Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 218/МА2019/00012

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 19 өдөр                             Дугаар 218/МА2019/00012                                           Сайнцагаан сум

 

 

 

Ш ХХК-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2019/00100 дугаар шийдвэртэй,

Ш ХХК-ий нэхэмжлэлтэй От хариуцагдах 26580000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Оын Ш ХХК-аас гэм хорын хохиролд нийт 22743000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т

Хариуцагч О

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Нарийн бичгийн дарга Б.Алдармаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О нь Сайнцагаан сумын 7-р баг, 55-р байр, 33 тоотын 3 өрөө 75 м.кв орон сууцыг 2015 онд худалдан авсан ба үлдэгдэл 17.700.000 төгрөгийг төлөх хугацаандаа төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд гэрээний 4.2-т заасны дагуу хугацаа хэтэрсний алданги болох 8.850.000 төгрөг, үлдэгдэл төлбөр 17.700.000 төгрөг, нийт 26.550.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн О нь гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөлгүй 3 жил болсон бөгөөд төлбөрийг нэхэмжлэн эвлэрүүлэн зуучлалд хандаж улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг төлж хохирсон. Иймд иргэн Оаас 26.580.000 төгрөгийг  гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш ХХК нь 2015 оны 1 сарын 28-нд 75 метр квадрат орон сууцыг хариуцагч талд хүлээлгэж өгсөн. 2014 оны 11 сарын 15-ны өдөр хариуцагч Отгонбаяр нэхэмжлэгч компанитай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахдаа нэг метр квадратыг 1200000 төгрөгөөр тооцож 75 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцыг авсан. Хариуцагч “би банкнаас зээл авах гэхээр 17700000 төгрөг байхгүй болохоор та нар миний өмнөөс уг урьдчилгаа 17700000 төгрөгийг төлчих гэж хэлээд нэхэмжлэгч компаниар 17700000 төгрөгийг төлүүлсэн. Банкны зээл бүтсэн үед би мөнгөө өгье гэж хэлсэн. Тэгтэл 2015 оны 12 сард хариуцагчийн банкны зээл бүтээд нийт 63 сая төгрөг авсан. Хариуцагч уг 17700000 төгрөгийг төлөх нь үнэн гэдгээ хариу тайлбартаа болон сөрөг нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн байсан. Иргэний хуульд зааснаар алдангийг тооцохдоо 50 хувиас хэтрүүлж болохгүй гэдэг үндэслэлээр 8850000 төгрөгийг алданги гэж тооцож нэхэмжилж байгаа. Мөн дээр нь эвлэрүүлэн зуучлагчаар ороод эвлэрээгүй учраас эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30000 төгрөгийг нэмээд нийт 26580000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Дутуу м.кв-н үнийг хасаад 12.096.000 болгон тооцохыг зөвшөөрч байна

Сөрөг нэхэмжлэлийн тухайд хэргийн материалтай танилцахад шинжээчийн дүгнэлтээр гал юунаас болж гарсныг тогтоож чадаагүй байна. Шинжээчийн дүгнэлтээр хоёр байдлаар тайлбарласан байсан. Нэг дэх хариултандаа том өрөөний цахилгааны үүсвэрээс гал түймэр гарсан байх магадлалтай гэсэн байна. Цахилгааны үүсвэр гэж юуг хэлээд байгаа нь тодорхойгүй. Хоёр дахь хариултандаа гал түймэр нь том өрөөний баруун буланд байх цахилгааны хэрэгсэлээс гарсан байх магадлалтай гэсэн хоёр өөр тайлбарыг хэлсэн байна. Уг шинжээчийн дүгнэлтийг бид нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2015 оны 1 сарын 28-ны өдөр улсын комисс уг байрыг хүлээж авсан. Хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдаагүй нотлох баримтуудаар уг мөнгийг нэхэмжилж байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч О шүүхэд ирүүлсэн тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Ш ХХК-иас 2015 оны 7 сард Сайнцагаан сумын 7-р баг, 5-р байрны 33 тоотын 3 өрөө байрыг худалдан авч, 2015 оны 12 дугаар сард банкнаас зээл авч 60.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Үлдэгдэл 17.700.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа нь үнэн. Орон сууцны барилгын захиалгын гэрээний дагуу нийт 75 мкв, 3 өрөө байр худалдан авахаар тохирч, нэг квадрат метр талбайн үнийг 1.150.000 төгрөгөөр бодож 77.700.000 төгрөгөөр худалдаж авсан...Сүүлд нь өрөөний метр квадрат дутуу гэдгийг мэдээд Мандал харш ХХК-иар орон сууцныхаа өрөөнд хэмжилтийн зураг хийлгэхэд 70.33 м.кв байсан. Иймээс байрны төлбөрийн үлдэгдэл 17.700.000 төгрөгөөс 5.750.000 төгрөгийг хасуулж тооцуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Гал түймрийн улмаас учирсан хохирлыг төлсөн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.020.000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөхөд татгалзахгүй.  

Ш ХХК-иас 5 м.кв талбайн зөрүү 5.750.000 төгрөгийг орон сууцны үнийн үлдэгдэл 17700000 төгрөгөөс хасуулж тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Тус орон сууцыг худалдаж аваад амьдарч байх хугацаанд 2016 оны 1 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө гал түймэр гарч тухайн үед манай эд хөрөнгөд 9272000 төгрөгийн хохирол учирсныг Сайнцагаан сумын Үнэ тогтоох комисс үнэлж тогтоосон.

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын улсын байцаагчийн 2016 оны 01 сарын 21-ны өдрийн 5/01 тоот Шинжээчийн дүгнэлтээр: уг гал түймэр нь “ том өрөөний цахилгаан үүсгүүрээс гарсан байх магадлалтай” гэсэн дүгнэлт гарсан.

...Дараах эд зүйл шатаж ашиглах боломжгүй болсноос худалдаж авсан. Үүнд: Буйдан - 1300000 төгрөг, цонх - 3 цонх сольсон нийт үнэ-541450 төгрөг, 3 өрөөний хөшиг, зам, сэрээ  нийт үнэ -454000 төгрөг, овжур 5 ширхэг үнэ 868500 төгрөг, ламп 6 ширхэг 15000 төгрөг, хивс-1 ширхэг- 450000 төгрөг, цаг- 1 ш- 30000 төгрөг, өрөөний обой, цавуу, будаг-719400 төгрөг, паркетан шал-127500 төгрөг, автомат шийд, разетка, усны хамгаалалтайгаа /ком/ - 48000 төгрөг, гал тогооны хэрэгслүүд-491300 төгрөг / шарх шүүгээ-1 ширхэг, үнэ 169900 төгрөг, будаа            агшаагч-1 ширхэг, үнэ 179900 төгрөг, 1литрийн халуун сав- 1ш- 14500, халбага сэрээ ком- 22500, халуун тогоо-1ш- 45000, ус буцалгагч - 1ш- 40000, хогийн сав, шүүр -19500/, телевиз LCD-42 inch- 960000 төгрөг,  Хятад       паар 20ш, үнэ 140000 төгрөг, Хөргөгч 1 ширхэг-779900 төгрөг, нийт 7.416.350 төгрөг.

Гал түймрийн улмаас дараах эд зүйл өнгө зүс, чанараа алдаж, харалтсан, зарим нь шатаж үгүй болоод ашиглах боломжгүй болсон ч одоогоор худалдаж аваагүй байгаа. Гал тогооны тавилга- 2189000 төгрөг, жижиг хивс - 250000 төгрөг, Сэнс - 150000 төгрөг, Халаадаг тень -135000 төгрөг, Уртасгагч -25000 төгрөг нийт 2749000 төгрөгийн хөрөнгийг авах шаардлагатай. Би байрандаа гал түймэр гарсантай холбогдуулан засвар хийлгэсэн. Засварын ажилд шаардлагатай барилгын багаж хэрэгсэл, материалд нийт 125500 төгрөг зарцуулсан. Засвар хийсэн ажилчдын ажлын хөлс 1200000 төгрөг гарсан. Нийт 1325500 төгрөг болсон.

Тухайн үед цагаан сар болох гэж байсан. Гал түймэр гарсантай холбогдуулан засвар хурдан хийлгэх шаардлагатай байсан тул хувь хүн болон банкнаас хүүтэй мөнгө зээлж засвар хийж, зарим эд хөрөнгийг худалдаж авсан.  Ийм учраас зээлийн хүү нийт 5502265 төгрөгийг нэхэмжилнэ. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар Ш ХХК-наас гал түймрийн улмаас надад учирсан бодит хохирол 16993110 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт эд хөрөнгийн доголдлоос учирсан хохирол 5.750.000 төгрөг, гал түймрийн улмаас учирсан хохирол 16993110 төгрөг, нийт 22.743.110 төгрөгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Оаас 12.096.000 /арван хоёр сая ерэн зургаан мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14.484.000 /арван дөрвөн сая дөрвөн зуун наян дөрвөн мянган/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

2.Иргэний хууулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  Ш ХХК-иас 1849.175 /нэг сая найман зуун дөчин есөн мянга нэг зуун далан таван/ төгрөгийг гаргуулж От олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.143.935 /арван таван сая нэг зуун дөчин гурван мянга есөн зуун гучин таван/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй  болгож,

3.Нэхэмжлэгч Ш ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290.850 /хоёр зуун ерэн мянга найман зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод үлдээж хариуцагч Оаас 208.486 /хоёр зуун найман мянга дөрвөн зуун наян зургаан/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-нд олгож, хариуцагч Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271.665 / хоёр зуун далан нэгэн мянга зургаан зуун жаран таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Ш ХХК-иас 44.536 /дөчин дөрвөн мянга таван зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулж хариуцагч  От олгож,

4.Гэрч Б.Лын  хагас өдрийн цалин 43000 /дөчин гурван мянга/ төгрөг нэхэмжлэгчээс гаргуулах  тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шийдвэрт өөрчлөлт оруулуулахаар дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн 2 дугаар заалтаар “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ш ХХК-иас 1.849.175 төгрөгийг гаргуулж От олгож, сөрөг нэхэмжпэлийн шаардлагаас үлдэх 15.143.935 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасангүй гэж үзэж байна. Үүнд:

Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... гэм хорын хохирол гаргуулахтай холбогдуулан гал түймэрт шатаж, ашиглах боломжгүй болсноос үүдэн худалдаж авсан 14 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 7.416.350 төгрөг, цаашид худалдан авах шаардлагатай 5 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 2.749.000 төгрөг, засвар хийхэд гарсан зардал 125.500 төгрөг, засварын ажлын хөлс 1.200.000 төгрөг, засвар хийхэд болон эд хөрөнгө худалдан авахад зориулж хувь хүн болон банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөр 5.502.265 төгрөг, нийт 16.993.110 төгрөгийн нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт: ... нэхэмжпэгч Ш ХХК-ны гүйцэтгэсэн барилгын ажлын чанараас шалтгаалан хариуцагч От эд хөрөнгийн хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогдож байна гэсэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн.

Гэвч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй гэж үзэж байна. Үүнд:

1.2016 оны 01 сарын 19-20-нд шилжих шөнө Зхороололын 55-р байрны 33 тоот Оын гэрт гал түймэр гарч, байрны эд материал гал түймэрт өртөн шатаж мөнгөн дүнгээр 9.272.000 төгрөгийн хохирол учирсан болохыг Сайнцагаан сумын Үнэ тогтоох комисс тогтоосон бөгөөд дээрх хохирол учирсан нь Дундговь аймгийн Онцгой байдлыг газрын 2016.01.21-ны өдрийн 5/03 тоот Улсын байцаагчийн акт, Дундговь аймгийн Прокурорын газрын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор гал түймэр гарснаас Оынд ямар хохирол учирсан нь тогтоогдож байгаа. Нөгөө талаас Ард даатгал компани Оынд хохирол учирч засвар хийсэнтэй холбогдуулан 2.200.275 төгрөгийн даатгал олгосон нь дээрх хохирол учирсныг нотолж байхад эдгээр баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж, хохирлын хэмжээг зөв тооцож гаргасангүй гэж үзэж байна. Нөгөө талаас Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, эд хөрөнгөд учирсан бодит хохирлын хэмжээг 9.272.000 төгрөг гэж тогтоосон байгаа нь гал түймрийн улмаас ямар хэмжээний хохирол учирсныг дахин нотлох шаардлагагүй гэж үзэж байна.

2.Анхан шатны шүүхээс хохирлын хэмжээг тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: Дундговь аймгийн Прокурорын газраас ирүүлсэн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал”-д авагдсан Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Оаас авсан тайлбар зэргийг үндэслэн ямар ямар эд хөрөнгөд хохирол учирсныг тогтоож, хавтаст хэргийн 47-48, 51-52, 54, 55, 63-64 талд авагдсан Зарлагын баримтыг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн байна. Харин ямар эд хөрөнгө худалдан авсан нь тодорхойгүй, зарлагын баримтад нэмж давхардуулж бичсэн, гал түймэрт өртөн шатсан болох нь тогтоогдохгүй, /Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Оаас авсан тайлбарт дурьдагдаагүй/ гэх үндэслэлээр гал түймэрт шатаж дахин ашиглах боломжгүй болсноос худалдан авсан эд зүйлийн 4.225.000 төгрөгийн үнэлгээ бүхий баримтыг нотлох баримтаас үнэлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймээс ямар эд хөрөнгө худалдан авсан нь тодорхойгүй, гал түймэрт өртөж шатсан болох нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй болон, нотлох баримтаар үнэлэлгүй орхигдуулсан хавтаст хэргийн 49, 50, 53, 57, 58, 61, 56, 59, 60, 80 дугаар талд авагдсан 4.225.000 төгрөгийн зарлагын баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.

Гурав.

Гал түймэр гарсны улмаас байраа засварлах болон эд хөрөнгө худалдан авахад зориулж банкнаас нөхрийнхөө нэр дээр болон хувь хүнээс хүүтэй мөнгө зээлсэн зээлийн хүүний төлбөрт 5.502.265 төгрөг, цаашид худалдан авах шаардлагатай 5 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 2.749.000 төгрөг нэхэмжилснийг бодит хохирол гэж үзэлгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймээс зээлсэн мөнгөний хүүний төлбөрт 5.502.265 төгрөг, цаашид худалдан авах шаардпагатай 5 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 2.749.000 төгрөг, нотлох баримтаар унэлээгүй / зарлагын баримт/ 4.225.000 төгрөг нийт 12476265 төгрөгийн хохирлыг Ш ХХК-иас нэмж гаргуулж шийдвэрийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.

Шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтаар сөрөг нэхэмжпэлийн шаардлагаас 15.143.935 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм Учир нь хариуцагчаас 22.743.110 төгрөгийн сөрөг нэхэмжпэлийн шаардпага гаргаснаас эд хөрөнгийн доголдолтой холбоотой 5.604.000, эд хөрөнгөд учирсан хохирол 4.049.450 төгрөг, нийт 9.653450 төгрөгийг нэхэмжлэлийн шаардпагыг хангаж шийдвэрлэсэн. Эндээс үзэхэд сөрөг нэхэмжпэлийн шаардлагаас 13.089.660 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байж гэж үзэж байна.

Дөрөв.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийн хэрэглэсэнгүй гэж үзэж байна.

Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Ш ХХК нь Зхороололын 55-р байрыг барих гүйцэтгэгчээр ажиллаж ашиглалтанд оруулснаас хойш 1 жилийн дотор буюу Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан зүгшрүүлэх, тохируулах 1 жилийн хугацаанд гал түймэр гарсан бөгөөд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар Баталгаат буюу зүгшрүүлэх хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, гүйцэтгэгч, эзэмшигчийн хэн буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулах ёстой.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Ш ХХК-ний гүйцэтгэсэн барилгын ажлын чанараас шалтгаалан хариуцагчид эд хөрөнгийн хохирол учирсан байна гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг баримталсангүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар Ш ХХК нь гүйцэтгэгчээр ажиллаж 55-р байрыг ашиглалтанд оруулахдаа Барилгын тухай хуулийн 14, 25 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2, 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсгийн заалтуудыг зөрчсөн бөгөөд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7, 40 дүгээр зүйлийн 40.1.8-т зааснаар хохирлыг хариуцах ёстой. Иймээс шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад Барилгын тухай хуулийн дээрх заалтуудыг нэмж баримтлах ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг давхар баримтлаагүй.

Иймээс Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 сарын 20-ны өдрийн 139/ШШ2019/000100 дугаар шийдвэрийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагч талын гомдлын дагуу хэргийг хянахдаа эрх хэмжээнийхээ хүрээнд гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэх зарчмыг баримталлаа.

Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 3 сарын 20-ны өдөр 139/ШШ2019/00100 тоот шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хууль ёсны шаардлагын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтанд үндэслэж хэргийг хянан шийдвэрлэх журмыг зөрчжээ.

Хавтаст хэргийн 30-46 дугаар хуудсанд байгаа баримтуудыг хуулбарлан хэрэгт хавсаргасан байх ба зөвхөн байгууллагын болон нягтлан бодогчийн хуулбар үнэн гэсэн тэмдгээр баталгаажуулжээ. Шүүхээс энэхүү бичгэн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтын чанартайгаар судалсан нь харагдаж байна.

Мөн хууль сахиулах байгууллагын бүрдүүлсэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай гэсэн хавтаст хэрэг материалыг тухайн хэрэгт шүүгчийн захирамжаар гаргуулан авч хавсаргажээ.

Энэ бичмэл баримтыг бүрэн эхээр нь авч шүүх шинжлэн судалсан нь үндэстэй ч шүүхээс нотлох баримтыг цуглуулан бэхжүүлсэн талаархи хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэжээ. Энэ шаардлагыг хангаагүй зөвхөн канондсан хувийг шүүх хүлээн авч үнэлсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Мөн хавтаст хэрэгт дагалдаж байгаа “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” хавтаст хэргийг прокурорын байгууллагаас шүүгчийн захирамжаар гаргуулж авах ажиллагааг хэргийн оролцогчийн хүсэлтээр гүйцэтгэсэн нь хуульд нийцэх боловч өөр байгууллагын архивын нэгж болсон материалыг хэргийг шийдвэрлэсний дараа хэрхэх тухай заалгүй хуулийн шаардлагыг ноцтой зөрчжээ.

Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс эрх хэмжээний хүрээнд залруулж шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж тогтлоо.

Хариуцагчийн зүгээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцааж олгохыг дурьдаж байна.   

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2019/00100 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215000 /хоёр зуун арван таван мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                             Т.БЯМБАЖАВ  

 

                                                       Ш.ТӨМӨРБААТАР