Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2019/02682

 

2019 оны 12 сарын 10 өдөр

 

Дугаар 183/ШШ2019/02682

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Б  ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 115 493 932.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж, хариуцагч Б, хариуцагчийн өмгөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Б  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр №ЗГ0103 170291 тоот зээлийн гэрээ байгуулж, .........тоотын 85,19 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, ........тоот 12 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 1 сарын хугацаатай 50 000 000 төгрөгийг нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч Б-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дууссан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Б-с зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 49 745 219,67 төгрөг, зээлийн хүүнд 56 018 547,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9 730 164,97 төгрөг түүнчлэн 2017.05.26-ны өдрийн №ЗГ0103170291 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 11 550 000 төгрөг буюу нийт 127 043 932,57 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 863 369,66 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох дээр дурдсан үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин өмгөөлөгчийн зардалд төлсөн 11 550 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна, Үлдэх шаардлагаа дэмжиж байна гэв.

 

 

 

Хариуцагч Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Д гэдэг хүн надтай уулзаад .........байршилтай өөрийн газрыг мөн БНХАУ-аас орж ирсэн хөрөнгө оруулалт болох 10 тэрбум төгрөг Ариг банкинд байршсан гэх хуурамч нотлох баримтыг надад үзүүлж, итгэл төрүүлэн, хууран мэхэлж, одоогоор газрын эрхээ сунгуулах мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд надаар Б ХХК-иас 50 сая төгрөгийн зээлийг миний хоёр байрыг барьцаалуулан авахуулсан. Зээл авсан өдрөөс хойш 3 хоногийн дараа буюу 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр би уг 50 сая төгрөгийг Д-н Хаан банкны ...... тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл Д нь намайг төдийгүй олон хүнийг залилсан байсан ба бусдыг хуурч төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, одоо шүүхийн шатанд байгаа билээ. Тус эрүүгийн хэрэгт би хохирогчоор тогтоогдон явж байгаа. Одоогийн байдлаар эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, хохирогчдын хохирлыг барагдуулаагүй байна. Би зээлийн 50 сая төгрөгөөс нэг ч төгрөгийг өөртөө авч хэрэглээгүй бүгдийг Д-д өгсөн. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч компанид миний бие 14 319 000 төгрөгийг төлчхөөд байгаа. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлд дурьдсан 127 043. 932 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зээлийн гэрээний хугацааны хүүг төлөх үндэслэл байхгүй бусад шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

 

 

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч БХХК нь Б-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 127 043 932,57 төгрөг гаргуулах шаардлагаа багасган 115 493 932.57 төгрөг нэхэмжилж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцлээ.

 

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч БХХК нь хариуцагч Б-тай 2017 оны 5 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 2018 оны 5 сарын 26-ны өдрийг хүртэл, сарын 4.5 хувийн хүүтэй зээлдүүлж, хариуцагч Б-ны өмчлөлийн ..........тоот 85,19 м.кв, ............тоот 12 м.кв байрыг тус тус барьцаалан барьцааны гэрээг байгуулсан байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу талууд гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Банк зээлийн үйл эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Мөн 50 000 000 төгрөгийн шаардлагыг хангуулахаар хариуцагчиийн Б-ны өмчлөлийн зүйлийг барьцаалсан 2017 оны 5 сарын 26-ны өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байна.

 

Хариуцагч нь гэрээ байгуулагдсан талаар болон буцаан төлөх зээлийн тооцооллын талаар маргахгүй байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хүүг төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1. Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл гэнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тус зөвшөөрөлтэй болох нь гэрчилгээний /хх8/ хуулбараар нотлогдож байна.

 

Мөн түүнчлэн дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 3. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хариуцагч Б-с нэхэмжлэгч Б ХХК нь зээлийн гэрээний хугацаанаас хойшхи хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч Б зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 49 745 219,67 төгрөг, зээлийн хүү 56 018 547,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 730 164,97 төгрөг нийт 115 493 932,57 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүчин төгөлдөр гэрээ байгуулсан тул дээрх үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дүгээр зүйлийн 175.1-д зааснаар Б-ны  өмчлөлийн ..........тоот 85,19 м.кв, ..........тоот 12 м.кв байруудыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Б-с 115 493 932.57 гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

 

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар дээрх үүргийг хариуцагч Б биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл .......тоотын 85,19 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, ..........тоот 12 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, 793 169.66 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 805 620 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА