Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 79

 

 

        Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ, 

        Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

     Шүүгдэгч: И.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаавай овогт Ишгэн Сүхбаатард холбогдох 201620000283 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, Яс үндэс-Хотон, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг Буянт хороолол 9-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шаавай овогт Ишгэний Сүхбаатар / РД:ОЮ96032474 /, 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч И.Сүхбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт иргэн П.Ганзоригыг зодож түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                

       1. Хохирогч П.Ганзоригын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 10 сарын 23-ны өдрийн 15 цаг 30 минутын үед би Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах Тунгалаг тамир гуанзны өмнө шуудайтай нүүрс зараад зогсож байтал надаас нэг хүн нүүрс авах гээд ирэхээр нь би тэр хүнтэй ярилцаж тохиролцоод 2 уут нүүрс машинд тавьчих гэхээр нь би 1 уут нүүрс өргөөд тэр хүний машин луу явтал миний хажууд мөн нүүрс зараад зогсож байсан И.Сүхбаатар миний хойноос өөрийнхөө зарж байсан нүүрснээс 1 уутыг өргөөд ирэхээр нь би түүнд чи яаж байгаа би энэ хүнд нүүрсээ зарахаар болсон шүү дээ гэхэд И.Сүхбаатар учир зүггүй өөрийнхөө нүүрсийг нөгөө хүнд зарахаар дайрахаар нь би И.Сүхбаатарын зүүн хөл хавьцаа нэг өшиглөсөн юм. Тэгтэл И.Сүхбаатар над руу уурлаж гүйж ирээд миний хамар луу гараараа 1 удаа цохьсон юм. Миний хамарнаас цус гоожоод болохгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний бие И.Сүхбаатард зодуулсанаас болж миний хамар хугарч гэмтсэн байсан. Би И.Сүхбаатараас эмчилгээний зардалд 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 тал /,

           2. Гэрч М.Очирбатын мөрдөн байцаалтад өгсөн: “Тэр өдөр би машин дээрээ нүүрс зараад зогсож байтал нэг EXCEL маркын машин ирж зогмоод П.Ганзориг, И.Сүхбаатар нар тус бүр нэг нэг шуудай нүүрс өргөөд явж харагдсан юм. П.Ганзориг, И.Сүхбаатарын өргөж явсан нүүрсийг нь түлхээд унгаачихсан. Тэгээд л хоорондоо барьцалдаж авахаар нь би И.Сүхбаатарын ах Т.Замидад тэд нар хоорондоо зодолдож байна очиж салгаач гэж хэлсэн. Энэ үед И.Сүхбаатар П.Ганзоригын нүүр лүү гараараа 1 удаа цохьсон тэгтэл П.Ганзоригын хамарнаас цус гарч тэгээд тэднийг салгаж холдуулсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал /,

          3. Гэрч Т.Замидын мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөрийн 15 цагийн үед байх би нүүрстэй машин дээр сууж байтал нэг такси ирж зогсоод нүүрс авъя гэх шиг болж П.Ганзориг тэр машинд нэг уут нүүрс хүргээд тавьж байгаа харагдсан наанаас нь манай дүү И.Сүхбаатар 1 уут нүүрс өргөөд очтол П.Ганзориг түүнийг өшиглөж эргүүлээд И.Сүхбаатар түүний нүүр лүү нэг удаа цохиод авахаар нь би гүйж очиж салгасан юм. Тэр 2 таксины жолоочид 2 уут нүүрс зарахаас болж маргалдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал /,

         4. Шүүгдэгч И.Сүхбаатарын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох тухай 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Шинжилгээ хийлгэх тогтоол” /хх-ийн 11-р тал/,

            5. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 сарын 24-ний өдрийн 562 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:“Үзүүлэгч И.Сүхбаатарын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэжээ. / хх-ийн 12-р тал/,

           6. Хохирогч П.Ганзоригын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох тухай 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Шинжилгээ хийлгэх тогтоол” /хх-ийн 15-р тал/,

            7. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 сарын 25-ны өдрийн 565 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:“Үзүүлэгч П.Ганзоригын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, хамар ясны хугарал, таславч муруйлт, баруун нүдний зовхи хар хөхөрсөн зэрэг гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнх хэлж буй хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэжээ. / хх-ийн 16-р тал/,

         8. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 29 тал /,

         9. Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн засаг даргын И.Сүхбаатард тус багт оршин суудаг болохыг тодорхойлсон 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 942 тоот тодорхойлолт / хх-ийн 30-р тал /,

            10. Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 31-32-р тал /,

             11. Хохирогч П.Ганзоригын “Амбулториор эмчлүүлэгчийн карт”/ хх-ийн 35-39 тал/,

           12. Шүүгдэгч И.Сүхбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд өгсөн: “Би Тунгалаг тамир рестораны урд талд шуудайгаар нүүрс зараад зогсож байтал 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн үед нэг такси ирж 2 шуудай нүүрс авна гэхээр би нэг шуудай нүүрс хүргээд өгөх гээд явж байтал П.Ганзориг ах наадах хүнтэй чинь ярьчихсан юмаа гээд намайг түлхэж миний шуудайтай нүүрс рүү өшиглөхөд би тэнцвэр алдаад шуудайтай нүүрсээ унгаачихсан. Тэгтэл миний нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь би босоод П.Ганзориг ахын баруун талын нүдний доод талд нэг удаа цохьсон. Гэтэл П.Ганзориг ахын хамарнаас цус гартал миний ах Т.Замид ирээд намайг салгаж би ус авчирч П.Ганзориг ахыг угааж хамраас гарсан цусыг нь тогтоосон. Тэгээд П.Ганзориг ах би зах орчихоод ирнэ гэж яваад 2 цагдаа дагуулж ирсэн. Уг нь П.Ганзориг ах бид 2 нүүрс шуудайгаар хүн авахаар ирвэл ээлжилж өгөхөөр болсон юм. Тэгтэл П.Ганзориг ах нэг шуудай нүүрс тавихаар нь би бас нэгийг тавих гэж байгаад харилцан зодоон боллоо. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Хохиролд 500000 төгрөг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

         Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Шүүгдэгч И.Сүхбаатар нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт иргэн П.Ганзоригыг зодож түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч П.Ганзориг, гэрч М.Очирбат, Т.Замид нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 565 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

         Хэрэг бүртгэлтийн болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч И.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч И.Сүхбаатар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй болох нь И.Сүхбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа баримтаар нотлогджээ. Мөн шүүгдэгч гэм буруугаа ухамсарлан ойлгож, хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогчоос уучлалт гуйсан, хохирогч П.Ганзориг нь шүүгдэгч И.Сүхбаатартай сайн дураараа эвлэрсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

          Иймд шүүгдэгч И.Сүхбаатар нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж гэм хорыг арилгасан, хохирогч П.Ганзориг шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар И.Сүхбаатард холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д  заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

        Шүүгдэгч И.Сүхбаатард холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа тул түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хүчингүй болгохоор шийдвэрлэв.

         Энэ хэрэгт эдийн мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч Шаавай овогт Ишгэний Сүхбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар И.Сүхбаатард холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д  заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар И.Сүхбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

          3. Эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч И.Сүхбаатараас гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурьдсугай.

         4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч И.Сүхбаатард өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА