Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 261

 

 

 

 

 

 

 

 

ХТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.И даргалж, шүүгч М.Н, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/02595 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ХТ ” ХХК-ийн хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10 769 827 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагчийн ХТ ХХК-ийн ашиглалтад оруулсан Галакси тауэр барилгын тоолуураас 5007 тоот оффисын зориулалттай өрөөний дулаан болон цахилгааны тоолуурыг салгаж, “Д” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О нар оролцов.

Нэхэмжлэгч ХТ ХХК нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”ХТ ” ХХК нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Галакси тауэр, 12 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2015 онд ашиглалтад оруулан оффисын зориулалтаар бусдад түрээслэх, худалдан борлуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Уг объектод үйл ажиллагаа явуулдаг 24 албан байгууллагатай тухай бүрт нь ашиглалтын гэрээ байгуулдаг. Уг гэрээгээр тухайн барилгын засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, лифт, цэвэрлэгээ, тог цахилгаан гэх мэтээр 18 төрлийн зардлын төлбөрийг цааш нь төлж, хэвийн ашиглахад шаардлагатай нөхцлөөр хангадаг. “Д” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр уг объектын 5 дугаар давхарт 174 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, өмчлөгч болсон атлаа 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ашиглалтын гэрээ байгуулаагүй, ашиглалтын төлбөр төлөлгүй дээрх 18 төрлийн үйлчилгээг ашиглаж ирсэн. ХТ ХХК уг ашиглалтын төлбөртэй холбоотой 2017 оны 7 дугаар сараас эхлээд төлбөрөө төлж, гэрээ байгуулах шаардлагыг бичгээр хүргүүлсэн боловч төлбөрөө төлөхгүй, гэрээ байгуулахгүй гэдэг. Иймд хариуцагч 18 төрлийн үйлчилгээг төлбөр төлөхгүй авч байгаа тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10 769 827 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Д ” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХТ ХХК нь тог цахилгаан, дулаан, ашиглалтын зардал 10 769 827 төгрөгийг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй. Бид хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэй, худалдан борлуулах эрхтэй цахилгаан түгээх төвд нь төлбөр тооцоог хийх саналыг гаргасан боловч хүлээж аваагүй. Тухайн Галакси тауэр барилга дундаа нэг тоолууртай. “Д” ХХК ямар хэмжээний тог цахилгаан хэрэглэж байгаа, бусад компани ямар тог цахилгаан хэрэглэсэн талаар хэмжих тусгай тоолуургүй. Бидний цахилгааны тоолуурыг салгаж өг, түүгээр тогны мөнгийг төлье гэсэн боловч бидний барьсан барилгад та нар тийм эрхгүй, бидний барилга учраас та нар төлбөрийг бидэнд төл гэсэн шаардлага тавьсан. Ашиглалтын зардлыг өмчилж авсан м.кв тутамд 6 500 төгрөг тушаахыг шаардсан.Бид өмчилж авсан талбайд ийм төлбөр төлөхгүй, нийтийн хэрэглээний зүйлийг нийт байгаа аж ахуйн нэгж, нийт барилгын талбайд хуваагаад тооцож гарга” гэхэд “тийм зүйл байхгүй, манайх маш их зардал гаргаж байгаа” гэж тайлбарладаг. Хэрвээ ХТ ХХК нь дулаан болон цахилгааны шугамаа улсад хүлээлгээд өгчих юм бол энэ компанид зардал гарахгүй. Нэхэмжлэгч компани Галакси тауэр барилгын 1 м.кв-ийг 4 000 000-4 500 000 төгрөгөөр зарж ашгаа олсон учраас дулаан, цахилгаан, ашиглалтын зардлыг тухайн м.кв-ыг худалдаж авсан өмчлөгчид нь хариуцан явуулах ёстой. Гэтэл хэрэгт нотлох баримтаар өгсөн санхүүгийн тайлан нь зөвхөн ХТ ХХК-ийн тайлан байна. Бид нэхэмжлэгчийн гаргасан зардлыг төлөх үүрэггүй, зөвхөн нийтийн эзэмшилд гарч байгаа зардлыг төлнө. Бид хэрэглэж байгаа тог цахилгаан, дулааны зардлаа тушаая гэж шаардлага тавьсан. Ашиглалтын зардал нь ХТ ХХК-ийн өөрсдийн үйл ажиллагаанаас гарсан зардал тул төлөх бол м.кв-ын үнийг тухайн талбайн өмчлөгч нар өөрсдөө тохирч, тооцоолох ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Д ” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХТ ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасан нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, 2014 онд авсан техникийн нөхцлийн 6 дугаар зүйлийн 6в-д зааснаар цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 7 дугаар зүйлийн 7.36 дугаар заалтыг хэрэгжүүлэх үүднээс 6 квт-ын кабелийг Улаанбаатар цахилгаан түгээх станц ОНӨААТҮГ-т шилжүүлж өгөх үүрэгтэй. Техникийн нөхцөл болон хуульд заасан хүлээлгэж өгөх үүргээ биелүүлэхгүй, бид цахилгааныг худалдан борлуулах эрхтэй гэж Галакси тауэрт байрладаг бүх аж ахуйн нэгжүүдээс төлбөр нэхэмжилж байх тул ХТ ХХК-ийг хуулийн дагуу цахилгаан, дулааны тоолуураа зохих байгууллагад нь хүлээлгэн өгч, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхийг шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Галакси тауэр барилга нь УБЦТС ОНӨААТҮГ-тай цахилгаан, эрчим хүчээр хангах гэрээ байгуулаад 900 000 000 төгрөгөөр ХТП нэртэй цахилгаан щит тавиулж, түүнээсээ давхар бүрт тоолуур салаалж байршуулан, уг объектод үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд нарт цахилгаан дамжуулдаг. Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 13 дугаар зүйлд зааснаар хангагч хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулна. Гэрээ байгуулсны дараа цахилгаан эрчим хүчээр хангагдана гэж заасны дагуу УБЦТС ОНӨААТҮГ нь Галакси тауэр барилгатай гэрээ байгуулаад цахилгаан аваад цааш нь дамжуулдаг. “Тухай бүртээ тусдаа тоолууртай” гэж хэлээгүй, давхар бүрт салаалсан шит байгаа гэж хэлсэн. 5007 тоот дээр щитнээс салаалсан тоолуур байгаа. 5007 тоот хэдэн квт цахилгаан хэрэглэсэн гэдэг нь харагдана. Цахилгааны төлбөрөө төлөөгүй тохиолдолд щитнээс салаалсан хэсгийг салгаад цахилгаанаар хязгаарлах бүрэн боломжтой байсан. “Д ” ХХК-ийн цахилгааны төлбөрөө төлөөгүй нэг жилийн хугацаанд цахилгааныг хязгаарлаагүй. Бид “Д ” ХХК-ийн өмнөөс төлбөрийг төлж, даалгаваргүйгээр бусдын үүргийг биелүүлж байгаа зүйл харагдаж байгаа. Тоолуурыг салгах гэвэл давхар бүрт щит тавиулах шаардлагатай. 5 давхарт нэг щит тавиулахын тулд техникийн нөхцөл хийлгэдэг. Техникийн нөхцөл хийхийн тулд төрийн байгууллагуудаас тусгай зөвшөөрөл авах 2-3 сарын хугацаанд 5 давхар тэр чигээрээ тоггүй байх тул өөр аж ахуйн нэгжүүдийн хохирлыг “Д ” ХХК хариуцан арилгах тохиолдолд УБЦТС ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулж щит тавиулах боломжтой. УБЦТСОНӨААТҮГ биднийг өмчлөлдөө байлгаж байгаа тохиолдолд тоолуурыг салгаж болохгүй байна гэсэн шаардлага тавьж байгаагүй. Энэ бол УБЦТСОНӨААТҮГ-т хүсэлтээ гаргаад шийдэх боломжтой асуудал тул бид тоолуурыг салгаж нийлүүлэх эрхгүй. Ашиглалтын зардлыг өмчлөгч нарын зөвшөөрөлтэйгөөр м.кв-ыг 5 000 төгрөгөөр тооцсон ба үүнд нийт 18 үйлчилгээний зардал багтдаг, үүний задаргаа жилээр гардаг. Түүнийг ашигтай талбайд хувааж СӨХ-ны хуулийг төсөөтэй хэрэглэж ашиглалтын зардал нь 1 м.кв талбайд 3 800 төгрөгийн зардал гардаг бөгөөд 5 000 төгрөгөөр тооцсон, зөрүү 1 200 төгрөгийг үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцоолох Галакси тауэр үйлчилгээний зориулалттай хөрөнгийг нийт 40 жил хэвийн ашиглахад шаардлагатай элэгдлийг тооцох журмын дагуу м.