Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 00041

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 2019        10             16                                            2019/ДШМ/41

 

М.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Л.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дашдорж,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолтой М.Нд холбогдох 201722000213 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Тогоруутан овогт М-ын Н, …...... оны….. дугаар сарын ....-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ............./.

Шүүгдэгч М.Н нь согтуурсан үедээ 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлхөний сайр” хэмээх газар засмал зам дээр 05-60 ХӨВ улсын дугаартай “Тоёота аллион” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.А-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нд холбогдох эрүүгийн хэргийн зүйчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Т овогт Мын Н-г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М-ын Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Номиншагайд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч М.Нг 1 /нэг/ жилийн хугацаанд “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйл, 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хойшлуулсан ялыг оногдуулахыг анхааруулж, шүүгдэгч М.Нд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч М.Н нь хохирогч нарт нийт 12,065,375 төгрөг төлсөн болохыг, иргэний хариуцагч Б.Ганхуяг нь хохирогч Сайнтогтоход 500,000 төгрөг төлснийг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 508.1-т зааснаар иргэний хариуцагч  Б-ын Г /----------/-аас 500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д-ийн Н /----------/-д олгож, хохирогч нар нь сэтгэл санааны хохирол болон бусад зардлаа хойшид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Аллион” маркийн автомашины дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний хариуцагч Б.Ганхуягт буцаан олгохыг шүүгчийн туслах С.Дэмбэрэлсамбууд даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: ... М.Нд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлдог ба энэхүү нийтлэг зарчимд хамаардаггүй ганц тохиолдол нь шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулийг хуучин хуулийн үйлчлэлд буцаан хэрэглэх явдал юм. Энэхүү хууль буцаан хэрэглэх зарчим нь Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактийн 15 дугаар зүйлийн 1, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан болно. Шинээр батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн хэм хэмжээг уг хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн үндэслэлээр хэрэглэж буй үйл ажиллагааг Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэж ойлгодог билээ. Шүүгдэгчийн эрх зүйн байдалд үзүүлэх хуулийн нөлөөллийг тодорхойлохдоо тухайн хэрэглэх гэж буй Эрүүгийн хуульд заасан шүүгдэгчид оногдуулах ялыг багасгасан, хэрэглэх журмыг хөнгөрүүлсэн бүхий л нөхцөл байдлыг хамтатган нэг удаа дүгнэх байдлаар тооцсоны эцэст гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан болон түүний дараа хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн үйлчлэлээр бий болох шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх нөхцөл байдлыг харьцуулан түүнд нэг удаа хэрэглэх хуулийг тогтооно. Харин шүүгдэгчид шинэ, хуучин Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хольж хэрэглэх нь хууль буцаан хэрэглэх ойлголтыг гажуудуулах бөгөөд энэ нь Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Гэтэл шүүх М.Нд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй дүйцэж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таваас найман жил хүртэл хугацаагаар хасч, хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэхээр байгаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээнээс хүндрэхээр байх боловч “согтуурсан” гэх шинжийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн энэ төрлийн гэмт хэрэгт хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд хуулийн 1 дэх хэсэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэгт үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу М.Нд холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шийдвэрлэх нь үндэслэлтэй болно гэж дүгнэсэн нь хууль буцаан хэрэглэх ойлголтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн дээрх хэргийг Улсын дээд шүүх 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр оролцогчийн гомдлоор хянан хэлэлцээд шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын шаардлагад нийцээгүй гэсэн дүгнэлт хийж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байгааг анхаарч үзэх нь зүйтэй байна.

... Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж дээд шатны прокурорын эсэргүүцэлд  тайлбар гаргахдаа: ... Өмгөөлөгч прокурорын эсэргүүцлийг үл зөвшөөрч доорх тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгч “согтуурсан” үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас иргэн Б.А-ийн амь нас хохирсон үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй дүйцэж байна. Гэвч энэ Эрүүгийн хуульд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих гэмт хэргийг “согтуурсан” үедээ үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон тохиолдлыг онцгойлон хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасч, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан нь 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээнээс хүндэрсэн байна. Мөн уг зүйлд заасан “согтуурсан” гэх шинжийг 2015 оны Эрүүгийн хуульд шинээр хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зааж, шинээр гэмт хэрэгт тооцсон бөгөөд энэ зүйл заалт нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн энэ төрлийн гэмт хэрэгт хэрэглэгдэх учир түүний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчлэх үндэсгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ 1 жил болгон ялын доод хэмжээг багасгасан учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

Иймээс 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу М.Нд холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь хууль зүйн үндэстэй юм.

... Иймд прокурорын газраас гаргасан эсэргүүцлийг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 240 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч М.Н нь согтуурсан үедээ 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлхөний сайр” хэмээх газар засмал зам дээр 05-60 ХӨВ улсын дугаартай “Тоёота аллион” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.А-ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгчдэгч М.Нгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.

Мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

1. “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар “...гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан бол Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт уг гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг багасгаж “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх” үндэслэлд хамаарах тул шүүгдэгч М.Нд холбогдох хэрэгт хууль буцаан хэрэглэж, шүүгдэгчид Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар ял шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзнэ.

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-аар “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт нь хууль мөрдөгдөж эхэлсэн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдсэн гэмт хэрэгт хамаарах тул энэ заалтыг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдсэн гэмт хэрэгт хэрэглэх боломжгүй.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “...гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ.” гэж, Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж тус тус заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно. Иймээс  шүүгдэгч М.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хуульд хүндрүүлэх нөхцөл болгон шинээр оруулсан “...хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэсэн зүйл, заалтаар зүйлчлэх үндэслэлгүй.

2. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Нд Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 8.1 дүгээр зүйл /Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл/-ийг журамлан ял шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй. Учир нь шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдлын хувьд 19 настай, өсвөр насны шүүгдэгч тул түүнийг  хорих ял биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                                   Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                    Н.БАЯРХҮҮ