Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 00436

 

   К-ний нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/02836 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К-ний нэхэмжлэлтэй, хариуцагч П-д холбогдох

Зээлийн гэрээгээр шилжүүлсэн 123 000 000 төгрөг, орон сууцны үнэ 62 628 470 төгрөг нийт 185 628 470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Автомашины үлдэгдэл 80 371 530 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К, П бид хоёр 2011 оны 3 дугаар сарын 07-ны  өдөр П-ийн өмчлөлийн 9 ширхэг автомашиныг 330 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, үнийн дүнд 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 123 000 000 төгрөг мөн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 44 дүгээр байрны 84 тоот орон сууцыг 62 628 470 төгрөгөөр тооцож, үлдэгдэл 144 371 530 төгрөгийг бэлнээр төлөхөөр тус тус тохиролцсон.

Гэвч П “Ш” ХХК-д 7 автомашиныг зарсан ба уг маргаан Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/00139 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Хариуцагч автомашинуудын өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэж байсан боловч надад өгөхөөс өмнө  “Ш” ХХК-д давхардуулан зарснаас зээл 123 000 000 төгрөг, орон сууцны үнэ 62 628 470 төгрөгийн хохирол учирсан. Иймд хариуцагчаас нийт 185 628 470 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П 2011 оны 3 дугаар сарын 7-ны өдөр өөрийн өмчлөлийн 9 ширхэг миксер автомашиныг 330 000 000 төгрөгөөр К-нд худалдахаар тохиролцож аман хэлцэл хийсэн бөгөөд энэхүү хэлцлээ 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор бичгийн хэлбэрт оруулсан. Энэ өдөр хийсэн гэрээндээ машины төлбөрийн үнийн дүнд нэхэмжлэгчээс өмнө авсан байсан 123 000 000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 44 дүгээр байрны 84 тоот орон сууцыг 62 628 470 төгрөгөөр тооцож, үлдэгдэл 144 371 530 төгрөгийг К 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Бидний дунд худалдах, худалдан авах болон зээлийн гэрээний харилцаа үүссэн. Гэвч бодит байдал дээрээ 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээ хэрэгжээгүй, харин миний 9 ширхэг автомашиныг өөртэйгээ хамтран ажиллаж байсан “Т” ХХК-ийн захирал Д.Д-ийн  “Ш” ХХК-д 7 автомашины нэг бүрийг 30 000 000 төгрөгөөр, нийт 210 000 000 төгрөгөөр, 2 автомашиныг Б.М-нд 70 000 000 төгрөгөөр нийт 280 000 000 төгрөгөөр зарахаар болж дээрх хуулийн этгээд, хувь хүнээс төлсөн машины төлбөрөөс зээлдүүлсэн 123 000 000 төгрөг, орон сууцны үнэ 62 628 470 төгрөгийг хасч надад 94 371 530 төгрөгийг өгөхөөр болсон юм.

К 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдөр намайг дуудаж 9 ширхэг миксер автомашинуудыг “Ш” ХХК-д зарахаар болчихлоо, чи нотариат дээр ирээд гэрээ байгуулаад гарын үсгээ зураадах гэсний дагуу очиход өөрийн “Э” ХХК-ийн ажилтан М.Э-тай хамт нотариат руу явуулсан. Тэнд Б.М гэж хүнд 02-62 УБИ, 79-29 УБИ улсын дугаартай автомашиныг нэг бүрийг 35 000 000 төгрөг, нийт 70 000 000 төгрөгөөр, мөн төлбөр тооцоог дууссан гэсэн худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулахаар бэлдсэн байсан. Ингэж нэхэмжлэгч К миний 9 ширхэг автомашиныг худалдан авсан хувь хүн, хуулийн этгээдтэй холбож өгснөөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдан авагч нараас хийсэн төлбөрүүдийг К  хүлээн аваад надад зээлдүүлсэн гэх төлбөр мөнгөө суутган авч, үлдэгдлийг надад өгөх байсан боловч өгөөгүй, ямар ч тооцоо хийгээгүй. Энэ хугацаанд тооцоо хийхийг К-ээс шаардсан боловч тэрээр “Т” ХХК болон “Ш” ХХК-тай 9 ширхэг автамашины төлбөрийн асуудлаар зарга үүсгэсэн, шийдвэр гараагүй. “Ш” ХХК, худалдан авсан автомашиныхаа үнийг төлж, хууль ёсны өмчлөгч болохыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05064 дүгээр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1960 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/00139 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: К-ний үндсэн нэхэмжлэлд тайлбар гаргасантай холбогдуулан нийт 123 000 000 төгрөг зээлүүлсэн нь худлаа болох нь тогтоогдсон бөгөөд үүний 70 000 000 төгрөгийг бэлнээр Д.Д-ийн “Т” ХХК-иас  “Ш” ХХК-ийн худалдан авсан автомашины төлбөр байсан. 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 9 ширхэг автомашин худалдах худалдан авах гэрээгээр машины төлбөрт К, П-ийн бусад зээл болох Орчлон хорооллын 62 628 470 төгрөгийн үнэтэй орон сууцыг машины төлбөрт оруулан тооцсон нь үндэслэлгүй бөгөөд Д.Д-ийн автомашины төлбөрт надад урьдчилан өгсөн мөнгө байсан. Мөн “Т” болон “Ш” ХХК-ийн захирал Д.Д-ээс 7 ширхэг автомашины төлбөрт 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 63 371 530 төгрөгийн үнэтэй Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 44 дүгээр байрны 68 тоот 2 өрөө орон сууцыг автомашины үнэд тооцон авсан ба “Шилдэг шинэ эхлэл” ХХК машины үлдэх төлбөрт миний татварт төлөх ёстой 14 000 000 төгрөгийг төлсөн байна. Ийнхүү “Ш” ХХК нь К-нээр дамжуулан 7 автомашины үнэнд бэлнээр 70 000 000 төгрөг, татварт 14 000 000 төгрөг, орон сууцаар 62 628 470 төгрөг, 63 371 530 төгрөг, нийт 210 000 000 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Надад 123 000 000 төгрөгийг зээлдүүлээгүй. Дээрх үнийн дүнг хасахаар 53 000 000 төгрөг зээлдүүлсэн гэсэн ба 62 628 470 төгрөгийн орон сууцыг надад зээлээгүй, харин  7 автомашиныг худалдсан  “Ш” ХХК-иас машины үнэд тооцуулан авсан. К миний өмчлөлийн 9 автомашиныг 280 000 000 төгрөгөөр зарж, Б.М-ний 70 000 000 төгрөг, “Т” ХХК, “Ш” ХХК-ийн захирал Д.Д-ээс машины үнэд тооцуулан шилжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 44-68 тоот 2 өрөө орон сууцны үнэ 63 671 531 төгрөг, нийт  133 371 530 төгрөг, эд хөрөнгийг өгөх ёстой ч өөрөө авсан. К миний машиныг бусдад зуучлаад надад машины үлдэгдэл, эд хөрөнгийг төлөөгүй тул 133 371 530 төгрөгөөс түүний зээлүүлсэн гэх 53 000 000 төгрөгийг харилцан тооцож, үлдэх 80 371 530 төгрөгийг К-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан  тайлбартаа: Нэхэмжлэгч К Б.М-нд 2 ширхэг автомашин зарсан, 7 автомашинаас тусдаа яригдаж байгаа 70 000 000 төгрөг энэ  хэрэгт хамааралгүй, 63 671 531 төгрөгийн орон сууцны үнийг  “Ш” ХХК-иас төлсөн гэж үзэж байгаа боловч Улсын дээд шүүхийн тогтоол, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд “О” ХХК болон К нарын хооронд байгуулагдсан гэрээ байдаг. Гэрээгээр “О” ХХК-иас авч байгаа орон сууцыг юунд тооцуулах гээд байгаа талаар баримтгүй. Энд үүсээд байгаа харилцаа хэрвээ “Ш” ХХК-иас  К-д өгсөн бол “Ш” ХХК-аас К-нд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нээлттэй бөгөөд П-д хамааралгүй. Иймд сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй, хэргийн оролцогч нарт хамааралгүй гэж үзэж байна. “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.М болон “Э” ХХК-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2017  оны  02 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолд автомашинууд “Ш” ХХК-ийн өмч болсон,  П-д  автомашинуудын үнийг ямар журмаар яаж өгсөн үйл баримтууд дурдагдсан байдаг. Хариуцагч П нь М.Э-тай автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулж, автомашинууд “Ш” ХХК-д шилжсэн гэж Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан байна. Сөрөг нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд “Ш” ХХК, “Т” ХХК,  Б.М нар хариуцагч байхаар байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П-ээс 53 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К-д олгож, нэхэмжлэгч К-ээс 63 671 531 төгрөг гаргуулан хариуцагч П-д олгож, үндсэн  нэхэмжлэлээс 132 628 000 төгрөгт холбогдох хэсгийг, сөрөг нэхэмжлэлээс 17 740 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 086 100 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 560 000  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П-ээс 422 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч К-ээс  474 507 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн нэр дээрх Сонгинохайрхан дүүргий 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Орчлон хороолол 44 дүгээр байрны 84 тоот орон сууц эд хөрөнгө, мөнгөн хөрөнгүүдийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх хүсэлт гаргасныг шийдвэрлэхгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Талуудын хооронд автомашин худалдах-худалдан гэрээ байгуулж, зээлийн төлбөрийг хэрхэн барагдуулахаа  харилцан  тохиролцсон  байхад шүүх “нэрлэгдээгүй гэрээ“ гэж дүгнэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дахь хэсэгт заасныг баримталсан нь үндэслэлгүй. Түүнчлэн уг гэрээг БНСУ-ын иргэн К болон П хоёрын хооронд байгуулагдсан гэрээ болохыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй орхигдуулсан. Нэхэмжлэгч нь "Т" ХХК-тай тооцоотой байсан ба түүний дагуу “О" ХХК-иас авсан 2 үл хөдлөх эд хөрөнгийн нэг орон сууцыг П-д өгсөн ба уг үл хөдлөх хөрөнгийг сөрөг нэхэмжлэлд оруулан шийдвэрлэж байгаа нь боломжгүй.

Мөн шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ зээлсэн мөнгөний баримт, жагсаалт нь П-д өөр хуулийн этгээдээс өгсөн огноо болон мөнгөн дүн таарсан үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь эргэлзээтэй төдийгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Шийдвэрт дурдагдсан мөнгө өгсөн гэх баримтууд 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 30 000 000 төгрөг нь "Т" ХХК-иас “Х” ХХК-д өгсөн гэх помпны үнэ, 2012 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 26 000 000 төгрөг нь "Ш" ХХК-иас "Т" ХХК-д машины үнэ, 2012 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 14 000 000 төгрөг нь "Ш" ХХК-иас П-д машины үнэ, нөгөө талаар хариуцагчаас татварт төлсөн үнэ гэж тайлбарладаг зөрүүтэй баримт байдаг ба нийт 70 000 000 төгрөг шилжүүлсэн, К-д өгсөн талаарх баримт биш байхад зуучлан зарж борлуулсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй юм. Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 001/XT2017/00139 дүгээр тогтоолд "Ш" ХХК-иас П рүү мөнгө шилжүүлсэн, К-д өгөөгүй талаар тодорхой дурдагдаж дүгнэгдсэн байтал шүүх К зуучилж зарсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацаа, түүний үр дагаврын талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх дүгнэж байгаа боловч талуудын гаргасан тайлбар болон бусад нотлох баримтаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байгаа ба 9 ширхэг автомашины маргаан 2012 оны 9 дүгээр сард эхэлж 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.

Иймд шүүхийн шийдвэрт 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээ биелээгүй тул Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид зээл хэлбэрээр олгосон 123 000 000 төгрөг, орон сууцны үнэ 62 628 470 төгрөг нийт 185 628 470 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч К нь хариуцагч П-д холбогдуулан зээлийн болон орон сууцны үнэ 185 628 470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч автомашины үлдэгдэл 80 371 530 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч П нь 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 330 000 000 төгрөгийн үнэ бүхий нийт 9 ш миксер автомашинуудыг К-д худалдаж,талууд төлбөрийг 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 123 000 000 төгрөгийг зээл хэлбэрээр, 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол 44 дүгээр байрны 84 тоот орон сууц болон зоорийн гараажийг 62 628 470 төгрөгөөр тооцож, үлдэгдэл 144 371 530 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон байна. /хх 8-13/

“Ш” ХХК-иас “Э” ХХК, Б.М нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05064 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1960 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/00139 дүгээр тогтоолоор “Ш” ХХК-ийг 7 ширхэг миксер автомашинуудын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэжээ. /хх 47-66/

Нэхэмжлэгч К нь хариуцагч П-ийн өмчлөлийн 7 микср автомашиныг “Ш” ХХК-д зуучлан борлуулсан автомашины үнэд тооцон авсан үл хөдлөх хөрөнгө болон нийт 70 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул нэхэмжлэгчийг хариуцагчид үл хөдлөх хөрөнгө, мөнгийг зээлдүүлсэн гэж үзэхгүй. Иймд зарж борлуулсан автомашины үнийг шилжүүлсэн гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Харин хариуцагч П нь нэхэмжлэгчийн зуучилснаар Б.М-д 02-62 УБИ, 79-29 УБИ улсын дугаартай автомашинуудыг 70 000 000 төгрөгөөр худалдсан гэрээ байгуулсан, төлбөр тооцоо дууссан, мөнгийг нэхэмжлэгч авсан гэх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Тиймээс шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг 53 000 000 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 132 628 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь зөв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол 44 дүгээр байрны 84 тоот орон сууцыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлүүлэх хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан аль ч үндэслэлд хамаарахгүй байх тул гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч К "Т" ХХК-тай тооцоотой байсны дагуу “О" ХХК-иас авсан 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн нэг байрыг П-д өгсөн үл хөдлөх хөрөнгийг сөрөг нэхэмжлэлд оруулан тооцож, хангаж шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/02836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 139 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА