Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 114/2015/0004/з |
Дугаар | 240 |
Огноо | 2017-06-14 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 240
“Хурай” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч “Хурай” ХХК-ийн захирал Б.Болор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагч нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0258 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Хурай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.9, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1, Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга нарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоол илт хууль бус, “Хурай” ХХК-ийн хайгуулын 14487Х, 14488Х тоот лицензүүдийн Байгаль орчны менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоож, “Хурай” ХХК-ний 2015 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0258 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. л, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Хурай” ХХК-ийн “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын “Хурай” ХХК-ийн хайгуулын 14487Х, 14488Х дугаар лицензүүдийн Байгаль орчны менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад даалгасугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”, “тус бүр 35100 төгрөг, нийт” гэснийг хасч, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Хурай” ХХК-ийн захирал Б.Болор хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “Хурай” ХХК-ийн зүгээс давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн “хүчингүй болгуулахаар шаардсан гэж үзэхээр байна” гэх дүгнэлтийн хувьд маргахгүй байгаа болно. Учир нь “Хурай” ХХК нь анх нэхэмжлэл гаргахдаа “Санал уламжлах тухай” 48 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай гэсэн шаардлагыг гаргаж байсан.
Хамгийн гол нь ийнхүү “Хурай” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг “илт хууль бус” болгуулах тухай шаардлага биш “хүчингүй болгуулах тухай” шаардлага байна гэж дүгнэсэн атлаа “хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл байна уу” гэж дүгнэхдээ “48 дугаар тогтоолыг эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан тул хүчингүй болгуулах тухай “Хурай” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж дүгнэсэн хэсэгт холбогдуулж хяналтын журмаар гомдол гаргаж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Хянавал хэсгийн 5 нүүр, 17-20 мөрөнд “хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасан” гэж дүгнэсэн. Тэгэхээр тус 48 дугаар санал уламлах тухай Тэргүүлэгчдийн тогтоол гарах биш “Хурлын тогтоол” гарах ёстой байсан бөгөөд ийнхүү тогтоол гарахдаа хуульд заасан журмыг зөрчиж гаргасан байхад эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд зааснаар гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Учир нь тус хэргийг анхан шатны журмаар хянасан Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн шүүх 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 152 дугаар захирамжаар шинжээч томилж, маргаан бүхий 48 дугаар тогтоолын гол үндэслэл болсон “Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа нөлөөллийг” тогтоолгохоор Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилсон бөгөөд тус шүүгчийн захирамжийн дагуу энэхүү захиргааны хэрэг нь 10 сар түдгэлзэж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 18-04-017/10 дугаар “Шинжээчийн дүгнэлт” гарч “Хурай” ХХК нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн зүйл байхгүй болохыг тогтоосон.
Тэгэхээр маргаан бүхий 48 дугаар тогтоолын үндэслэл болсон “Хурай” ХХК-г буруутгаад буй үндэслэл нь тогтоогдоогүй бөгөөд анхнаасаа тус 48 дугаар тогтоол нь хуралдаанаар хэлэлцэх боломжгүй саналыг хэлэлцсэнээрээ процессын хувьд алдаатай байсан.
Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг зөрчсөн. Тухайн Сумын Шар-Ус 1-х баг, Баянцогт 2-р багуудаас ирүүлсэн гэх саналууд нь холбогдох тооцоо судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төсөл зэргийг тусгаагүйгээс тухайн саналын үндэслэл болсон “Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн” гэх үндэслэл нь анхнаасаа баримтаар тогтоогдоогүй.
Хамгийн гол нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үндэслэлээр БОАЖНХЯ-аар “Дүгнэлт гаргуулах” асуудлын хүрээг зааж тусгасан байдаг. Энэ нь 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасан. Тэгэхээр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нь “Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар” утга бүхий саналыг БОАЖНХЯ-руу явуулж дүгнэлт гаргуулах ёстой.
Гэтэл тус 48 дугаар тогтоолыг гаргасан гэх 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар Сэлэнгэ аймаг Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэлд “хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд: “Багийн ИНХ-уудаас ирүүлсэн “Хурай” ХХК-ийн үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа нөлөөллийн талаарх саналыг хэлэлцэн дүгнэлт гаргах тухай” гэж оруулж ирсэн байх бөгөөд маргаан бүхий 48 дугаар тогтоол нь ч байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн гэх үндэслэлээр гарсан байдаг.
Тэгэхээр маргаан бүхий 48 дугаар тогтоолын агуулга нь “Хурай” ХХК нь “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр гарах байтал анхнаасаа “Хурай” ХХК-ийн үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа нөлөөллийн талаарх саналыг хэлэлцэж, өөр асуудлын хүрээнд дүгнэлт гаргуулахаар явуулсан.
