Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2021/0700

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: ГЕГ

Нэхэмжлэлийн шаардлага: Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 сарын 09-ний өдрийн Б/1**дугаартай Гаалийн албан тушаалаас халах тухай тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн томилон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Монгол Улсын Гаалийн албанд 2003 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Гаалийн улсын байцаагчийн албан үүргийг хууль бус дүрмийн дагуу зохих ёсоор гүйцэтгэж 2020 оны ажлын гүйцэтгэлийг А үнэлгээтэй хийж гүйцэтгэсэн.

Миний бие * дах Гаалийн газарт түр томилогдон ажиллаж байхад 2020 оны 02 сарын 06-ны өдрийн 23-аас 24 цагийн хооронд өөрийн гэртээ унтаж байхад ирэн дарж суугаад улмаар хоолой боож, цохиж зодсон болно. Намайг Улаанбаатар хотод дуудсан учир 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр *аас Улаанбаатар хот руу явж байхад Гаалийн Ерөнхий Газрын даргын 2021 оны 02 сарын 10-ны өдрийн Б/**дугаартай тушаал гарч өөрийн хүсэлтээр чөлөөлсөн гэж утсаар мэдэгдсэн.

Улаанбаатар хотод 2021 оны 02 сарын 11-ний өдрийн 06 цагаас хатуу хөл хорио тогтоосон байсан учир намайг юун тушаал гарсан талаар асуухад чамайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан гэж хэлсэн Б/** тушаалыг Фэйсбүүк дээр байхыг харсан тэрийг нь хуулж авсан.

Би хүний нөөцийн ажилтанд утсаар намайг гэртээ унтаж байгаад бусдад зодуулсан байхад тухайн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, надаас тайлбар, мэдүүлэг аваагүй байж хууль бус тушаал гаргаж болохгүйг хэлж би өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүйг мөн тайлбарлан хэлсэн.

Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж хэний гэм буруу ба хэрэг учралын байдлыг бүрэн тогтоогоогүй байхад Гаалийн ерөнхий газар дахин холбогдон 2021 оны 03 сарын 09-ний өдрийн Б/1**тушаалаар гаалийн алба албан тушаалаас халах тухай тушаал гаргасан байна.

Тушаалын үндэслэлд Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 47 дугаар зүйлийн 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.3, Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.11, 273 дугаар зүйлийн 273.4, 274 дүгээр зүйлийн 274.2.5, 284 дүгээр зүйлийн 284.1.5, Засгийн Газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор баталсан Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам-ын 1 дүгээр зүйлийн 1.3.1, 1.3.5, Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 5** дүгээр тушаалаар баталсан Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.2, 3 дугаар зүйлийн 3.1.9, 2021 оны 01 сарын 04-ний өдрийн Гаалийн ерөнхий газрын даргын 01 тоот албан даалгаврын 23 дах заалтуудыг тус тус үндэслэл болгосон байна.

Мөн тушаалын нэгдүгээр заалтад өргөсөн тангаргаа зөрчин улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед хилийн зурваст ёс зүй, сахилгын зөрчил гаргаж, согтууруулах ундаа хэрэглэн бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан ... гэсэн зүйлийг бичсэн байна. Энэ тухай тушаал бодит байдалд нийцэхгүй, Гаалийн ерөнхий газрын даргын эрх хэмжээний бус суудлаар дүгнэлт хийж Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т ... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно... гэсэн заалтыг зөрчсөн илт хууль бус тушаал байна.

Энэ маргаан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно мөн зүйлийн 48.9-д Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална гэж заасны дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам-ын 8 дугаар зүйлийн 8.2-т Төрийн албаны тухай хуулийн ... 48.1.3, 48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд тус тус гаргана гэсний дагуу шүүх хянан шийдвэрлэх асуудал мөн болно.

