Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 100

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 20  өдөр

Дугаар 139/ШШ2019/000100

Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.У даргалж, шүүгч Л.Х, шүүгч Г.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Сайнцагаан сум,                                    -ийн нэхэмжлэлтэй,  Дундговь аймгийн                              тоотод оршин суух, РД:ЗН  регистрийн дугаартай, Б         овогт Гын От  холбогдох 26580000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Ш                   ХХК-с гэм хорын хохиролд нийт 22743000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл бүхий 139/2018/00475/И индекстэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунбаяр, хариуцагч Г.О, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч ,  гэрч Б.Л, Ё.Н, шинжээч Г.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Гын О нь Сайнцагаан сумын 7-р баг, 55-р байр, 33 тоотын 3 өрөө 75 м.кв орон сууцыг  2015 онд худалдан авсан ба үлдэгдэл 17.700.000 төгрөгийг төлөх хугацаандаа төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд гэрээний 4.2-т заасны дагуу хугацаа хэтэрсний алданги болох 8.850.000 төгрөг   үлдэгдэл төлбөр 17.700.000 төгрөг нийт 26.550.000 төгрөгийг гаргуулж өгнө үү? Мөн Г.О нь гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөлгүй 3 жил болсон бөгөөд төлбөрийг нэхэмжлэн  эвлэрүүлэн  зуучлалд хандаж  улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг  төлж хохирсон.

 Иймд иргэн Г.Оаас 26.580.000 төгрөгийг  гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш ХХК нь 2015 оны 1 сарын 28-нд 75 метр квадрат орон сууцыг хариуцагч талд хүлээлгэж өгсөн байгаа. 2014 оны 11 сарын 15-ны өдөр хариуцагч О нэхэмжлэгч компанитай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахдаа нэг метр квадратыг 1200000 төгрөгөөр тооцож 75 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцыг авсан. Хариуцагч “би банкнаас зээл авах гэхээр 17700000 төгрөг байхгүй болохоор та нар миний өмнөөс уг урьдчилгаа 17700000 төгрөгийг төлчих гэж хэлээд нэхэмжлэгч компаниар 17700000 төгрөгийг төлүүлсэн. Банкны зээл бүтсэн үед би мөнгөө өгье гэж хэлсэн. Тэгтэл 2015 оны 12 сард хариуцагчийн банкны зээл бүтээд нийт 63 сая төгрөг авсан. Хариуцагч уг 17700000 төгрөгийг төлөх нь үнэн гэдгээ хариу тайлбартаа болон сөрөг нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн байсан. Иргэний хуульд зааснаар алдангийг тооцохдоо 50 хувиас хэтрүүлж болохгүй гэдэг үндэслэлээр 8850000 төгрөгийг алданги гэж тооцож нэхэмжилж байгаа. Мөн дээр нь эвлэрүүлэн зуучлагчаар ороод эвлэрээгүй учраас эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30000 төгрөгийг нэмээд нийт 26580000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Дутуу м.кв-н үнийг хасаад 12.096.000 болгон тооцохыг зөвшөөрч байна. гэв.

Хариуцагч Г.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Г.О миний бие Ш ХХК-ны гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарын гаргаж байна.

Миний бие Ш ХХК-иас 2015 оны 7 сард Сайнцагаан сумын 7-р баг, 5-р байрны 33 тоотын 3 өрөө байрыг худалдан авч, 2015 оны 12 дугаар сард банкнаас зээл авч 60.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Үлдэгдэл 17.700.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа нь үнэн.

Миний бие Орон сууцны барилгын захиалгын гэрээний дагуу нийт 75 мкв, 3 өрөө байр худалдан авахаар тохирч, нэг квадрат метр талбайн үнийг 1.150.000 төгрөгөөр бодож 77.700.000 төгрөгөөр худалдаж авсан...Сүүлд нь өрөөний метр квадрат дутуу гэдгийг мэдээд Мандал харш ХХК-иар орон сууцныхаа өрөөнд хэмжилтийн зураг хийлгэхэд 70.33 м.кв байсан.  Иймээс байрны төлбөрийн үлдэгдэл 17.700.000 төгрөгөөс 5.750.000 төгрөгийг хасуулж тооцуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд, алдангийг  хүлээн зөвшөөрөхгүй. Гал түймрийн улмаас учирсан хохирлыг төлсөн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.020.000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөхөд татгалзахгүй болно гэжээ.

Хариуцагч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэгээд байрны урьдчилгаанд 17.700.000 төгрөг авсан.  Энэ урьдчилгаанд авсан 17.700.000 төгрөгөөс байрны дутсан м.кв-ын үнийг хасуулж тооцуулаад үлдсэн төлбөрийг нь  хүлээн зөвшөөрч байна.  Орон сууцны дутуу м.кв-ийн үнийг хасаад 12.096.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Г.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Миний бие Ш ХХК-иас 2015 оны 7 сард Сайнцагаан сумын 7-р баг, 55-р байр, 33 тоот 3 өрөө байрыг худалдан авч 2015 оны 12 дугаар сард банкнаас зээл авч 60.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Орон сууцны барилгын захиалгын гэрээний дагуу нийт 75 мкв, 3 өрөө байр худалдан авахаар гэрээний гол нөхцлийг тохирч, нэг квадрат метр талбайн үнийг 1.150.000 төгрөгөөр бодож 77.700.000 төгрөгөөр худалдаж авсан. Бид тухайн үед метр квадрат нь  75 м.кв-т хүрэхгүй байгаа гэдгийг мэдээгүй. Сүүлд нь өрөөний метр квадрат дутуу гэдгийг мэдээд Мандал харш ХХК-иар орон сууцныхаа өрөөнд хэмжилтийн зураг хийлгэхэд 70.33 м.кв-т байсан. Миний хувьд 5 метр квадрат дутуу орон сууц худалдан авсан байх бөгөөд 5 м.кв-ын үнэ болох 5 м.кв-ын үнэ 1150000 төгрөгөөр бодож 5750000 төгрөгийг орон сууцны үнээс хасуулсны дараа үлдэгдэл төлбөрөө төлөх талаар удаа дараа ярилцаж, санал тавьсан. Ийм ч учраас орон сууцны төлбөрийн үлдэгдлийг одоо хүртэл төлөөгүй.

Ш ХХК-иас 5 м.кв талбайн зөрүү 5.750.000 төгрөгийг орон сууцны үнийн үлдэгдэл 17700000 төгрөгөөс хасуулж тооцуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг  гаргаж байна.

Тус орон сууцыг худалдаж аваад амьдарч байх хугацаанд 2016 оны 01 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө гал түймэр гарч тухайн үед манай эд хөрөнгөд 9272000 төгрөгийн хохирол учирсныг Сайнцагаан сумын Үнэ тогтоох комисс үнэлж тогтоосон.

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын улсын байцаагчийн 2016 оны 01 сарын 21-ны өдрийн 5/01 тоот Шинжээчийн дүгнэлтээр: уг гал түймэр нь “ том өрөөний цахилгаан үүсгүүрээс гарсан байх магадлалтай” гэсэн дүгнэлт гарсан.

...Дараах эд зүйл шатаж ашиглах боломжгүй болсноос худалдаж авсан. Үүнд: Буйдан - 1300000 төгрөг, цонх - 3 цонх сольсон нийт үнэ-541450 төгрөг, 3 өрөөний хөшиг, зам, сэрээ  нийт үнэ -454000 төгрөг, овжур 5 ширхэг үнэ 868500 төгрөг, ламп 6 ширхэг 15000 төгрөг, хивс-1 ширхэг - 450000 төгрөг, цаг- 1 ш- 30000 төгрөг, өрөөний обой,цавуу, будаг- 719400 төгрөг, паркетан шал- 127500 төгрөг, автомат шийд, разетка, усны хамгаалалтайгаа / ком/ - 48000 төгрөг, гал тогооны хэрэгслүүд-491300 төгрөг / шарх шүүгээ - 1 ширхэг, үнэ 169900 төгрөг, будаа            агшаагч -1 ширхэг, үнэ 179900 төгрөг, 1литрийн халуун сав- 1ш- 14500, халбага сэрээ ком- 22500, халуун тогоо- 1 ш- 45000, ус буцалгагч - 1ш- 40000, хогийн сав, шүүр -19500/, телевиз         LCD-42 inch- 960000 төгрөг,  Хятад       паар 20ш, үнэ 140000 төгрөг, Хөргөгч 1 ширхэг -779900 төгрөг нийт        7.416.350 төгрөг

Гал түймрийн улмаас дараах эд зүйл өнгө зүс, чанараа алдаж, харалтсан, зарим нь шатаж үгүй болооп ашиглах боломжгүй болсон ч одоогоор худалдаж аваагүй байгаа. Гал тогооны тавилга- 2189000 төгрөг, жижиг хивс - 250000 төгрөг, Сэнс - 150000 төгрөг, Халаадаг тень -135000 төгрөг, Уртасгагч -25000 төгрөг нийт 2.749.000 төгрөгийн хөрөнгийг авах шаардлагатай. Би байрандаа гал түймэр гарсантай холбогдуулан засвар хийлгэсэн. Засварын ажилд шаардлагатай барилгын багаж хэрэгсэл, материалд нийт 125500 төгрөг зарцуулсан. Засвар хийсэн ажилчдын ажлын хөлс 1200000 төгрөг гарсан. Нийт 1.325.500 төгрөг болсон.

Тухайн үед цагаан сар болох гэж байсан. Гал түймэр гарсантай холбогдуулан засвар хурдан хийлгэх шаардлагатай байсан тул хувь хүн болон банкнаас хүүтэй мөнгө зээлж засвар хийж, зарим эд хөрөнгийг худалдаж авсан.  Ийм учраас зээлийн хүү нийт 5.502.265 төгрөгийг нэхэмжилнэ. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар Ш ХХК-наас гал түймрийн улмаас надад учирсан бодит хохирол 16993110 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт эд хөрөнгийн доголдлоос учирсан хохирол 5.750.000 төгрөг, гал түймрийн улмаас учирсан хохирол 16993110 төгрөг, нийт 22.743.110 төгрөгийг нэхэмжилж энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ... Хэргийн материалтай танилцахад шинжээчийн дүгнэлтээр гал юунаас болж гарсныг тогтоож чадаагүй байна. Шинжээчийн дүгнэлтээр хоёр байдлаар тайлбарласан байсан. Нэг дэх хариултандаа том өрөөний цахилгааны үүсвэрээс гал түймэр гарсан байх магадлалтай гэсэн байна. Цахилгааны үүсвэр гэж юуг хэлээд байгаа нь тодорхойгүй. Хоёр дахь хариултандаа гал түймэр нь том өрөөний баруун буланд байх цахилгааны хэрэгсэлээс гарсан байх магадлалтай гэсэн хоёр өөр тайлбарыг хэлсэн байна. Уг шинжээчийн дүгнэлтийг бид нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2015 оны 1 сарын 28-ны өдөр улсын комисс уг байрыг хүлээж авсан. Хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдаагүй нотлох баримтуудаар уг мөнгийг нэхэмжилж байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш ХХК-нь хариуцагч Г.Оаас орон сууцны үлдэгдэл үнэ болох 17.700.000 төгрөг, алданги 8.850.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын УТХ-д төлсөн 30.000 төгрөг, нийт 26.580.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч Г.О нь гэм хорын хохирол 22.743.110 төгрөгийг нэхэмжлэгч Ш ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч тал нь 17.700.000 төгрөгийг хариуцагч Г.Оын байрны зээлийн урьдчилгаа болгон Г.Оын нэрийн өмнөөс банкинд байршуулсан болох нь  шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талуудын тайлбараар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд байгуулсан 36 дугаартай орон сууцны барилгын захиалгын гэрээнд захиалагч тал /Г.О/ нь төлбөрийг 2 хувааж  гүйцэтгэгч тал /Ш ХХК/-д төлөхөөр харилцан тохиролцсон байна. Уг гэрээнд орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг  гүйцэтгэгч тал захиалагч талын өмнөөс банкинд байршуулах талаар тусгагдаагүй байна.

Иймд Ш ХХК нь 17.700.000 төгрөгийг 36 дугаартай барилга захиалгын гэрээг үндэслэн хариуцагч талаас нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзлээ. Хариуцагч тал  орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авах зорилгоор нэхэмжлэгч талаас зээлийн урьдчилгаа төлбөр болох 17.700.000 төгрөгийг  гаргуулан өөрийн нэрээр банкинд байршуулсан байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар талуудын хооронд  зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар  алданги тооцох гэрээг бичгээр хийх хуулийн зохицуулалттай байх бөгөөд нэхэмжлэгч тал дээрхи шаардлагыг хангасан нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй тул алданги 8.850.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч тал эвлэрүүлэн зуучлалд хандсаны улсын тэмдэгтийн хураамж болох 30.000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжилжээ. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих зарчимтай бөгөөд эвлэрүүлэн зуучлалын улсын тэмдэгтийн хураамжинд 30.000 төгрөг төлсөн тухай холбогдох баримтыг нэхэмжлэгч тал хэрэгт ирүүлээгүй байна. Иймд эвлэрүүлэн зуучлалд хандсаны  улсын тэмдэгтийн хураамж болох 30.000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах шаардлага үндэслэлгүй юм.

Байрны хэмжээнээс 4.67 м.кв талбай дутсан байх тул дутуу хэмжээний үнэ болох 5.604.000 төгрөгийг 17.700.000 төгрөгөөс хасч тооцохыг талууд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд харилцан тохиролцсон болно.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 12.096.000 төгрөгийг хариуцагч Г.Оаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14.484.000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Г.О нь нэхэмжлэгч талаас эд хөрөнгийн доголдлоос учирсан хохирол 5.750.000 төгрөг /дутуу талбайн хэмжээний үнэ/, гал түймэрт шатаж, ашиглах боломжгүй болсноос үүдэн худалдаж авсан 14 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 7.416.350 төгрөг, цаашид худалдан авах шаардлагатай 5 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 2.749.000 төгрөг, засвар хийхэд гарсан зардал 125.500 төгрөг, засварын ажлын хөлс 1.200.000  төгрөг, засвар хийх болон эд хөрөнгө худалдан авахад зориулж хувь хүн болон банкнаас авсан зээлийн хүүний төлбөр 5.502.265 төгрөг, нийт 22.743.110 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс талууд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэх явцад дутуу талбайн хэмжээний үнийг 5.604.000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцохоор харилцан тохиролцсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохирол гаргуулах хэсгийг шийдвэрлэв

