Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 66

 

Д.Ат холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Болорзул

Шүүгдэгч Д.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/207 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нараас гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Ат холбогдох эрүүгийн 1914000000031 дугаар хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Д.А, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан,

Д.А нь 2018 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутаг Бор толгой гэх газар нутаглах С.Цын эзэмшлийн 172 тооны бог мал буюу ямааг хулгайлж бусдад 7920 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Аыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг хоёр /2 / жил найман / 8 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат оногдуулсан хоёр / 2 / жил найман / 8 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аын цагдан хоригдсон 32 хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Д.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Д.Аын эзэмшлийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу Д.Ат буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Д.Ат хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: Д.А нь бусдын 172 тооны ямаа буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт анх удаа холбогдсон. Энэ гэм буруугаа бүрэн хүлээж байгаа ба хохирогчид хохирлыг бүрэн барагдуулсан. Хохирогчийн малыг зүсээр нь эргүүлэн өгөөд, үрэгдсэн байсан малыг нь малаар орлуулан төлсөн. Учирсан хохирол бага бус хэмжээтэй. Хохирогч гомдол саналгүй болсон. Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй.

Д.А нь хувийн байдлын хувьд хавтаст хэрэгт авагдсан баримтаар нас 29, боловсролгүй, мэргэжилгүй, 5 настай хүү А.Бат-Эрдэнэ, ээж Дэлгэрсүрэн нарын хамт амьдардаг. В вирусын шалтгаан элэгний цочмог үрэвсэлтэй. Иймээс Д.Аын гэм буруугаа хүлээж байгаа болон хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан оногдуулсан хорих ялыг хоёрны нэгээс багагүйгээр хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.А гаргасан давж заалдах гомдолдоо: …Би хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа бүрэн хүлээж байна. Би 8 настай хүү болон ээжийн хамт амьдардаг, миний хүү 2015 оноос хойш ээжийн хайр мэдрээгүй өдий хүрсэн, энэ хэрэгт холбогдогч болж хүүгээ аав, ээжийн хайраар дутааж байна. Одоо ээж, хүү хоёрт туслах хүн байхгүй, ээж эмчийн хяналтанд байдаг, хүүгээ орхиод ээжгүй өсгөхийн хажуугаар явж байгаадаа харамсаад сууж байна. Би ахиж ийм юм хийхгүй, хүүгийнхээ зөв аав нь байж хань бараа байна. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Иймд 2 жил 8 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор С.Болорзул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Д.Ат оногдуулсан ял тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

Өмгөөлөгч Д.Мэндээ шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Д.Аын ар гэрийн ахуй амьдрал, хувийн байдлыг нь харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.А, өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Д.Аын гэмт үйлдлийг орхигдуулсан, тодорхойлох хэсгийн зааг, ялгаа мэдэгдэхгүй бичигдсэнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.6-д заасан шүүгдэгч ямар хэрэгт холбогдсон болон холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг заалтад хамаарах нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ гэж заасныг зөрчсөн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх хуулийн шаардлага болон шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцийг алдагдуулжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2-д заасан шаардлагыг хангаагүй, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5, 6.6 дугаар зүйлдүүдэд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд шударга ёсны зарчмыг баримтлан ял оногдуулсан эсэх нь тодорхойгүй зэрэг нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэх үндэслэл болж байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/207 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан тул Д.Ат оногдуулсан ялыг хөнгөрүүлэхийг хүссэн өмгөөлөгч Г.Дуламсүрэнгийн гомдлыг хэлэлцээгүй болохыг дурдсугай.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3 -т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/207 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ат холбогдох 1914000000081 тоот хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Ат урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

                             Б. БОЛОР-ЭРДЭНЭ