Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 1211

 

                                                  

 

 

 

 

2019 оны 04 сарын 30 өдөр                        Дугаар 102/ШШ2019/01211                        Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч .............. Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч ................ Мөнхзулд холбогдох орон сууц хөлслөх гэрээнээс учирсан хохирол 421.070 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Оюунчимэг, хариуцагч М.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Мөнхзултай 2018 оны 01 дүгээр сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “....................... квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай түрээслэж амьдрахаар гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний хугацаанд үүргээ биелүүлж хариуцлагатайгаар ашиглалтын зардал, цэвэрлэгээ үйлчилгээ, тавилга эд хөрөнгийн эмх цэгц, оршин суугчдийн ая тухтай байдлыг ханган, гэрээний ямар нэгэн заалтыг зөрчөөгүйгээр үүргээ зохих ёсоор биелүүлж, байрыг хүлээлгэж өгсөн.

Байрыг хүлээлгэн өгөхдөө гэрээний 5 дугаар зүйлийн 5.11 дэх заалтын дагуу гэрээг дахин сунгахгүйгээр сарын өмнө буюу 10 дугаар сарын 05-ны өдөр бичгээр мэдэгдсэн бөгөөд хөлслүүлэгч тал 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн зар өгсөн нь тодорхой болж, хүмүүс түрээслэх байр үзэх гэсэн юм, зарын дагуу явж байна гэж оройн цагаар ирцгээсэн.

Мөн гэрээнд зааснаар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэг сарын түрээсийн төлбөр 700.000 төгрөгийг бүтнээр нь төлж,  гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасны дагуу байрнаас 10 дугаар сарын 21-ний өдөр нүүж, 10 дугаар сарын 22-ны өдөр байраа цэвэрлэн, хүлээлцэхэд бэлэн болгож бичгээр гарсан гэдгээ мэдэгдсэн.

Би түрээслэн сууж байсан үеийн СӨХ-ны төлбөр болон бусад тооцоогоо бүгдийг төлж дуусгасан.

         Гэтэл хөлслүүлэгч М.Мөнхзул тухайн өдөр байраа хүлээж авах завгүй гэх шалтгаанаар 10 дугаар сарын 25-ны өдрийг хүргэсэн бөгөөд байраа хүлээж авахдаа сэтгэл хангалуун авсан.

        Ингээд цаашид үргэлжлүүлэн амьдрах боломжгүй болсон тул амьдраагүй хоног буюу 10 дугаар сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртлэх 15 хоногийн төлбөр 350.000 төгрөг, халаалтын төлбөрийн илүү төлөлт 13.827 төгрөг, цахилгааны төлбөрийн илүү төлөлт 7.243 төгрөг, монтаж суулгуулсаны төлбөр 25.000 төгрөг, цэвэр усны тоолуур баталгаажуулсан төлбөр 25.000 төгрөг, нийт  421.070 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч М.Мөнхзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:    

Миний бие өөрийн эзэмшлийн ................... түрээслэхээр болж, уг байрыг анх 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б.Ундраад түрээсэлсэн боловч гэрээг түүний ээж Н.Оюунчимэгтэй байгуулсан.

        Би байраа түрээслэхдээ 3 сараар түрээсийн мөнгөө авна гэхэд Н.Оюунчимэг сар сард нь төлбөрийг чинь өгье гэхээр нь зөвшөөрсөн.

Хөлслөгч түрээсийн төлбөрөө цаг тухайд нь өгөөгүй учраас дараагийн сараас Н.Оюунчимэгтэй нотариат дээр очиж гэрээ байгуулсан ба хэрвээ та байрныхаа түрээсийн хугацааг сунгах эсвэл байрнаасаа гарах болсон ямар ч тохиолдолд надад нэг сарын өмнө мэдэгдээрэй, сарын өмнө мэдэгдэж байж би дараагийнхаа түрээслэгчийг олдог гэж хэлсэн.

Б.Ундраагаас надад байрнаас гарах талаар утсаар захидал илгээснийг 7 хоногийн дараа гадаадаас ирээд мэдэж, бид утсаар ярьсан.

Нэг сарын түрээс 700.000 төгрөгийг өгсөн, 25-ны өдөр байраа хүлээн авсан.

         Гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт хөлслөгч ямар нэгэн шалтгааны улмаас гэрээг хугацаанаасаа өмнө цуцлахаар бол дараагийн хөлслөгчийг олох боломжит хугацаа өгөх үүднээс 20 хоногийн өмнө хөлслүүлэгч талд бичгээр мэдэгдэж, зөвшилцсөний үндсэн дээр үлдэгдэл төлбөрийг хоногоор нь тооцож хөлслүүлэгчээс авч болно гэж заасан байгаа.

