Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2019/00916

 

     2019 оны 04 сарын 17 өдөр

               Дугаар 183/ШШ2019/00916

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Д” ХХК-д холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14.594.058 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: .......... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х” ХХК нь ....................... давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2015 онд ашиглалтад оруулан, оффисын зориулалтаар бусдад түрээслэх, худалдан борлуулах зэргээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Уг обьектод нийтдээ 24 албан байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай компанийн зүгээс тухай бүрт нь ашиглалтын гэрээ байгуулан, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, лифт, цэвэрлэгээ, тог цахилгаан гэх мэт 18 төрлийн зардлыг багтаасан “ашиглалтын төлбөр”-ийг гэрээт иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас авч, холбогдох төлбөрийг цааш нь төлж барагдуулан, үл хөдлөх хөрөнгийг хэвийн ашиглахад шаардлагатай нөхцлөөр хангадаг. “Д” ХХК нь тус обьектын 5 дугаар давхарт 174 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авч, өмчлөгч болсон атлаа өнөөдрийг хүртэл ашиглалтын гэрээ байгуулж ашиглалтын төлбөр төлөлгүй дээрх 18 төрлийн үйлчилгээнээс гадна “Ашиглалтын гэрээ” байгуулж ашиглалтын төлбөр төлөлгүй дээрх харуул хамгаалалт, хог тээвэрлэлт, лифтийн ашиглалт, ариун цэврийн өрөө ашиглалтын цэвэрлэгээний төлбөр зэрэг оффис ашиглалтаас үүсч буй төлбөрийг төлөлгүй үндэслэлгүй хөрөнгөжсөөр байгаа юм. Бидний зүгээс 2017 оны 7 дугаар сараас эхлэн энэ талаар мэдэгдэж, ашиглалтын гэрээ байгуулан, төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж ирсэн боловч тодорхой үр дүнд хүрдэггүй бөгөөд Д ХХК нь манайхаас хүргүүлсэн мэдэгдэл, нэхэмжлэх зэрэгтэй танилцаад төлөхгүй гээд буцаагаад өгчихдөг. Дээрх байдал үргэлжилсээр байгаа нь А үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, түүнд үйл ажиллагаа явуулж буй бусад харилцагч нарын эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа учир Х ХХК нь тус обьектын ашиглалтын үйл ажиллагааг хариуцдагийн хувьд Д ХХК-д шаардлага тавих, түүнээс ашиглалтын төлбөрийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Уг ашиглалтын зардлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд хандахад хариуцагч компани ашиглалтын зардлыг хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй гэж маргадаг. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, хариуцагч компанийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17/83 дугаар албан бичиг, шүүхэд гаргасан тайлбар зэргээр хариуцагч нь харуул хамгаалалт, хог тээвэрлэлт, лифт ашиглалт, ариун цэврийн өрөөний ашиглалтын зардлыг төлөхөө зөвшөөрсөн талаар дурьдсан байдаг. “Э” ХХК хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар хөрөнгө ашиглалт, үйлчилгээтэй холбоотой 14 зардлыг үнэлүүлэхэд 1 м.кв-д сард ногдох зардал нь 3.812.45 төгрөг байгаа талаар дүгнэсэн байна. Уг зардалд хариуцагчийн хүлээн зөвшөөрч буй зардлууд орж тооцогдсон болно. Иймд ашиглалтын зардлыг 1 м.кв тутамд 3.812.45 төгрөгөөр тооцож Д ХХК-ийн өмчлөлийн 174 м.кв талбай бүхий оффисын зардал нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тооцоход 14.594.058 төгрөг болсон байна. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн үнийн дүнг 10.769.827 төгрөг гаргуулахаар шаардаж байсан бөгөөд 3.824.231 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 14.594.058 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь А нэртэй оффисын байрнаас 174 м.кв талбайг худалдаж авсан. “Х” ХХК нь манай компаниас дээрх зардлыг нэхэмжлэх эрхгүй бөгөөд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан. Барилгын тухай хуулиар өөрсдөө асуудлаа шийдэж, СӨХ-ыг өөрсдөө байгуулах ёстой. Нэхэмжлэгч шүүхэд өмнө нь дулаан, цахилгаан шаардсан байснаа болиод ашиглалтын зардлаа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй ба шинжээч 3.812.45 төгрөг гэсэн дүгнэлт гаргасан нь ашиглалтын зардал биш юм. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх үүрэгтэй гэж заасан байхад “Х” ХХК нь цахилгаан, дулаан түгээх болон худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй атлаа бусдаас цахилгаан, дулааны төлбөр авч байгаа нь үндэслэлгүй. Нийтийн зориулалтай барилга барьсан тохиолдолд газрыг шилжүүлэх ёстой байдаг. Уг барилгын газар нь хувь хүний нэр дээр мөртлөө, өмчлөгчөөс уг төлбөрийг нэхэж байна. Компанид ийм зардал гарч байгаа учраас та нар төлөх ёстой гэж байгаа нь үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

 “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Д” ХХК-д холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14.594.058 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн “...шинжээчийн дүгнэлтээр 14 нэр төрлийн ашиглалтын зардлыг нэг сарын 1 м.кв тутамд 3.812.45 төгрөг гэсний дагуу Д ХХК-ийн өмчлөлийн 174 м.кв талбай бүхий оффисын зардалд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл  22 сарыг 3.812.45 төгрөгөөр тооцон 14.594.058 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Д” ХХК-иас хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...шаардах эрхгүй, шинжээчийн дүгнэлтээр 3.812.45 төгрөг гэсэн нь үндэслэлгүй” гэсэн хариу тайлбар гаргаж, талууд мэтгэлцжээ.

“Э” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...Х ХХК нь ............... дугаар байрны А барилгын ашиглалтын асуудлыг бүрэн хариуцдаг бөгөөд барилгын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой 2017 онд дараах зардал гаргасан байна. Үүнд: 35 компани, аж ахуйн нэгж худалдан авсан буюу түрээсээр эзэмшиж байгаа ашигтай талбай 8.552,57 м.кв, 7, 8, 9 дүгээр давхарын коридор бүхлээр худалдагдсан тул 916,92 м.кв талбай ороогүй, техникийн давхар 388,77 м.кв талбайтай агааржуулалт, В1 давхар 1.035 м.кв талбайтай граш, дулааны узель, нийт 10.893,26 м.кв талбайн 2017 онд 1 м.кв талбайд ногдох ашиглалтын нэг сарын зардалд: 1. Ашиглалтын албаны ажилчдын цалин 12.699.120 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 11 хувиар тооцож 1.396.903 төгрөг, барилгын засвар үйлчилгээ 1.035.112 төгрөг, хангамж 712.308 төгрөг, нийтийн эзэмшлийн цахилгаан 9.187.787 төгрөг, нийтийн эзэмшлийн дулаан 4.180.671 төгрөг, хогны төлбөр 300.000 төгрөг, утасны төлбөр 158.142 төгрөг, гадна фасат угаалга 500.000 төгрөг, усны төлбөр 1.261.567 төгрөг, ашиглалтын албаны оффис зардал түрээс 550.000 төгрөг, лифт ашиглалт 360.000 төгрөг, газрын төлбөр 66.666 төгрөг, юнивишн харилцаа холбоо 198.00 төгрөг, нийт 32.606.280 төгрөгийн 1 м.кв талбайд ногдох буюу ашигтай талбай 8.552,57 м.кв талбайд хуваахад 3.812.45 төгрөг нь 1 сард ногдох 1 м.кв талбайн ашиглалтын зардал байна” гэсэн дүгнэлт гаргасан нь бүхэлдээ тодорхой бус, үндэслэлгүй байна.

 

Зохигч хэн аль дахин шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаагүй тул шүүхийн санаачилгаар шинжээч томилох боломжгүй болохыг дурдав.

Мөн талуудын хооронд ашиглалтын зардлыг хэрхэн хуваарилах талаар хэлцэл, гэрээ байгуулагдаагүй, мөн Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16, 3.1.19, 12 дугаар зүйлийн 12.1, 30 дугаар зүйлийн 30.1, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 189 дүгээр тогтоолоор батлагдсан “Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам”, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухаи хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14, 13 дугаар зүйлийн 13.1, Газрын төлбөрийн тухай хууль болон Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч  “Х” ХХК нь нэхэмжлэлд дурдсанаар “Д” ХХК-ийн төлөх ёстой ашиглалтын зардлыг төлсөн тул “цахилгаан, дулаан, ус, газрын төлбөр”-ийг хариуцагч “Д” ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн нь үндэслэлгүй бөгөөд шаардах эрхтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

            Түүнчлэн, нэхэмжлэгч “Х” ХХК нь нэхэмжлэлд дурдсанаар “ашиглалтын албаны ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, барилгын засвар үйлчилгээ, хангамж, хогны төлбөр, утасны төлбөр, гадна фасат угаалга, ашиглалтын албаны оффис зардал түрээс, лифт ашиглалт, юнивишн харилцаа холбооны төлбөр”-ийг хариуцагч “Д” ХХК-иас шаардах эрхтэй болох нь тогтоогдохгүй байх бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу “Д” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боложгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Д” ХХК-д холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14.594.058 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Д” ХХК-д холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14.594.058 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263.437 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.