Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 74

 

С.А, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Ялтан С.А, С.Б

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/237 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж, хүчингүй болгуулахыг хүссэн прокурор С.Болорзулын гаргасан дүгнэлтээр С.А, С.Б нарт холбогдох эрүүгийн 1914001800069, 201505000162 дугаар бүхий хэргүүдийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, С.А, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,

Монгол Улсын иргэн, С.Б, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 04-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 08 жил 04 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

Мөн 2009 оны 10 дугаар сарын 26-нд 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар суллагдсан, хэрэг хариуцах чадвартай,

Прокурор С.Болорзул 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар дүгнэлтэндээ:

Яллагдагч С.А, С.Б нар нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор С.Аийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 3 сарын хугацаагаар,

Яллагдагч С.Бг мөн шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

С.А, С.Б нар нь эрүүгийн 1914001800069 дугаартай хэрэгт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд ялтан нь шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг нь шийтгэх тогтоол гарсаны дараа илэрсэн тохиолдолд шийтгэх тогтоолуудыг нэмж нэгтгэн ял оногдуулахад түүний эрх зүйн байдал дордож, нэг төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд С.А, С.Б нарт холбогдох эрүүгийн 201505000162 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор яллагдагч С.Аийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 3 сарын хугацаагаар, яллагдагч С.Бг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэснийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн..." байх тул Баянхонгор аймаг сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, прокурорт буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Прокурор Э.Гантулга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтээ дэмжин оролцож байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн эрүүгийн 201505000162, 1914001800069 дугаар бүхий хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл:

1. С.А нь Д.Этай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Онцгой байдлын хэлтсийн ард байх иргэн С.Ёндонгийн эзэмшлийн түүхий эд хадгалдаг агуулахад хууль бусаар нэвтэрч 27 кг ноолуур, 10 кг тэмээний ноос хулгайлж 1.876.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ агуулахын хаалгыг эвдэж 104.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн С.Самбуу, Д.Э нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 2015 оны 10 дугаар сарын 02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг Дэлгүүрийн 19 тоотод байрлах иргэн Т.Тийн эзэмшлийн “Баян” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч юнител, скайтелийн нэгж, архи, тамхи, чихэр зэрэг эд зүйлийг хулгайлж, 478.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ “Баян” нэртэй дэлгүүрийн вакум цонхны түгжээг эвдэж, 10.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 16-33/А тоотод байрлах иргэн Ж.Мөнхбаярын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч дээл, мөнгөн аяга, мөнгөн бүс, хромон гутал, хөөрөг, малгай, архи зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ц.Мөнхзаяад 1.874.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн С.Самбуутай давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 10-35 тоот хаягаар байрлах иргэн Ч.Баярын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч 16 ширхэг мөнгөн аягыг хулгайлж, 3.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 20-дын үеэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 18 дугаар байрны 1 дүгээр орцны подволд хууль бусаар нэвтэрч хурганы арьс, ишигний арьс, дээл, мөнгөн бүс, торго, даавуу, хэт хутга зэрэг эд зүйлийг хулгайлж иргэн Г.Солонгоод 2.285.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 06-наас 2016 оны 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Э.Эрдэнэмаамын эзэмшлийн “Номгон хайрхан” нэртэй тамхины төрөлжсөн худалдааны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч тамхи, бэлэн мөнгө 150.000 төгрөгийг хулгайлж 1.528.300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, хулгайн гэмт хэргүүдийг үйлдэхдээ бусдад 114000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн С.Бтай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “АПУ” бөөний барааны дэлгүүрт 2017 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйл хулгайлж 1.866.010 төгрөгийн хохирол учруулсан,

С.Б нь П.Отай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт “Майхан цахир” ХХК-ийн хашаанд байх автомашины чиргүүлээс 2017 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 17 тооны ямааны арьс хулгайлж 408.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүддээ Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 237 тоот шийтгэх тогтоолоор С.Аыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч С.Аийн биечлэн эдлэх ялыг 4 жил 3 сарын хугацаагаар, шүүгдэгч С.Бн биечлэн эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар тус тус тогтоож шийдвэрлэжээ./хэргийн 175-193 дугаар тал/

С.А, С.Б нарт хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнө тэдний үйлдсэн гэх С.А, Д.Агарзанданхорол нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-1-8 тоотод оршин суух иргэн Ц Болормаагийн эзэнгүй байсан хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу монгол гэрээс 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд эд зүйл хулгайлж 2654000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 19 дүгээр гудамж 15 тоотод оршин суух иргэн Б.Ундармаагийн эзэнгүй байсан хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан,

Мөн яллагдагч С.А, С.Б нар бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Тээврийн товчооны 'Хонгор хайрхан" нэртэй 2 давхар цайны газрын арын байшинд 2018 оны 5 дугаар сарын 20-ноос 2018 оны 5 дугаар сарын 30-ны хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан,

Мөн Баянхонгор сумын 1-р баг 100 дугаар байрны зоорьны давхарт байх вакум цонхны үйлдвэрийн цонхоор 2018 оны 5 дугаар 20-ноос 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан,

Мөн Баянхонгор сумын 6 дугаар багийн 01 дүгээр гудамж 19 тоот хашаанд байх эзэнгүй гэрийн тооноор 2018 оны 06 дугаар сарын 25-ноос 2018 оны 07 дугаар сарын 04-ний хооронд хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэх хэргүүдийг шүүхээр хянан шийдвэрлэж уг хэрэгт нь тэднийг гэм буруутай гэж үзсэн тохиолдолд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хэрхэн нэмж нэгтгэх талаар шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд хуульчлагдаагүй болно.

Түүнчлэн Эрүүгийн 201505000162, 1914001800069 дугаар хавтаст хэргүүдэд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд С.А С.Б нарт холбогдох хэргүүдийг мөрдөх байгууллага тус тусад нь шалгаж байгааг мэдсээр байж дээрх хэргүүдийг нэгтгэн шалгалгүйгээр тусад нь яллах дүгнэлт үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн нь буруу буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нарын эрх зүйн байдлыг илтэд дордуулсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг зөв хэрэглэх үүднээс прокурорын бичсэн дүгнэлтэд үндэслэн С.Самбуу, С.А, Д.Э, С.Б, П.О нарт холбогдох эрүүгийн 201505000132 дугаар хэргийг хянан шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 237 тоот шийтгэх тогтоолын ялтан С.А, С.Б нарт холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу хүчингүй болгож, С.Самбуу, Д.Э, П.О нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр

зүйлийн 4.2-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 237 тоот шийтгэх тогтоолын ялтан С.А, С.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгон нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж, С.Д, Д.Э, П.О нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг прокурорт очтол С.А, С.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ М. МӨНХДАВАА

      ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                          Б. БОЛОР-ЭРДЭНЭ