Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 73

 

Ц.Гт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч Ц.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.Тын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Гт холбогдох эрүүгийн 19140006100284 дугаар хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ц.Г, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Ц.Г нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Сөүл рестораны гадаа П.Тыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гыг арван мянган нэгжтэй / 10.000 / тэнцэх хэмжээний буюу арван сая / 10.000.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Гт оногдуулсан арван сая төгрөгийн торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Т нь цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар Ц.Гын эзэмшлийн зурагтыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг зурагтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ц.Гт буцаан олгож шийдвэрлэжээ.

Хохирогч П.Т гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ц.Гт өшиглүүлсэний улмаас бөөрөндөө гэмтэл авч амь насны заалттайгаар яаралтай хагалгаанд орж, байнгын эмчилгээ сувилгаа хийлгэх болсон билээ. Гэмтэл авахаасаа өмнө би өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхэлдэг, биеийн хүчний ажил хийхэд ямар нэг хорио цээргүй байдаг байсан. Гэтэл одоо ямар нэгэн спортын төрлөөр хичээллэж болохгүй, хүнд зүйл битгий хэл ямар ч зүйл өргөж бөөрөнд ачаалал өгч болохгүй, хурдан алхаж ч болохгүй, удаан хугацаагаар сууж болохгүй учир ямар нэгэн ажил хийж цалин хөлс авах боломжгүй бусдын асрамжид байдаг болсон.

Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа түүний үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан үзсэнгүй гэж гомдолтой байна. Тэрээр шүүх хурал дээр гарсан зардлыг өгсөнөөс өөрөөр ядаж надаас уучлалт гуйгаагүй. Энэ хэргийн улмаас миний бие маш их сэтгэл санааны хямралтай байдаг болсон. Ид хөдөлмөрлөх насандаа өндөр настай ээжээрээ асруулж амьдрах болсондоо үнэхээр ичиж байна.

Ээжийгээ асрах байтал өөрөө асруулаад сууж байна. Миний бөөрийг авах байсан ч эрхтэнээс хагацуулахгүйгээр бөөрний няцрал дээр наалт нааж тавьсан. Одоо биеийн ачааллыг хэтрүүлж дэглэм алдвал наалт ховхорч цус алдаж амь насанд аюултай гэсэн заалттай болсон. Гэтэл шүүхээс гэмт хэрэг үйлдэгчийг торгох ялаар шийтгэсэн нь “эрүүгийн хариуцлага нь ... гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэнтэй нийцэхгүй байна. Мөн “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Энэ хэргийг би Ц.Гын эсрэг үйлдэж хийж эхлээгүй. Харин маргалдаж байсан хүмүүсийг салгаж байсан. Миний бие Ц.Гтай хэрэлдэж маргалдсан зүйл огт болоогүй байхад яагаад миний буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг ойлгохгүй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолыг хянаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ц.Г давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хохирогч П.Т нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргажээ.

Тухайн хэрэг явдал гарах үед би ганцаараа ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Энэ байдал хэрэгт нотлох баримтаар бүрэн авагдсан байгаа. Миний бие согтуу, мансуурсан хүмүүс хоорондоо маргалдаж, хэрүүл зодоон үүсгэх гээд байхаар нь салгаж, хэрүүл маргаанаа боль гэж, зарим нэг болох Э. А тэвэрч өргөж такси барих гээд зам дээр зогсож байхад Э.А нь тэвэрсэн гарнаас мултарч 3 залуу дээр гүйж очоод цасан дээр халтираад унахад нөгөө залуучууд өшиглөж авахыг хараад нэгнийгээ гэмтээж амь насанд хохирол учруулчих вий гэж бодоод салгах гэж гүйж очсон. Одоо таних болсон Т.Аг татаж холдуулсан, зууралдаад салахгүй байхад нь хөл рүү хавсарч унагаах гэсэн хөдөлгөөн хийх агшинд хохирогч миний нүүрний тус газар руу цохих үйлдэл хийхэд нь би гарнаас хойш гэдийж нүүрээ зайлуулж өөрөөсөө холдуулах гэж бүсэлхий хавьд жийж холдуулсан. Тэгээд найзыгаа аваад шууд явсан. Миний хийсэн үйлдэл энэ, хэрэв хохирогч П.Т нь намайг нүүр рүү цохих үйлдэл хийгээгүй бол би хүмүүсийг өөрөөсөө холдуулах үйлдэл хийх ямар ч шаардлагагүй байсан. Хохирогч П.Т хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “... би гараараа цохих гэхэд бултаад миний бөөр рүү өшиглөсөн...” гэж бодит байдлыг хэлсэн байдаг. Энэ бүхэн хохирогчийн буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн гэж үзэж байна.

Хохирогч надаас уучлалт гуйгаагүй гэж гомдол гаргажээ, энэ бол ташаа байна, би чамд өшиглүүлсэнээс бөөр өвдөөд байна гэхээр нь тэр доор нь эмнэлэгт эмч Н. Эрчулуун дээр аваачиж үзүүлж зөвлөгөө авсан. Анх уулзахдаа уучлалт гуйж, миний буруу болжээ гэхэд тэр яахав цагдаа гэхгүйгээр 300.000 төгрөг өгчих тэгээд салъя гэж хохирогч өөрөө надад хэлж байсан. Тэгээд утсаа авахгүй, чат бичихгүй болохоор нь цахим орчин болох чатаар намайг уучлаарай, хохирол гомдлыг барагдуулна гэж бичсэн. Тэгэхэд эгч нь үүнийг уншсан юм байна лээ над руу утасдаж манай дүү өөрийн гэсэн мэдэлгүй, бид мэднэ битгий хүүхдийн толгой эргүүлээд бай, дахин хүүхэд рүү залгах, элдэв зүйл бичихгүй бай гэж загнасан.

Иймээс би утсаар ярих, уулзах чат бичих боломжгүй болсон юм. Эгч нь чамайг дахин уулзах байдал гаргавал бид танил тал ихтэй, хэргийг хүндрүүлж чадна шүү эрүүл мэндийн яаманд ажилладаг ахтай, эмч дүүтэй, шинжилгээг нь яаж ч гаргаж чадна шүү, манай дүүтэй ярилцахгүйгээр надтай зохиц гэх зүйл ярихаар нь хуулийн байгууллага шударгаар шийдэх байх гээд орхисон юм. Намайг шүүх хурал дээр зардлын мөнгө өгсөн гэж гомдол гаргажээ, миний хувьд хохирогчтой уулзах боломжгүй тул хэрэг шалгасан байцаагчаас хэдэн төгрөгийн хохирол гарсан вэ? Эмчилгээний зардал хэд гарав төлмөөр байна гэхэд хохирогч тал ямар ч хохирлын баримт гаргаж өгөхгүй, шүүх хурал дээр гаргана гээд байна гэсэн хариу өгсөн учир би шүүх хурал дээр бэлэн мөнгөтэй орж хохирлыг барагдуулсан. Миний хувьд учирсан хохирлыг тэр даруйд өгье гэсэн сэтгэл байсан юм.

Хохирогч маань биеийн байдлаа маш муу гэж бичсэн байна яг үнэндээ бид залуу үе тэнгийн хүмүүс хэн нь юу хийж байгааг, ямар үйлдэл хийж байгааг мэдэж ярилцаж л байдаг, хохирогч Улаанбаатар Баянхонгорын хооронд байнга л явж байх юм, найр хуримын, ажилд явж байгаа зургууд их л тавигдсан байна лээ, энэ талаар хохирогч үнэн зөвийг ярих болов уу. Бусдын асрамжид байгаа нь жаахан ташаа байхаа.

Миний хувьд хүнтэй хэрүүл маргаан хийгээгүй, зодоон цохион хийх ямар ч хүсэл байхгүй, бялдаржуулах чиглэлээр багшилж эхнэр, 2-7 насны 3 охины хамт амьдардаг, анхан шатны шүүх хэргийн байдал, миний амьдрал зэргийг зөв шүүж, шударга үнэн зөв шийдвэр гаргасан гэж үздэг. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ц.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, найзыгаа зодолдож байхад нь салгаж авах гэж очоод хэрэгт холбогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч П.Тын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзэхэд шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 23 цагийн орчим үл таних Т.А, Г.Түвшинжаргал нарыг өөрийн найз Э.Атай хэрүүл маргаан үүсгэж, зодолдож байхад нь Э.Аыг өмөөрч салгахаар очих үед хохирогч П.Т нь өөрийн найз Г.Түвшинжаргалыг салгахаар очоод Ц.Гыг гараараа цохихоор далай үед нь түүний хэвлий орчим хөлөөрөө өшиглөсөнөөс зүүн бөөрийг нь задалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь эрүүгийн 19140006100284 дугаар хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Тын “ ...би очоод дундуур нь гүйж ороод салгах гэтэл миний зүүн бөөрөнд өшиглөсөн..., ... тухайн үед амьсгаа авч болохгүй болохоор нь доош суухад найз Т.А өргөж босгосон...” гэх мэдүүлэг, гэрч Т.А, Т.Түвшинжаргал, Н.Эрчулуун, С.Норжмаа нарын мэдүүлэг, шинжээч эмч Б.Баяртогтохын мэдүүлэг, ”...П.Тын биед учирсан зүүн бөөрний задрал, хэвлийн гялтангийн арын зайд цус хуралт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба бөөрөнд архаг болон цочмог өвчин тогтоогдсонгүй, дээрх гэмтэл нь нэг удаа цохих, өшиглөх үед буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл, бөөрний няцрал нь өвчний улмаас үүсэхгүй гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 716 дугаар дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Ц. Гыг хохирогч П.Тыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй буюу найз Э.Аыг өмөөрч хэрүүл маргаан, зодоонд оролцсон анхнаасаа хохирогч П.Тыг зодож хүнд хохирол учруулах санаа сэдэлтгүй байсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч П.Тт учруулсан хохиролд 4 031 500 төгрөг төлсөн байдлыг дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн, оногдуулсан ял нь тохирсон байна.

Харин анхан шатны шүүхээс Ц.Гт оногдуулсан торгох ял нь түүний гэм буруугийн хэлбэрт тохироогүй, би Ц.Гтай хэрэлдэж маргалдсан зүйл огт болоогүй байхад яагаад миний буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг ойлгохгүй байна гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хянуулахыг хүссэн хохирогч П.Тын гомдол нь анхан шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эсхүл хүчингүй болгох үндэслэл болохгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч П.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ М. МӨНХДАВА

 ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

                             Б. БОЛОР-ЭРДЭНЭ