Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 18

 

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас

шүүхийн шийдвэрийг хянуулах талаар бичсэн  

прокурорын дүгнэлтийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймгийн Прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай прокурорын дүгнэлтийг үндэслэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолтой, Д.О нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор Э.Ууганзаяа нар оролцов.

Прокурор давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Увс аймагт төрсөн, эмэгтэй, 53 настай, дээд боловсролтой, Архивын арга зүйч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр 1 хүүхдийн хамт ....тоотод оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3000 нэгжээр торгох ял шийтгүүлсэн, А овогт Д-гийн О.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн 1735001340134 дугаартай хэрэгт А овогт Д-гийн О, Б овогт Г-гийн Г, Ч овогт М-ын Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт нь 3000 нэгжээр торгох ял оногдуулж, Б овогт Т-ын У-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Гэвч Д.О нь 1735001340134 дугаартай хэрэгт шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа өөр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

1. Д.О нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сард 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай Барилга угсралтын трестийн даргын ажилд томилсон тушаалыг, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаартай “Ажлаас чөлөөлсөн” тушаалыг хуурамчаар үйлдсэнийг иргэн С.Т-ийн ашиг сонирхлын үүднээс өөрөө 1.500.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 1835004170139 дугаартай хэргийг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.О-гт холбогдох 1835004170139 дугаартай хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтанд ирүүлсэн ба Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байх тул урьд шүүхээр шийдэгдсэн эрүүгийн 1735001340134 дугаартай хэрэгт нэгтгэн шийдвэрлэх шаардлагатай байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Шүүгдэгч Д.О нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжээр торгох ял шийтгүүлсэн ба шүүгдэгч Д.Оюунцэцэгт шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулсны дараа /анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө/ урьд үйлдсэн гэмт хэргүүд сүүлд илэрсэн нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлгүй нөхцөл байдал үүсч байна.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” гэх үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан шинэ нөхцөл байдал илэрсэн байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 59 дугаартай, шүүгдэгч Амбан овогт Дамирангийн Оюунцэцэг, Бороош овогт Гаавангийн Ганхуяг, Чээчиг овогт Мандалын Чимэдцэрэн, Булгадар овогт Тогтохын Ундрах нарт холбогдох эрүүгийн 1735001340134 дугаартай хэргийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Амбан овогт Дамирангийн Оюунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив”  гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын Д.Люунцэцэгт холбогдох хэсгийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулахаар ирүүлсэн прокурорын 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

            1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн 1735001340134 дугаартай хэрэгт шүүгдэгч А овогт Д-гийн О, Б овогт Г-ийн Г, Ч овогт М-ын Ч нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрт нь 3000 нэгжээр торгох ял оногдуулж, Булгадар овогт Тогтохын Ундрахыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасныг баримтлан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар  Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Яллагдагч Д.О нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргаар ажиллаж байхдаа С.Т-ийн ажилд томилж, чөлөөлсөн тушаал, цалингийн тодорхойлолтыг хуурамчаар бүрдүүлэн өгч 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр иргэн С.Т-оос 1.500.000 төгрөгийн хахууль авсан гэх үйлдэлд Увс аймгийн прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн  1835004170139 дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ний өдрийн 59 дүгээртэй шийтгэх тогтоолоор Д.О нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн үйлдэлдээ 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгүүлсэн байх бөгөөд энэ тогтоол хүчин төгөлдөр болсны дараа түүний 2017 оны 2 дугаар сард үйлдсэн бусдаас хахууль авсан гэх гэмт хэрэг нь илэрч шалгагдан, яллагдагчаар татагджээ.

Яллагдагч Д.О нь хэд хэдэн гэмт  хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу хэргийг нэгтгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, нэг яллах дүгнэлт үйлдэх, улмаар шүүх гэмт хэрэг тус бүрд гэм буруутай нь тогтоогдсон гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох, эсхүл гэмт хэрэг тус бүрд өөр өөр төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь багтаах, эсхүл ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй болно.

Гэтэл Д.О-ийн 2017 оны 2 дугаар сард үйлдсэн гэх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгтээ ял шийтгүүлсний дараа илэрч мөрдөн байцаалт явагдсан байх тул дээрхи хуулийн заалтыг баримтлах боломжгүй буюу хэд хэдэн тогтоолоор түүний гэм бурууг тогтоох, ял оногдуулах байдлаар түүний эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал үүсч байна.  

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, хэргийг нэг яллах дүгнэлтийн хүрээнд  шүүх хуралдаанаар  хянан хэлэлцүүлж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ял шийтгэлийн асуудлыг шийдвэрлэх нь яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэл болно.

Нөгөөтэйгүүр  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг зохицуулсан боловч дээрхи тохиолдолд хамаарахгүй болно.

Увс аймгийн прокурорын газрын  2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1835004170139 дугаар тогтоолоор шинэ нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно” гэж заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын яллагдагч Амбан овогт Дамирангийн Оюунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Д.О нарт холбогдох эрүүгийн 1735001340134 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын Д.От  холбогдох хэсгийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, уг хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар прокурорт буцаах үндэслэлтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Увс аймгийн Прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолын А овогт Д-ийн О-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Д.О нарт холбогдох 1835004170139 дугаартай 2 хавтас эрүүгийн хэрэг, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 59 дугаар шийтгэх тогтоолтой, 1735001340134 дугаартай 5 хавтас эрүүгийн хэргүүдийг тус тус Увс аймгийн Прокурорын газарт хүргүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.ЖАМБАЛСҮРЭН

               ШҮҮГЧИД                                        Л.АЛТАН

                                                                                           Н.МӨНХЖАРГАЛ