Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 00042

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

2019        10             16                                            2019/ДШМ/42

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

Б.Г, Б.С, П.Анарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Г.С,

Шүүгдэгч: Б.Г, Б.С,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: А.У,

Нарийн бичгийн дарга: Х.З нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 271 дүгээр шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Г, Б.С, П.Анарт холбогдох 1938004590286 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Г, Б.С нарын өмгөөлөгч А.Уын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Шар малгайт овогт Б-ы Г, 19... оны .... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ............../.

Монгол Улсын иргэн, Онход овогт Б-ийн С, 19 оны … дүгээр сарын ….-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар …............./.

Монгол Улсын иргэн, Улаан хуулар овогт П-ийн А, 19… оны …. дугаар сарын ..-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар …............../.

Шүүгдэгч Б овогтой Г нь 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа хориглосон үед нүүрс тээвэрлэж явсан Д.А-г шалгаж түүнээс 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийн хахууль авч "Хахууль авах” гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б овогтой С нь 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа хориглосон үед нүүрс тээвэрлэж явсан Д.А-ыг шалгаж түүнээс 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийн хахууль авч "Хахууль авах” гэмт хэрэгт,

Шүүгдэгч П овогтой А нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт дэвсгэрт 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хориглосон үед нүүрс тээвэрлэж явахдаа Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Г, Б.С нарт нүүрсээ шалгуулахгүйн тулд өөрт давуу байдал бий болгон 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хахууль өгч ”Хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 271 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Онход овогт Б-ийн С-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаар дамжуулан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Шар малгайт овогт Б-ы Г-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Улаан хуулар овогт П-ИЙН А-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч П.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Б.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Б.Г нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох, төрийн байгууллагад ажиллах эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс, шүүгдэгч П.А-т оногдуулсан нийтийн албанд томилогдох, төрийн байгууллагад ажиллах эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С, Б.Г, П.А нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого шүүгдэгч Б.С, Б.Г нараас 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг тэнцүү хувааж, албадан гаргуулж улсын төсөвт оруулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч П.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г, Б.С нарын өмгөөлөгч А.У-ын давж заалдах гомдолдоо: Б.Г, Б.С нарт Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэжээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэрэг нь “... таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,... эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан ялын сонгох санкцтай гэмт хэрэг байтал зөвхөн хорих ялын санкцыг сонгон ял оногдуулж шийдвэрлэсэн үндэслэл шалтгаан шүүхийн шийдвэрээс ойлгомжгүй байна.

Учир нь шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан олон нийтээс тусгаарлахгүйгээр ялын зорилгыг хангах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрвэл хорих ял оногдуулдаг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Г, Б.С нарт торгуулийн ял оногдуулж болохоор заасан энэхүү хуулийг хэрэглээгүй бөгөөд ийнхүү хэрэглэх боломжгүй, энэхүү хуулийг хэрэглэж торгуулийн ял оногдуулснаар ялын зорилгыг хангах боломжгүй ямар нөхцөл байдал үүсэх, улмаар Б.Г, Б.С нарт заавал хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлах ямар үндэслэл, шалтгаан байгаад Б.Г, Б.С нарт хорих ялын санкцийг сонгож оногдуулсан нь шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдаагүй, энэхүү нөхцөл байдал ойлгомжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” мөн энэ зүйлийн 5-д “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын ... тооцож хорих ялаар солино” гэж зааснаас харахад ялтны хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзаж энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан хувийн байдлыг нь тогтоож дүгнэлт өгөх байсан бөгөөд торгох ял оногдуулсан ч биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих боломжтойгоор зохицуулсан зохицуулалтыг харгалзаж үзээгүй байна.

Шүүгдэгч нарын зүгээс тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг шүүхээс үнэлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хуульд зааснаар хэрэглэж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тэдний эрх зүйн байдлыг дордуулаагүйд талархаж байгаа боловч хорих ял оногдуулахаас өөрөөр сонгож хэрэглэх боломжтой торгуулийн ялыг оногдуулаагүй, заавал нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулж байгаа шалтгаан нөхцөл нь ойлгомжгүй байгаа тул гомдол гаргах нь зүйтэй гэж үзсэн болно.

... Иймд шүүх “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” буюу торгох ял оногдуулж болох хуулийг хэрэглээгүй байх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолын үндсэн ял оногдуулсан /хорих ял/ хэсэгт өөрчлөлт оруулж Б.С, Б.Г нарт оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял болгон өөрчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч нарт оногдуулсан ялыг торгох ялаар солиход татгалзах зүйлгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаар ажиллаж байхдаа хориглосон үед нүүрс тээвэрлэж явсан П.А-ыг шалгаж түүнээс 200 000 төгрөгийн хахууль авч “Хахууль авах” гэмт хэргийг, шүүгдэгч Б.С нь 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаар ажиллаж байхдаа хориглосон үед нүүрс тээвэрлэж явсан П.А-ыг шалгаж түүнээс 200 000 төгрөгийн хахууль авч “Хахууль авах” гэмт хэргийг, шүүгдэгч П.А нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хориглосон үед нүүрс тээвэрлэж явсан бөгөөд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Г, Б.С нарт нүүрсээ шалгуулахгүйн тулд өөрт давуу байдал бий болгон 400 000 төгрөгийн хахууль өгч “Хахууль өгөх” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч П.А-ын 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч Б.Г-ын 5098042145 дугаарын данс руу 300 000 төгрөгийг, мөн 100 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ХААН банкны 5914105137 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Б.Г-ын ХААН банкны 5098042145 дугаартай дансанд 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч П.А-ын 5914105137 дугаарын данснаас 300 000 төгрөг, мөн 100 000 төгрөг орсон депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Л.Н, Б.Ө нарын мэдүүлгүүд, Могойн гол ХК-ийн нягтлан бодогчоос шүүгдэгч П.А-ын нүүрс худалдаж авсан талаарх баримтын хуулбар, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 23-07-027/01, 23-07-027/02, 23-07-027/03, 23-07-027/04, 23-07-027/05, 23-07-027/06, 23-07-027/07, 23-07-027/08, 23-07-027/09 дугаартай “Цэцэрлэг сумын Могойн голын уурхайгаас Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэж байгаа үйл ажиллагааг 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар түр зогсоох тухай актууд, шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Сг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаар дамжуулан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаар дамжуулан хахууль авах гэмт хэргийг, шүүгдэгч Б.Гыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэргийг, шүүгдэгч П.Аыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэнд гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.С, Б.Г нарыг нийтийн албанд томилогдох, төрийн байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч П.А-ыг нийтийн албанд томилогдох, төрийн байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.У-ын “...хахууль авах гэмт хэрэг нь сонгох санкцтай гэмт хэрэг байтал зөвхөн хорих ялын санкцийг сонгон ял оногдуулж шийдвэрлэсэн үндэслэл шалтгаан шүүхийн шийдвэрээс ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г, Б.С нарт торгуулийн ял оногдуулж болохоор байхад хэрэглээгүй бөгөөд хэрэглэх боломжгүй ямар нөхцөл байдал үүсэх, улмаар Б.Г, Б.С нарт заавал хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлах ямар үндэслэл шалтгаан байсан учраас ... хорих ялын санкцийг сонгож оногдуулсан нь шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдаагүй энэхүү нөхцөл байдал ойлгомжгүй байна. Иймд шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг торгуулийн ял болгон өөрчилж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Учир нь шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд чухам аль төрлийн ялыг хэдий хэр хэмжээгээр оногдуулах, ялыг биечлэн эдлүүлэх эсхүл тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүгдэгч Б.Г, Б.С нарт хуульд зааснаас хөнгөрүүлж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл бүхий болсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.У-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                                Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                 Н.БАЯРХҮҮ