Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2019/01000/И |
Дугаар | 102/ШШ2019/01191 |
Огноо | 2019-04-26 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2019/01191
2019 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2019/01191 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: , “Э Х”ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Ц И”ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 28 302 500 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц /үнэмлэх 2171/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.А /үнэмлэх 2610/, Б.У /үнэмлэх 2765/, гэрч А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц И”ХХК нь 2014 оноос “Э Х”ХХК-ийн Баянгол дүүргийн 17-р хороо, Дамдинбазарын гудамжны 80-1 тоот, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 140 м.кв бүхий 1, 2 давхрын 5 өрөө байрыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Тус компани нь 73 325 500 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2017-2018 онд 45 023 000 төгрөгийн төлбөрийг төлж, 28 302 500 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөөгүй байна. Төлбөрийн үлдэгдлийн талаар 2 компани 2018 оны 3-р сарын 21-ний өдрийн тооцоо нийлж, актаар баталгаажуулсан. Төлбөр барагдуулахыг захирал Б.М-д удаа дараа мэдэгдсэн боловч шүүхээр шийдвэрлүүл, түрээсийн төлбөр төлөх боломжгүй гэдэг тайлбар өгч, ихээхэн хохирол учруулаад байна. Иймд “Ц И”ХХК-иас түрээсийн төлбөр 28 302 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь “Э Х”ХХК-ийн байранд 2008 онд баригдаж дуусаагүй байхаас нь 2018 он хүртэл үйл ажиллагаагаа явуулсан. Манай компанийн захирал, “Э Х”ХХК-ийн захиралууд найз нөхөд тул тэдний байр баригдаж дуусаагүй байхаас 1 давхарын хэсэг газрыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж, сард 700 000 төгрөгийн түрээсийг 2008 оноос эхлэн төлж эхэлсэн. 2010 оноос 1, 2 давхрыг түрээслэсэн, 2008 оноос төлбөр төлж байхдаа ямар ч баримт авдаггүй байсан. “Э Х”ХХК түрээсийн төлбөрийг тогтмол авдаггүй, хэсэг хугацааны дараа түрээсийн төлбөрөө нэмдэг байсан. Үүнээс болоод компанийн хооронд маргаан үүсдэг байсан. Нэхэмжилж байгаа түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, 2 давхрыг хүлээлгэн өгөхдөө 16 сая төгрөгийн үнэ бүхий бүрэн тавилгатай хүлээлгэж өгсөн. Түрээсийн төлбөртөө тооцож авъя гэчихээд удаан хугацааны дараа өөр компани оруулсан байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э Х”ХХК нь “Ц И”ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 28 302 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
“Э Х”ХХК-ийн Баянгол дүүргийн 17-р хороо, Дамдинбазарын гудамжны 80-1 тоот, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгын 1, 2 давхрын 140 м.кв талбай бүхий 5 өрөө байрыг эмнэлэгийн зориулалтаар ашиглан үйл ажиллагаагаа явуулж байгаад 2018 оны 4-р сарын 1-нд байрыг чөлөөлж өгсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
“Ц И”ХХК нь 2008 оноос тухайн барилгыг дуусаагүй байх үеэс нь түрээслэн үйл ажиллагаа явуулсан талаар талууд маргаагүй, харин 2010 оны 10-р сарын 5-ны өдрийн 1/12 тоот, 2014 оны 1-р сарын 14-ний өдрийн, 2014 оны 9-р сарын 1-ний өдрийн 01 тоот, 2016 оны 1-р сарын 15-ны өдрийн 03 тоот түрээсийн гэрээнүүдээс /хх 34-47/ дүгнэвэл төлбөрийн хэмжээг талбайн хэмжээнээс хамааран өөр өөрөөр тогтоож байжээ.
Талууд 2017 оны 1-р сарын 2-ны өдрийн 01 тоот гэрээгээр 1-р давхарын 140 м.кв талбайг 4-р сарын 30-ныг хүртэл сарын 2 500 000 төгрөг төлөхөөр тохирч, “Ц И”ХХК 2018 оны 4-р сарын 1-нийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсан /хх 9-12/, 2017-2018 оны төлбөрт 39 129 500 төгрөгийн өртэй гарч, үүнээс бетон зуурмагийн үнэ 8 505 000 төгрөг, эмнэлэгийн төлбөр 320 000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 2 00 2000 төгрөг нийт 10 827 000 төгрөгийг харилцан тооцож, 28 302 500 төгрөгийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан /хх 6-8/ байна.
Харин энэхүү барилгын түрээсэлж байсан гэх 1, 2-р давхарын 140 м.кв талбай нь тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгүй гэх ба энэ тохиолдолд Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэг хамаарахгүй, “Ц И”ХХК нь эмнэлэгийн зориулалтаар өөрийн тоног төхөөрөмжийг ашиглан тухайн талбайг хөлслөн үйл ажиллагаа явуулсан гэж үзнэ.
Нөгөө талаас, хариуцагч 16 сая төгрөгний эд зүйлсийг төлбөрт тооцож өгсөн нь нотлогдоогүй, өөрөөр хэлбэл, 2017-1-1-ний өдрийн хүлээлгэн өгсөн тавилгын жагсаалт нь хэнд хүлээлгэн өгсөн, эд зүйл ямар үнэтэй нь тодорхойгүй /хх48-50/, гэрч А.У-ын ...тасгийн эд хогшлыг төлбөрт үлдээхээр болсон гэсэн боловч 5-6 сарын дараа авахгүй гээд гаргаад орхисон байсан, дулаарсан байсан үед хүмүүсээр авахуулсан, яаж тооцсон, юу гэж тохирсныг мэдэхгүй гэсэн мэдүүлгээр эд хогшлыг төлбөрт тооцож өгснийг нотлоогүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 287-р зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ц И”ХХК-иас 28 302 500 /хорин найман сая гурван зуун хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж ”Э Х”ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэг, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 299 463 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч “Ц И”ХХК-иас 299 463 төгрөг гаргуулж “Э Х”ХХК-д олгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА