Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 101/2019/01897/И |
Дугаар | 001/ХТ2021/01148 |
Огноо | 2021-10-05 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2021/01148
Цахарнайман ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03290 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 197 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Цахарнайман ХХК
Хариуцагч: Женекон групп ХХК
Хариуцагч: Б.Дайчинхүү
нэхэмжлэл: 270,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч Женекон групп ХХК-ийн өмгөөлөгч П.Алтанчимэгийн хяналтын журмаар 2020.02.14-ний өдөр гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэбат, хариуцагч Женекон групп ХХК-ийн өмгөөлөгч П.Алтанчимэг, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Женекон групп ХХК, түүний захирал Б.Дайчинхүү нар нь 2015.01.14-ний өдөр Цахарнайман ХХК-ийн эзэмшилд байсан БЗД-н 16-р хороо, 16-р хороолол Амгалан хотхон дахь 13-р байр, зоорийн давхрын 27, 29, 32, 33, 60, 61, 67, 68, 73, 74, 75, 76, 77, 78, 79, 83, 84, 100 тоот авто зогсоолыг нэг бүрийг нь 15,000,000 төгрөгөөр нийт 270,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохирсон. Худалдагч талын зүгээс үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх мөнгөн дүнг урьдчилгаа болгон өгөхийг санал болгосон бөгөөд худалдан авагч талын зүгээс удахгүй манай компанийн нэр дээр их хэмжээний мөнгө орж ирнэ, жаахан л цаг хугацааны асуудал байна. Гэхдээ дээрх 18 зогсоолын өмчлөх эрхийг манай компанийн нэр дээр шилжүүлээд өгчих юм бол бид өөрсдөө банкнаас зээл аваад дээрх асуудлыг манай компанид мөнгө орж ирэхийг хүлээлгүй яаралтай цаг хугацаа хожоод шийдвэрлэж болно гэсэн санал тавьсан. Нэгэнт худалдах-худалдан авахаар ярьж тохирсон байсан тул бидний зүгээс Б.Дайчинхүүд итгэн гэрээний дагуу урьдчилгаа мөнгөө түргэн шуурхай авах зорилгоор 2015.01.14-ний БЗД-н 16-р хороо, 16-р хороолол Амгалан хотхон дахь 18 ширхэг автозогсоолыг нэг бүрийг нь 1,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг хийж өмчлөх эрхийг Женекон групп ХХК-д шилжүүлэн өгсөн. Дээрх гэрээг хийхдээ үнийн дүн болох 18 сая төгрөгийг манай компани огт аваагүй болно. Учир нь 18 ширхэг автозогсоолын урьдчилгаа үнэ 270,000,000 төгрөгний урьдчилгаа 20 хувийн үнийг 10 хоногийн дотор худалдан авагч тал банкнаас зээл авч өгөхийн тулд худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлж өмчлөх эрхийг шилжүүлсэн. Манай зүгээс гэрээний дагуу 18 автозогсоолын төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл барагдуулахгүй байгаа болно. Иймд хариуцагч нараас 270,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нар тайлбартаа: Б.Дайчинхүүгийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2015.01.14-ний өдөр 18 ширхэг авто зогсоолыг худалдан авахаар гэрээ байгуулж, гэрээний үүргийг биелүүлсэн. н.Хасаа, н.Сүрэн нарт 18,000,000 төгрөг өгснийг нотлохоор гэрчээр оролцуулах гэсэн боловч тодорхой мэдээлэл байхгүй учраас асуулгаж чадаагүй. Женекон групп ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Б.Дайчинхүүд худалдах-худалдан авах гэрээгээр ямар нэгэн үүрэг үүсээгүй, хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 101/ШШ2019/03290 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Женекон групп ХХК-иас 18,000,000 төгрөг гаргуулан Цахарнайман ХХК-д олгох, нэхэмжлэлээс 252,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон Б.Дайчинхүүд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 1,507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Женекон групп ХХК-иас 247,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 197 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03290 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн төлсөн 1,417,950 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 247,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн өмгөөлөгч П.Алтанчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын хянавал хэсэгт Талууд гэрээний гол нөхцөлийн нэг болох хэлэлцэн тохирсон үнэ хэд байсан талаар маргаантай гэж дүгнэсэн нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болсон Нотариатын тухай хуулийн 46-р зүйлд зааснаар нотариатч хуулиар хүлээсэн үүргийн дагуу тайлбарлан хэрэгжүүлэн баталгаажуулсан гэрээний үүрэг шаардсан нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй. ИХ-н 39.1, 40.1-д зааснаар гэрээний талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн хүчин төгөлдөр гэрээ хэрэгт авагдсан байхад маргаантай гэж дүгнэсэн байна. 2015 оны нөхцөл байдалд одоо шинжээчийн дүгнэлт хийгдсэнээр хүчин төгөлдөр гэрээний нөхцөлийг өөрчлөх боломжгүй байхад шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай, ач холбогдолтой гэж дүгнэлт хийснийг зөвшөөрөх боломжгүй байна. Ийнхүү дүгнэхдээ ИХ-н 189.1, Нотариатын тухай хуулийн 46.1, 46.2 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй. Тухайн үеийн хүсэл зоригийн илэрхийллийг нөхөн тогтоож тодорхойлох боломжгүй бөгөөд бодит байдал нь 2015.01.14-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр байна. Мөн талуудын хооронд маргаантай зөрүүтэй нөхцөл байдал байгаа тохиолдолд, шүүх үнэлэхэд тусгай мэдлэг хэрэгтэй тохиолдолд хэрэглэгдэх ИХШХШТХ-ийн 47.1-г буюу шинжээч, шинжээчийн дүгнэлт гаргах нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж энэ хуулийн заалтыг хэрэглэж дүгнэлт хийсэн нь буруу болжээ. ИХШХШТХ-н 25.2.2-т заасны дагуу шинжээч хэрхэн үнэлснээс шалтгаалан хуулийн хүчин төгөлдөр 2015.01.14-ний өдрийн гэрээний гол нөхцөлийг нэхэмжлэгч өөрчлөхгүй, шүүх өөр үнийн дүнгээр тохирсон байна гэж өөрчлөх боломжгүй юм. Түүнчлэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан гомдлын үндэслэлд буюу гэрээ тус бүрийн 2 дахь заалтад ...төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно гэж нотариатаар гэрчлүүлсэн байдалд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Хавтаст хэрэгт авагдсан 2015.01.21-ний өдрийн гэрээний 2 дахь заалтад анх худалдан авсан үнээр гэж 2015.01.14-ний өдрийн гэрээ тус бүрийн 2 дахь заалтыг баталгаажуулсан байдалд дүгнэлт өгөөгүй атлаа ИХШХШТХ-н 167.1.5-д зааснаар шийдвэрлэсэн. Шүүх ИХШХШТХ-д зааснаар нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойлсон нөхцөлд дүгнэлт хийж, одоогоор хөрөнгийн үнийг тогтоох шинжээч дүгнэлт гаргаснаар анхан шатны шүүхийн шийдвэрт болон маргааны үйл баримтыг өөрөөр дүгнэгдэхэд хэрхэн нөлөөлсөн талаар тодорхой хуулийг хэрэглэж дүгнэлт өгөөгүй. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-н 167.1.4-т зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой байсан тул 2020.01.27-ны өдрийн 197 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Цахарнайман ХХК 2019.05.02-ны өдөр Женекон групп ХХК, Б.Дайчинхүү нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 270,000,000 төгрөг шаардсан бөгөөд ...хуулийн этгээд болон түүний захирал нь 2015.01.14-ний өдөр манай эзэмшилд байсан БЗД-н 16-р хороо, 16-р хороолол Амгалан хотхон дахь 13-р байр, зоорийн давхрын 27, 29, 32, 33, 60, 61, 67, 68, 73-79, 83, 84, 100 тоот авто зогсоолыг нэг бүрийг нь 15,000,000 төгрөгөөр нийт 270,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохироод ...18 зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлээд өгчих юм бол... банкнаас зээл аваад... компанид мөнгө орж ирэхийг хүлээлгүй...төлбөрийг төлнө.... гэсэн санал тавьсан...гэрээний дагуу урьдчилгаа мөнгөө авах зорилгоор... нэг бүрийг нь 1,000,000 төгрөгөөр тооцон гэрээ хийж өмчлөх эрхийг Женекон групп ХХК-д шилжүүлсэн ч ямар ч мөнгө аваагүй... тул гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байна... гэжээ. /хх1- 1, 76/
Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...18 ширхэг авто зогсоолыг худалдан авахаар гэрээ байгуулж, гэрээний үүргийг биелүүлсэн... гэж маргасан байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэн Женекон групп ХХК-иас 18,000,000 төгрөг гаргуулан Цахарнайман ХХК-д олгох, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг Б.Дайчинхүүд холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаажээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт буюу шинжээч томилох тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.
Нэхэмжлэгч нь 2019.07.30-ны өдөр шүүхэд хандан ...18 ширхэг автозогсоолын өнөөдрийн зах зээлийн үнийг тогтоолгох..-р шинжээч томилуулах хүсэлт /хх1-н 86-90,100/ гаргасан, шүүх ...шинжээч томилуулах хүсэлт нь ИХШХШТХ-н 47.1-д заасан үндэслэлд хамаарахгүй... гэж /хх1-н 109/ гэж хэрэгсэхгүй болгожээ.
Шүүх шинжээч томилуулах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудалд хамаарахгүй... гэж хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсгийг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын тайлбар нотлох баримтуудыг харьцуулан, холбогдох хуулийг хэрэглэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42,38 дугаар зүйлийн зохицуулалтыг анхаарч мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 197 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Женекон групп ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч нарын өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД, Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
Х.СОНИНБАЯР
Б.УНДРАХ