Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0294/З |
Дугаар | 128/ШШ2021/0518 |
Огноо | 2021-08-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2021/0518
21 оны 01 сарын 13 өдөр Дугаар Улаанбаатар хот
2021 08 09 128/ШШ2021/0518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Л.Д
Хариуцагч: ******* ХК
Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагч Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
“...Иргэн Л.Д миний бие хөдөлмөрийн чадвараа 76 хувь алдсан бөгөөд өнөөдрийг хүртэл группт байдаг. Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу түрээсийн орон сууцанд хамрагдах тухай өргөдлөө өгсөн боловч уг журмын 5.2.7.1-т хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, зэрэг төрлөөр нь эрэмбэлнэ гэсэн заалтын дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 76 байх тул нийт хөдөлмөр чадвар алдалттай иргэдийн 57-д эрэмбэлсэн гэсэн хариуг өгсөн. Дээрх заалт иргэн Л.Д миний хөдөлмөрийн чадвар алдалтын ямар хувь, хэмжээ, зэрэг төрлийг үндэслэн 57 дугаарт эрэмбэлсэн болох нь тодорхой бус байгаагаас гадна Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх “орон сууц, олон нийтийн барилга байгууламж, зам талбай, нийтийн тээвэр, мэдээлэл харилцаа холбооны технологи нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээлтэй байна" гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзэж байна.
Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын 5.2.7.1 дэх заалттай холбогдуулан Нийслэлийн орон сууц корпораци ХК, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд удаа дараа гомдол гарган албан ёсны хариуг зохих журмын дагуу хүлээн авч байсан. Нийслэлийн орон сууцны корпорацийг хариуцагчаар татах болсон үндэслэлийн хувьд тус байгууллага нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж байгаа учраас захиргааны байгууллагын үйл ажиллагаа гэсэн агуулгаар энэ хэрэгт хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ИргэдийнТөлөөлөгчдийн Хурал орон сууцтай холбоотой эрхийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Нийслэлийн орон сууцны корпорацид шилжүүлсэн байсан учраас Нийслэлийн Засаг даргын нэр дээр өгсөн өргөдөл, гомдлыг “судалж үз" гэсэн цохолттойгоор Нийслэлийн орон сууцны корпораци руу шилжүүлж байсан. Миний 2020 оны 05 сарын 25-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд гаргасан хүсэлтийг 02/467 тоот албан бичгээр 2020 оны 06 сарын 15-ны өдөр Нийслэлийн орон сууцны корпорацид уламжилсан бөгөөд тус байгууллагын зүгээс 2020 оны 07 сарын 20-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас ажилтан Н.Д "эрэмбийг ахиулах боломжгүй” тухай албан ёсны хариу гэж мэдэгдсэн. Нийслэлийн орон сууцны корпораци “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг хэрэгжүүлэхдээ иргэн Л.Д миний хувьд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, зэрэг, төрлийн эрэмбийг ахиулах боломжгүй гэсэн албан ёсны хариу өгөх үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдаагүй учраас захиргааны үйл ажиллагаа хуульд нийцээгүй үзэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Л.Д миний хувьд Нийслэлийн орон сууцны корпорацийн зүгээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, зэрэг, төрлийн хувьд "эрэмбийг ахиулах боломжгүй” гэж шийдвэрлэснээ албан ёсоор танилцуулаагүй, уг ажиллагааны хувьд үндэслэл бүхий тодорхой тайлбарыг гаргаж өгч тэмдэглэл үйлдээгүй өнөөдрийг хүрсэнд иргэн миний Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд төрөөс тусламж авах, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг маань зөрчиж байгаа учраас шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна .
Хариуцагч нарын хэрэгжүүлж буй “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын иргэдийг хөдөлмөрийн чадвар алдын хувь, хэмжээ, зэрэг төрлөөр эрэмбэлнэ гэх заалтууд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших эрхийг зөрчсөн, сөрөг үр дагавар бүхий гадагш чиглэсэн захиргааны акт гэж үзэж байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 07 сарын 04-ны өдрийн 114 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам"-ын 5.2.7.1-д зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмж, зэрэг төрлөөр гэсэн эрэмбэлсэн заалтууд нь гадагш чиглэсэн сөрөг нөлөөлөл бүхий заалт болж иргэн Л.Д миний үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийг маань ноцтой зөрчиж байна.