Иймд Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 сарын 09-ний өдрийн Б/1** дугаартай Гаалийн албан тушаалаас халах тухай тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн томилон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгч нь Гаалийн ерөнхий газрын харьяа 2010 оны 02 сарын 06-ны өдөр оройн цагаар өөрийн амралтын газар унтаж байхад гаднаас Б.И гэх хүн орж ирээд унтаж байгаа хүнийг дараад энэний эсрэг биеэ хамгаалах үйл явдал болсон. Энэ талаар захиргааны байгууллага шалгаж байх явцад 02 сарын 06-ны өдөр Б/**дугаар тушаалаар ямар нэг сонсох ажиллагаа хийгээгүй байхдаа Б/**тушаалаар хүсэлтээр чөлөөллөө гэсэн тушаал гаргасан. Энэ тушаал гарахад Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдалд байсан. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх хүсэлт гаргаагүй гэхээр 2021 оны 03 сарын 09-ний өдөр Б/1**дугаар тушаалаар бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан гэж үзэж ажлаас халах тухай тушаал гаргаж байгаа юм. Энэ тушаал дээр дурдсанчлан эрх зүйн үндэслэлийн хувьд төөрөхөөр олон хуулийн заалт хамаад бичсэн байгаа юм. Энэ маргаан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8 дах хэсэгт заасны дагуу, мөн хуулийн 48.9 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 8 дугаар зүйлийн 8.2, Төрийн албаны тухай хуулийн 48.1.3, 48.1.4 дэх хэсэгт заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гаргана гэсний дагуу шүүх хянан шийдвэрлэх асуудал болсон. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, Д.Л нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, улс орон даяар халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлсэн цаг үед Д.Б нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.7 дахь заалт, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.5 дах заалт, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор баталсан Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх заалт, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1 дүгээр зүйлийн 1.3.1 дэх заалтыг зөрчиж хилийн зурваст ёс зүй, сахилгын зөрчил гаргаж, согтууруулах ундаа хэрэглэн бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан тул гаалийн албанаас халсан болно.

Иймээс иргэн Д.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Гаалийн улсын байцаагч Д.Б нь 2021 оны 2 дугаар сарын 06-ны өдөр буюу Монгол улсны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан цар тахлын үед архи ууж, бусад хүний биед гэмтэл учирсан байгаа. Энэ нь Гаалийн тухай хууль болон Төрийн албаны тухайн хуульд зааснаар төрийн албан хаагчийн ёс зүй болон Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 5** дүгээр тушаалаар батлагдсан Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм, Засгийн газрын 2009 оны 9 дүгээр тогтоолоор гаалийн улсын байцаагчид сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тогтоолоор гаалийн улсын байцаагчийн үйлдэл, эс үйлдэх гаргасан буюу бусдын биед хохирол учруулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/**дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөх тушаал гарсан байсан. Одоо ярьж байгаа боловч тухайн нэхэмжлэгч нь хүсэлтээ бичиж өгөх боломж байсан. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөнө гэсний дагуу ажлаас чөлөөлөгдөх тушаалыг гаргасан боловч Д.Б нь хүсэлтээ өгөхгүй гэж хэлсэн. Иймд 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/**дугаартай тушаалыг 2021 оны 3 дугаар сарын Б/1**дугаартай тушаалаар хүчингүй болгож гаалийн улсын байцаагчийн ажлаас халах тушаал гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар гэртээ унтаж байх үед нь гэж байгаа боловч тухайн үед тэнд байсан улсын байцаагч нар нь өөрсдөө архидан согтуурч түүний дараа бусдын биед хохирол учруулсан. Тухайн үед асуудалд хяналт тавьж сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Хяналт тавих ёстой байсан газрын дарга, гэмтэл учирсан улсын байцаагч болон Д.Б нарт гуравт ижил түвшинд сахилгын шийтгэл оногдуулсан. Д.Б-ийн хувьд Төрийн албаны тухай хууль, Гаалийн тухай хууль, Гаалийн улсын байцаагчийн тухай хууль гэх мэт холбогдох хууль зөрчсөн учир сахилгын шийтгэл ногдуулсан. Харин эрүүгийн хэрэгт холбогдсон гэдэг байдлаар биш. Сахилгын зөрчил гаргасан учир гаалийн байгууллага уг тушаалыг гаргаж гаалийн улсын байцаагчийг халсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн Д.Б-оос Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/1**дугаартай Гаалийн албан тушаалаас халах тухай тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн томилон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[1].

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаал гэдгийг Гаалийн ерөнхий газрын харьяа улс хоорондын хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч гэж тодруулсан бөгөөд дээрх тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Д.Б-ийг гаалийн алба, албан тушаалаас халах тухай Б/1**дугаар тушаалаар[2] нэхэмжлэгч Д.Б... Гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангаргаа зөрчин, улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед хилийн зурваст ёс зүй сахилгын зөрчил гаргаж, согтууруулах ундаа хэрэглэн бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан гэж үзэж, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 47 дугаар зүйлийн 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалт, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.11 зэх заалт, 273 дугаар зүйлийн 273.4 дэх заалт, 274 дүгээр зүйлийн 274.2.5 дахь заалт, 284 дүгээр зүйлийн 284.1.5 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор баталсан Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх заалт, Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1 дүгээр зүйлийн 1.3.1, 1.5.3 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 5** дүгээр тушаалаар баталсан "Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.2, 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Гаалийн ерөнхий газрын даргын 01 тоот албан даалгаврын 23 дугаар заалтыг тус тус үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч Д.Б-ийг Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 02 сарын 10-ны өдрийн Д.Б-ийг гаалийн албанаас чөлөөлөх тухай Б/**дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр гаалийн албанаас чөлөөлсөн байх боловч маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 сарын 09-ний өдрийн Б/1**дугаар тушаалаар дээрх Б/**дугаар тушаалыг хүчингүй болгосон болохыг дурдах нь зүйтэй байна.

Маргаан бүхий зөрчлийг шалгаж, танилцуулсан гэх Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын гаалийн улсын байцаагч Г.Г, Т.С нарын нэхэмжлэгч Д.Б, гаалийн улсын Ц.Н-с авсан тайлбар, Гаалийн улсын байцаагч Ж.Х, О.Б, Б.И нарын бичгээр гаргасан тайлбар зэргээр 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21-22 цагийн үед буюу ажлын бус цагаар н.Б, н.Б, Г нарын хамт амьдардаг байранд нэхэмжлэгч Д.Б нь Ц.Н, Д.Н, Б.Б, О.Б, Г.Г нарын хамт хөзөр тоглож эхэлсэн, тоглож байх хугацаандаа гаалийн улсын байцаагч Б.И, Ж.Х нарын авч ирсэн нэг шил архийг хувааж ууцгаасан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Д.Б нь ажлын бус цагаар, амарч байх үедээ хамт ажилладаг гэх улсын байцаагч нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийг ажлын цагаар, ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б, хамт байсан гэх гаалийн улсын байцаагч нарын тайлбар зэргээр нэхэмжлэгч Д.Б, гаалийн улсын байцаагч Б.И нар нь хооронд маргалдаж, зодолдож, нэхэмжлэгч Д.Б нь гаалийн улсын байцаагч *******ын зүүн ташаа хэсэгт ундаа задлагчаар цохиж гэмтэл учруулсан гэх боловч ямар шалтгааны улмаас маргалдаж, зодолдсон, тухайн маргаан гарах болсон шалтгаан, хэн нь буруутай болох, мөн Б.И-д учирсан гэх гэмтлийг нэхэмжлэгч Д.Б учруулсан эсэх, Б.И-д учирсан гэх гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт /хөнгөн, хүндэвтэр, хүнд гэх мэт/ хамаарах зэргийг эрх бүхий байгууллагууд шалгаж тогтоогоогүй байхад маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

Тодруулж хэлбэл, нэхэмжлэгч Д.Б нь бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах, 47.1. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална:, 47.1.4. энэ хуульд заасан бусад үндэслэл., 48 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, 48.1.3. төрийн албанаас халах: гэж тус тус заасныг үндэслэн ажлаас нь халсан нь үндэслэлгүй болжээ.

Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч нь хүний биед санаатай хөнгөн, хүндэвтэр, хүнд гэх мэт гэмтлийн аль нэгийг учруулсан болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдвол Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах, 47.1. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална:, 47.1.2. гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон; гэж тус тус заасныг үндэслэн ажлаас халах нь Төрийн албаны тухай хуулийн агуулга, зарчимд нийцэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Д.Бийг гаалийн алба, албан тушаалаас халах тухай Б/1**дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Гаалийн ерөнхий газрын харьяа улс хоорондын хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Д.Б.....гаалийн алба, албан тушаалаас халах тухай Б/1**дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохыг даалгаж шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ, 4.4. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна., Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл. Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор, 69 дүгээр зүйлийн 69.1. ... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно., Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаагаар тооцон нэхэмжлэгчид олгож, түүнээс холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг хариуцагч Гаалийн ерөнхий газрын дарга /Гаалийн ерөнхий газар/-д даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б.... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Д.Б-ийг гаалийн алба, албан тушаалаас халах тухай Б/1**дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б-ийг Гаалийн ерөнхий газрын харьяа улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчид /Д.Бид/ 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилтийг хийхийг хариуцагч Гаалийн ерөнхий газрын дарга /Гаалийн ерөнхий газар/-д даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 37 дугаар хуудас