Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2019/01313

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Х банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.О

 

Хариуцагч: А.Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 29,499,293.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн салбар Замын-Үүд тооцооны төв болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Зээлдэгч А.Б, Г.О нар нь “Х банк” ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 1390011510 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 28,000,000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, орон сууц худалдан авах зорилгоор байрны урьдчилгаа зориулалтаар авсан. Банк нь 2016 оны 08 сарын 09-ны өдөр зээлдэгч А.Бын “Х банк” ХХК дахь 500 дансанд 28,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 5,595,020.72 төгрөг, зээлийн хүүнд 5,690,111.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,088.99 төгрөгийг төлсөн.

Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1390012953 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2018 оны 03 дүгээр сарын 21-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 524 хоног хугацаа хэтрүүлээд байна. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгч, мэдэгдэх, шаардах хуудсыг өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн.

Талуудын хооронд байгуулсан 1390011510 тоот зээлийн гэрээний 5-д заасныг үндэслэн Банкны санаачилгаар 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөр дуусгавар болгон гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заапт болон 1390011510 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 22,404,979 төгрөг, 2019 оны 03-р сарын 12-ны өдрийн байдлаарх хүү 6,811,146 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 273,366 төгрөг, нийт 29,489,491 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас 9,802.28 төгрөгийг хасч багасгаж байна. Хариуцагч нар гэр бүлийн хүмүүс тул нэхэмжлэлийн үнийн дүнг хувааж хариуцуулахагүй, 2-лангаас нь гаргуулна гэжээ.

 

Хариуцагч А.Б, Г.Онар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Х банк” ХХК-д цалин барьцаалан 28,000,000 төгрөгийн зээл авсан. Үүнээс үндсэн зээл 5,595,020.72 төгрөг, хүү 5,690,111.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,088.99 төгрөг төлөгдсөн байна. 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Замын-Үүд сумын “Х банк” ХХК-тай уулзахад 29,499,293.29 төгрөг болсон байна гэсэн. Уг нь бидний зээлийн нийт үлдсэн төлбөр 22,404,979 төгрөг болсон байна. “Х банк” ХХК-ийн 6,818,125 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ хариуцсан хүн нь өөрчлөгдсөнийг мэдээгүй, бидэнд бас мэдэгдээгүй. Банкны хариуцлагагүй байдал нөлөөлсөн тул хүүг хариуцахгүй гэж бодож байна. Тухайн мөнгийг байрны урьдчилгааны зориулалтаар авсан ч Жи тайм гэх сүлжээний бизнест өгөөд алдсан. Банкнаас авсан зээлээ төлөхгүй гэж маргахгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл 22,404,979 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Бидний амьдралын бололцоог харгалзан үзэж 2 жилийн хугацаанд хувааж төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь хариуцагч А.Б, Г.Онарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,499,293.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 29,489,491 төгрөг хариуцагч нараас гаргуулахаар шаардлагаа багасгажээ.

 

Нэхэмжлэлийг Х банкны Дундговь аймгийн Замын-Үүд тооцооны төвөөс гаргадаг ба нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн болох нь ...шүүхэд нэхэмжлэл гаргах эрх, банкийг төлөөлөх эрхийг салбар, тооцооны төвийн захиралд олгосугай гэх агуулга бүхий Х банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 7 сарын 25-ны өдрийн А-1006 дугаартай тушаал, Х банкны улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар тодорхойлогдож байна.

 

Хариуцагч А.Б, Г.Онар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 22,404,979 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй талаар тайлбар гаргадаг бөгөөд нэхэмжлэгч талаас зээлдэгч гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгээгүй тул хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй гэж маргадаг.

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр орон сууц худалдан авах урьдчилгаа өгөх зориулалтаар жилийн 20.40 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, 28,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, энэ талаар талууд маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд хүсэл зоригийн илэрхийллийн талаар маргаагүй, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь зээлийн гэрээ байгуулах үед зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд буюу банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдох ба зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч тал нь гэрээ болон хуульд заасан үндэслэл, журмын дагуу 28,000,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна. Зээлдэгчид буюу хариуцагч тал нь хуульд заасан мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ цаг хугацаандаа биелүүлээгүй үндэслэлээр гүйцэтгээгүй зээлийн үүргийг нэхэмжлэгч тал шаардах эрхтэй.

 

Хариуцагч талын ...зээлийн гэрээний хугацаа, төлбөр гэх мэт мэдээллийг банкнаас мэдэгдээгүй, бидэнтэй харьцаж байсан банкны ажилтан өөрчлөгдсөнийг мэдээгүй гэх үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэх  татгалзалд ...2017 оны 10 сараас хойш зээл төлөгдөөгүй, банкны зүгээс мэдэгдэл, албан бичгүүд хүргүүлж байсан, шүүхэд хандсан, хаягтаа байхгүй эрэн сурвалжлуулж байсан тул хариуцагч талын тайлбар үндэслэлгүй гэх тайлбарыг нэхэмжлэгч тал гаргадаг. Нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь зээлдэгчийн зээлийн дансны хуулга, 2018 оны 7 сарын 3-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2019 оны 2 сарын 22-ны өдрийн хариуцагч нарыг эрэн сурвалжлах тухай шүүхийн шийдвэр зэрэг баримтуудаар нотлогдох ба хариуцагч тал хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй, тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлаа нотлох, холбогдох баримтаа цуглуулах, шүүхэд гаргаж өгөх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Нэхэмжлэгч нь ...зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгчийн зээл төлөлтийн хуулга, зээл төлөх талаар албан бичиг зэрэг баримтаар зээлийн гэрээний үүргийг цаг хугацаандаа биелүүлээгүй, улмаар энэ нь гэрээ цуцлах үндэслэл гэж нотлох ба хариуцагч тал 2017 оны 10 сараас хойш зээл төлөөгүй гэх тайлбарыг үгүйсгээгүй тул 2020 оны 8 дугаар сарын 9-нд дуусах зээлийн гэрээг зээлдүүлэгч болох “Х банк” ХХК нэг талын санаачилгаар гэрээнд заасны дагуу цуцалж байгаа нь хуульд нийцсэн зээлийн гэрээний дагуух үйлдэл байна.

 

Тодруулбал зээлийн гэрээний 1.11-т “Эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн төлбөр төлөх үүрэг нь гэрээний хэсэгчилсэн үүрэг гэж, уг үүргийг гүйцэтгэхээр заасан хугацаа нь хэсэгчилсэн үүргийг гүйцэтгэвэл зохих гэрээний хэсэгчилсэн хугацаа гэж тус тус тооцогдох бөгөөд заасан хугацаанд хэсэгчилсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй нь зээлийн гэрээний үүргийн зөрчил гэж тооцогдоно. Ийнхүү хэсэгчилсэн үүргийг зөрчсөн нь гэрээний 4.1-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлд хамаарна”, 5.1.1-т “...Зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол Банк санаачлан гэрээг цуцална” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч “Х банк” ХХК-иас дангаар санаачлан зээлийн гэрээг цуцалж байгаа нь хуулийн үндэслэлтэй.  

 

Нэгэнт зээлийн гэрээг зээлдүүлэгч талаас цуцалж байгаа тохиолдолд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болж байгаа тул зээлдэгч зээлээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Нэхэмжлэгч талын зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 3 сарын 12-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү 6,811,146 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 273,366 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 22,404,979 төгрөг, нийт 29,489,491 төгрөг шаардаж байгаа нь гэрээнд заасны дагуу, хуульд заасан шаардах эрхийн хүрээнд байх ба дээрх шаардлага нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, талуудын тайлбар, зээл, түүний хүүгийн тооцоолол, зээлдэгчийн дансны хуулга, зээлийн хуваарь зэргээр нотлогдох ба үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар хариуцагч тал маргахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Түүнчлэн нэхэмжлэгч тал нь зээлдэгч А.Б, хамтран зээлдэгч Г.Онараас зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа нь зээлийн гэрээний 3.1.6-д “Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд Зээлдэгч болон хамтран зээлдэгчийн хэнээс ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй”, 3.3-т “Хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, Иргэний хуулийн 242 дүгээр зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж тус тус заасантай нийцэх тул хариуцагч Г.Омөн зээлийн үүргийг хамтран хариуцах учиртай.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч А.Б, Г.Онараас зээлийн гэрээний үүрэгт 29,489,491 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдаж буй нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Б, Г.Онар нь Х.Б-д өөрсдийгөө төлөөлөх итгэмжлэлийг буюу хариуцагч нарын эдлэх эрх, үүргийг бүхэлд нь олгосон тул хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүргийг Х.Б-д шүүхээс тайлбарлан өгсөн. Мөн хуульд заасны дагуу нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан хэдий ч ...хууль бус шаардлага гэх үндэслэлээр гарын үсэг зураагүй болно. 2019 оны 5 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд тэрээр хэргийн материалтай танилцах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч 14 хоногийн хугацаагаар хуралдааныг хойшлуулсан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр болох шүүх хуралдааны товыг түүнд мэдэгдсэн байна.

Хариуцагч нарын төлөөлөгч Х.Б нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр, хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбарыг үндэслэн хариуцагч А.Б, Г.Онарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-ын эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Б, Г.Онараас 29,489,491 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 305,397.46 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,446.47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.АМИН-ЭРДЭНЭ