Дундговь аймгийн Прокурорын газраас ирүүлсэн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал”-д авагдсан, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Г.Оаас авсан тайлбар, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нэхэмжлэгч Ш ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын ажлын чанараас шалтгаалан хариуцагч Г.От эд хөрөнгийн хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ. /ХХ-1-ийн 32, ХХ-2-ийн 8-9/

Хариуцагч Г.Оын тус шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн  хөрөнгийн үнэлгээг ” Хөрөнгийн үнэлгээний тухай” хуулийн 3-р зүйлийн 3.1.1-д заасан шаардлагыг хангасан, эрх бүхий этгээд хийсэн эсэх нь тодорхойгүй, үнэлгээчинтэй холбоотой баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байх тул “эд зүйл үнэлсэн тухай” тайланг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэрэгт авагдсан хариуцагч талын ирүүлсэн зарлагын баримтуудад Г.О нь  ямар эд хөрөнгийг худалдан авсан нь тодорхойгүй /ХХ-1-ийн 49-50, 53, 57-58, 61/,  зарлагын баримтанд нэмж, давхардуулан бичсэн /ХХ-1-ийн 49-50, 55/, гал түймэрт өртөн шатсан болох нь тогтоогдоогүй /Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Г.Оаас авсан тайлбарт дурьдагдаагүй/ эд хөрөнгийг худалдан авсан /ХХ-1-ийн 56, 59-60/ тухай баримтууд байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 Мөн байраа засварлах болон эд хөрөнгө худалдан авахад зориулж банкнаас болон хувь хүнээс хүүтэй мөнгө зээлсэн зээлийн хүүний төлбөр 5.502.265 төгрөг, цаашид худалдан авах шаардлагатай 5 нэр төрлийн хөрөнгийн үнэ 2.749.000 төгрөг  гаргуулахаар нэхэмжилж байх боловч шүүх Г.От учирсан бодит хохирлыг Ш ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүний төлбөр болон худалдан авах шаардлагатай эд хөрөнгийн үнэ болох 8.251.265  төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Гал түймрийн улмаас хариуцагч Г.От 4.049.450 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна /ХХ-1-ийн 47-48, 51-52, 54, 55, 63-64/. Ххариуцагч нь 2.200.275 төгрөгийн нөхөн төлбөрийг Ард даатгал ХХК-с гаргуулан авсан байх тул хохирлоос хасч тооцон Ш ХХК-иас 1.849.175 төгрөг гаргуулан Г.От олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ..

            Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290.850 төгрөг, хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271.665 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, талуудаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн  хураамжийг гаргуулан зохигчид олгох нь хуульд нийцэж байна.

 Гэрч Б.Л нь тус шүүх хуралдаанд гэрчээр оролцсон хугацааны /хагас өдрийн/ цалин  43.000 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулах хүсэлт гаргасан боловч гэрч Б.Лт цалингүй чөлөө олгосон баримт хэрэгт авагдаагүй байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                   1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Г.Оаас 12.096.000 /арван хоёр сая ерэн зургаан мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14.484.000 /арван дөрвөн сая дөрвөн зуун наян дөрвөн мянган/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

                   2. Иргэний хууулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  Ш ХХК-иас 1849.175 /нэг сая найман зуун дөчин есөн мянга нэг зуун далан таван/ төгрөгийг гаргуулж Г.От олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.143.935 /арван таван сая нэг зуун дөчин гурван мянга есөн зуун гучин таван/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй  болгосугай.

                   3. Нэхэмжлэгч Ш ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290.850 /хоёр зуун ерэн мянга найман зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод үлдээж хариуцагч Г.Оаас 208.486 /хоёр зуун найман мянга дөрвөн зуун наян зургаан/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Шувуутай хйиморь ХХК-нд олгож, хариуцагч Г.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271.665 / хоёр зуун далан нэгэн мянга зургаан зуун жаран таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Ш ХХК-иас 44.536 /дөчин дөрвөн мянга таван зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулж хариуцагч  Г.От олгосугай.

                   4. Гэрч Б.Лын  хагас өдрийн цалин 43000 /дөчин гурван мянга/ төгрөг нэхэмжлэгчээс гаргуулах  тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

                   5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлд зааснаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У

                                         ШҮҮГЧИД                       Л.Х

                                                                           Г.Б