Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогт-Очирын Отгонцэцэг |
Хэргийн индекс | 139/2018/00003/И |
Дугаар | 03 |
Огноо | 2018-01-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 03
А.У-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, Ерөнхий шүүгч *******, шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 03-ны едрийн 139/ШШ2017/00384 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч А.У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Э.Ц-т хариуцагдах 13034000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч *******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.У, хариуцагч Э.Ц, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
Нэхэмжлэгч А.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Ц нь нэхэмжлэгч А.У надаас 2015 оны 12 сард 9800000 төгрөг, 2016 оны 5 сарын 9-нд 2000000 төгрөг, 2016 оны 6 сарын 7-ны өдөр 14000000 төгрөг, нийт 25800000 төгрөгийг зээлсэн. Уг зээлсэн мөнгөнөөс өнөөдрийн байдлаар 16 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл 9800000 төгрөгийг өгөөгүй байгаа учраас тус нэхэмжлэлийг гаргасан. Тус 9800000 төгрөгийг би ******* банкнаас сарын 2.2 хувийн хүүтэйгээр нөхрийнхөө нэр дээр өөрөө хамтран зээлдэгчээр орж зээлж өгсөн мөнгө учраас 9800000 төгрөг дээр сарын 2.2 хувийн хүүг бодсон. Нийт 13034000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2015 оны 12 сард 9800000 төгрөгийг авсан гээд байгаа. Би нэхэмжлэгчээс 9800000 төгрөгийг бэлнээр аваагүй. Б, Б, У нар хоорондоо орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулаад орон сууц авсан юм байна лээ. Б-ын өгөх ёстой байсан мөнгийг би У-т өгсөн. Эхний мөнгийг 6 сарын 19-нд 6 сая төгрөгийг Цоглог худалдааны төвийн үүдэнд өгсөн. Үүний дараа 10 сард би 1500000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу нь хийсэн. 2300000 төгрөгийг өөрийнх нь ажил дээр аваачиж өгсөн. Надаас нэхэмжлэх ёсгүй мөнгийг нэхэмжлээд байна. Би нэхэмжлэгчээс ямарч мөнгө зээлээгүй. Энэ мөнгөн дээр ямар нэгэн байдлаар хүү тооцно гэж яриагүй. Гэхдээ би хүүг нь тооцоод Б-ын 119 гэсэн ******* банкны данс руу нь 300000 төгрөг хийсэн. Мөнгөө дандаа бэлнээр аваачиж өгч байсан нь миний алдаа болсон байна. 2016 оны 11 сард нэхэмжлэгч “хоёулаа тооцоогоо нийлье” гээд намайг гэнэт ажил дээрээ дуудахаар нь очсон чинь надаас хүү нэхсэн. Тэгэхээр нь би хүүг чинь өгье, гэхдээ 8 хувиар өгмөөргүй байна. 5 хувь болгоё гэж хэлсэн. Гэхдээ энэ хүү зөвхөн 14 сая төгрөг дээр л яригдсан. 9800000 төгрөг нь дээр тухайн үед *******той гэрээ байгуулсан гэж надад хэлсэн. Нэхэмжлэгчээс би 16 сая төгрөг аваад 20,3 сая төгрөг болгож, хүүг нь 8 хувиар тооцож өгсөн. Нэхэмжлэгчээс би 9800000 төгрөгийг бэлнээр авч зээлээд хэрэглэчихсэн юм байхгүй. Хоёр хүний дундуур ороод Б-ын өгөх ёстой байсан мөнгийг нэхэмжлэгчид өгсөн юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Анхан шатны шүүх:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Э.Ц-ээс 9800000 /есөн сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3234000 /гурван сая хоёр зуун гучин дөрвөн мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223855 /хоёр зуун хорин гурван мянга найман зуун тавин таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ц-ээс 171750 /нэг зуун далан нэгэн мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Э.Ц давж заалдах гомдолдоо: Миний бие энэ хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 139/ШШ2017/00384 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...У би хариуцагч Ц-т: 2015 оны 12 сард 9.800.000 төгрөг, 2016 оны 05 сарын 9-нд 2.000.000 төгрөг, 2016 оны 06 сарыи 07-нд 14.000.000 төгрөгийг тус тус зээлүүлсэн. Үүнээс 16.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэх 9.800.000 төгрөгийг хүүгийн хамт нийт 13.034.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж шаардсанаас анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Э.Ц надаас 9.800.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч А.У нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээл 9.800.000 төгрөг, зээлийн хүү 3.234.000 төгрөг, нийт 13.034.000 төгрөг гаргуулна гэсэн байдаг.
Хэрэгт нэхэмжлэлээ өөр нотолсон нэг ч баримт байхгүй байхад шүүх нотлогдсон гэж дүгнэсэн.
Гэтэл миний бие нэхэмжпэгч А.У-ээс зээлсэн 16.000.000 төгрөгийг өөрийнх нь намайг удаа дараа ажилгүй болгоно шүү, зээлсэн мөнгөө 8 хувийн хүүтэй төл гэж шаардсанаар 20.300.000 төгрөг болгож төлсөн. Үүнийг У зөвхөн үндсэн мөнгө болох 16.000.000 төгрөгийг авсан гэж тайлбарлаж байгааг шүүх ямар нэг нотлох баримтгүйгээр 25.800.000 төгрөгнөөс 16.000.000 төгрөгийг нь л авчээ гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Өөрөөр хэлбэл хэдийгээр зохигчийн хэн аль нь нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлэх үүрэгтэй ч гэсэн 25.800.000 төгрөгнөөс нэхэмжпэгч тал нь хариуцагчаас хэдэн оны, хэдэн сард, хэдэн төгрөг авч байсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт бүрэн тодруулалгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж үзэж байна.
2. Хэдийгээр зохигч бидний хэн аль нь иргэн Б-ын байрны төлбөрийн үлдэгдэл болох 9.800.000 төгрөгийг би *******ын өмнөөс төлөхөөр болсон гэдэг тал дээр маргахгүй байгаа ч гэсэн “миний бие энэхүү мөнгийг хүлээлцсэн ямар нэг баримтгүйгээр, бэлнээр:
2016 оны 11 сард өгсөн 2.300.000 төгрөгийг огт аваагүй гэж маргадаг.
Харин миний өөртөө авсан зээлийн 16.000.000 төгрөгнөөс 2.500.000 төгрөгийг нь 2016 оны 12 сарын 28-нд У-т төлсөнтэй андуурч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өгөөгүй гэж нэхэмжилж байгаа.
2016 оны 11 сард өгсөн 2.300.000 төгрөгийг нэхэмжлэгч аваагүй гэдгээ нотлох баримт байхгүй байсаар байхад энэ хэсгийг зээлийн харилцаа гэж шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасныг үндэслэн гаргуулахаар шийдвэрлэсэн иь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.Миний бие иргэн *******, , нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг шүүх хурлаас өмнө нь болон шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байна гэж хангахгүй байсан.
Гэтэл зохигч энэхүү эрхээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн аль ч үед гаргах эрхтэй бөгөөд мөн хүсэлтийг хангахаас татгалзсан нь энэ талаар дахин хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй гэж байгаа.
Миний бие энэ талаарх хүсэлтээ удаа дараа шүүх хуралдаан дээр гаргаж байсан. Мөн Б, Б /У-ийн нөхөр/, Унарын хооронд хийгдсэн энэхүү худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр үүссэн төлбөрийг би төлсөнтэй холбоотой зарим хэсэг маргаан нь байгаа учир Улсын бүртгэлийн газраас энэхүү гэрээг нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзахдаа “...энэхүү гэрээний талууд болох болон ******* нар нь нэхэмжлэл болон хэрэгт дурьдагдаагүй байна. Иймд хариуцагчийн хүсэлтэд дурьдсан энэ нотлох баримт нь хэрэг хамааралгүй баримт байна” гэжээ.
Гэтэл энэхүү худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээрээс 9.800.000 төгрөг төлсөн. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...9.800.000 төгрөгийг 2015 оны 12 сард зээлсэн” гэж оруулсан байдаг.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэлдээ оруулсан 9.800.000 төгрөгийг орон сууцны төлбөр мөн гэдгийг нэхэмжлэгч ******* шүүх хуралдаан дээр ч хүлээн зөвшөөрсөн байхад шүүх хүсэлтийг маань шууд хэрэгт хамааралгүй гэж байгаа нь хэт нэг талыг барьсан хууль ёсны бус байна гэж үзэж байна.
4.Мөн шүүхийн шийдвэрийн удирдлага болгох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай куулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсгийг буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэх заалтыг удирдлага болгосон байгааг анхаарч үзэхийг хүсч байна.
Иймд Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 03-ны едрийн 139/ШШ2017/00384 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй, хэтэрхий нэг талыг барьж нотлох баримтад тулгуурлаагүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан хуулийг оновчтой сонгон хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч А.У хариуцагч Э.Ц-ээс зээлсэн мөнгөний үлдэгдэл 9800000 төгрөгийг 2.2 хувийн хүүтэй бодож, нийт 13034000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зээлсэн мөнгөний үлдэгдлээс тооцсон хүүний тооцоолол, ******* банкны зээлийн гэрээ зэргийг үндэслэл болгожээ.
Нэхэмжлэгч 2015 оны 12 сард 9800000 төгрөг, 2016 оны 5 сарын 9-нд 2000000 төгрөг, 2016 оны 6 сарын 7-ны өдөр 14000000 төгрөг, нийт 25800000 төгрөгийг Э.Ц-т зээлдүүлсэн ба 9800000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн гэж тайлбарласан байна.
Хариуцагч Э.Ц нэхэмжлэгчээс 9800000 төгрөгийг зээлж аваагүй, харин Б.Б-ын А.У-т өгөх ёстой байсан мөнгийг би А.У-т төлсөн гэж маргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрхи тайлбарыг үгүйсгээгүй, өөрөөр хэлбэл 2015 оны 7 сард 75 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг Б.Б гэдэг хүнд зарсан. Б 75 сая төгрөгөөс үлдэгдэлд 9800000 төгрөг өгөх ёстой байсан. Э.Ц нь Б.Б-д өртэй байсан учир Б.Б-ын надад төлөх ёстой байсан мөнгийг надад төлнө гэсэн гэж тайлбарласан байна. /хэргийн 30 дугаар хуудсанд шүүх хуралдааны тэмдэглэлд/
Хэргийн 16 дугаар хуудсанд Б.Б, Б.Э нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд уг гэрээгээр үүрэг гүйцэтгэгч Б.Э нь Э.Ц-ийн ээж нь болох талаар зохигчид тайлбарлажээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжэээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч 9800000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч мөнгийг буцаан өгөх талаар тохирсон үйл баримт тогтоогдоогүй, байх бөгөөд нэхэмжлэгч үүнийг өөрөө нотлох хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байхад анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитойгоор үнэлж үзэлгүй талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Хариуцагч Э.Ц нь ээж Б.Э-ийн үүргийг бусдын өмнө хүлээх үүргийн талаар болон Б.Б шаардах эрхээ А.У-т шилжүүлсэн талаар нотолсон баримтгүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч гомдолдоо Б, Б /У-ийн нөхөр/, У нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг Улсын бүртгэлийн газраас нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж хэт нэг талыг баримталсан гэжээ.
Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэлтийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсгийг буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэх заалтыг удиртгал болгосныг дурдах нь зүйтэй.
Иймд давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн 139/ШШ2017/00384 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хариуцагч Э.Ц-ээс давж гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 171750 /нэг зуун далан нэг мянга долоон зуун тавин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР
ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ
Ц.ОТГОНЦЭЦЭГ