Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/394

 

 

 2022         12            12                                 2022/ШЦТ/394

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Г.Энхтунгалаг, шүүгч Д.Орхонтамир нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П

Иргэдийн төлөөлөгч Р.П

Улсын яллагч Т.Д Хохирогч Ж.Г

Гэрч Б.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б

Шүүгдэгч Г.Ж нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Жт холбогдох эрүүгийн 2225000000399 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Г.Жыг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-17-21 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас эцэг Ж.Гын хүзүүний зүүн хажууд хутгалж гүрээний судсыг гэмтээж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт :

       -шүүгдэгч Г.Жын мэдүүлсэн: Тэр өдөр аав согтуу байнга утсаар залгаж мөнгө нэхээд байсан. Байнга залгаад байсан тул би мөнгө шилжүүлсэн. Тэгээд гэртээ очоод байж байхад аав согтуу орж ирсэн. Би “та одоо унт, маргааш явна” гэхэд ээжтэй маргалдаад байсан. Би боль гэж хориглоход “та 2-ыг алчихна шүү” гэсэн. Би аавыг хорьж гал тогоо руу авч орсон. Тэгээд нэг мэдэхэд ааваас цус гарч байсан. Хутгыг хэн авсныг санахгүй, ширээн дээр л байж байдаг хутга гэх мэдүүлэг,

            -хохирогч Ж.Гын мэдүүлсэн: 2022 оны 9 дүгээр сарын 15-нд өглөө гэрээсээ гарч машинаа засч архи уусан. Тэгээд согтоод хүүгээсээ мөнгө нэхсэн. 19 цагийн үед гэртээ харьсан. Би архи уусан үедээ ширүүн болдог. Зарим зүйлээ санахгүй байгаа. Надад бас асуудал байсан. 1 сард эхнэр хүү хоёртоо хэлэлгүй машинаа барьцаалж мөнгө авч хүнд өгөөд алдсан, машинаа хураалгах дээр тулж сэтгэл санаа муу архи ууж байсан. Мөн өөрөө модны асуудлаар шүүхээр орсон. Тэгээд тэр үед эхнэртэйгээ маргаж байхад хүү орж ирсэн. Та яагаад байгаа юм бэ, дандаа ингэж байдаг гээд бид 2 маргасан. Хүү ээжийгээ өмөөрсөн. Гал тогооны өрөөнд байсан, надаас цус гарч байсан. Бүх зүйл надаас болсон. Надад ямар ч гомдол алга гэх мэдүүлэг

-гэрч Б.Цийн мэдүүлсэн: Нөхөр Г тэр үед нэлээд согтуу байсан. Үйлдлээ ухамсарлахгүй үг хэлээр дайрч доромжилж намайг цохиж авсан. Хүү ууртай байсан. Тэр өдөр Хөвсгөл явахаар бэлдэж байсан. Аав дандаа архи уудаг, хариуцлагагүй гээд л байсан. Ажил руу нь утасдаж мөнгө нэхсэн байсан. Нөхөр над руу “чамайг алаад өөрийгөө ална гээд” л...Хүү ирж боль гээд энэ 2 гал тогооны тийш явсан. Ноцолдоод байх шиг байсан, нэг мэдэхэд цус гарч байсан. Хэний гарт хутга байсныг санахгүй гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан:   

              -Хэргийн газрын үзлэг хийсэн тухай ...Хэрэг учрал болсон гэх газар нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-17-р байр гэх ертөнцийн зүгээр хойд зүгт харсан орцтой, орц нь ертөнцийн зүгээр зүүн талаасаа эхлэх таван давхар хөх өнгөтэй орон сууцны байр байх бөгөөд уг байрны 2 дахь орцны 3 давхарт ертөнцийн зүгээр баруун зүгт харсан 21 тоот  хүрэн өнгийн бүргэд хаалга байна. Уг хаалга нь хаалттай байх ба хаалгыг онгойлгож ороход гал тогоо тусдаа 2 өрөө орон сууц байх ба хаалгаар ороход зүүн гар талд гал тогооны өрөө, гэрийн хаалганы харалдаа зочины өрөө, гал тогооны өрөөний хаалганы харалдаа байх коридор.....ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй ул мөргүй байх ба гэрийн эзэгтэй гэрийн цус болсон хэсгийг угааж цэвэрлэсэн гэснийг тэмдэглээд тусгай үзлэгийг хэсэгчлэн өрөө тус бүрээр нь явуулахаар тогтов гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11-р тал/

-хохирогч Ж.Гын мөрдөн байцаалтад мэдүүлсэн.... 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэр хороололд байдаг хуучин Солонго захын хойд талд байдаг авто засвар дээр өөрийн машинаа засуулж байхдаа дэлгүүрээс 0,33 граммын хэмжээтэй нэг шил архи авч ганцаараа уусан. Машинаа засуулж дуусаад орой 19 цаг өнгөрч байхад гэрийнхээ гадна ирээд дахин нэг шил 0,33 граммын архи авч машин дотроо уусан. Архиа ууж дуусаад гэртээ ороход эхнэр Б.Ц, хүү Г.Ж хоёр байсан бөгөөд хүү минь надтай зөрөөд машинаар ажил руугаа явж эмээл авна гээд гарч яваад удаагүй эргэж ирсэн. Хүү минь эргэж ирээд маргааш Хөвсгөл аймаг руу явах гэж байхад архи уучихад ирлээ. Би хөдөө явж мал авч зараад машины чинь зээлийг төлж авах гээд байхад архи уулаа гэж хэлээд бид хоёр маргалдсан. Маргалдаж байгаад би өөрөө эхлээд хутга гаргаж ирээд би өөрийгөө ална гэсэн. Тэр үед хүү Ж миний хутгыг булааж аваад маргалдаж байхдаа зүүн талын чих рүү хатгачихсан. Тэгэхээр нь би гараараа дараад үзсэн чинь цус гарч байсан. Тэгэхээр нь би хүүдээ энэ чинь болохоо болилоо шүү дээ гэж хэлээд гэрээсээ гарсан. Гэрээсээ гараад үүдэнд байхад танихгүй хоёр залуу явж байхаар нь дуудлага өгөөд өгөөч гэж гуйсан. Удаагүй цагдаа, эмнэлгийн ажилчид ирээд авч явсан. Эмнэлэгт очиж хагалгаанд ороод 8 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо биеийн байдал хэвийн болсон. 09 сарын 15-ны өдрийн орой намайг согтуу гэртээ ирэхээр хүүгийн уур нь хүрээд л машин тэрэг барьцаанд тавьж танихгүй хүнд мөнгө төгрөг өгчхөөд, түүнийг нь зохицуулах гэхээр архи дарс уулаа гээд уурласан. Тэгэхээр нь би өөрөө хутга аваад л би та нартай хэрэгтэй үедээ хэрэгтэй л байсан болохгүй бол өөрийгөө ална гэсэн чинь хүү минь миний барьж байсан хутгыг булааж авсан. Тэгээд маргалдаж байхдаа л миний зүүн чихний хойд тал руу нэг удаа хатгасан. Намайг айлгах гэж байгаад л тэгсэн байх. Санаатай ч хатгаагүй л байх. Энэ хэрэг болох үед эхнэр Б.Ц, хүү Г.Ж бид гурав байсан. Өөр хүн байгаагүй. Эхнэр том өрөөнд байсан. Би өөрөө гэрийн гал тогооны шүүгээнд байсан улаан өнгийн бариултай урд үзүүр хэсэг нь мөлгөр жижиг хутгыг авсан юм. Тэр хутгаар намайг хатгасан. Одоо миний зүгээс гагах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/

-иргэний нэхэмжлэгч Ц.Лхамсүрэнгийн мэдүүлсэн...Гэмт хэрэгт холбогдсон этгээд Ж.Гоос хохирогчийн эмчилгээнд зарцуулсан 250,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкин дахь дансанд оруулна уу гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/

