрыг тусгай хамгаалалтад авсан талаар аж ахуй нэгж, орон нутаг хоёрын хооронд зөрчил үүсээд байгаа юм. Энэ зөрчлийг шийдвэрлэхэд зөвхөн ИТХ ч юм уу, өмгөөлөгч бид нарын ярьж байгаа эрх ашиг хөндөгдсөн асуудлын талаар ярьж байгаа зүйл байхгүй. Ард нь орон нутгийн иргэд буюу тухайн бүс нутгийн иргэд бүгд эсэргүүцэж байгаа. Эсэргүүцэж байгаа гэдгээ иргэдийн бүх нийтийн хурал дээр хэлж ирсэн байдаг. Энэ бүгдийн ард тус сумын иргэд байгаа. Тэгэхээр үйл ажиллагаа нь зөвхөн ИТХ, Ашигт малтмалын газарт бүртгүүлээд тогтоол гаргасан үгүй нь хамаагүй, бодит байдал дээр тэнд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэхийг иргэд нь зөвшөөрөхгүй эсэргүүцээд байгаа юм. Өнөөдөр менежментийн төлөвлөгөө баталж өгөөгүйгээс болоод ч юм уу, ИТХ-ын тогтоолоор газар нутгаа тусгай хамгаалалтад авснаас болж бидний эрх ашиг хөндөгдлөө гэж нэг талаасаа бодит байдал дээр үндэслэл муутай байна гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй байж өөрчилж ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга, ИТХ хуулиар олгогдсон эрхээ өөрсдөө л эдэлнэ. Түүнийг батлах эсэхээ шийдвэрлэнэ. Тэгж шийдвэрлэхийг даалга гэвэл өөр асуудал, батлахыг даалга гэвэл буруу асуудал гэж үзэж байна гэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхнаасаа хууль бусаар тусгай зөвшөөрөл олгогдсон гэдэг дээр нэмж хэлэхэд Усны тухай хуульд заасны дагуу тухайн сав газрын захиргаанаас зөвшөөрөл авч байж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ёстой байдаг. Гэтэл энэ зөвшөөрлийг аваагүйгээс болоод ийм асуудал үүсээд байгаа юм. Уг зөвшөөрлөө олгосны дараа Сав газрын захиргаанаас лавлагаа авахад энэ газар давхцалтай байгаа гэдгийг илэрхийлдэг.
Маргааны гол асуудал нь юунд байна вэ гэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу Аймгийн засаг даргаас орон нутгийн иргэдэд хандаж санал авах ёстой байсан. Санал авах ажиллагааг хэрэгжүүлээгүйгээс болоод өнөөдрийг уг маргаан үүсээд байгаа юм. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах буюу 2 дахь нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбоотой Б.Батбаяр өмгөөлөгчийн хэлсэнтэй санал нэг байна. Батлах, батлахгүй байх эрх хэмжээ нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу Засаг даргад өөрт нь олгогдсон. Шүүхээс даалгах ямар ч боломжгүй гэдгийг хэлмээр байна. Эцэст нь хэлэхэд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 дугаартай тогтоол энэ хуулийг зөрчсөн байна гэдэг талаар тодорхой хуулийн заалт байхгүй. Эсрэгээрээ хуульд нийцсэн буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хэмжээнд тухайн тогтоолыг гаргаж, Хууль зүйн яаманд бүртгүүлсэн байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Зүүнбаян-Улаан сумын Алагтолгойд хайгуул хийх буруу” гэжээ.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК нь тус шүүхэд хандаж Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, мөн сумын Засаг дарга нарт холбогдуулан 1. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2. “Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталгаажуулж олгохыг Өвөрхангай аймгийн 3үүнбаян-Улаан сумын Засаг даргад даалгах, 3. Хууль тогтоомжийг илтэд зөрчиж Засгийн газрын бүрэн эрхэд халдаж нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуул хийх ажлыг үндэслэлгүйгээр зогсоосноос үүссэн хохирол 1,026,102,611.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах” гэсэн 3 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар судлагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг тал бүрээс нь бодитойгоор хэлэлцэж дараах үндэслэлээр хянан шийдвэрлэлээ.
Нэг: “Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталгаажуулж, олгохыг Өвөрхангай аймгийн 3үүнбаян-Улаан сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 сарын 21-ний өдрийн шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын сонгон шалгаруулалтад орж шалгарсан “Х” ХХК-д Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Алаг толгой” нэртэй газарт орших 1421.89 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал хайхыг зөвшөөрч XV-021190 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2021 оны 12 сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд олгожээ.
Улмаар “Х” ХХК нь уг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа хийх хайгуулын ажлын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Өвөрхангай аймгийн 3үүнбаян-Улаан сумын Засаг даргаар батлуулж 2019 онд хайгуулын ажил хийж гүйцэтгэжээ.
Харин тус компани нь 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Өвөрхангай аймгийн 3үүнбаян-Улаан сумын Засаг даргаар батлуулахаар 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 20/26 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч хариуцагч сумын Засаг дарга нь уг төлөвлөгөөг батлаагүй тул нэхэмжлэгчээс шүүхэд хандаж уг төлөвлөгөөг батлахыг сумын Засаг даргад даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Зүүнбаян-Улаан сумын Засаг даргаас нэхэмжлэгч компанийн 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа үндэслэлээ “Тус газар нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын олон жил шүтэж ирсэн Дөлгөөн хайрханы өвөрт байдаг. Тэндээ ундны устай, хүн малыг ундаалдаг газар нь байхад тэр газраа хайгуулын үйл ажиллагаа явагдах гэж байгааг манай нутгийнхан мэдээгүй байсан. Тэрхүү тусгай зөвшөөрөл олгосон үйлдлийг нутгийн ард иргэд болон миний зүгээс хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд байгаа юм. Мөн тухайн орон нутагт хайгуулын ажил хийх гэж байгаа бол тухайн сумын Засаг даргад албан бичгээр мэдэгдэх ёстой байсан. Гэвч нэг удаа ч тийм бичиг ирээгүй...” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах, 38.1.5-т хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх, 38.1.6-д энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах, 38.2-т Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж зааснаар сумын Засаг дарга нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шинэчлэн боловсруулж ирүүлсэн төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд хянаж, батлах үүрэгтэй байна.
Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийн 2019 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталсан атлаа 2020 оны төлөвлөгөөг дээр дурдсан үндэслэлээр батлахгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчид анх хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд тухайн орон нутгаас зөвшөөрөл аваагүй, ундны усны эх үүсвэр гэх мэт хуульд заагаагүй үндэслэлээр тус компанийн 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болжээ.
Хариуцагч Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын н-д “нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих”, 38 дугаар зүйлийн 38.3-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна” гэж зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, биелүүлээгүй бол дээрх хуульд дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхтэй боловч нэхэмжлэгчийн 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн санал хүсэлтийг хүлээн авсан атлаа батлахаас татгалзсан үндэслэл нь хуульд нийцээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлахыг хариуцагч Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хоёр: “Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт болох Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 1.2-ын “к”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн тус сумын Дэвшил 6 дугаар багийн нутагт хамаарах 2000 га газрыг сумын тусгай хамгаалалтад 10 жилийн хугацаатайгаар авсан байна.
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-021190 тоот тусгай зөвшөөрлийн талбай нь Зүүнбаян-Улаан сумын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан 2000 га газартай 41.2 гектараар давхцаж байгаа болох нь Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 8/749 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах бүрэн эрхийг олгосон.
Хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлж тогтоол буюу захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа тусгай хамгаалалтад авах тухайн газар нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байдаг эсэхийг тодруулж, тусгай хамгаалалтад авснаар ямар нэгэн хөндлөнгийн гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх эсэхийг тодруулах ёстой байна. Хэрэв газрыг тусгай хамгаалалтад авсан бол эрх нь зөрчигдөж байгаа этгээдэд энэ тухайгаа урьдчилж мэдэгдэж, сонсгох мэдэгдэх ажиллагаа хийх, түүний тайлбар, хүсэлтийг сонсож хүлээн авах ажиллагааг хийх, мөн эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн дагуу хамгаалах, нөхөн сэргээх ёстой байдаг болохыг Газрын тухай хууль, Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хууль зэрэг олон хууль тогтоомжуудад хуульчлан зааж нарийвчлан зохицуулж журамлаж өгсөн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж хуульчлан зааж, мөн зүйлийн 14.5-14.8 дахь хэсгүүдэд тухайн харилцааг нарийвчлан журамлан зохицуулж хийх ажиллагаа нэг бүрийг хуульчилжээ.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар бүлэг буюу Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой хуулийн зохицуулалтууд ялангуяа захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагуудыг 14/05 дугаар тогтоол хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайлбал мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 61 дүгээр зүйлийн 61.4, 61.4.3, 61.4.4, 62 дугаар зүйлийн 62.2, 62 дугаар зүйлийн 62.3, 62.3.1 зэрэг зүйл заалтууд зөрчигдсөн буюу эрх нь зөрчигдөж болзошгүй болон зөрчигдөж байгаа этгээдүүдэд мэдэгдэх сонсгох ажиллагааг хийгээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” шийдвэр гаргах ёстой болохыг тодорхой хуульчлан заажээ.