кв тутамд 1 200-1 500 төгрөг, элэгдэлд 1 200 төгрөг гэж тооцон нийт зардалд нэмдэг. Ашиглалтын гэрээг 5 000, 6 500 төгрөгөөр байгуулдаг олон компани байдаг бөгөөд зөвхөн хариуцагч ашиглалтын гэрээ байгуулахгүй, дээрх зардлыг зөвшөөрдөггүй. Өмчлөгч нарын зөвшөөрөлтэйгөөр ашиглалтын гэрээ байгуулж байгаа. Барилгын тухай хуулийн дагуу барилгыг анх барьсан этгээд нь тухайн ашиглалтыг хариуцах эрхтэй тул үүний дагуу шаардаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 2 069 827 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 700 000 төгрөгт холбогдох хэсэг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 187 300 төгрөг, хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48 067 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагыг ашиглалтын төлбөр болох 8 700 000 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэхдээ “Д ” ХХК-тай ашиглалтын гэрээ байгуулаагүй, Иргэний хуулийн 143 дугаар зүйлд зааснаар СӨХ-г байгуулаагүй гэсэн 2 үндэслэл заасан. Нэхэмжлэгч “Д” ХХК-тай ашиглалтын гэрээ байгуулж чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн гүйцэтгэх үүргийг гүйцэтгэж, түүнд хөрөнгө олж өгсөн үйлдлээрээ шаардаж байгаа бөгөөд энэ тохиолдолд гэрээний харилцаа үүссэн эсэх нь ач холбогдолгүй. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар барилга байгууламжийн ашиглалтын явцад өмчлөгч, эзэмшигч нь барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, барилга байгууламжийн инженерийн хангамжийн системийг арчлан хамгаалах, барилга байгууламжийг галын аюулаас урьдчилан сэргийлэх, ариун цэвэр, эрүүл ахуйн болон экологийн шаардлагыг хангуулах, барилга байгууламжийн орчны тохижилтын засвар арчлалтыг тогтмол хийж, авто болон явган хүний зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахгүй байх, барилгын ашиглалтын хугацаанд барилга байгууламжийн баримт бичгийг баяжуулж, хадгалах зэрэг үүргүүдийг хүлээдэг тул Галакси Тауэр барилгын ашиглалтыг бүрэн хариуцаж, бүхий л зардлыг төлж ирсэн. Мөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил гэж заасан. Захиалагч ХТ ХХК нь уг барилгыг 2015 онд ашиглалтад оруулснаас хойш 3 жилийн хугацаанд ашиглалтыг хариуцсан байгууллага гарч ирснээс үл хамаараад дээрх үүргүүдийг хүлээнэ. Үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас үүсэх хохирол мөнгөний асуудлыг төрийн байгууллагын зүгээс захиалагч ХТ ХХК-иас шаарддаг учраас бид энэхүү барилгын хэвийн ашиглалттай холбоотой хариуцлагыг хүлээдэг тул гарч байгаа зардлыг гаргаж буй хуулийн этгээд, өмчлөгч нараас нэхэмжлэх нь Барилгын тухай хуульд зааснаар нэхэмжлэгчид олгогдсон тул Иргэний хуулийн дагуу шаардах эрхгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Хэрэгт ХТ ХХК-ийн 2017-2018 он хүртэл 1 жилийн хугацаанд гаргасан зардлуудын баримтыг гаргаж өгсөн бөгөөд тэдгээр баримтад “И Э” ХХК 1 м.кв-т 3 812.45 төгрөгийн зардал ногдоно гэж дүгнэсэн нь 5 000 төгрөгийн зардлыг огт үндэслэлгүйгээр нэхэмжлээгүй бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйлд зааснаар дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг тооцох аргачлалын дагуу тооцоолон “Д ” ХХК-ийн дангаар өмчлөх талбайг бусад дангаар өмчилж буй нийт талбайд харьцуулан тооцоход сар бүр 661 200 төгрөгийн зардал гарч байгаа бөгөөд үүн дээр барилгын элэгдлийг тооцоолон 208 800 төгрөг нэмэгдэж, нийт 870 000 төгрөгийн ашиглалтын зардал гаргадаг гэдгээ нотолсон тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч ХТ ХХК хариуцагч “Д ” ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10 769 827 төгрөгийн гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, Галакси тауэр барилгын тоолуураас 5007 тоот оффисын өрөөний дулаан, цахилгааны тоолуурыг салгаж, хариуцагчийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. /1хх27/

Нэхэмжлэгч тал 18 төрлийн үйлчилгээний зардал, дулаан цахилгааны төлбөрийг төлөхгүйгээр үйлчилгээг авч ирсэн гэж, хариуцагч ХТ ХХК нь цахилгаан, дулаан үйлдвэрлэдэггүй, бид адилхан хэрэглэгч тул ямар үндэслэлээр төлбөр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн цахилгаан, дулааны төлбөрийг холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулж өөрсдөө төлөх үүрэгтэй. Гэтэл ХТ ХХК нь дулаан, цахилгааны тоолуурыг өөрийн нэр дээр байлган төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж, ашиглалтын зардлын тухайд сард 870 000 төгрөгийг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй тул төлөхгүй гэжээ.

Хариуцагч нь цахилгаан, дулаан хэрэглэж, ашигласан талаараа маргаагүй, дээрх төлбөрийг эрх бүхий байгууллагад төлнө гэж сөрөг шаардлагыг нэхэмжлэгчид гаргасан байна.

Хариуцагчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17/83 дугаар албан бичгийн агуулгаас үзвэл харуул хамгаалалт, хог тээвэрлэлт, лифт ашиглалт, ариун цэврийн өрөөний ашиглалтын зардлыг төлөхөө зөвшөөрсөн /1хх8/, харин уг зардлыг хэрхэн тооцоолж, ямар хэмжээтэй болох талаарх баримтгүй, нэхэмжлэгч талаас гаргасан “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээг сарын 870 000 төгрөгийн ашиглалтын зардалтай гэдгээ нотолсон гэж үзэх боломжгүй байна.  

Иймд хариуцагч тал ашиглалтын төлбөрт сар бүр 870 000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч харуул хамгаалалт, хог тээвэрлэлт, лифт ашиглалт, ариун цэврийн өрөөг ашиглахад гаргасан зардалд хэдэн төгрөг төлөхөө тодорхойлоогүйг анхан шатны шүүх тодруулж, талуудыг мэтгэлцүүлээгүй, маргаж үйл баримт тогтоогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүх ашиглалтын зардлын тооцооллын талаарх маргааны үйл баримтыг тодруулаагүй, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/02595 дугаар дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛСАН ШҮҮГЧ                                 Ц.И

                                 ШҮҮГЧИД                                  М.Н

                                                                                    А.О