Гэрээг цуцлах захидал 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр надад ирсэн, энэ өдөр төлбөрөө шилжүүлсэн байхаар нь дараагийн сар буюу 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байрнаасаа гарах юм байна гэж би ойлгож, зараа өгч эхэлсэн.

Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “би өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байрнаасаа гарсан, хэзээ тооцоо нийлж, байраа хүлээлгэж өгөх үү” гэсэн захиаг явуулсан байсан.

Иймээс цэвэр усны тоолуур баталгаажуулсны 25.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Үлдсэн мөнгийг зөвшөөрөхгүй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг, хариуцагч М.Мөнхзулд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээнээс учирсан хохирол 421.070 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч цэвэр усны тоолуур баталгаажуулсны 25.000 төгрөгийг төлнө, бусад төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

Нэхэмжлэгч, хариуцагч М.Мөнхзулын өмчлөлийн ............... дугаарын Улсын бүртгэлтэй, 46 тоот 2 өрөө орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай хөлслөж, сард 700.000 төгрөгийн төлбөр төлөхөөр “Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ”-г зохигчид харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн, байгуулсан болох нь талуудын тайлбар, гэрээ, “Хаан” банкны депозит дансны хуулга, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчид шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын талаар нэхэмжлэгч “энэ төлбөр дээр маргаад байх асуудалгүй. Сарын 05-ны өдөр 700.000 төгрөгийн түрээс төлсөн. Үүнээс 15 хоног охин амьдарсан тул 350.000 төгрөгийг суутгаж аваад, амьдраагүй хугацааны хөлс 350.000 төгрөгийг бидэнд буцаагаад өгөөч гэж нэхэмжилж байгаа...”

 

         Хариуцагч “гэрээний хугацаа дуусахаас өмнө 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байрнаас гарсан нь Иргэний хуулийн 289 дугаар зүйлийн 289.2.4 дэх хэсэгт заасан “хөлслөгч гэрээний үлдсэн хугацаагаар эд хөрөнгийг хөлслөн авах хүсэлтэй, төлбөрийн чадвартай хөлслөгчийг санал болгон гэрээгээ цуцлах тухай хөлслүүлэгчид нэг сарын өмнө мэдэгдсэн бол хугацаанаас нь өмнө гэрээгээ цуцлах эрхтэй гэсэн хуулийн заалттай нийцээгүй байна мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “...зөвшилцсөний үндсэн дээр гэж байгааг шүүх анхаарч үзээсэй, надтай хөлслөгч зөвшилцөөгүй” гэх тайлбарыг гарган маргаж байна.

 

Талуудын мэтгэлцээнээс дүгнэхэд хариуцагч, нэхэмжлэгчийн утсаар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байрнаасаа гаргах талаар явуулсан захидал болон 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хөлсөлсөн байраа хүлээн авснаа зөвшөөрч, түрээсийн төлбөрт 700.000 төгрөг өгсөн талаар маргахгүй байх тул нэхэмжлэгчийг талуудын байгуулсан гэрээнд зааснаар мэдэгдэх үүргээ биелүүлсэн байна гэж үзээд, орон сууцыг ашиглаагүй, амьдраагүй 15 хоногийн төлбөрийг хариуцагч буцаан төлөх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Харин нэхэмжлэгчийн халаалтын төлбөрийн илүү төлөлт 13.827 төгрөг, цахилгааны төлбөрийн илүү төлөлт 7.243 төгрөг, монтаж суулгуулсаны төлбөр 25.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь баримтаар тогтоогдоогүй, нэгэнт гэрээнд түрээсийн төлбөрөөс бусад хэрэглэсэн зардлаа хөлслөгч өөрөө  төлөхөөр тохирч, төлбөрийн нэхэмжлэхтэй танилцан төлсөн учраас эдгээр зардлыг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.

 

Иймээс хариуцагчийн төлөхөөр зөвшөөрсөн цэвэр усны тоолуур баталгаажуулсан төлбөр 25.000 төгрөг, түрээсийн төлбөрийн тал хувь 300.000 төгрөг нийт 375.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, үлдсэн 46.070 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 375.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 11.900 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаарр зүйлийн 227.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Халх овогт Мандуулын Мөнхзулд Мөнхзулаас 375.000 төгрөгийг гаргуулж, Сартуул овогт Батжаргалын Оюунчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 46.070 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.282  төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 11.900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

       

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

       

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА