Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01154

 
 

 

Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02682 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК

Хариуцагч: Ж.Баярсайхан

 

нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 115,493,932 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Ж.Баярсайхан, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын хяналтын журмаар 2020.02.17-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Ж.Баярсайхан нь 2017.05.26-ны өдөр Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд ХУД-н 11-р хороо, Зайсан, Ар Зайсан гудамжны 97 дугаар байрны 5 тоотын 85,19 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууц, СБД-н 1-р хороо 5-р хороолол 33 дугаар байрны 0 тоот 12 м.кв талбайтай бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалж, 12 сарын хугацаатай 50,000,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2018.05.26-ны өдөр дууссан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд Ж.Баярсайханаас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 49,745,219 төгрөг, зээлийн хүүнд 56,018,547 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,730,164 төгрөг, нийт 115,493,932 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 863,369 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох дээр дурдсан үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: 2017.05.29-ний өдөр Г.Должинсүрэн гэдэг хүн надтай уулзаад СБД-н 11-р хороонд байршилтай өөрийн газрыг мөн БНХАУ-с орж ирсэн хөрөнгө оруулалт болох 10 тэрбум төгрөг Ариг банкинд байршсан гэх хуурамч нотлох баримтыг тус тус надад үзүүлж, итгэл төрүүлэн, надаар Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК-иас 50,000,000 төгрөгийн зээлийг миний өмчлөлийн 2 байрыг барьцаалуулан авахуулсан. Зээл авсан өдрөөс хойш 3 хоногийн дараа буюу 2017.05.29-ний өдөр би уг 50,000,000 төгрөгийг Г.Должинсүрэнгийн Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл Г.Должинсүрэн нь намайг төдийгүй олон хүнийг залилсан байсан ба бусдыг хуурч бусдын эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож, уг гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, одоо шүүхийн шатанд байгаа. Одоогийн байдлаар эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, хохирогчдын хохирлыг барагдуулаагүй байна. Би зээлийн 50,000,000 төгрөгөөс нэг ч төгрөгийг өөртөө авч хэрэглээгүй бүгдийг Г.Должинсүрэнд өгсөн хэдий ч нэхэмжлэгч компанид би 14,319,000 төгрөгийг төлчихөөд байгаа. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 183/ШШ2019/02682 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Ж.Баярсайханаас 115,493,932.57 гаргуулан нэхэмжлэгч Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар дээрх үүргийг хариуцагч Ж.Баярсайхан биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан Ар Зайсан гудамжны 97-р байрны 5 тоотын 85,19 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 1-р хороо 5-р хороолол 33-р байрны 0 тоот 12 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 793,169.66 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 805,620 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02682 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 488,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

Хариуцагч Ж.Баярсайхан, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ж.Баярсайхан миний бие нэхэмжлэгчээс 50 сая төгрөгийг зээлэн авч Должинсүрэн гэх эмэгтэйд дансаар шилжүүлэн өгч залилан мэхлүүлсэн байдаг. Үүнийг цагдаагийн байгууллага шалган тогтоогоод шүүх Должинсүрэн гэх эмэгтэйд 8 жилийн ял оноосон боловч би хохирлоо барагдуулж чадалгүй хохирч үлдсэн. Иймд нэхэмжлэгчээс авсан 50 сая төгрөгийн зээлээ өөрөө төлж барагдуулахаар болсон. Энэ хугацаанд оршин суугаа хаяг, утас нь тодорхой байхад цагдаагийн байгууллага эрэн сурвалжлуулж хугацаа алдсанаас болж 50 сая төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд ная орчим сая төгрөг төлүүлэхээр хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд давхар залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болсон намайг ББСБ-н өнөөдрийг хүртэл бодогдож байгаа хүүг тооцохгүйгээр гэрээнд заасан 2017-2018 оны хүүг төлөхөөр шийдвэр гаргаж өгнө үү... Ж.Баярсайхан нь 50 сая төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний хавсралтад дурдсанаар 1 жилийн хугацаанд 18,325,090 төгрөгийн хүү төлөхөөс 13,291,698 төгрөгийг, үндсэн зээл 50 сая төгрөг төлөхөөс 254,780 төгрөгийг тус тус төлсөн болно. Зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө гэж гэрээнд заасны дагуу 3,665,018 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлөх ёстойгоос 1,032,521 төгрөгийг төлсөн. Ингээд Ж.Баярсайхан нь үндсэн зээлийн үлдэгдэл 49,745,220 төгрөг, төлөгдөөгүй хүү 5,033,392 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,632,497 төгрөг нийт 57,411,109 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох 58,082,823 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Гэтэл анхан шатны шүүх нь Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлөөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3-т зааснаар зээлийн гэрээний хугацаанаас хойшхи хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй болно гэж дүгнэсэн байх ба давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Ингэхдээ талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.5, 2.6, ИХ-н 453.1-г тус тус шийдвэрийнхээ үндэслэлийг болгожээ. Шүүх гэрээний заалт болон Иргэний хууль, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь төлөгдөөгүй үндсэн зээл болон гэрээний хүчинтэй байх хугацаанд бодогдох хүү, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөгдөхгүй гэсэн агуулгатай хуулийн заалт болон гэрээний заалтыг буруу тайлбарлан гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа дууссанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг үргэлжлүүлэн тооцож шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь буруу юм. Гэрээний 2.6-г ийнхүү тайлбарлах юм бол энэ нь өөрөө ИХ-н 202.2.2, 202.2.5-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний стандарт нөхцөл болох үндэслэлтэй. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдлыг хүлээн авч шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК 2019.10.07-ны өдөр Ж.Баярсайханд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 115,493,932 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан, Ар Зайсан гудамж, 97 дугаар байр, 5 тоот орон сууц, Сүхбаатар дүүргийн 1-р хороо 5-р хороолол 33 дугаар байрны 0 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардахдаа ...2017.05.26-ны өдөр нэг жилийн хугацаатай 50,000,000 төгрөгийг нэг сарын 4.5 хувийн хүүтэй зээлүүлсэн ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 49,745,219 төгрөг, хүү 56,018,547 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,730,164 төгрөгийг барьцааны хөрөнгөөр хангуулна... гэсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө .... Г.Должинсүрэн гэдэг хүн надаар 50,000,000 төгрөг зээлүүлж, миний өмчлөлийн 2 байрыг барьцаалуулсан... Г.Должинсүрэн надаас гадна олон хүнийг залилсан эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа... гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч Ж.Баярсайхан, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нар хяналтын шатны шүүхэд 2020.02.17-ны өдөр гомдол гаргасан боловч зохигч нар эвлэрсэн байна.

 

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй юм.

Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК болон Ж.Баярсайхан нарын хооронд 2021.10.04-ний өдөр байгуулсан 10/04 дугаартай Эвлэрлийн гэрээнд Нэг талаас нэхэмжлэгч Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ, нөгөө талаас хариуцагч Ж. Баярсайхан ..нар харилцан тохиролцож, энэхүү гэрээг хөндлөнгийн шахалтгүй сайн дурын үндсэн дээр байгуулав. 1. Нэхэмжлэгч Бизнес Инвест Девелопмент ББСБ нь гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 127,043,939.57 төгрөгийг 22,043,932.57 төгрөгөөр багасгаж 105,000,000 төгрөг болгон нэхэмжлэгч, хариуцагч талууд эвлэрсэн болно. 2. Хариуцагч Ж.Баярсайхан нь дээрхи төлбөрийг сар бүрийн 25-ны дотор буюу энэхүү гэрээний хавсралт №1-д заасан хэмжээ, өдрөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов. 3. Энэхүү гэрээний хавсралт №1-д заасан хуваарьт өдөр зөрчигдвөл шүүхийн шийдвэр, захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлнэ. 4. Хэрэв төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөрийг зээлийн барьцаанд байгаа 000532906 тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Ү-2206048925 тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан Ар Зайсан гудамжны 97-р байрны 5 тоотын 85,19 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, 000492660 тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Ү-2203010898 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 1-р хороо 5-р хороолол 33-р байрны 0 тоот 12 м.кв талбайтай нэг өрөө орон сууцуудыг албадан борлуулж барагдуулах болно. 5. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 863,369.66 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлэнэ...гэсэн байна.

 

2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №10/04 дугаар Эвлэрлийн гэрээний 1-р хавсралтад ... 11/25/2021... 52 хоног.. 50,000,000., 12/25/2021 30 хоног.. 55,000,000 нийт 82 хоног... 105,000,000 гээд Хэрэв энэхүү графикт заасан өдөр зөрчигдсөн, түүнчлэн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэх бөгөөд нийт өр төлбөрийг 105,000,000 төгрөг болгохоор тохиролцсон болно... гэжээ.

 

Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК болон Ж.Баярсайхан нарын хооронд 2021.10.04-ний өдөр байгуулсан №10/04 дугаартай Эвлэрлийн гэрээ хавсралтын хамт Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх байдал тогтоогдоогүй байна.

Иймд Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК болон Ж.Баярсайхан нарын эвлэрлийг батлах нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02682 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК болон Ж.Баярсайхан нар 2021.10.04-ний өдөр ...Бизнес Инвест Девелопмент ББСБ нь нэхэмжлэлийн шаардлага болох 127,043,939.57 төгрөгийг 22,043,932.57 төгрөгөөр багасгаж 105,000,000 төгрөг болгон эвлэрсэн... Ж.Баярсайхан нь дээрхи төлбөрийг сар бүрийн 25-ны дотор буюу энэхүү гэрээний 1-р хавсралтад заасан хэмжээ, өдрөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон... хуваарь.. зөрчигдвөл шүүхийн шийдвэр, захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлнэ. Төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаанд байгаа 000532906 тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Ү-2206048925 тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан Ар Зайсан гудамжны 97-р байрны 5 тоотын 85,19 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, 000492660 тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Ү-2203010898 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 1-р хороо 5-р хороолол 33-р байрны 0 тоот 12 м.кв талбайтай нэг өрөө орон сууцуудыг албадан борлуулж барагдуулах... тэмдэгтийн хураамжид төлсөн 863,369.66 төгрөгийг ...хуульд заасан журмаар шийдвэрлэх... нийт 105,000,000 төгрөгийг гэрээний 1-р хавсралтад заасан хугацаанд төлөх.. хэрэв графикт заасан өдөр зөрчигдсөн, түүнчлэн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэх бөгөөд нийт өр төлбөрийг 105,000,000 төгрөг болгохоор тохиролцсон...-г батлаж, Ж.Баярсайханд холбогдох Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 448,365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД, Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