Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 0007

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Жт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Т.Д

Шүүгдэгч                                                       Г.Ж

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Ц

Хохирогч                                                       Ж.Г

Нарийн бичгийн дарга                             Г.Отгонтуяа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Г.Энхтунгалаг, шүүгч Д.Орхонтамир нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч Р.Ц-д нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Жт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж овогт Г-н Ж,

 

Г.Ж нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр         аймгийн        сумын        багийн   тоот гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас эцэг Ж.Г-н хүзүүний зүүн хажууд хутгалж гүрээний судсыг нь гэмтээж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Г.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Ж овогт Г-н Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д  зааснаар шүүгдэгч Г.Жыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жт оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Г.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн улаан өнгийн иш бүхий 1  ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримтын комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Ж давж заалдах гомдолдоо:

 

... Миний бие өөрийн аавын биед хүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж, гэмшиж байна. Тухайн үеийн өөрийн сэтгэл зүйн бухимдал, цочирлоо барьж чадалгүй ийм зүйл болсонд өөрийгөө яллаж байна. Би хөдөлмөрийн чадвар алдалт 69 хувьтай хөгжлийн бэрхшээлтэй иргэн юм. Миний хийсэн үйлдлийг хуульд заасны дагуу надад аль болох ашигтайгаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:

 

... Шүүгдэгч, хохирогч хоёрын харилцааны хувьд: Шүүгдэгч нь хохирогчийн төрсөн хүү. Хүү нь гэм буруугийн санаатай хэлбэрээр төрсөн эцгийнхээ бие, амь насанд халдахаар харилцаа, өс хонзон байгаагүй. Хүү нь буюу шүүгдэгч эцгийнхээ амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар халдах бодитой шууд санаатай субьектив санаа байсан тухайд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон баримт байхгүй байна.

 

Шүүгдэгч, хохирогч хоёр нь аав, хүү хоёрын хувьд нэг гэр бүлд хамт амьдардаг бөгөөд гэрч буюу шүүгдэгчийн төрсөн эх, хохирогчийн эхнэр Б.Ц-н хамт ам бүл гурвуулаа амьдарч байсан. Тэдгээрийн харилцааны хувьд хохирогч архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг, ийнхүү согтуурсан үедээ гэр бүлийн гишүүддээ агсан согтуу тавьдаг, айлган сүрдүүлдэг, энэ нөхцөл байдал нь нэг хоёр удаагийн үйлдлээр зогсохгүй бөгөөд байнгын шинжтэй хохирогчийн зүгээс гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гэдэг нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын удаа дараагийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогддог.

Шүүгдэгчийн хувьд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдалт байнгын 60-70 хувь, түнхний төрөлхийн мултралтай тул тулгуур эрхтний хувьд эрүүл хүнтэй адилгүй бөгөөд аливааг хүчээр эсэргүүцэх болон хүч үзэж өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар дутмаг. Харин хохирогчийн хувьд хэдийгээр шүүгдэгчийн эцэг боловч тийм ч настай биш, идэр насны эрүүл саруул бие эрхтэн бүхий хүн.

Санаа сэтгэл цочрон давчидсан тухайд: Хэрэг гарах үеийн нөхцөл байдлын хувьд хохирогч нь архи уусан хүнд зэргийн согтолттой байжээ. Харин шүүгдэгч нь эрүүл байсан гэдэг нь тогтоогдсон. Хохирогч нь архи уун согтуурч хүүгийнхээ унт гэсэн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн, агсан тавьж өөрийгөө, эхнэрээ болон хүүгээ ална, одоо алдаггүй юм гэхэд хүнээр, дүүгээрээ алуулна гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж, айлган сүрдүүлсэн, мөн хохирогч хутга авч шүүгдэгчид хүч хэрэглэсэн хууль бус үйлдэл нь шүүгдэгчийн санаа сэтгэл цочрох гол үндэслэл болжээ гэж үзэхээр байна.

Мөн хохирогч нь өөрийн машинаа барьцаанд тавьж хүнд 10 сая төгрөг өгсөн бөгөөд тэр мөнгийг нь шүүгдэгч төлж байсан ба маргааш өглөө нь хөдөө явж машинаа зарах гэж төлөвлөсөн байхад хохирогч архи уусанд нь шүүгдэгч бухимдаж, унт гэхэд унтахгүйгээр барахгүй зүй бус хууль бус үйлдэл гаргаж, ална гэсэн хохирогчийн хууль бус буруутай үйлдэл хэрэг гарахад шууд нөлөөлсөн бөгөөд энэхүү хохирогчийн үйлдэл удаа дараа давтагдаж байсан төдийгүй шүүгдэгчийг бага наснаас нь ээжтэй нь хамт байнга айлган сүрдүүлж, дарамталдаг, зоддог, та нарыг алаад өөрийнхөө амийг хорлоно гэх зэрэг сэтгэл санааны хувьд дарамталдаг байсан, тухайн үед хутга авч хүч хэрэглэсэн, шүүгдэгчийг, мөн эхнэрээ ална гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн нь шүүгдэгчийн санаа сэтгэл цочрон давчдахад хүрсэн байна гэж үзэхээр байна.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үед хохирогчийн хууль бус нэг болон нэг бус удаагийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байхыг ойлгоно. Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэргийн хувьд шүүгдэгч нь өөрийн хийж буй үйлдлийн нийгмийн хор аюулын шинжийг бүрэн ойлгож, тэрхүү хор уршигт зориуд буюу хүсэж хүргэдэг субьектив талын шинжтэй байхад санаа сэтгэл цочрон давчидсан үед үйлдэгдэх гэмт хэргийн хувьд тэрхүү сэтгэхүйн буюу субьектив талын шинж байдаггүй.

Шүүгдэгч Г.Жын хувьд яг өөрийн хийсэн үйлдлийн тухайд тодорхой санахгүй буюу тогтвортой мэдүүлэхгүй зөрүүтэй мэдүүлж байгаа нь санаа сэтгэл цочрон давчидсан гэдгийг нотолж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хохирогчийг согтохоороо агсан тавьдаг, төвөгтэй зан ааштай болон хэлэх хэлэхгүй үг хэлдэг тухай гэрч Б.Ц, Б.Ц, Г.Э нар мэдүүлдэг.

Хохирогч нь шүүгдэгчийг ална эсвэл хүнээр алуулна гэж заналхийлсэн нь шүүгдэгчийн санаа сэтгэл цочрон давчдах гол үндэслэл болсон байна. Хохирогч Г нь нэг хүү, нэг охинтой бөгөөд удам залгах ганц хүүгээ төрсөн эцэг нь ална, хүнээр алуулна гэхэд хүүгийн хувьд санаа сэтгэл тайван байхгүй нь мэдээж бөгөөд мөн хохирогч хутга авч хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлсэнд нь шүүгдэгч маш их гомдох, уурлах, айх зэрэг сэтгэл зүйн хурц хэлбэрүүд зэрэгцэн санаа сэтгэл нь цочрон давчидсан байна.

Шүүгдэгчийн хувьд өөрийн гэм бурууг мөрдөн байцаалтын шатнаас хүлээн мэдүүлдэг бөгөөд харин сонсгосон ялын тухайд хууль хэрэглээний асуудал бөгөөд хуульд ч сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөх тухайд бус гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөх тухай заасан гэдгийг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Г.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэхэд хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байгаа бөгөөд хэргийн бодит байдалд нийцэхгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Ж тайлбартаа: Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү ...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ж.Г тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос Г.Жыг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр       аймгийн        сумын        багийн        тоот гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас эцэг Ж.Г-н хүзүүний зүүн хажууд хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Жын гэм бурууг хянан хэлэлцэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч  Р.Ц нар давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч  Р.Ц нарын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “ ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно” гэж зааснаас гадна Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т зааснаар шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах нь тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн бүрэн эрхэд хамаарна.

Харин ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүнийг түр орлон гүйцэтгэж буй шүүгч дээрх шийдвэрийг албажуулах эрхтэй юм.

Гэтэл яллагдагч Г.Жт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, бүрэлдэхүүнд шүүгч Г.Энхтунгалаг, шүүгч Д.Орхонтамир нарыг томилсон шийдвэрийг тус шүүхийн шүүгч Ц.Алтангадас албажуулжээ.

Шүүгч Ц.Алтангадас нь тухайн үед ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүнийг орлон гүйцэтгэх талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн томилох эрх олгогдоогүй атлаа шүүх бүрэлдэхүүнийг томилсон нь буруу байна.

Мөн уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар томилогдсон Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 757 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлох тухай” захирамжид хэргийг шүүгч дангаар шийдвэрлэхийг дурдсан байх боловч хэргийг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэжээ.

Дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн“ гэж үзэх үндэслэл болно.

Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Р.П “...санаатай биш болгоомжгүй үйлдлээс ийм байдалд хүрсэн байна...” гэсэн дүгнэлтийг бичгээр гаргасан байхад иргэдийн төлөөлөгчийн дээрх дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэлт хийгээгүй, шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шаардлага хангаагүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах тухай заалт нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэл буюу шүүх хэргийг шийдвэрлэхдээ 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд заасан зөрчил гаргасан нь тогтоогдвол давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох эрхтэй юм.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлээгүй тул шүүгдэгч Г.Жын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн, түүний өмгөөлөгч Р.Ц-н гаргасан “...зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Жт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