Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 62

 

Г.Б, Ц.М, М.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгч М.Н, Г.Б Ц.М

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батбаяр

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/195 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч  нарын өмгөөлөгч Л.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор М.Н, Г.Б Ц.М нарт холбогдох эрүүгийн 1914003440244 дугаар хэргийг 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Г.Б

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ц.М,

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, М.Н,

Шүүгдэгч Ц.М, М.Н, Г.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 12-ноос  04 дүгээр сарын 13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-овоо сумын 2 дугаар багийн нутаг Алтан ус гэх газраас С.Нийн эзэмшлийн 1 тооны монгол үүлдрийн үхрийг авто тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.М, М.Н, Г.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Б Ц.М, М.Н нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  М.Ныг 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.М, Г.Б нарыг тус бүр 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.М, Г.Б нар нь 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажпыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н, Ц.М, Г.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 төгрөгийг шүүгдэгч М.Н, Ц.М, Г.Б нараас 834000 төгрөг тус тус тэнцүү хуваан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар хохирогч С.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн үхэр хайсан, тэжээлийн зардалд 600,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4,1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч М.Н, Ц.М, Г Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1,1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгыг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, 1829824 дугаартай авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Р.Батбаярт буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар  Р.Батбаярын өмчлөлийн 59-55 БНА улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу өмчлөгч Р.Батбаярт буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.БЦ.М нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч М.Нт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б Ц.М нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.Нт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Хохирогч С. Н нь хууль ёсны эрх бүхий субъектын гаргасан үнэлгээгээр хохирлоо төлүүлэн авсан ч гомдолтой байна. Илүү үнэд хүрэх байсан гэж илтэд зах зээлийн үнэ, бодит объектын үр дагаварыг илүүд үзэж гомдлоо удаа дараа илэрхийлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах, хохирогч нэрийн дор хохирол, нэхэмжлэлээ бизнес болгон санал, нэхэмжлэлээ гаргаж шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байгаа.

Шүүгдэгч М. Н нь урьд өмнө Эрүүгийн хуулийн 11.6-р зүйлээр шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн нь Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болж гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байгаа. Учир нь: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан заалттай үл нийцэж байна.

Шүүгдэгч М.Н нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн хангасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ба энэ нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангах бүрэн боломжтой байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, /тогтоох хэсгийн 3 дугаар зүйлийг/ 6 сарын хугацаагаар хорих (ялаар) ялыг .... цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар гэж өөрчлөн, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү?. Өмгөөлөгчийг зүгээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж дүгнэн гомдол гаргасан болно гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч М.Н нь гэмт хэрэг үйлдэх санаачлагыг гаргасан байдаг тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Өмгөөлөгч Л.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гэмт хэргийн  нийгмийн аюул болон учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан М.Нт хамгийн хүнд төрлийн ял хэрэглэхгүйгээр өөр төрлийн хөнгөн ял оногдуулж хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаярын  давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд    гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл шүүгдэгч Ц.М, М.Н, Г.Б нар нь  2019 оны 04 дүгээр сарын 12-ноос  04 дүгээр сарын 13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-овоо сумын 2 дугаар багийн нутаг Алтан ус гэх газраас С.Нийн эзэмшлийн 1 тооны монгол үүлдрийн үхрийг авто тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж  1 400 000 төгрөгийн  хохирол учруулсан хэргийн үйл баримт  тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь эрүүгийн  1914003440244 дугаар хавтаст хэрэгт авагдсан  хохирогч С.Н, иргэний нэхэмжлэгч Р.Батбаяр, гэрч М.Гантөмөр, Н.Амаржаргал,  Энх нахиа ХХК-ийн шинжээчийн хохирлын үнэлгээ  тогтоосон дүгнэлт, гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн Ц.М, М.Н, Г.Б  нарын мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв  байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Ц.М, М.Н, Г.Б нарыг  бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хариуцлага  хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.М, М.Н, Г.Б нарын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн байдлыг  Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд оруулан тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Харин  анхан шатны шүүх  шүүгдэгч М.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд   6 сарын хугацаагаар хорих ял  оногдуулсаныг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан  эрх хэмжээний хүрээнд түүний үйлдсэн гэмт хэргийн   нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах зорилгоор шүүгдэгч М.Нт оногдуулсан  хорих ялыг  хөнгөрүүлэн   өөрчилж,  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын  тогтоох хэсэгт  ерөхий, зааснааар,болгосж гэж үг үсгийн алдаатай тус, тус бичсэн байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4 -т  заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/195 дугаар шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн  2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ныг 6 сарын хугацаагаар хорих ялаар…” гэснийг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  М.Ныг долоон зуун хорин цаг /720/ -ийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар...” гэж,

3 дахь заалтыг бүхэлд нь хасаж,

4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, Г.Б нар нь 350 цагийн гэсний дараа  М.Н нь 720 цагийн  гэж нэмж,

10 дахь заалтад “шүүгдэгч М.Нт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай” гэснийг  хасаж, шүүгдэгч М.Нт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж” гэж өөрчилж шийтгэх тогтоолын бусад заалтуудыг  хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч М.Н нь   2019 оны 07 дугаар  сарын 04-ний өдрөөс  2019 оны 09 дугаар сарын  10-ны өдрийг хүртэл 67 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА

                                                                ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

                                                                                 Б. БОЛОР-ЭРДЭНЭ