Иймд дээрх тогтоогдож буй нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хууль эрх зүйн зохицуулалт зэрэгт тулгуурлан дүгнэж үзээд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолыг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, тусгай хамгаалалтад авсан газар нь бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлийн газар, тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцаж байгаа тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, санал авах, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан үүсч болох үр дагавар зэргийг тооцоолон уг асуудлыг дахин авч хэлэлцэж шийдвэрлэхийг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заажээ.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасны дагуу Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолыг түдгэлзүүлсэн 2 /хоёр/ сарын хугацаанд уг асуудлыг дахин авч хэлэлцэж шийдвэрлээгүй тохиолдолд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоол хүчингүй болох үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй.
Гурав: “Хууль тогтоомжийг илтэд зөрчиж Засгийн газрын бүрэн эрхэд халдаж нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуул хийх ажлыг үндэслэлгүйгээр зогсоосноос үүссэн хохирол 1,026,102,611.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн энэхүү хохиролтой холбоотой шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон ба шүүх хуралдааны явцад хэрэв хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч хайгуулын үйл ажиллагааг нь хэвийн явуулах боломжоор хангасан тохиолдолд нэхэмжлэлийн энэхүү шаардлагаасаа татгалзах боломжтой гэж мэдүүлсэн болно.
Хариуцагчийн зүгээс уг хохирол гэх 1,026,102,611.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 700 гаруй сая нь сонгон шалгаруулалтад оролцож тусгай зөвшөөрөл авсан төлбөр, бусад нь ээлжит жилийн төлбөр гэх мэт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зайлшгүй гарах ёстой зардлууд байсан, нарийн тооцоо хийж үзвэл 30-40 орчим сая төгрөгийн асуудал яригдаж болзошгүй гэхдээ үүнийг бид биш буруутай байгууллага албан тушаалтан нь хариуцах ёстой гэсэн утга агуулгатай тайлбар гарган маргаж байгаа болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж хуульчлан заасан байна.
Тодруулбал нэхэмжлэгч нь захиргааны үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж болох хэдий боловч хохирлын хэмжээний талаар маргаан гарсан тохиолдолд уг хохирлын маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хуулийн зохицуулалт үйлчилж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь захиргааны үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасантай хариуцагч маргаагүй, нөхөн төлүүлэх хохирлын хэмжээний талаар маргаан байхгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүх хохирол нөхөн төлбөрийг шийдэж болно. Энэ хэргийн тухайд нэхэмжлэгчийн өөрт учирсан хохирол гэж үзэж нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй төлбөрийн хэмжээний талаар маргаантай байдал тогтоогдож байна. Иймд 1,026,102,611.00 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлээ харьяалах иргэний хэргийн шүүхэд хандаж гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар нэхэмжлэгчийн “үүссэн хохирол 1,026,102,611.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах” нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Засаг даргын зүгээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон болон олгох үйл явц нь хууль бус байсан гэсэн утга агуулгатай буюу сум орон нутгаас нь саналыг нь авалгүйгээр тусгай зөвшөөрлийг олгосон, аймгийн Засаг даргад санал авахаар ирүүлсэн гэх албан бичигт хавсаргаж ирүүлсэн СD дээрх мэдээлэлд тусгай зөвшөөрөл олгосон газар болох манай сумын Дэвшил баг Дөлгөөн хайрхан Алаг толгой орчмын газрын мэдээлэл байгаагүй гэж маргаж байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу зөвхөн нэхэмжлэлийн агуулгад хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргах үүрэгтэй.
Нэхэмжлэгчээс дээр дурдсан 3 шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлснийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн бөгөөд өөр бусад асуудлаар дүгнэлт өгч шийдвэрлэх боломж хуулиар олгогдоогүй болно.
Хэрэв хариуцагч сумын Засаг дарга “Х” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол тусгай зөвшөөрөл олгосон байгууллагатай, Засаг даргад хүргүүлсэн мэдэгдлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа бол мэдэгдэл хүргүүлсэн байгууллагатай, орон нутгаас санал аваагүй гэж үзэж байгаа бол Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтын дагуу орон нутгаас санал аваагүй аймгийн Засаг даргатай маргах эрх нь нээлттэй байна. Тэдгээр байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал хүсэлтээ гаргаж маргаж буй асуудлаа тавьж шийдвэрлүүлэх, тэдгээрийн хариуг авах хуулийн бүрэн боломжтой байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.11, 107.7, 109.2-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын “Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын 2020 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад “Х” ХХК-ийн 2020 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахыг даалгасугай.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.6, 14.7 дахь хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны12 сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, уг асуудлыг дахин авч хэлэлцэхийг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолыг түдгэлзүүлсэн 2 /хоёр/ сарын хугацаанд уг асуудлыг дахин авч хэлэлцэж шийдвэрлээгүй бол Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоол хүчингүй болохыг мэдэгдсүгэй.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн “үүссэн хохирол 1 026 102 611.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах” нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.