эрч Д.Дашпүрэвийн мэдүүлсэн... Манай хадам аавын гэр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5-17-17 тоотод буюу 5-17 дугаар байрны зүүн талаасаа 2 дахь орцны нэг давхарт байдаг юм. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн орой 20-21 цагийн орчим хадам аавынхаа гэрээс гараад орцны үүдэнд баз Мөнхбаярын хамт тамхи татаад зогсож байсан чинь хадам аавын гэрийн орцноос зүүн талын чихний ар хавиас нь цус гарч, цусаа гараараа дарсан 50-55 эрчим насны эрэгтэй хүн гүйгээд гараад ирсэн. Тэр хүн орцноос гарч ирэнгүүтээ манай хүү адуунаас болж намайг хутгалчихлаа гэж хэлээд ертөнцийн зүгээр баруун тийшээ алхаад явсан... нөгөө хутгалуулсан хүн 5-17 дугаар байрны баруун талын буланд сууж байсан. Нөгөө хүн тэр хавиар явж байсан хүмүүст ахдаа эмнэлэг дуудаад өгөөч, дүү минь хэлээд өгөөч гэх мэтээр гуйгаад байсан боловч тухайн хүний хувцас баруун талаараа нил цус болсон байсан болохоор хүмүүс тус болохгүй, өөрөөс нь айгаад байсан. Тэр хүнээс маш их цус гарч байсан учир би эмнэлгийн 7035103 дугаарын утас руу залгасан боловч ярьж байгаа дохио өгөөд утас салаад байсан. Тэгэхээр нь аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Удаагүй цагдаагийн ажилтан ирэхээр нь нөгөө хүнийг хүлээлгэж өгөөд би явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/

-гэрч Б.Мөнхбаярын мэдүүлсэн:.. Би гэр бүлийн хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5-17-7 тоотод оршин суудаг юм. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн орой манай баз Дашпүрэв манай гэрт ирж юм хийж өгөөд бид хоёр манайд гэрт хоол идчихээд тамхи татах гээд хамт гараад орцны үүдэнд зогсож байхад гэр нь манай орцны 3 давхарт байдаг зүс таних ах зүүн гараараа зүүн талынхаа чихний ард дарчихсан, гарын салаагаар нь цус гарсан байдалтай гараад ирсэн. Тэр ах гарч ирээд надад туслаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь яасан юу болсон бэ гэсэн чинь адуунаас болоод хүү минь намайг хутгалчихлаа гэж хэлээд байрны баруун булан тийшээ явсан... Тэгсэн чинь манай баз Дашпүрэв цагдаа дуудахгүй бол болохгүй юм байна гээд цагдаад дуудлага өгсөн. Удаагүй цагдаа, эмнэлэг ирээд тэр хүнийг аваад явсан....” гэх мэдүүлэг /хх-н 24-25-р тал/ 

-гэрч Ч.Баттөмөрийн мэдүүлсэн:... 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр орой 21 цагт Хүрэнбулаг багийн эргүүлийн төв дээр очиж шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх үүргийг удирдлагаас аваад гарсан. Яг гарч байхад Согоот багийн хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч М.Ундрахбаяр сая цагдаагийн газрын жижүүрээс Уртбулаг баг 5-17 дугаар байрны гадна хутгалуулсан хүн байна гэж дуудлага өгсөн. Манай цагдаа байхгүй, хамт очоод ирье гэхээр нь М.Ундрахбаярын хамт тухайн дуудлага руу явсан. М.Ундрахбаяр бид хоёрыг 5-17 дугаар байрны баруун талын буланд очиход хүзүүнээс нь цус гарч, хүзүүгээ даавуугаар дарсан 50 орчим насны эрэгтэй хүн байсан. Тухайн хүн дээр очоод юу болсон талаар асуухад хүү минь намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь хаана чинь гэж асуусан чинь хүзүү рүү гээд заасан. Хүзүүгээ хувцсаар дарсан байсан. Тэгэхээр нь хүүхэд чинь хаана байна гэж асуухад гэртээ байгаа гээд 5-17-27 тоот гэж хаяг өгсөн. Тэгэхээр нь танай хүүхдийг хэн гэдэг юм бэ гэсэн чинь нөгөө хүн манай хүүг Ж гэдэг гэж хэлсэн... Хаалгыг нь цохисон чинь нүдний шилтэй залуу гэрийн хаалгыг онгойлгож өгсөн. Би тэр залуугаас чамайг хэн гэдэг вэ гэсэн чинь Ж гэж хэлсэн. Тэгэхээр нь чи яагаад аавыгаа хутгалж байгаа юм бэ гэсэн чинь аав намайг бага байх үеэс л архи уугаад ээж бид хоёрыг айлгаж дарамталдаг байсан. Үүнээс болж би аавыгаа хутгалсан гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар хутгаар хутгалсан юм бэ гэсэн чинь гал тогооны өрөөний ширээн дээр байсан улаан өнгийн бариултай богино хутгыг заагаад энэ хутгаар хатгасан гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залуугаас чи аавынхаа хаана нь хутгалсан юм бэ гэсэн чинь аавынхаа хүзүү рүү нь гээд өөрөө чихнийхээ ард талд заасан. Ингээд байж байхад ээж гэж эмэгтэй хүн, хэсгийн байцаагч М.Ундрахбаяртай хамт орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/

