Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 65

 

Ц.Бид холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Ялтан Ц.Б

Ялтны өмгөөлөгч Л.Золжаргал

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж хүчингүй болгуулахыг хүссэн прокурор С.Болорзулын 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр Ц.Бид холбогдох эрүүгийн 1814006150354, 1814003980221 дугаар хэргүүдийг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ц.Б, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2019 оны 1 дүгээр сарын 30-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж уг ялаа эдэлж байгаа,

Ц.Б нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн орчим Баагий гэгчтэй бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сум Угалз 4 дүгээр багийн 3-7 тоотод оршин суух иргэн Г.Дгийн гэрээс эд зүйл хулгайлан 180.500 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Баагий гэгчтэй бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 9-нөөс 2018 оны 7 дугаар сарын 10-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт байрлах 78 дугаар байрны гаднаас иргэн Д.Оийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Баагий гэгчтэй бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 9-нөөс 2018 оны 7 дугаар сарын 10-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт байрлах “Мандуухай” жуулчны баазын амрагчийн гэрээс “Самсунг” маркийн 32 инчийн телевизор, хүлээн авагчийн хамт хулгайлан 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Эрүүгийн 1814003980221 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтуудаар/

Прокурор С.Болорзул 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр бичсэн 3 дугаар дүгнэлтэндээ: Яллагдагч Ц.Бид Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 3 сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Ц.Б нь эрүүгийн 1814003980221 дугаартай хэрэгт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд ялтан нь шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг нь шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд шийтгэх тогтоолуудыг нэмж нэгтгэн ял оногдуулахад түүний эрх зүйн байдал дордож, нэг төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд Жаргал овогт Цэрэндуламын ялтан Б эрүүгийн 1814006150354 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар "...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн ...” байх тул Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, прокурорт буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Ц.Б нь холбогдох хэргийг шийдвэрлэсэн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн хэргүүд нь шийтгэх тогтоол гарсаны дараа илэрсэн нэг төрлийн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох нөхцөл байдал тогтоогдож байгаа тул дүгнэлт бичсэн гэв.

Өмгөөлөгч Л.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын бичсэн дүгнэлтийг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн 1814003980221 дугаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Ц.Бийн н.Баагий гэгчтэй бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сум Угалз 4 дүгээр багийн 3-7 тоотод оршин суух иргэн Г.Дгийн гэрээс эд зүйл хулгайлан 180.500 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр /хх-ийн 1-р хавтас 14-р тал/,

Мөн 2018 оны 7 дугаар сарын 9-нөөс 2018 оны 7 дугаар сарын 10-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт байрлах 78 дугаар байрны гаднаас иргэн Д.Оийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр /хх-ийн 1-р хавтас 105-р тал/,

Мөн 2018 оны 7 дугаар сарын 9-нөөс 2018 оны 7 дугаар сарын 10-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт байрлах “Мандуухай” жуулчны баазын амрагчийн гэрээс “Самсунг” маркийн 32 инчийн телевизор, хүлээн авагчийн хамт хулгайлан 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт нь 2018 оны 7 дугаар сарын 14-ний /хх-ийн 1-р хавтас 187-р тал/ өдрүүдэд тус тус хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Ц.Бид Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг танилцуулан гэрчийн мэдүүлэг авч /хх-ийн 1-р хавтас 52-54, 156-158, 215-219-р тал/ дээрх хэргүүдийг прокурорын тогтоолоор нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байжээ.

Гэтэл Ц.Бийн Н.О гэгчтэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Есөн-Эрдэнэ зах дотор үйл ажиллагаа явуулах иргэн Ц.Цын эзэмшлийн мотоциклийн сэлбэгийн эд зүйл зардаг дэлгүүрээс “Мустанг” маркийн мотоцикль хулгайлсан үйлдлийг нь дээрх хэргүүдэд нь нэгтгэн шалгалгүйгээр тусад нь 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн нь буруу бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ.

Түүнчлэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан гэмт хэрэг нь шүүхийн шийдвэр гарсаны дараа мэдэгдсэн, түүнд нь шүүхээс гэм буруутай гэж үзэн ял оногдуулсан тохиолдолд шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн ялыг сүүлчийн шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн ялд хэрхэн нэмж нэгтгэх талаар хуульчлагдаагүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг зөв хэрэглэх үүднээс прокурорын бичсэн дүгнэлтэд үндэслэн Ц.Б, Н.О нарт холбогдох эрүүгийн 1814006150354 дугаар хэргийг хянан шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 29 тоот шийтгэх тогтоолын ялтан Ц.Бид холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу хүчингүй болгож, ялтан Шар овогт Нармандахын От холбогдох хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Учир нь прокуророос 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 29 тоот шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн хэдий ч дээрх шийтгэх тогтоолоор Ц.Бтой бүлэглэн гэмт хэрэг үйлдэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 3 сар хорих ял шийтгүүлж уг ялаа эдэлж байгаа Н.Оын эрх зүйн байдал хөндөгдөөгүй тул шийтгэх тогтоолын ялтан Н.От холбогдох бүх хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр

зүйлийн 4.2-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 29 тоот шийтгэх тогтоолоос Ц.Бид холбогдох хэсгийг хүчингүй болгон нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж, О.Б холбогдох хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг прокурорт очтол Ц.Бид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

             ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                       М.МӨНХДАВАА