Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0976/З |
Дугаар | 128/ШШ2021/0197 |
Огноо | 2021-03-18 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2021/0197
2021 оны 03 сарын 18 өдөр 128/ШШ2021/0197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч Х.Нямдэлгэр нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Ц ш ХК /РД: *******/
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Гуравдагч этгээд: Г х ХХК /РД:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн Г х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Р.Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч П.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц ш ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Тус компани нь Хөтөл-1 ордоо ашиглан үйлдвэрлэлээ явуулж ирсэн ба шохойн чулууны Хөтөл-2 ордод хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу авч гүйцээх хайгуулыг өөрийн хөрөнгөөр хийж нөөцийг нь тогтоон ашигт малтмалын нөөцийн улсын бүртгэлд бүртгүүлж MV-0****9 дугаар тусгай зөвшөөрлийн дагуу ашиглаж байна.
Хөтөл-2 шохойн чулууны ордын хайгуулаар үндсэн болон өмнөд гэсэн 2 биет байгааг илрүүлж нөөц болон чанарын үнэлгээг өгч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлтийг гаргаж, дүгнэлт хэсгийн 1,2,3,4 дэх заалтуудаар эрх бүхий байгууллагуудад холбогдох зөвшөөрөл, даалгавруудыг өгсөн.
... Манай компанийн хувьд МV-0****9 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайн гүний нөөцийг ашиглахын тулд урагш тэлэх зайлшгүй шаардлага гарсны дагуу өргөдөл хүсэлтээ удаа дараа Ашигт малтмалын газарт гаргасан байдаг. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Г х ХХК-иас дугаартай албан тоот ирснээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний ******* дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийг уг компанид олгосон болохыг мэдсэн. Ашигт малтмал, газрын тосны газар болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст Г х ХХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн, дугаартай албан бичгээр гаргасан ба уг газраас 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаар албан бичгээр манай компаниас гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн тул захиргааны хэргийн шүүхэд хандах болсон.
Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийдвэрээр Г х ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.2.4, 19.12 дахь заалтуудыг зөрчсөн. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн Г х ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна.
...Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай тогтоолд Хөтөл-2 ордод олгох талбайн солбицлыг өргөдлөөр олгохоор тусгасан нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэв.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“... Улсын их хурлын 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталсан. Энэ хуулиар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болгосон. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан бөгөөд тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож нийтэд мэдээлэхээр бүрэн эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосон. Хуулиар олгогдсон дээрх бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2014 онд *******, 2015 онд 511, 2017 онд 106 дугаар тогтоолыг тус тус баталж, хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдөл болон сонгон шалгаруулалтын журмаар олгох боломжтой талбайн солбицлуудыг нийтэд тухай бүр мэдээлсэн.
Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас тухай бүр хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээллийг нээлттэй зарлан мэдээлж, уг мэдээллийг өөрийн цахим хуудаст сурталчлах ажлыг зохион байгуулж ажилласан. Төрөөс тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрын хуралдаанд Уул уурхайн сайдын 2015 оны 1/85 албан бичгээр танилцуулга хүргүүлсний үндсэн дээр шийдвэрлүүлсэн бөгөөд тэдгээрээс хэлэлцэж зөвшөөрсний дагуу Монгол улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох бодлогын хүрээнд 2015 онд нутаг дэвсгэрийн баруун, зүүн хэсэгт хуваан хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Хайгуул, ашигт малтмалын асуудлаар төрийн холбогдох байгууллагын бүрэн эрхийг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуульд тодорхой заасан байдаг.
Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаар тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл түүний эрх олгох үйлчилгээний хөлсний хэмжээг тус тус тогтоосон. Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалын хавсралтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны зааврыг баталсан. Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, зохих журмын дагуу хамгийн түрүүнд өргөдлийг хүргүүлсэн аж ахуй нэгжид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор хуульчилсан байдаг. Нэхэмжлэгч Ц ш ХК нь дээрх хууль, холбогдох журамд заасан шаардлагын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаагүй байна.
Нэхэмжлэгч нь хэрвээ хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан бол Кадастрын хэлтэс, Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хүлээн авч дарааллын дагуу бүртгэн хянан шийдвэрлэх ёстой бөгөөд нэхэмжлэлд дурдсан өргөдөл нь бичгээр гаргаж байгаа өргөдөл байхад 19 дүгээр зүйлд заасан ажиллагааг Кадастрын хэлтсийн явуулаагүй гэсэн нь үндэслэлгүй байна. Г х ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн өргөдлийн бүртгэлийн дугаарт бүртгэгдэн Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутагт орших *** нэртэй 37 га талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. Г х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн материалыг хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар уг өргөдлийн талбай нь Дорнын бизнес, Гурил трейд компаниудын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүхийн маргаантай байсан тул өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааг уг хэргийг шүүхээр шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Дээрх компаниудын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 42 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэгдсэн.
Иймээс Г х ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дэх хэсэг, энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасан хийгдсэн талбайн зургийг хавсаргана гэсэн заалтын дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргаас санал авахаар 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 7/3470 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна. Г х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан 26565 дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх хэсэгт аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагцаа тухайн талбай байрших сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ гэсэн заалтын дагуу хуулийн хугацаанд саналыг ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлээгүй тул Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр Г х ХХК-д ашигт малтмалын хайгуулын 1***5 тоот тусгай зөвшөөрлийг олгосныг Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 7/6308 албан бичгээр мэдэгдсэн байна. Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хуулийн нөхцөл шаардлагын дагуу дээрх шийдвэрийг гаргаж хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт гаргасан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.” гэв.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“Анх Ашигт малтмалын тухай хуулийн 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын бүрэн эрхэд 9.1.11 дэх заалт нэмэгдсэн. Энэ заалт нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх гэсэн чиг үүрэг нэмэгдсэн. Энэ чиг үүргийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.25-д заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлоор тодорхойлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамаар дамжуулан уламжилсан саналыг үндэслэн Засгийн газар холбогдох тогтоолыг батлан гаргасан.
Ингэхдээ 2014 онд үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтын хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдөл дээр болон сонгон шалгаруулалтын гэсэн хоёр журмаар олгож байсан. Сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгоход Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан чөлөөлөгдсөн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох гэдэг зохицуулалтын хүрээнд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгож байсан.
Өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгоход Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл олгодог. Яг одоо маргалдаад байгаа талбай нь өмнө нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон явж байгаад тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх гэдэг үүргийг биелүүлээгүй учир Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг төлбөрөө төлөөгүй гэдэг үндэслэлээр цуцалсан. Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлээр/одоо хүчингүй болсон/ энэ хуулийн 53.1.1, 56.1.3-56.1.5-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага дор дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж, тусгай зөвшөөрлийг шинээр олгоно гэдэг заалтын хүрээнд сонгон шалгаруулалтын талбайд орж байсан. Эдгээр заалтуудыг хүрээнд тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа.
Тийм учраас нэхэмжлэл гаргаад байгаа компанийн эрх, ашгийг хөндсөн зүйл байхгүй юм. Засгийн газрын тогтоосон талбайд нэхэмжлэгч нээлттэй сонгон шалгаруулалтад ердийн журмаар өрсөлдөөний хэлбэрээр авах эрх нь нээлттэй. Иймд хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
Гуравдагч этгээд Г х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд мөн оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ашигт малтмалын хэлтэст хуулийн дагуу Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутагт орших *** нэртэй 37.88 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн боловч хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй тул мөн оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын XV-01***5 тоот тусгай зөвшөөрлийг олгосон болохыг албан тоотоор мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдаж буй 1978 оноос хойш нөөцийг нь тогтоон 2015 оноос тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг гаргаж байсан гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт орж холбогдох журмууд батлагдсан улс орон даяар дагаж мөрдөгдөн хэрэгжиж байхад маргаан бүхий талбайд хуулийн дагуу цахим хэлбэрээр өргөдөл гаргаж шийдвэрлүүлээгүй байж өнөөдөр бичгээр хүсэлт гаргасан хариу өгөөгүй гэсэн үндэслэл дурьдаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөлгүй талбайд нөөц тогтоон нөөцөд бүртгүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.
2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд 53-56 дугаар зүйлд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл дуусгавар болсон, цуцлагдсан, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг хүлээлгэн өгсөн бол сонгон шалгаруулалтаар олгоно гэж нэмэлт өөрчлөлт орсон. Тухайн үеийн Ашигт малтмалын газраас 2009 оноос 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тухайн талбай нь сонгон шалгаруулалтын талбай биш гэдэг хариу өгөөд байдаг нь хуульд заасан үндэслэлтэй. Учир нь мөн хуулийн 53-56 дугаар зүйл бүхлээрээ сонгон шалгаруулалтын талбай гэж орсон. 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хуульд өөрчлөлт орсон. Тус хуулийн 53.1.1, 53.1.3-53.1.5-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл цуцлагдсан, дуусгавар болсон бол төрийн захиргааны байгууллага дор дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж, тусгай зөвшөөрлийг шинээр олгоно гэж заасан.
Манай хайгуулын талбай бол урьд өмнө нь эзэмшиж байсан хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.2-т заасан буюу төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцлагдсан талбай. Төрийн байгууллага хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлээд журмын дагуу тухайн талбайг олгосон, хуульд заасан үндэслэлтэй. Засгийн газар тухайн талбайг 56.1.2-т заасан үндэслэлээр өргөдлөөр олгох талбай гэж координатыг ялгасан нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн эрх, ашиг яаж хөндөгдөөд байгаа вэ гэдэг үйл баримтаа гаргаж өгөөгүй. Сонгон шалгаруулалтад орох гэж байсан юм гэдэг баримтаа гаргаж өгөөгүй. Энэ шалтгаанаас бүтэн дөрвөн жилийн хугацаанд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөж, үйл ажиллагааг нь доголдуулж байна. Хамгийн ноцтой зүйл бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.2.4-т заасан үнэн зөв шүүхэд тайлбар өгөх үүргээ биелүүлэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц ш ХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Монгол Улсын Засгийн газарт тус тус холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн Г х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ******* дүгээр тогтоолд Хөтөл-2 ордод олгох талбайн солбицлыг өргөдлөөр олгохоор тусгасан нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ******* дүгээр тогтоолд Хөтөл-2 ордод олгох талбайн солбицлыг өргөдлөөр олгохоор тусгасан нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарлаж, үр дагавар тайлбарласан баримтад гарын үсэг зурсан болно.
Иймээс нэхэмжлэгч Ц ш ХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан тус хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн Г х ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.
Гуравдагч этгээд Г х ХХК Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэст 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр *** нэртэй газарт 38 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан нь өргөдлийн бүртгэлийн NE дугаарт бүртгэгдэж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр Г х ХХК-д Сэлэнгэ аймгийн Орхон сумын *** нэртэй 37,88 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-01***5 дугаар тусгай зөвшөөрлийг олгосон байна.
Нэхэмжлэгч Ц ш ХК-иас “... улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон талбайд Г х ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус...” гэж маргажээ.
Ц ш ХК нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутагт орших Хөтөл-2 нэртэй орд газарт ашигт малтмалын ашиглалтын МҮ-0****9 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Геологи, уул уурхай, үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн 1978 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 142 дугаар[1] хурлын шийдвэрээр Хөтөл-2 шохойн чулууны ордын нөөцийг С1 зэргээр 10,327.0 мянган тонн, С2 зэргээр 6208.0 мянган тонноор түүхий эдийн нөөцөд хүлээн авсан байна.
Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 260 дугаар тушаалаар 1978 онд хүлээн авсан нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлээс хасч, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2009 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 07-01 дүгээр дүгнэлтээр Хөтөл-2 ордын шохойн чулууны бодитой /В/ нөөцийг 12,331,315.7 тонн, боломжтой /С/ нөөцийг 3,365,483.6 тонн, нийт 15,696,799.3 тонноор хүлээн авч ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэжээ.
Харин Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн х/134 дүгээр[2] тушаалаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 11-03 дугаар дүгнэлтийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг орших Хөтөл-2 шохойн чулууны орд буюу Ц ш ХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МҮ-0****9 дугаар тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй талбайд хамаарагдах геологийн бодитой /В/ нөөцийг 23,281,905.6 тонн, боломжтой /С/ нөөцийг 7,897,284.0 тонн, нийт 31,179,189.6 тонноор шинэчлэн баталсан байна.
Нэхэмжлэгч Ц ш ХК нь дээр дурдсан байдлаар тогтоогдсон шохойн чулууны нөөцөд хамаарах Хөтөл-2 нэртэй ордод ашигт малтмалын ашиглалтын MV-0****9 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа.
Харин Г х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01***5 дугаар тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа талбай нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоогдсон талбайтай давхцалгүй.
Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр Г х ХХК-д Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр *** нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV-01***5 дугаар тусгай зөвшөөрлийг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсний үндсэн дээр тогтоогдсон нөөц бүхий талбайд олгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчээс Засгийн газрын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ******* дүгээр тогтоолын Өргөдлөөр олгох талбайг баталсан хавсралтад Г х ХХК-д эзэмшүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг зөрүүтэй оруулсан, өргөдлөөр олгох талбайд хамааруулсан эсэх нь тодорхойгүй гэж маргасны дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газарт тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/3957 дугаар албан бичгээр[3] маргаж буй талбайн солбицол тогтоолын хавсралтад хэрхэн тусгагдсаныг тодруулсан.
Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас Засгийн газарт хүргүүлсэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн жагсаалтын 3 дугаар ботийн ******* дугаарт[4] Сэлэнгэ аймаг Орхон сумын *** нэртэй газарт орших Г х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01***5 дугаар тусгай зөвшөөрлийн талбайн солбилцол багтжээ.
Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ******* дүгээр тогтоолын Өргөдлөөр олгох талбайг баталсан хавсралтын ******* дугаарт Дархан уул аймгийн Хонгор сумын нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицол тусгагдсан боловч ******* дугаарт[5] Сэлэнгэ аймаг Орхон суманд орших Г х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01***5 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн солбицол тусгагдсанаас үзэхэд эдгээр дугаарууд нь техникийн алдааны улмаас солигдсон байх магадлалтай бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мөн техникийн алдаа болсон талаар дурдсан байна.
Түүнчлэн уг тогтоолын хавсралтын ******* дугаарт Сэлэнгэ аймаг Орхон суманд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцол, ******* дугаарт[6] Сэлэнгэ аймаг Орхон суманд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг тус тус өргөдлөөр олгох боломжтой талбайд хамруулжээ.
Үүнээс үзэхэд Г х ХХК-ийн Сэлэнгэ аймаг Орхон сум *** нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын XV-01***5 дугаар тусгай зөвшөөрлийн талбайн солбилцлыг Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ******* дүгээр тогтоолын хавсралтаар Өргөдлөөр олгох талбайд хамруулсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц ш ХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-0****9 тусгай зөвшөөрөл бүхий талбайг урагш тэлэх хүсэлтийг 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар[7] албан бичгээр Уул уурхайн яаманд, мөн өдрийн ******* дугаар[8] албан бичгээр Ашигт малтмалын газарт, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар[9] албан бичгээр Ашигт малтмалын газрын даргад тус тус гаргажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/ Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна, 18.2.1.хүсэлтийг бүртгэлийн дэвтэрт бүртгэж, он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд өгөх; 18.2.2.тухайн өдөр хамгийн түрүүнд болон сүүлд бүртгэгдсэн хүсэлтэд тусгай тэмдэглэгээ хийх талаар заажээ.
Гэтэл Ц ш ХК нь маргаан бүхий захиргааны актаар Г х ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу баримтыг бүрдүүлж, өргөдөл гаргаагүй, түүнчлэн тусгай зөвшөөрөл бүхий талбайг тэлэх, томсгох гэх ойлголт Ашигт малтмалын тухай хуульд байхгүй тул ашиглалтын талбайгаа тэлэх томсгох талаар гаргаж байсан хүсэлт нь маргаан бүхий хайгуулын талбайг эзэмшихээр гаргасан өргөдөл гэж үзэхээргүй байна.
Эдгээр нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр Г х ХХК-д холбогдох хэсэг нь нэхэмжлэгч Ц ш ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймээс нэхэмжлэгч Ц ш ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ******* дүгээр тогтоолд Хөтөл-2 ордод олгох талбайн солбицлыг өргөдлөөр олгохоор тусгасан нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн Г х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.12 /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/ дахь хэсгийг баримтлан Ц ш ХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн Г х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан Ц ш ХК-ийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ******* дүгээр тогтоолд Хөтөл-2 ордод олгох талбайн солбицлыг өргөдлөөр олгохоор тусгасан нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР