| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2022/0530/З |
| Дугаар | 221/МА2024/0757 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2024/0757
“МС” НҮТББ-ын
Нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл,
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн өмгөөлөгч У.Х
Нэхэмжлэгч: “МС” НҮТББ
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 567 шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч У.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2022/0530/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/740 дүгээр захирамж нь хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 567 дугаар шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 42 дугаар зүйлийн 42.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан маргаан бүхий 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/740 дүгээр “Дархан цаазат Богдхан уулын байгаль орчны тэнцвэрт байдал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж нь хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
3.1. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн зорилт нь байгалийн бүс бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх соёлын урсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсаж өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэж зааснаас үзвэл маргаан бүхий захиргааны акт нь тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулиар зохицуулсан харилцаанд оролцоогүй.
3.2. Тодруулбал, Нийслэлийн засаг даргын зүгээс Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9, Барилын тухай хуулийн 46 дугар зүйлийн 46.1.4, 46.1.5, 46.1.7. 46.1.11-д заасныг зөрчсөн эсэхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу Нийслэлийн газар зохион Байгуулалтын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газарт тус тус даалгасан захирамж юм. Өөрөөр хэлбэл тухайн захирамжаар шууд албадан буулгах биш, холбогдох хууль тогтоомжийн дагуу буулгахыг ажлыг зохион байгуулахыг даалгасан захирамж юм. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрх хэмжээг хэрэгжүүлээгүй байх тул хууль бус захирамж биш юм.
3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна", тус хуулийн 32.1 дэх хэсэгт "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ", тус хуулийн 34.1 дэх хэсэгт "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэхээр үнэлнэ" гэж тус тус заасныг Анхан шатны шүүх зорчсон байна. Учир нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тухайн маргаан бүхий барилга байгууламжийг хэн нураасан, нураасан хүн нь юуг үндэслэж нураасан эсэхийг тогтоож нотлох баримт цуглаагүй байна.
3.5. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хуульд заасан нотлох баримт цуглуулах буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт заасан шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулж чадаагүй байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/12024/0567 дугаар бүхий шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/740 дүгээр захирамж нь хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... маргаан бүхий захиргааны актын үйлчлэлийн хүрээнд манай эзэмшлийн газрын хашааны төмөр хаалга эвдэж, 54 ширхэг бетон тоосгон барилгыг доторх тавилга, эд хогшлын хамт нураасан. Барилгын гадна тохижилт талбай, зам зэрэг эд зүйлсийг нураасан, ... актыг гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, ... Өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн зориулалттай барилга барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээх нөхцөл байдлыг нэхэмжлэгч үүсгээгүй, ... Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.16-д зааснаар барилгын бүтцэд ан, цав, цууралт үүссэн гэх ноцтой эвдрэл гарсан тохиолдолд хяналтын асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэж, дүгнэлт гаргах ёстой, ... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.3, 4.2.5, 4.2.6, 4.2.8-д тус тус заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмууд хангагдаагүй, ... сонсох ажиллагаа хийгээгүй ...” гэж тайлбарлан маргасан байна.
3. Дараах үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчид анх Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах Зайсангийн аманд байрлах 10 га газрыг 2016 оны Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн сайдын А/189 дүгээр тушаалын дагуу аялал жуулчлалын зориулалтаар, мөн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өрийн А/116 дугаар захирамжаар эко сургуулийн зориулалтаар 15 га газрыг нэмж эзэмшүүлсэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2020/0434 дүгээр шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/31 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээж, газар ашиглах эрхийг 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл сунгасан үйл баримт тогтоогдсон байна.
3.2. Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Дархан цаазат Богд хан уулын байгаль орчны тэнцвэрт байдал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/740 дүгээр захирамжийн[1] 1 дэх заалтаар Дархан цаазат Богд хан уулын байгаль орчны тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9 дэх заалтыг зөрчсөн бөгөөд өмчлөгч, эзэмшигч нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.5, 46.1.7, 46.1.11-д заасан үүргээ биелүүлээгүй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ар зайсангийн гудамжинд байрлах, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч, гэмтсэн барилга байгууламжуудыг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор албадан буулгах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, мөн орчны аюулгүй байдал, хэв журмыг сахиулж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт тус тус даалгасан байна.
3.3. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа үндэслэл тус бүрт хамаарах нөхцөл байдлыг буюу нэхэмжлэгчээс барилга байгууламжийн ашиглалтын явцад хүлээх хуульд заасан үүргийг хэрхэн зөрчсөн талаарх шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй, мөн шийдвэр гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхөөр байхад нэхэмжлэгчид гаргах гэж буй шийдвэрийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар танилцуулж санал тайлбар гаргах боломжийг олгон сонсох ажиллагааг хийх хуулиар хүлээсэн үүрэгтэй.
3.4. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн газар дээрх барилга, байгууламжийг буулгах асуудлыг холбогдох байгууллагуудад даалгаж шийдвэрлэхдээ хуульд заасан үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүйгээс маргаан бүхий захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй байна. Тухайлбал,
3.5. Маргаан бүхий актад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, 9 дэх заалтаар “өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх” гэж заасныг үндэслэсэн байна.
3.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга, “МС” НҮТББ-ын захирал Л.М нарын хооронд байгуулсан 2016/151 дугаартай Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ[2], Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон 2016/375 дугаар гэрчилгээ[3] зэргээс үзэхэд нэхэмжлэгч “МС” НҮТББ нь тухайн газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байсан гэж тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгч уг газарт дээр дурдсан хуульд харш зорилгоор үйл ажиллагаа явуулсан гэх баримт, нотолгоог хариуцагчаас гаргаагүй байна.
3.7. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Барилга байгууламжийн ашиглалтын явцад өмчлөгч, эзэмшигч дараахь үүргийг хүлээнэ”, 46.1.4-т “барилга байгууламжийн инженерийн хангамжийн системийг арчлан хамгаалах”, 46.1.5-д “барилга байгууламжийг галын аюулаас урьдчилан сэргийлэх, ариун цэвэр, эрүүл ахуйн болон экологийн шаардлагыг хангуулах”, 46.1.7-д “барилга байгууламжийн орчны тохижилтын засвар арчлалтыг тогтмол хийж, авто болон явган хүний зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахгүй байх”, 46.1.11-д “барилгын хийц, бүтээцэд ан цав, цууралт үүсэх зэрэг ноцтой эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд барилгын улсын хяналтын асуудал эрхэлсэн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулан, холбогдох арга хэмжээг авах” гэж тус тус заасан.
3.8. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд барилга байгууламжийн инженерийн хангамжийн системийг арчлан хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх, ариун цэвэр, эрүүл ахуйн болон экологийн шаардлагыг хангуулах, орчны тохижилтын засвар арчлалтыг тогтмол хийж, авто болон явган хүний зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахгүй байхаар барилга байгууламжийн ашиглалтын явцад өмчлөгч, эзэмшигчийн үүргийг тухайлан тодорхойлсон байх бөгөөд ингэхдээ барилгын хийц, бүтээцэд ан цав, цууралт үүсэх зэрэг ноцтой эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд барилгын улсын хяналтын асуудал эрхэлсэн байгууллагаар дүгнэлт гаргуулах, улмаар холбогдох арга хэмжээ авах талаар тухайлан зааж хуульчилсан байна.
3.9. Хэрэгт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн[4] “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/740 дугаар захирамжтай холбоотой ямар нэгэн хяналт шалгалт хийгдээгүй болно” гэх 02/01/4533 дугаар албан бичиг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “... Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/740 дүгээр захирамж нь Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн ам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс дэх газрын асуудал байх бөгөөд манай албанаас дээрх захирамжийн хүрээнд ямар нэгэн арга хэмжээ аваагүй болно” гэх 01-08/5105 дугаар[5] албан бичгүүд авагдсан байна.
3.10. Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий актаар “... Ар зайсангийн гудамжинд байрлах, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч, гэмтсэн барилга байгууламжуудыг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор албадан буулгах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг холбогдох байгууллагад даалгаж шийдвэрлэхээс өмнө дээрх хуульд заасан журмын дагуу барилгын улсын хяналтын асуудал эрхэлсэн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулан, холбогдох арга хэмжээг авах байтал эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулахыг даалгаж, биелэлт хангагдаагүй байхад “албадан буулгах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг” даалгаж шийдвэрлэсэн нь хууль бус байна.
3.11. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил газар дээрх барилга байгууламжийг албадан буулгах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын газарт даалгаж шийдвэрлэхээс өмнө уг барилга байгууламж, барилгын тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад саад болж байгаа эсэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд зайлшгүй буулгах шаардлагатай эсэхийг эргэлзээгүйгээр тогтоох боломжтой байтал энэ талаар урьдчилж дүгнэлт шийдвэр гаргуулах талаар шаардаагүй, дүгнэлт шийдвэр гаргуулалгүйгээр “... албадан буулгах ажлыг ... шуурхай зохион байгуулахыг даалгаж” шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэхээр байх тул энэ хүрээнд маргаан бүхий актыг хуульд нийцсэн, үндэслэлтэй шийдвэр гэж үзэх боломжгүй.
3.12. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн “... тухайн захирамжаар шууд албадан буулгах биш, холбогдох хууль тогтоомжийн дагуу буулгах ажлыг зохион байгуулахыг даалгасан” гэх гомдол үндэслэлтэй байх боловч энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.
3.13. Харин маргаан бүхий актаар “... өмчлөгч, эзэмшигч нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.5, 46.1.7, 46.1.11-д заасан үүргээ биелүүлээгүй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ар зайсангийн гудамжинд байрлах, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч, гэмтсэн барилга байгууламжуудыг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор албадан буулгах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгаж” шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс уг байгууллагууд хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан эсэхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй байх тул шүүх Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрууд энэхүү захирамжид заасан хүрээнд барилга байгууламжийг нурааж, буулгах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж явуулсан эсэх буюу өөрөөр хэлбэл, захирамжид үүрэг болгосон байгууллагуудын уг үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, тухайн байгууллага, албан тушаалтнуудын шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй байна.
3.14. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 27 дугаар зүйлийн 12 дахь заалтаар “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох”, 29 дүгээр зүйлд “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 2 дахь заалтаар “өөрийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг улсын тусгай болон орон нутгийн хамгаалалтад авах, ангиллыг өөрчлөх, хилийн заагийг тогтоох саналыг судалгаанд үндэслэн боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж, хэлэлцүүлэх”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина” гэж тус тус заасан.
3.15. Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй харин дээрх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина” гэж заасан хүрээнд хариуцагч нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Дархан цаазат Богд хан уулын байгаль орчны тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9 дэх заалтыг зөрчсөн” гэж үзсэнийг буруу гэж үзэх үндэслэлгүй байх боловч өмнө дурдсанчлан нэхэмжлэгчийн эзэмшил газар дээрх барилга байгууламжийг буулгахтай холбоотой асуудлыг Нийслэлийн газрын алба, Мэргэжлийн хяналтын газарт даалгаж шийдвэрлэхээс өмнө уг эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулалгүйгээр шийдвэрлэсэн нь хууль бус байх тул энэ хүрээнд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг зөв гэж үзэв.
3.16. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан.
3.17. Хариуцагчийн өмгөөлөгчөөс “... хэрэгт цугларсан баримтаар тухайн маргаан бүхий барилга байгууламжийг хэн нураасан, нураасан хүн нь юуг үндэслэж нураасан эсэхийг тогтоож нотлох баримт цуглаагүй” гэж тайлбарлан маргасан байх боловч энэ талаарх холбогдох баримтыг шүүхэд хариуцагч захиргааны байгууллагын зүгээс гаргаагүй, энэ талаарх холбогдох хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй байх тул дээрх гомдол, тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