-гэрч М.Ундрахбаярын мэдүүлсэн:.. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр орой 21 цагт Хүрэнбулаг багийн эргүүлийн төв дээр очиж шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх үүргийг удирдпагаас аваад гарч байхад цагдаагийн газрын жижүүрээс Уртбулаг багийн 5- 17 дугаар байрны хажуу талд хутгалуулсан байна гэсэн дуудлага өгсөн. Тэр өдөр Уртбулаг багийн хэсгийн байцаагч хамарч байсан учир би Дэнж багийн хэсгийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Ч.Баттөмөрийн хамт тухайн дуудпагаар очсон. 5-17 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талд нь замын хашлага дээр хоолойгоо хар бараан өнгийн гадуур хувцсаар боосон 45-50 орчим насны эрэгтэй хүн сууж байсан. Тухайн хүн дээр очоод юу болсон талаар асуухад миний хүү надтай маргалдаад миний хүзүүг хутгаар хатгачихлаа гэж хэлсэн. Тэр хүний зүүн чихний хойд талаас маш их хэмжээний цус гарч байсан учир цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж, эмнэлэг рүү дуудлага өгөх талаар хэлсэн. Тэр хүнээс хүүхэд чинь хаана байгаа юм бэ, хэрэг хаана болсон юм бэ гэж хохирогчоос асуухад манай хүүхэд 5-17-21 тоотод буюу гэртээ байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Баттөмөрийг гэр лүү нь явуулсан. Ч.Баттөмөрийг яваад удаагүй байхад эмнэлэг ирээд тухайн хүнийг аваад эмнэлэг рүү явсан.... гэх  мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/

-гэрч Б.Цийн мэдүүлсэн... Өнөөдөр үдээс хойш 16 цаг 30 минутын орчим ажлаа тараад гэртээ харьсан чинь гэрт хүн байхгүй байсан. Миний нөхөр Ж.Г, хүү Г.Жын хамт маргааш өдөр Хөвсгөл аймаг руу явах гээд өнөөдөр машинаа засуулах гэж яваад ирээгүй байсан. Хүү Г.Ж ажлаасаа мөн тарж ирээгүй байсан. 17 цаг өнгөрч байхад хүү Г.Ж ажлаасаа ирсэн. 19 цаг өнгөрч байхад нөхөр Ж.Гыг ирж байна гэж утсаар ярихад нь хүү минь машинаар нь ажил руугаа явж эмээл авна гээд аавынхаа урдаас гарсан. Түүнийг гарч яваад удаагүй байхад нөхөр Ж.Г согтуу орж ирсэн. Согтуу орж ирээд маргааш хүү Хөвсгөл аймаг руу явна гэж байна уу, намайг авч явна гэж байна уу гээд байсан. Би түүнд маргааш хөдөө явах гэж байж архи уулаа, унтаж амар гээд байж байхад хүү Г.Ж ажил дээрээсээ эмээл аваад ирлээ гээд орж ирсэн. Г.Ж аавыгаа та хөдөө явах гэж байхад архи уулаа, ямар ч хариуцлага алга гэх мэтээр хэлээд, аав нь биеэ өмөөрөөд маргалдсан. Г.Ж аавыгаа гэрээс гарч өөр газар очиж хоно гэсэн чинь нөхөр маань хувцсаа өмсчихөөд чи намайг хөөлөө гээд гэрийн үүдний коридорт суучихаад хүүтэйгээ хэрүүл хийгээд байсан. Тэгж байгаад хүү минь гал тогооны өрөөнөөс улаан өнгийн бариултай хутга аваад гараад ирсэн. Тэр үед би түүнд боль яаж байгаа юм бэ гэсэн чинь Г.Ж аав руугаа гараа далайгаад хөдлөх шиг болсон чинь аавынхаа хүзүүнийх нь зүүн тал руу хатгачихсан чинь цус гарч эхэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр хувцастай байсан болохоор шууд гараад явчихсан. Г.Ж үлдээд үүдэнд туссан цусыг угааж цэвэрлэсэн. Тэгээд байж байхад цагдаагийн ажилтнууд ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/

-гэрч Г.Энхгэрэлийн мэдүүлсэн:... Ж.Г нь миний төрсөн эцэг, Г.Ж нь миний төрсөн ах. Ах бид хоёр эхээс хоёулаа. Миний хувьд нөхөр хүүхдийнхээ хамт тусдаа амьдардаг. Харин ах минь эцэг, эхийн хамт амьдарч байгаа. Энэ хоёр хүний холбогдоод байгаа хэргийн талаар нарийн зүйлийг нь мэдэхгүй. Энэ хэрэг болсон өдрийн орой намайг гэр бүлийн хамт гэртээ байхад миний ээжийн төрсөн эгч Цэцэгмаа эгч над руу утсаар яриад аав чинь эмнэлэг дээр байна. Хурдан хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь эмнэлэг дээр яваад очсон чинь аав минь эмнэлгийн тусламж авч байсан. Эмнэлгийн гадна ахтайгаа таараад энэ хоёрыг маргалдаж, муудалцсан байна гэдгийг нь гадарласан. Ер нь аав архи уухаараа агсам ч гэх юм уу хэцүү болчихдог болохоор нь маргаан болж гэж бодсон. Ээжтэйгээ уулзаад юу болсон талаар асуухад ах чинь яачихлаа гэж хэлсэн. Энэ хэрэг болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа ээжтэй ярилцаж байхад аавыг гаднаас согтуу орж ирээд ахтай маргалдсан гэж сонссон. Яагаад аав хутгалуулсныг мэдэхгүй байна. Маргалдсан л байх. Аав архи ууж орж ирэхээрээ олон үгтэй болчихдог юм. Бодвол тэгээд л яагаа биз. Нээх айхавтар биш. Хаяа, хаяа маргалдах зүйл байдаг байсан. Аавын архи дарстай л холбоотой. Аав нэлээд архи уудаг хүн. Аав хүний үг сонсдоггүй, төвөг уддаг. Түүнээс нь болоод л маргадаг. Уг нь нэг нэгийгээ зодох, хутгалчих маргаан болж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/

үүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 705 дугаартай ...Ж.Гын биед хүзүүний зүүн хажууд гүрээний судсыг гэмтээсэн 1 тооны зүсэгдэж хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь түүнийг босоо, суугаа байрлалд байхад үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-47-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 284 дугаартай ...Ж.Г /ГН68043016/-ын биенээс авсан гэх цусанд 2,60 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх-ийн 58-59-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 285 дугаартай ...Г.Ж /ГН92051018/-ын биенээс авсан гэх цусанд этилийн спирт илэрсэнгүй...гэх дүгнэлт /хх-ийн 64-65-р тал/

-Шинжээч Ж.Гэрэлмаагийн мэдүүлсэн:...Хохирогчид зүүн чихний омгоос хүзүүний зүүн ар хажуу хүрсэн шарх үүссэн байна. Энэ шарх нь биеийн зүүн хажуу болон урдаас, дээрээс доош, доороос дээш чиглэлтэй үүсгэгдсэн байх боломжтой шарх юм. Шарх нь өвчний түүхэнд бичсэнээр 2 см хэмжээтэй байсан байна. Шарханд хагалгаа хийж шалгахдаа шархны хэмжээг өөрчилсөн тул би үзлэг хийхдээ шархны хэмжээг бичээгүй болно. Шархны байрлалаас үзэхэд уг шархыг өөрөө өөртөө үүсгэх боломжгүй гэмтэл байна.... гэх мэдүлэг /хх-ийн 69-70-р тал/

-Шүүгдэгч Г.Жын яллагдагчаар мэдүүлсэн... Энэ хэрэг ааваас шалтгаалж үүссэн. Өөрөө согтуу орж ирээд хэрүүл хийгээд, намайг ална, ээжийг бас ална гээд л. Аав ална гээд байсан учир ээжийг алж болохгүй шүү дээ гэсэн чинь надад одоо чамайг алахгүй юм бол дараа нь дүүгээрээ алуулна гээд аав хутга авсан. Би айсандаа тэр хутгыг нь авсан. Тэгтэл аав чи одоо намайг алах гэж байгаа юм уу гэсэн. Тэгэхээр нь би түүнд юу гэж тэгэх юм бэ гэсэн чинь одоо чи намайг алчих, одоо алчихгүй юу гээд миний хутгатай гараас барьсан. Чи намайг алчих гээд гараас татаад байсан. Тэгэхээр нь би үгүй, үгүй, тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Аав байн байн намайг алчих гэж хэлээд байсан. Намайг хутгаа ширээн дээр тавих гэсэн чинь аав чи намайг алчих гээд л байсан. Би хутгатай гараа далайгаад байж байсан чинь аав чи намайг алчих гээд гараас татаад байсан. Тэгж байгаад зүсэгдсэн юм....Аав өөрөө согтуу байсан шүү дээ. Би дүрээгүй. Аавтай ноцолдож байхад хутга надад байсан болохоор зүсэгдсэн байхгүй юу. Би аавыгаа хутгалаагүй.. гэх мэдүүлэг /хх-н 76-77-р тал/

-Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 110-113-р тал/

-Эд мөрийн баримтаар тооцсон хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 114-115-р тал/

-Хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 118-137-р тал/

-Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 795 дугаартай.... Ж.Гын /ГН:68043016/ тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжлэлийн дагуу 250.000 төгрөг олгогдсон болно гэх албан бичиг /хх-ийн 139-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

            Үйл баримт:  2022 оны 09 дүгээр сарын 15-ны орой 19 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-17-21 тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн аав Ж.Гтой шүүдэгч Г.Ж нь маргааш Хөвсгөл аймаг явах ажилтай байж архи уулаа, яасан хариуцлагагүй юм бэ , гэрээс гарч өөр газар очиж хоно” гэж, Ж.Г нь” чи намайг хөөлөө” гэж маргалдаж байгаад Г.Ж нь гал тогооны өрөөнөөс улаан өнгийн бариултай хутга авч Ж.Гын хүзүүний зүүн хажууд хатгаж биед нь хүзүүний зүүн хажууд гүрээний судсыг гэмтээсэн 1 тооны зүсэгдэж хатгагдсан шарх бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл хохирол учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Жын үйлдлийн улмаас хохирогч Ж.Гын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь... Хохирогч Ж.Гын ...Тэгэхээр нь би өөрөө хутга аваад л би та нартай хэрэгтэй үедээ хэрэгтэй л байсан болохгүй бол өөрийгөө ална гэсэн чинь хүү минь миний барьж байсан хутгыг булааж авсан. Тэгээд маргалдаж байхдаа л миний зүүн чихний хойд тал руу нэг удаа хатгасан. Намайг айлгах гэж байгаад л тэгсэн байх. Санаатай ч хатгаагүй л байх......гэх мэдүүлэг,...гэрч Д.Дашпүрэвийн мэдүүлсэн... 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн орой 20-21 цагийн орчим ...хадам аавын гэрийн орцноос зүүн талын чихний ар хавиас нь цус гарч, цусаа гараараа дарсан 50-55 эрчим насны эрэгтэй хүн гүйгээд гараад ирсэн. Тэр хүн орцноос гарч ирэнгүүтээ манай хүү адуунаас болж намайг хутгалчихлаа гэж хэлээд ертөнцийн зүгээр баруун тийшээ алхаад явсан.... гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнхбаярын мэдүүлсэн... Тэр ах гарч ирээд надад туслаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь яасан юу болсон бэ гэсэн чинь адуунаас болоод хүү минь намайг хутгалчихлаа гэж хэлээд байрны баруун булан тийшээ явсан...гэх мэдүүлэг, гэрч Ж.Баттөмөрийн мэдүүлсэн.... М.Ундрахбаяр бид хоёрыг 5-17 дугаар байрны баруун талын буланд очиход хүзүүнээс нь цус гарч, хүзүүгээ даавуугаар дарсан 50 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэр хүн дээр очоод юу болсон талаар асуухад хүү минь намайг хутгалчихлаа гэж хэлсэн.... гэх мэдүүлэг, гэрч М.Ундрахбаярын мэдүүлсэн... Тухайн хүн дээр очоод юу болсон талаар асуухад миний хүү надтай маргалдаад миний хүзүүг хутгаар хатгачихлаа гэж хэлсэн. Тэр хүний зүүн чихний хойд талаас маш их хэмжээний цус гарч байсан учир цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж, эмнэлэг рүү дуудлага өгөх талаар хэлсэн..... гэх мэдүүлэг, гэрч Б.Цийн мэдүүлсэн.... Тэгж байгаад хүү минь гал тогооны өрөөнөөс улаан өнгийн бариултай хутга аваад гараад ирсэн. Тэр үед би түүнд боль яаж байгаа юм бэ гэсэн чинь Г.Ж аав руугаа гараа далайгаад хөдлөх шиг болсон чинь аавынхаа хүзүүнийх нь зүүн тал руу хатгачихсан чинь цус гарч эхэлсэн... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 705 дугаартай ...Ж.Гын биед хүзүүний зүүн хажууд гүрээний судсыг гэмтээсэн 1 тооны зүсэгдэж хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь түүнийг босоо, суугаа байрлалд байхад үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулга: “аав Г нь Ж болон ээж Ц нарыг “ална” гэж заналхийлсэн тул хохирогчийн сэтгэл санаа цочрон давчдаж хутгаар хатгасан гэж үзэх үндэслэлтэй байна. Зүйлчлэлийг өөрчилнө үү” гэж мэтгэлцсэн боловч өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэв.

Хохирогч Ж.Г мөрдөн байцаалтад “...Маргалдаж байгаад би өөрөө эхлээд хутга гаргаж ирээд би өөрийгөө ална гэсэн. Тэр үед хүү Ж миний хутгыг булааж аваад маргалдаж байхдаа зүүн талын чих рүү хатгачихсан ...гэж, шүүгдэгч Г.Ж яллагдагчаар... Энэ хэрэг ааваас шалтгаалж үүссэн. Өөрөө согтуу орж ирээд хэрүүл хийгээд, намайг ална, ээжийг бас ална гээд л. Аав ална гээд байсан учир ээжийг алж болохгүй шүү дээ гэсэн чинь надад одоо чамайг алахгүй юм бол дараа нь дүүгээрээ алуулна гээд аав хутга авсан. Би айсандаа тэр хутгыг нь авсан. Тэгтэл аав чи одоо намайг алах гэж байгаа юм уу гэсэн. Тэгэхээр нь би түүнд юу гэж тэгэх юм бэ гэсэн чинь одоо чи намайг алчих, одоо алчихгүй юу гээд миний хутгатай гараас барьсан. Чи намайг алчих гээд гараас татаад байсан. Тэгэхээр нь би үгүй, үгүй, тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Аав байн байн намайг алчих гэж хэлээд байсан. Намайг хутгаа ширээн дээр тавих гэсэн чинь аав чи намайг алчих гээд л байсан. Би хутгатай гараа далайгаад байж байсан чинь аав чи намайг алчих гээд гараас татаад байсан. Тэгж байгаад зүсэгдсэн юм....гэж, гэрч Б.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ...Нөхөр Г тэр үед нэлээд согтуу байсан. Үйлдлээ ухамсарлахгүй үг хэлээр дайрч доромжилж намайг цохиж авсан...Нөхөр над руу “чамайг алаад өөрийгөө ална гээд” л...Хүү ирж “боль” гээд энэ 2 гал тогооны тийш явсан. Ноцолдоод байх шиг байсан, нэг мэдэхэд цус гарч байсан. Хэний гарт хутга байсныг санахгүй... гэж тус тус мэдүүлсэн ч эдгээр мэдүүлэг нь,

 

гэрч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн ... Г.Ж аавыгаа та хөдөө явах гэж байхад архи уулаа, ямар ч хариуцлага алга гэх мэтээр хэлээд, аав нь биеэ өмөөрөөд маргалдсан. Г.Ж аавыгаа гэрээс гарч өөр газар очиж хоно гэсэн чинь нөхөр маань хувцсаа өмсчихөөд чи намайг хөөлөө гээд гэрийн үүдний коридорт суучихаад хүүтэйгээ хэрүүл хийгээд байсан. Тэгж байгаад хүү минь гал тогооны өрөөнөөс улаан өнгийн бариултай хутга аваад гараад ирсэн. Тэр үед би түүнд “боль яаж байгаа юм бэ” гэсэн чинь Г.Ж аав руугаа гараа далайгаад хөдлөх шиг болсон чинь аавынхаа хүзүүнийх нь зүүн тал руу хатгачихсан чинь цус гарч эхэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр хувцастай байсан болохоор шууд гараад явчихсан. Г.Ж үлдээд үүдэнд туссан цусыг угааж цэвэрлэсэн...” гэх мэдүүлгээс эрс зөрүүтэй ба, 

-хэргийн нөхцөл байдлын тухайд, хохирогч Ж.Г нь гэртээ согтуурсан байдалтай орж ирснээс шалтгаалж хүү Г.Жтайгаа маргасан болох нь тогтоогдсон ч, Ж.Г нь хүү Г.Ж болон эхнэр Б.Цийг ямар нэг байдлаар хүч хэрэглэж, бодитойгоор ямар нэг хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл хийсэн болох нь мөрдөн ажиллагааны үед авсан мэдүүлгүүдээр тогтоогдоогүй байна. Сэтгэл санааны хүнд цочролд оруулсан, хүндээр доромжилсон ямар нэг үйлдэл хийсэн болон түүний хариуд Г.Жын сэтгэл санаа гэнэт түргэн зуур цочирч хутгаар хатгасан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Шүүгдэгч Г.Ж яллагдагчаар мэдүүлэхдээ... Би айсандаа тэр хутгыг нь авсан. Тэгтэл аав чи одоо намайг алах гэж байгаа юм уу гэсэн. Тэгэхээр нь би түүнд юу гэж тэгэх юм бэ гэсэн чинь одоо чи намайг алчих, одоо алчихгүй юу гээд миний хутгатай гараас барьсан. Чи намайг алчих гээд гараас татаад байсан. Тэгэхээр нь би үгүй, үгүй, тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Аав байн байн намайг алчих гэж хэлээд байсан. Намайг хутгаа ширээн дээр тавих гэсэн чинь аав чи намайг алчих гээд л байсан. Би хутгатай гараа далайгаад байж байсан чинь аав чи намайг алчих гээд гараас татаад байсан. Тэгж байгаад зүсэгдсэн юм....гэж мэдүүлснийг дүгнэвэл, түүний гарт хутга байсан нь тогтоогдсон ба, харин сэтгэл санаа нь гэнэт түргэн зуур хүчтэй цочрон давчдаж хутгаар хатгасан гэх нөхцөл тогтоогдохгүй байна.Өөрөөр хэлбэл,шүүгдэгч нь хутгыг гартаа авч санаатай хатгасан гэж дүгнэх үндэслэл нотолгоо бүрдсэн байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Жын, бусдын биед халдан хутгаар хатгаж хүнд гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн, хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатай халдаж хүнд гэмтэл хохирол учруулжээ.

 Иймд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Жыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Хэргийн нотлох баримтууд зөрүүгүй, мөрдөн байцаах ажиллагаанд оролцогчийн эрх зөрчигдөөгүй, үйл баримт эргэлзээгүй баримтаар бүрэн нотлогдсон байна.                   

Шүүх хуралдаанд улсын яллагч Т.Дэлгэрмэнд : 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-17-21 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас зэвсэг хэрэглэн эцэг Ж.Гын хүзүүний зүүн хажууд хутгалж гүрээний судсыг гэмтээсэн хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж, нөхцөл байдал тогтоогдоогүй, төлөх төлбөргүй гэж,

 -шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулга: Зүйлчлэлтэй санал нийлэхгүй байна. Хохирогчийн буруутай ажиллагаа, заналхийлэл, хүч хэрэглэсэн байдлаас шүүгдэгчийн сэтгэл санаа цочролд орж өөрийгөө удирдан жолоодож чадаагүй болж  хутгаар хатгасан гэж,

-шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Р.Пунсалдулам : Шүүгдэгч Г.Ж нь 70 хувийн группт байдаг юм байна. Энэ байдлыг нь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэх арга хэмжээг хэрэглэх боломжтой. Энэ гэмт хэргээс харахад шүүгдэгч Г.Ж нь санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдээгүй болгоомжгүйгээр үйлдсэн байна ” гэж дүгнэлт тус тус гаргасан.

Шүүх, шүүгдэгчийн үйлдэл, хэргийн нөхцөл байдалд хэргийн нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийгээд Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлд заасан сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн болно.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Жыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт” Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,       

   шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, хэргийн нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй гэж шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч өвчний улмаас хөдөлмөрийн чадвар бууралттай талаар шүүгдэгч, хохирогч нар мэдүүлснийг харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзэх үндэслэл бүхий баримт авагдаагүй.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн эмчилгээний зардал, ор хоногийн нийт 250.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн ба хохирогч Ж.Г нь шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн иш бүхий 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй,  төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж овогт Гын Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д  зааснаар шүүгдэгч Г.Жыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жт оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4.Шүүгдэгч Г.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн улаан өнгийн иш бүхий 1  ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримтын комисст даалагж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

             6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ

                                           ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧ                          Д.ОРХОНТАМИР