Гэтэл давж заалдах шатны шүүх нь дээрх бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр “48 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байхгүй, эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоолыг гаргасан байна” гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Хууль тогтоомжид “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй” хүрээнд санал уламжлах тухай тогтоол гарга гэсэн болохоос “байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй нөлөөллийн” талаар санал уламжлах тогтоол гаргах тухай зохицуулаагүй байгааг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалын “хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасан” байна гэх хариуцагчийн үйлдлийг зөвтгөж, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буй хэсгийг өөрчилж, 48 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Учир нь хариуцагч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/82 дугаар албан бичгээр “яг энэ асуудлын хүрээнд дахин шинээр акт гаргана, учир нь бидний хийсэн үйл ажиллагаа хууль ёсны болохыг шүүх тогтоосон гэх тайлбараар 5 жил үргэлжилсэн шүүх шийдсэн маргааны үйл баримтад дахин шинэ акт гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ асуудал дахиад хэдий хугацаанд ч үргэлжлэхийг мэдэхгүй байна.
Манай “Хурай” ХХК нь 5 жил үйл ажиллагаагаа явуулалгүй, бүрэн зогсож, ихээхэн хүнд байдалд орж байна. Ийнхүү үйл ажиллагаа зогссоноор 100 шахуу ажилтантай байсан бол 5 хүрэхгүй болж, найдвартай татвар төлөгч аж ахуй нэгж байсан бол татвар төлөх орлогогүй болж оронд нь их хэмжээний зээлийн өртэй болоод байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Хурай” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, сумын Засаг даргад холбогдуулан байгаль орчны менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэгчээс гаргасан даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, хариуцагчаас эс зөвшөөрч, гомдол гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 48 дугаар тогтоолтой холбогдуулан хяналтын журмаар гомдол гаргасан тул уг гомдлын хүрээнд хэргийг хянаж үзлээ.
Маргаан бүхий 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоолоор “...байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр “Хурай” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд уламжилсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулжээ.
Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг цуцлах эрх бүхий этгээд нь уг тусгай зөвшөөрлийг олгосон захиргааны байгууллага болох Ашигт малтмалын газар байх бөгөөд ийм эрх бүхий захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах гол үндэслэл болох эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт байна.
Гэтэл энэ тохиолдолд эрх бүхий байгууллага болох байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гараагүй, харин ийм дүгнэлт гаргуулахаар нутгийн удирдлагын байгууллагаас “санал” гаргасан байгаа нь нэхэмжлэгчид ямар нэгэн сөрөг үйлчлэл бүхий эрх зүйн үр дагавар бий болгоогүй гэж үзнэ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам нь байгаль орчны төлөв байдал, түүнд нөлөөлөх нөлөөллийг мэргэжлийн хувьд хянан үзэж, дүгнэлт гаргах эрхтэй байна.
Иймд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг хүлээж авах эсэх, дүгнэлт гаргах эсэх нь төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийн асуудал бөгөөд хэрэв тус байгууллага саналыг хүлээж авахгүй, эсхүл авсан ч “байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй” гэсэн буюу нэхэмжлэгчид эерэг үйлчлэлтэй дүгнэлт гарсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд ямар нэгэн /сөрөг/ үр дагавар үүсэхгүй юм. Харин дүгнэлт нэхэмжлэгчийн хувьд сөрөг үйлчлэлтэй, “байгаль орчинд сөргөөр нөлөөлнө” гэсэн тохиолдолд уг дүгнэлттэй холбогдуулан маргах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй, энэ дүгнэлт нь дангаараа нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар учруулах болохоос иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг хамаатуулан ойлгох хууль зүйн үндэслэлгүй.
Тодруулбал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг шууд үндэслэн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт гаргах үүрэггүй буюу мэргэжлийн байгууллагын хувьд өөрт олгогдсон эрхийн хүрээнд байгаль орчны төлөв байдлыг хянаж, шинжлэн судалсны үндсэн дээр дүгнэлт гаргана. Ийм ч учраас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2014 оны 12 дугаар сарын 1/69 дүгээр албан бичгээр “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохгүй” тухай хариуг нэхэмжлэгчид хүргүүлж байжээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар захиргааны акт нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан байх, захирамжилсан шинжтэй байх, тодорхой тохиолдлыг зохицуулсан байх, эрх зүйн үр дагавар шууд бий болгосон шинжийг заавал агуулсан байх ёстой.
Маргаан бүхий 48 дугаар тогтоол нь нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар учруулаагүй байх тул “захиргааны акт” гэж үзэх үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар уг нэхэмжлэлийг “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар санал гаргах байтал байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа нөлөөллийн талаар хэлэлцэж, өөр асуудлын хүрээнд дүгнэлт гаргуулахаар явуулсан” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт зааснаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ... талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих бүрэн эрхтэй, энэхүү эрхийн хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагад “тусгай зөвшөөрлийг цуцлах” санал уламжилсан нь нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар бүхий эцсийн шийдвэр болохгүй тул түүний эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй юм.
Нэгэнт уг тогтоол нь захиргааны актын шинжийг бүрэн агуулаагүй буюу захиргааны акт биш учраас нэхэмжлэгчийн “иргэдийн Төлөөлөгчид хэлэлцсэн атал иргэд Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гарсан, хуралдаанаар хэлэлцэх боломжгүй санал хэлэлцсэн” тухай гомдол хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 221/МА2017/0258 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.л, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Хурай” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Хурай” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