Иймд уг журмын иргэнийг сонгон шалгаруулах 5 дугаар зүйлийн 5.2.7 буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 5.2.7.1-д зааснаар буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, зэрэг төрлөөр гэсэн эрэмбэлсэн заалт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болж байх тул дээрх заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 06-р сарын 16-ны өдрийн 02/467 дугаартай албан бичиг, " Нийслэлийн орон сууцны корпораци ХК-иас 2020 оны 07-р сарын 10-ны өдрийн 567 дугаар бүхий "хариу хүргүүлэх тухай” албан бичгээр иргэн Л.Дын хүсэлтийг хүлээн авч эрэмбэ ахиулах боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь нийслэлийн Засаг даргын 2019 оны 08-р сарын 29-ны өдрийн А/890 дугаар захирамжаар “Комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Түрээсийн орон сууцанд нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Комиссыг байгуулсан байдаг Нийслэлийн орон сууцны корпораци ХК нь түрээсийн орон сууцанд нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг хүлээхгүй ба дээрх ажилд 2019 оны 07-р сарын 22-оос 2019 оны 08-р сарын 05-ны өдрийн хооронд иргэдийн хүсэлтийг цахимаар хүлээн авч зөвхөн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Энэ тухай 2020 оны 07-р сарын 10-ны өдрийн 567 дугаар албан бичигт, сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрийг “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комисс" гаргах ба аль нэг байгууллага, хувь хүнд давуу эрх олгох боломжгүй юм.” гэж тодорхой хариу өгсөн байна.
Нөгөөтээгүүр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, мөн захиргааны уулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж тус тус заасан байна. Дээрхээс үзвэл "Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь хариу хүргүүлэх тухай албан бичгээр "Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал”-д эргэж мэдэгдэж байгаа нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн байх захиргааны актын шинжийг агуулаагүй, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа гэж үзэхгүй байгаа тул Л.Дын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
“...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан түрээсийн орон сууц хөтөлбөр, Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан 2017 оны 26 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Зорилтот бүлгийн Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам, Барилга хот байгуулалтын сайдын иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 14/01 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Нийслэлийн орон сууц дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Нийслэлийн зорилтод булгийн иргэдийн түрээсийн орон сууцад хамруулах, орон сууцны хүртээмжийг мэгдүүлж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр тогтоолын хавсралтаар “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журам"-ыг батлан гаргасан. Түрээсийн орон сууцны хүртээмж бага, хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргасан бүх иргэдийг хамруулах боломж байхгүй тул хүсэлт гаргасан иргэдээс сонгон шалгаруулах зайлшгүй шаардлага байсан. Иймд журмын 2 дугаар зүйлийн 2.6-д сонгон шалгаруулах комисс нь сугалаа болон эрэмбэлэх хэлбэрээр шаардлага хангасан иргэдийг сонгон шалгаруулахаар, 5 дугаар зүйлийн 5.2.7-д эрэмбэлэх хэлбэрээр сонгон шалгаруулахдаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл" ангилалд бүртгүүлсэн иргэдийг 5.2.7.1-5.2.7.5-д заасан шалгуураар эрэмбэлэхээр, 5.2.7.1-д тэргүүн ээлжинд Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, зэрэг төрлөөр ихээс нь бага руу нь эрэмбэлэхээр тус тус заасан, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт "Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно." гэж заасан бөгөөд захиргааны актын улмаас тухайн этгээдийн эрх зүйн байдал дордох тохиолдолд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзнэ. Өөрөөр хэлбэл захиргааны актаар үүрэг хүлээлгэсэн, хориг тавигдсан, эрх хассан, хүчингүй болгосон буюу тухайн чиглэсэн этгээдэд сөргөөр нөлөөлөхүйц байдлаар өөрчилсөн буюу хязгаарласан байх тохиолдлууд хамаардаг байна. Харин маргаан бүхий акт болон холбогдох заалт нь нэхэмжлэгч этгээдэд түрээсийн орон сууцанд хамрагдах эрх олгосон байх тул сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна . Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Д нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчид болон “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д холбогдуулан ”нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын 5.2.7.1-т тус тус зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ зэрэг төрлөөр эрэмбэлсэн нь сөрөг нөлөөлөл бүхий, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны акт болж байх тул дээрх заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад “*******” ХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа “57-д эрэмбэлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Л.Дт квот олгохыг даалгах” гэж тодруулжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
НЭГ. “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2.7.1 дэх заалтыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулжээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын зорилгоос үзвэл нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулахад оршиж байх бөгөөд уг журмын 5.2.7.1 дэх заалт нь зорилтот бүлгийн иргэдийг эрэмбэлэхэд баримтлах журмыг тогтоосон байна[1]. Энэхүү зохицуулалт нь нийт зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн нийтлэг хэм хэмжээ бөгөөд эрх зүйн үйлчлэл нь нэхэмжлэгч Л.Дт шууд чиглээгүй, түүний субьектив эрх буюу хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул уг нийтлэг хэм хэмжээ тогтоосон журмын заалтад холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх Л.Дт үүсэхгүй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 37.5-д заасан эерэг болон сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэх ойлголт нь захиргааны хэм хэмжээний актад хамаарахгүй тул нэхэмжлэгчийн “...5.2.7.1-д зааснаар буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, зэрэг төрлөөр гэсэн эрэмбэлсэн заалт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болж байна” гэх тайлбар нь үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
ХОЁР. “******* ХК-ийн 57-д эрэмбэлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Л.Дт квот олгохыг даалгах” шаардлагын тухайд:
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Орон сууц, олон нийтийн барилга байгууламж, зам талбай, нийтийн тээвэр, мэдээлэл, харилцаа холбооны технологи нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байна”, 8.2-т “Нийтийн тээвэр, харилцаа холбоо, нийтийн үйлчилгээ, барилга байгууламжийг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болгох, хиймэл эрхтэн, туслах болон асаргаа сувилгаа, ариун цэвэр-эрүүл ахуйн материал, хэрэгсэл, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг дэмжих хөтөлбөрийг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 248 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-ийг баталжээ[2].
Улмаар, дээрх хөтөлбөрт үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр тогтоолоор Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т “нутаг дэвсгэртээ орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах болон хүн амын эмзэг хэсгийг орон сууцаар хангах бодлого тодорхойлж, хэрэгжилтэд нь хяналт тавих” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталж, түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийг журмын дагуу зохион байгуулахыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д үүрэг болгож, мөн өдрийн 115 дугаар тогтоолоор “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцны 30 хувийг зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн орон сууцанд зориулан зохион байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн байна[3].
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 115 дугаар тогтоолоос үзвэл 972 айлын орон сууцны 30 хувь буюу 290 айлын орон сууцыг зорилтот бүлгийн иргэдэд олгохоор, Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын 2.5-д зааснаар 290 айлын орон сууцны 5 хувь буюу 15 орон сууцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгохоор, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх үүднээс 5 ангилалд хувааж, мөн журмын 2.5.1-д зааснаар 1 хувь буюу 3 орон сууцыг “хөдлөх, тулах эрхтний” бэрхшээлтэй иргэдэд олгохоор хуваарилалтыг тогтоосон ба “хөдлөх, тулах эрхтний” ангилалд 143 иргэн хүсэлтээ ирүүлснээс нэхэмжлэгч Л.Д 57 дугаарт эрэмбэлэгджээ.
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын 5.1-д “Түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлага хангасан иргэдийг сонгон шалгаруулахдаа энэхүү журмын 2.5, 2.6 дахь заалтуудыг мөрдлөг болгоно ажиллана”, 5.2-т “Сугалааны хэлбэрээр сонгон шалгаруулалт явагдаагүй тохиолдолд хүсэлт гаргагчийн бичиг баримтыг үндэслэн доорх эрэмбийн дагуу сонгон шалгаруулна”, 5.2.7.1-т “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, зэрэг төрлөөр” гэж тус тус заасны дагуу зорилтот бүлгийн иргэдийг эрэмбэлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Тодруулбал, Түрээсийн орон сууцанд нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар хурлаас[4] маргаан бүхий журмын 5.2.7.1-т заасны дагуу “хөдлөх тулах эрхтний” ангилалд хүсэлт ирүүлсэн 143 иргэнийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, зэрэг төрлөөр нь эрэмбэлсэн жагсаалтаас[5] үзвэл нэхэмжлэгчийн өмнөх 1-56 дугаарт 79-100% хүртэл хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд эрэмбэлэгдсэн бөгөөд нэхэмжлэгч Л.Дын тухайд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0126774 дугаар актаар хөдөлмөрийн чадвар алдалт нь 76 хувиар тогтоогдсон, өөрөөр хэлбэл эрэмбийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тооцсон нь илэрхий байх тул нэхэмжлэгчийн “хөдөлмөрийн чадвар алдалтын ямар хувь, хэмжээ, зэрэг төрлийг үндэслэн 57 дугаарт эрэмбэлсэн болох нь тодорхой бус” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Эрэмбэ гэдэг нь Монгол хэлний их тайлбар тольд[6] зааснаар юмсын дэс дарааллыг ойлгох ба нэгэнт журмаар эрэмбийн дагуу сонгон шалгаруулахаар зохицуулсан тул хариуцагч захиргааны байгууллага нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр эрэмбэ тогтоосныг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад гаргасан “...зөвхөн нэг тоонд үндэслээд хүний амьдарлыг шийдэж байгаа нь учир дутагдалтай...тоо хэмжээ дурдагдсан нь хүний эрхийг зөрчиж байна” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий журамд зааснаар 1-рт хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг, 2-рт хөдөлмөрийн чадвар алдсан хугацааг, 3-рт нөхөн сэргэх хугацааг, 4-рт ам бүлийн тоог, 5-рт бусад үзүүлэлтийг харгалзан эрэмбэлэхээр зохицуулсан, энэ тохиолдолд жагсаалтын эхний 5-д эрэмбэлэгдсэн 5 иргэн бүгд 100% хөдөлмөрийн чадвараа алдсан, уг 5 иргэнийг ам бүлийн тоог харгалзан 1-5 дугаарт эрэмбэлсэн, бусад 6-57 дугаарт эрэмблэгдсэн иргэдийн тухайд хөдөлмөрийн чадвар алдалт бүгд 100%-аас доош тул дараагийн үзүүлэлтийг харьцуулах шаардлагагүй, хэрэв жагсаалтад бүртгүүлсэн иргэд бүгд 100 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан байсан бол 2-5 дахь үзүүлэлтийн дагуу мөн эрэмблэн тогтоох шаардлага үүсэхээр байна.
Мөн шүүхээс нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэгчийн "эрэмбийг ахиулах боломжгүй гэсэн албан ёсны хариу өгөх үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдаагүй” тухай тайлбарт дүгнэлт өгөх шаардлагагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд, хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий журамд заасны дагуу эрэмбийг тогтоож, нэхэмжлэгч Л.Дыг 57 дугаарт эрэмбэлсэн нь хууль бус болох нь тогдоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн Нийслэлийн орон сууцны корпораци ХК-д холбогдуулан гаргасан “******* ХК-ийн 57-д эрэмбэлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Л.Дт квот олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Л.Дын Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д холбогуулан гаргасан “57-д эрэмбэлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Л.Дт квот олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2.7.1 дэх заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Дын Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2.7.1 дэх заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх ******* ХК-д холбогдуулан гаргасан “57-д эрэмбэлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Л.Дт квот олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН